| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00983/и |
| Дугаар | 1158 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00983/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 3-р баг, *** СӨХ /утас:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Хонгор сум, Салхит 3-р баг, салхит шивээт *** тоотод оршин суух Б*** овгийн С*** Э*** /РД: ****/
Хариуцагч: Дархан-Уул аймаг Хонгор сум, Салхит 3-р баг, салхит шивээт *** тоотод оршин суух Б*** овгийн З*** О*** /РД: ***/ нарт холбогдох
190,231 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э***, С.Б***, хариуцагч С.Э***, З.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 3-р багт орон сууцны ** байр байдаг бөгөөд нийт 206 айл өрхийн 800 гаруй ам бүл оршин суугчидтай.
Эдгээр сууц өмчлөгч, оршин суугч нарын дунд *** СӨХ үйл ажиллагаа явуулдаг ба байрны орчмын эмх цэгц, өнгө үзэмжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийх, хог хаягдлыг зайлуулах, мөн гэмтэл засвар гарсан нөхцөлд хариуцан засварлуулах, гадна дотно цэвэрлэгээ подвалууд (дундын эзэмшил)-ын ашиглалт зэргийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Манай *** СӨХ нь 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдан ажиллаж эхэлсэн.Одоогийн удирдлага нь 2012 оны 07 сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулахдаа Иргэний хууль болон СӨХ-ны хууль дүрэм, тогтоолд заасны дагуу ажиллаж, гадна дотны цэвэрлэгээг бүрэн хариуцаж цэвэрлэн орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр бохирын болон цэврийн шугамыг бүрэн сольж, орцны гэрэлтүүлгийг өмнөх удирдлагын үед өр үүсгэсний улмаас цахилгаанаа хязгаарлуулсан байсныг барагдуулан ажиллаж ирсэн. Орцны болон хонгилын (цахилгаан, сан техникийн) гэнэтийн гэмтэл засваруудыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж СӨХ-ны эд хөрөнгөд хамааралтай нэхэмжлэлийн ажил үйлчилгээний хөлсийг төлдөг билээ.
С.Э***, З.О*** нар нь СӨХ-ны үйлчилгээг авдаг бөгөөд төлбөр тооцоог хийхийг шаардахад жижиг зүйлсээр шалтаглан тайлбар өгч, өр төлбөр нэмэгдэж байна хэрэв маргаантай байвал шүүхээр шийдвэрлүүлэх тухай мэдэгдэл өгөхөд гэрээ хийхийг шаардаж, гэрээ байгуулснаас хойш төлнө гэж байсан боловч гэрээний дэвтэр боловсруулаад очихоор одоо тохиролцноо гэж басамжилж захирал Б.Э***, няба И.Оюунтуяа нарыг гэр бүлийнхээ хамт гэрийнхээ хаалгаар түлхэж, цохиж биед хүрч хүч хэрэглэж гаргаж байсан. Мөн С.Э*** нь та муусайнууд шүүхдээ өг, би Архангай аймгийн шүүхэд ажиллаж байсан би хуулийг мэднэ гэж хэлдэг. С.Э*** нь бэртэл гэмтэл авч байсан учраас нэхэмжлэлийн хугацааг хойшлуулж эхнэр З.О***тэй уулзаж төлбөр тооцооны талаар уулзаж шүүхээр нэхэмжлүүлэхгүй бололцоогоороо хуваагаад төлчих, зайлшгүй төлөх ёстой гэж хэлэхэд шүүхдээ өг өг гэж хэлсэн. Мөн найз нөхөд, худ ургийг фракц үүсгэн хэлэх үг, тавих шаардлага нь ижил төстэй ухуулга, сурталчилгаа, бие биесээ ятгаж, турхирч байгаа учраас хуулийн дагуу нэхэмжлэх шийдвэр гаргасан.
Дээрх иргэд ажил хөдөлмөр эрхэлдэг, хувиараа таксины орлоготой боловч хуулиар заасан иргэний үүргээ биелүүлдэггүй. Монгол улсын Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт нийтийн зориулалттай орон сууцын өмчлөх эрхийн талаар бүхэл бүтэн бүлэг болгон хуульчлан оруулжээ. Мөн хуулийн 143-147-д Сууц өмчлөгчдийн холбоо ямар эрх үүрэгтэй, юу шаардах эрхтэйг тодорхой зааж хуульчилж өгсөн байна. Манай байгууллага оршин суугчдаас авсан СӨХ-ны мөнгөн хуримтлалыг яаж, юунд зарцуулдаг талаар жилд нэг удаа 2012 он, 2013 он, 2014 онд тайлангаа гаргаж тавьсаар ирсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье Шүүхийн нэхэмжлэл гаргахдаа 20 сарын СӨХ-ийн хураамжийг нэхэмжилсэн байгаа. Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангийн харъяа байр байж байгаад 2011 оны 11 дүгээр сард хувьчлагдаж, СӨХ-ийн холбоо байгуулагдсан. Удирдах зөвлөлийн 9 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгогдсон. Тухайн үед 2 захирлын орон тоон дээр өрсөлдөөд, Оюунцэцэг захирал болсон. 2012 оны 04 дүгээр сараас Оюунцэцэг СӨХ-ийн захирлын ажлаа хүлээлгэж өгөөд, явсан байдаг. Энэ үед СӨХ нь 2,700,000 төгрөгийн өртэй байсан. 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би тус СӨХ-ийн захирлаар томилогдсон. Манай СӨХ-д 16 байр, 206 өрх айл хамрагддаг. С.Э*** нь 16 дугаар байр, 24 айлын орон сууцны ** тоотод амьдардаг. Өмнө нь аав ээж нь амьдарч байсан тухай үед өр ширгүй байсан. Э*** нь энэ байранд орсноос хойш хэдэн сар мөнгө төлж байсан. Нэг удаа бидний хооронд маргаан гарснаас болоод төлбөрөө төлөхгүй болсон. Э*** нь 2014 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 06 дугаар сар хүртэл СӨХ-ийн төлбөр төлөөгүй. СӨХ-ийн төлбөр нь сард 3903 төгрөг байдаг, Э*** одоогоор 190,231 төгрөгийн өртэй байгаа. Тус байрыг эзэмшиж байгаа 1мкв талбайг 160 төгрөгөөр бодогдож ирснийг бид өөрчилж 120 төгрөгөөр тогтоосон. Үнэ тогтоосон тариф байдаг, энэ төлбөрийг мэргэжлийн байгууллагаас тогтоодог юм. Дархан-Уул аймагт мөрдөгдөж байгаа тарифыг баримталсан, би энэ шийдвэрийг гаргаагүй, өмнөх захирлууд энэ үнийг тогтоосон байсан. Зүүн хараагийн барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр анги, Улаанбаатар төмөр замын харъяа байгууллагаас тогтоосон байсан 160 төгрөгийг багасгаж 120 төгрөг болгосон” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“С.Э***, З.О*** нар нь Буян салхит өргөө СӨХ-ны ажил үйлчилгээний хөлсийг 2014 оны 11-р сараас эхлэн хоорондын хувийн харьцаанаас үүдэлтэй төлөхгүй гэх хэрүүл маргааныг эхлүүлсэн. Эхнэр З.О*** нь удаа дараа надад төлөх, төлөхгүй мөнгө гэж байна гэж хэлдэг. С.Э***, З.О*** нарын эзэмшлийн подвальд сантехникийн засвар үйлчилгээ хийхээр мэргэжлийн байгууллагын ажилтантай очиход утсандаа хариу өгөхгүй, подвалоо онгойлгохгүй, холбогдох дугаарлуу нь мэссэж бичихээр хариу өгөхгүй атлаа гэрэлгүй байсан, засвар хийсэнгүй, үйл ажиллагаа нь хууль бус, хяналтгүй, УЗ, ХЗ ажиллах боломжгүй, СӨХ-ны данс, хувийн данс нь тодорхой бус гэж тайлбарлаж байгаа нь Д.Ариунболд, Т.Отгонбаяр, О.Отгончулуун, Н.О*** нар нь төлбөр тооцооны өртэй байгаагаа төлөхгүй гэсэн гарц хайж нэг хүн шиг үг хэллэгийг хэрэглэн тайлбар хийж байгаа нь *** СӨХ-ны ажлыг бүлэглэн гүтгэж үйл ажиллагаанд саад учруулж, нэр хүндэд халдаж ажил үйлчилгээний хөлсийг хуулийн хугацаа хэтрүүлэн саатуулж байгаа явдал юм. *** СӨХ нь их засварын болон гадна тохижилтын материалын үнэ хөлсийг сууц өмлчлөгчдөөс авдаггүй” гэжээ.
Хариуцагч С.Э***, З.О*** нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2012 оноос хойш 2014 оны 8 сар хүртэл төлсөн. Анх үүсгэн байгуулагдсан тухай эрх зүйн акт байхгүй тул тус СӨХ нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байхгүй, ажиллах боломжгүй хяналт байхгүй иргэдтэй байгуулсан СӨХ-ны гэрээ байхгүй СӨХ-ны данс уу, хувийн данс уу гэдэг нь тодорхой бус. Байгуулагдсан цагаас хойш засвар үйлчилгээ хийгээгүй. Би энэ СӨХ нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн акт байхгүй учир мөнгө төлөх боломжгүй. Энэ зурагнууд нь 2013 оноос хойш засвар хийгээгүй баримтууд.
Энэ байранд ороод 4 жил болж байгаа. Бид эхний 2 жил СӨХ-ийн төлбөрийг төлсөн. СӨХ-ийн төлбөрийг төлж байх хугацаандаа би СӨХ-д манай орцонд гэрэл хийгээд өгөөч, ханыг нь угаагаад өг, шалыг ариутгалын бодис хэрэглээд өгөөч гэж хэлж байсан, гэтэл СӨХ нь нэг ч ажил үйлчилгээг манай орцонд хийхгээгүй мөртлөө мөнгө авна гээд нэхээд байгаа. Ийм учраас мөнгө төлөхгүй, юу ч хийхгүй бол мөнгө төлөхгүй, засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ хийхгүй байгаа, подвалыг ямар шийдвэрээр хөлсөлж байгааг мэдэхгүй байна, ус гоожоод байгааг янзалж өгөөгүй тул би төлбөрийг төлөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Э***, З.О*** нарт холбогдуулан 190,231 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Э***, З.О*** нар нь нэхэмжлэгч *** СӨХ нь анх үүсгэн байгуулагдсан тухай эрх зүйн акт байхгүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоог Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3-р багийн Найрамдал хорооллын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16-р байрны оршин суугчдын холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн Хонгор сумын Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 дүгээр бүхий гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** СӨХ-ны захирал Б.Э***ыг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай *** СӨХ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилд томилж, гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах, холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурсанаар түүнийг байгуулагдсанд тооцох байна.
Хариуцагч С.Э***, З.О*** нар нь *** СӨХ-нд харъяалагддаг Хонгор сумын 3 дугаар багийн 16 дугаар байр 1 дүгээр орц ** тоотод оршин суудаг, тухайн байрны өмчлөгч гэдэгтэй маргаагүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс, хог нийтийн үйлчилгээний хөлс, орц гадна цэвэрлэгээний хөлс, орцны гэрэл зарцуулалтын хөлс, подвалын түрээсийн хөлс нийт 190 231 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг сууц өмчлөгч гэх бөгөөд, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж хуульчилжээ.
Хариуцагч С.Э***, З.О*** нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... *** СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, Хонгор суманд бүртгэлгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, мөн дээрхи орон сууц нь хариуцагч нарын өмчлөлийн гэдэгт маргаангүй байна.
Хариуцагч С.Э***, З.О*** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, орц шатны засвар хийдэгггүй, сарын төлбөрийг ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхойгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, хариуцагч нарын татгалзалд дурьдагдсан шалтгааныг сууц өмчлөгчийн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй хоблогдсон зардалыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй тул хариуцагч С.Э***, З.О*** нараас 190 231 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э***, З.О*** нараас 6,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч С.Э***, З.О*** нараас 190,231 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э***, З.О*** нараас 6,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ