| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1112 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
улсын яллагч Б.Ганбулган,
хохирогч Б.Болдцогт,
шүүгдэгч З.Л , түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Л эд холбогдох эрүүгийн 1906 01858 1108 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоот оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай З.Л .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хойд гудамжинд байсан иргэн Б.Болдцогтын эзэмшлийн 53-41 УНЭ улсын дугаартай Тоёота приус-11 маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болдцогт мэдүүлэхдээ: “...З.Л бид хоёр хохирол төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр замын тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-10/, хохирогч Б.Болдцогийн өгсөн мэдүүлэг /хх-15-19/, гэрч С.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч С.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Д.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-24/, “Ухаа шүрт консталтинг” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-27-41/, З.Л ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50-51/, гэрч Д.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-24/, З.Л ийн хувийн байдлын тухай баримтууд /хх-52-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хойд гудамжинд байсан иргэн Б.Болдцогтын эзэмшлийн 53-41 УНЭ улсын дугаартай Тоёота приус-11 маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болдцогтын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би гэртээ байж байтал Өсөхөө Лхамсэд нар манай гэрт ирсэн. Тэгээд бид Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Өнө-Эрдэнэ гэх найзынхаа гэрт нь очиж 2.5 литр хэмжээтэй Нийслэл пиво хувааж уусан. Тэгээд орой 23:30 цагийн орчин бид бүгдээрээ унтаж амарсан. Өглөө нь сэрээд байж байтал Өнө-Эрдэнийн эхнэр Отгонцэцэг нь “чиний машин чинь алга байна” гэсэн. Тэгээд би орноосоо босоод хархад З.Л байхгүй байхаар нь хашааны гадаа гараад хартал миний 53-41 УНЭ улсын дугаартай приүс 11 маркийн авто машин маань алга байсан. Тэгээд би машинаа Чулуун овооны журмын хашаан дээр очоод асуухад чиний машин чинь Офицерын журмын хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд би очоод үзэхэд миний машин онхолдсон байдалтай эд зүйл нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан. Миний машины түлхүүр халаасанд маань байсан. Түлхүүр байхгүй байсан болохоор би З.Л ийг авч явсан байна гэж бодоод З.Л ийн ээж рүү нь залгахад З.Л шөнө 01:00 цагийн орчимд машинтай гэртээ ирээд явсан гэж хэлсэн. Би З.Л эд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй намайг унтаж байхад нууцаар миний өмдний халааснаас түлхүүр авч явсан байсан. Надад учирсан хохирлыг барагдуулах юм бол надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Надад өөр нэмж хэлж тэмдэглүүлэх зүйл байхгүй байна.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батбаярын өгсөн: “...2018 оны 12 сард худалдаж авсан миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би өөрөө хүүдээ авч өгсөн машин байгаа юм. Тэгэхээр Б.Болдцогтыг хохирогчоор тооцоход татгалзах зүйл байхгүй.” /хх-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Өсөхбаярын өгсөн: “...Би тэр өдөр ажлаа 15 цагийн үед тараад З.Л , Б.Болдцогт бид гурав “Ус15”-ийн гадаа талбай дээр уулзаад юм ярьж сууж байгаад найз Өнө-Эрдэнийн гэрт очихоор болсон. Хэдэн цагийн үед гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Тэдний гэрт Өнө-Эрдэнэ эхнэртэйгээ байсан. Бид 4 тэдний гэрт 3 ширхэг 2 литртэй пиво хувааж уугаад нэлээн орой болчихсон болохоор гэрт нь хонохоор болсон. Тэр өдөр Болдцогт аавынхаа машинтай яваад Өнө-Эрдэнийн гэрийн гадаа тавьчихсан. Болдцогт, Лхамсэд бид 3 газар унтчихсан, яг хэдэн цагт унтсаныг санахгүй байна. Үүрээр Болдцогт гарч бие засаж байх шиг байсан. Орж ирэхдээ намайг сэрээгээд машин байхгүй байна гэсэн. Тэр үед Лхамсэд байхгүй байсан. Болдцогт гараад машинаа хайна гэж гараад би унтаад үлдсэн. Өдөр нь Өнө-Эрдэнийн гэрт ирээд аавынхаа машиныг журмын хашаанд байна гээд эвдэрчихсэн байгаа зургийг нь бид нарт үзүүлсэн. Лхамсэдийг машиныг нь аваад явсан гэж хэлсэн. Машины түлхүүр нь ил байсан үгүйг мэдэхгүй байна. Болдцогт өөрөө унаж яваад түлхүүрээ авсан. Бүгдээрээ пиво уугаад согтоод унтчихсан болохоор Лхамсэдийг гарч явсныг мэдээгүй. Болдцогтыг сэрээхэд мэдсэн. 3 сав 2 литрийн пиво уусан, өөр архи дарс уугаагүй. Би өөрөө нойргүй явж байсан учраас ядраад унтчихсан. Харин бусад маань хир зэрэг согтсоныг мэдэхгүй, ямартай ч оройтоод пиво уучихсан юм чинь гээд тэдний гэрт хонохоор болсон. Хашаанд нь оруулсан бил үү, үгүй билүү би сайн санахгүй байна.” /хх-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Золзаяагийн "...Энэ өдөр би гэртээ байсан. Өглөөнөөс хойш Болдоо гээд найз нь Лхамсэдийг утсаар дуудсаар байгаад өдөр хэдэн цагт гэдгийгсанахгүй байна гарч явсан. Уг нь маргааш нь ажилтай байсан хирнээ Болдоог нь дуудахад нь гараад явчихсан. Тэр шөнөө Лхамсэд гэртээ уусан юм нь гараагүй байдалтай ганцаараа орж ирээд маргааш ажилтай юм чинь гээд гэрээсээ ажлынхаа хувцсыг аваад явсан. Ирэхдээ Болдоогийн машиныг унаад ирсэн юм байна лээ. Болдоогийн гэр манайхаас ойрхон учраас машиныг нь унаад явчихсан юм байна лээ. Лхамсэд буцаад Болдоогийнх рүү очиж машиныг нь хүргэж өгөөд тэндээсээ маргааш ажилдаа явчихна гэж хэлсэн. Маргааш өглөө нь Болдоо над руу залгаад Лхамсэдийг ирээгүй, машин байхгүй байна гэж хэлээд Лхамсэдийг
хайсан. Манай хүү Сансар худалдааны төвд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Энэнээс өмнө “Говь” ХХК-ний хамгаалагчаар ажиллаж байсан. Голцуу л харуул хамгаалалтын ажил хийж байсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Л ын яллагдагчаар өгсөн:”...Тэгээд бид гурав Боогийгийн гэрийн хашаанд Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво хувааж уусан. Пивоо ууж дуусгаад найз Өнө-Эрдэнийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очоод Өнө-Эрдэнэтэй уулзаад гэрт нь орж дахиад 2 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Өнө-Эрдэнийн гэрт эхнэр нь байсан. Өөр хүн байгаагүй. Бид нар ойролцоогоор 23 цагийн үед унтацгаасан. Унтаж байгаад 00 цаг өнгөрч байхад сэрээд гарч бие засаад буцаж гэрт ороод Боогийгийн хажууд байсан өөрийнх нь хар бараан өнгийн куртикний халааснаас машиных нь түлхүүрийг аваад хашааны гадна байсан машиныг нь унаад Баянзүрхийн товчоонд байдаг гэр рүүгээ явсан. Гэрт ээж ганцаараа унтаж байсан ба би ойролцоогоор 01 цагийн үед очоод ажлынхаа хувцсыг аваад буцаад удалгүй гарсан. Тэгээд Өнө-Эрдэнийн гэр рүү буцаад Баянзүрхийн товчооноос баруун тийш явж байхад өөдөөс нэг портер машин урсгал сөрж орж ирэхээр нь сандарсандаа хүчтэй тоормослоод хажуу хашлага руу дараад осолдож жалга руу онхолдсон. Нөгөө портер машин нь явчихсан. Харин би машинаас буугаад машиныг нь үлдээгээд зугтаагаад явчихсан. Тухайн үед алхаж чадахгүй нуруу их өвдөж байсан. Тэр өдрөөс хойш дахиж ажилдаа яваагүй. Машиныг нь онхолдуулснаас хойш хохирлын мөнгө өгөөгүй байгаа. Тухайн үед машинтай нэг удаа бүтэн эргэж онхолдоод 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Хэр зэрэг эвдэрснийг харж чадаагүй шууд машинаас нь буугаад зугтаачихсан. Дараа нь машины зургийг нь харсан. Би маргааш нь ажилтай болохоор гэртээ харьж хувцсаа аваад хүрээд ирье гэж бодоод машиныг нь аваад явсан юм. Би Болдцогтод машиныг нь авч явах гэж байгаа талаар хэлээгүй, авч явсныг мэдээгүй. Машины түлхүүр нь Болдцогтын куртикний халаасанд байсан. Унтаж байх үед нь хажууд нь куртик нь байхаар нь авчихсан юм. Би өмнө нь жолооны сургалтад сууж байгаагүй, жолооны үнэмлэхгүй. Өсөхбаяр, Болдцогт нартай 2010 оноос хойш найзалж байгаа, надаас хоёулаа насаар ах хүмүүс. Найз нөхдийн харьцаатай байсан. Одоо байнга уулзаад байхаа больсон. Харин Өнө-Эрдэнэтэй 4-5 жилийн өмнөөс таньдаг болсон. Хуурай ах дүүгийн харьцаатай. Өмнө нь 2018 онд Баянзүрх дүүргийн шүүхээр хүн хутгалж гэмтээгээд 10 сая төгрөгийн торгуулийн ял авсан. Торгуулиа төлж дуусаагүй байгаа. Үүнээс өөр гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл байхгүй. Одоогоор ажилгүй байгаа.” /хх-50-51/ гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/,
“Ухаашүрт консалтинг” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-33, 34-41/,
Шүүгдэгч З.Л ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч З.Л ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хойд гудамжинд байсан иргэн Б.Болдцогтын эзэмшлийн 53-41 УНЭ улсын дугаартай Тоёота приус-11 маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Автомашины үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг З.Л ээс гаргуулж хохирогч Б.Болдцогтод олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
З.Л нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн ба нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолд шинэ хууль зүйн дүгнэлт хийж шинээр ял шийтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан өмнөх шийтгэх тогтоолыг хөндөлгүй орхих шинэ Эрүүгийн хууль хэрэглээний жишиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зорилго, зарчимд нийцнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч З.Л ийн эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Л ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар З.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар З.Л ээс 5.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болдцогтод олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Л эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Л эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС