| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/05756/И |
| Дугаар | 210/МА2025/00348 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00348
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04686 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
******* дүүрэг, , ******* дүгээр байрны В блок, 2, 3 тоотод байрлах, 330 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай заалны тохижилтыг хийлгэж өөрийн эзэмшилд байлгаж ашигласны төлбөрт 161,745,889 төгрөг гаргуулах үндсэн, үйлчилгээний зориулалттай заалны тохижилт, засварын ажилд зарцуулсан 28,479,774 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 6,600,000 төгрөг, нийт 35,079,774 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани ******* дүүрэг, , ******* байр, В блок, 2, 3 тоотын 330 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг бөгөөд хариуцагч ******* 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж эхэлсэн. Талууд түрээсийн төлбөрийг нэг сарын 4,500,000 төгрөг гэж харилцан тохиролцсон. Хариуцагч нь түрээсийн төлбөр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 148,500,000 төгрөг болсноос 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 4,875,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4,500,000 төгрөгийг тус тус төлж, одоогийн байдлаар 139,125,000 төгрөгийг төлөөгүй байна.
Мөн ******* уг үл хөдлөх эд хөрөнгийг интернэт тоглоомын газрын зориулалтаар ашигласан ба холбогдох засвар үйлчилгээг ******* ХХК-иар гүйцэтгүүлж, төлбөрийг төлөх саналыг гаргаж, үйлчилгээний 330 м.кв заалны тохижилтын материал болон ажиллах хүчний зардалд 18,323,369 төгрөгийг зарцуулсан.
Мөн түүний эзэмшил ашиглалтад байсан хугацааны ус, дулааны зардалд манай компани 4,300,520 төгрөгийг төлсөн.
Бид хариуцагчид түрээсийн гэрээ байгуулахаар талаар удаа дараа хандсан боловч гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулна гэж хойшлуулж өнөөдрийг хүртэл албан ёсоор түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иймээс хариуцагчаас ашиглалтын зардал 4,300,520 төгрөг, заалны тохижилтын зардал 18,323,369 төгрөг, түрээсийн төлбөр 139,125,000 төгрөг, нийт 161,745,889 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би, 2019 оны 08 дугаар сард ******* ХХК-ийн захирал *******той уулзаж ярилцаад уг үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр тохиролцсон. Тухайн үед уг байранд ямар нэгэн засвар хийсэн зүйлгүй байсан тул миний бие зургийн өөрөө гаргаж тохижилтыг хийсэн. Тйимээс надаас тохижилтын мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн би ус цахилгаан, дулааны мөнгийг цаг тухай бүрт төлөөд явж байсан. Намайг СӨХ-д очиход ажиллахгүй байсан учир байгууллагыг хувь хүн дээр төлдөг болгоод өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Албан ёсны төлбөрийн баримтууд нь байдаг. Би, сүүлд ашиглалтын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаад гарсан. Намайг бичиг баримт, зөвшөөрлөө аваад 2019 оны 12 сард ажиллаад эхэлтэл Ковид-19 цар тахал гарч, улмаар 2020 оны 01 дүгээр сараас эрхлэн үйл ажиллагаа зогссон. Миний бие хөл хорио тогтоодог өдөр ******* захиралтай яриад ийм асуудал үүслээ гэсэн чинь надад тэгэлгүй яах вэ, ах нь ойлгож байна, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг одоо хоёулаа яахав дээ гэж хэлээд түрээсийн төлбөр огт авахгүй гэдэг зүйлийг амаараа хэлсэн. Үүнээс хойш холбоо бариагүй, ажиллах боломжоор хангаж өгөөгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд баримтаар нотлогдох 28,040,000 төгрөгийн тохижилтын ажлыг хийсэн. Уг засварын ажлыг хийхэд барилгын зураг төсөл гаргуулж, тухайн ажлын зургийг гүйцэтгэсэн этгээдэд бартераар 6,000,000 төгрөг төлсөн. Мөн хуульчаас зөвлөгөө авч түрээсийн гэрээ боловсруулахад 600,000 төгрөгийн зардал гарсан.
Иймд, ******* дүүрэг, ******* байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай талбайн тохижилт засварын ажилд зарцуулагдсан 28,479,774 төгрөг, гэрээ цуцалсан хохиролд 6,600,000 төгрөг нийт 35,079,774 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
...Өөрсдөө үр шимийг нь хүртэхийн төлөө гаргасан зардал гэж ойлгож байна. Засвар тохижилттой холбоотой зардал, үр шимийг бий болгох зорилгоор түрээслэгчээс зөвшөөрөл авахгүйгээр хийсэн. Гэрээ боловсруулах ажил гүйцэтгэсэн гэж яриад байна. Өнөөдрийг хүртэл манай байгууллага руу хуульчаар гэрээ боловсруулж ирүүлээгүй, хэрэгт ажлын хөлс 600,000 төгрөг төлсөн гэх баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******оос 161.745.889 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ******* ХХК-иас засварын төлбөр түрээсийн гэрээ цуцалсан хохиролд 35.079.774 төгрөг гаргуулах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 966.681 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжэлийн шаардлага төлсөн 333.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагч ******* нь 2019 оны 10 дугаар cap 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ашиглаж өөрийн эзэмшилд байлгасан гэдэгтэй холбоотой маргадаггүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлбөрийг шаардаж байхад зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтад хууль зүйн буруу дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж, нэхэмжлэгчийн эрхийг хохироож байгаад гомдолтой байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасны дагуу 10 жил байна. Гэтэл Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтуудад хууль зүйн буруу дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрхийн ноцтой зөрчсөн.
Нэхэмжлэгч ******* ХХК-аас e-sport гэх нэртэй цахим хуудсанд байршуулсан нийтлэлүүдэд үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодруулах шаардлагагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж, хариуцагч *******ийг тухайн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоолуудаар тогтоогдох бөгөөд нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж, хэргийн нөхцөл байдлыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, зайлшгүй тодруулах шаардлагатай үйл баримтуудыг тодруулаагүйд гомдолтой байна.
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б. нь хариуцагч *******ийн бага наснаас нэгнээ таних найз гэдгээ шүүхэд ирүүлсэн тайлбарт, гэрчийн мэдүүлэгт хэлсэн. Нөгөөтэйгүүр гэрчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үйл баримтыг нарийн мэдэж байгаа эсэх, эх сурвалж, бичгийн нотлох баримтаар баталгаажсан тохиолдолд үнэлэх боломжтой бөгөөд эх сурвалж, бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй тохиолдолд нотолгооны чадвараа алдана гэж заасан. Гэтэл Анхан шатны шүүх нь гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулахгүйгээр, бичгийн нотлох баримтаар баталгаажаагүй үйл баримтыг үнэлж байх тул гомдолтой байна.
Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны пгүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/IIIIII2024/04686 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Энэ маргааны хувьд ******* тухайн хөрөнгийг тоглоомын төв, эсхүл үйлчилгээнийх нь зориулалтаар бодит байдалд ашиглаад орлого шим хүртсэн эсэх нь чухал ач холбогдолтой юм. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ цаг хугацаанд Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжүүлсэн. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулах талаар яригдаж эхэлсэн үеэс эхлэн цахим тоглоомын төвийн үйл ажиллагааг бүхэлд нь хязгаарласан байсан. Тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарласны улмаас нэхэмжлэгч талаас хүлээлгэж өгсөн гэх үл хөдлөх хөрөнгийг ашиглаж чадаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон учраас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Цаашлаад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн ашиг орлого олоогүй бол олох байсан ашиг, орлого, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээдэггүй. Иймд, 976 өдөр үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаад үр шимийг нь хүртсэн учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн, уг төлбөрийг гаргах үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76.1, 76.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлаж, хэрэглэсэн. *******ийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашигласан хугацааны төлбөрийг төлсөн. ******* магадгүй сар бүр төлбөр төлөх үүргийг ******* ХХК-ийн өмнө хүлээсэн бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх нь эрхээ зөрчигдсөн эсхүл энэ тухай мэдсэн үеэс тооцогдох байсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилэх тул ерөнхий хугацаа тоологдохгүй.
Үлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Тухайн өдрийн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцээд 2429 дугаартай гомдол гаргах эрхтэй захирамж гарсан. Нэхэмжлэгч талаас гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрчийн мэдүүлгийн хувьд нэгэнт тухайн гэрч хэрэгт ач холбогдол бүхий баримтыг мэдэж байгаа хэн ч гэрч байх боломжтой учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гэрчээс мэдүүлэг авсан. Гэрчид мөн хуулийн хууль сануулж, мэдүүлэг авсан учраас тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байсан гэх агуулгаар гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. ХХК-ийн гаргаж өгсөн баримтыг эргэлзээтэй нотлох баримт гэх агуулгаар анхан шатны шүүх үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй зүйл байхгүй, тухайн баримтыг үнэлж, энэ талаар дүгнэсэн. Мөн цар тахлын нөхцөл байдлын үеийн эрсдэлийг талууд тухайн үед харилцан тохиролцоод, түрээсийн төлбөрөөс чөлөөлнө гэж тохиролцсон нөхцөлд сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргаж бүх эрсдэлийг түрээслэгч хариуцах байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүрэг, , ******* дүгээр байр, В блок, 2, 3 тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрт 139,125,000 төгрөг, тохижилтын зардалд 18,323,369 төгрөг, ашиглалтын зардалд 4,300,520 төгрөг, нийт 161,745,889 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийн засварын ажилд зарцуулсан 28,479,774 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 6,600,000 төгрөг, нийт 35,079,774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын хүрээнд энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
4. Хэрэгт цугларсан баримтар болон талуудан тайлбараар ******* ХХК-ийн өмчилдөг ******* дүүрэг, , ******* дүгээр байр, В блок, 2, 3 тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь 2019 оны 10 дугаар сард нэг сарын 4,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /1.х.х-ийн 1-3, 61-62/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* ХХК нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч *******ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Зохигч нар түрээсийн зүйлийг хариуцагч буюу түрээслэгчид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй боловч түрээсийн гэрээг бичгээр байгуулсан болон улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар маргажээ.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
Мөн үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөвхөн бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр хүмүүс гарын үсэг зурснаар гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна.
Нэгэнт зохигч нар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, түүнчлэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ... гэж зааснаар тэдгээрийн тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан талууд хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг үүснэ. Талуудын тайлбараар хариуцагч ******* нь 330 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, улмаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгчээ.
Харин зохигчид хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд ашигласан түрээсийн төлбөр шаардах болон түрээсийн зүйлийг засан сайжруулсан зардал, ашиглалтын зардлыг тус тус шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 491.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр зохигчид хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан боловч үүнтэй холбоотойгоор аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... e-sport нэртэй үйл ажиллагаа явуулж байсан, ...2019 оны 12 сард ажиллаад Ковид-19 цар тахал гарсан, 2020 оны 01 дүгээр сард үйл ажиллагаа зогссон..., ...2020 оны 09 дүгээр сараас түрээсийн талбайгаа ашигласан... гэх тайлбараар болон хэдийгээр шүүхээс үзлэг хийгээгүй боловч хариуцагч нь няцаагаагүй баримтаар тэрээр e-sport нэртэй цахим хаягт 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд үйл ажиллагаа явуулж буй талаар мэдээлэл байршуулж байжээ. /1.х.х-ийн 87-95, 2.х.х-ийн 155-163/
Гэвч дэлхий нийтийн хамарсан Ковид-19 цар тахал гарсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нотлох шаардлагагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тоглоомын газрын үйл ажиллагааг бүрэн зогсоосон баримт хэрэгт авагдсан байна. /2.х.х-ийн 63-96/
Үүнээс үзвэл хариуцагчийг 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 5 сар, 26 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.
Тиймээс ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь тодорхой хугацаанд ашигласан бөгөөд эзэмшлийг буцаах боломжгүй тул хариуцагчаас 5 сар, 26 хоногийн түрээсийн төлбөрт 26,400,000 төгрөгөөс түүний урьд өмнө төлсөн 9,375,000 төгрөгийг хасаж, үлдэх 17,025,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЕВ-******* Бор/гүй байр СӨХ 2018/12, ЕВ-*******-р байр 9-р сарын дулаан гэх, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЕВ-*******-СВ үйлч, А-53, С-1, айл 10-р сар дула гэх, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЕВ-******* байр үйл борлогдоогүй байр дулаан ус гэх, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЕВ-*******-р байр В-12 сарын ус дулаан гэх утгаар хэргэлээний төлбөрт нийт 8,890,736 төгрөгийг төлж байснаас гадна маргаан бүхий үйлчилгээний зориулалттай талбайн 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сар, мөн оны 4 дүгээр сараас 12 дугаар сар, 2021 оны 12 сар, 2022 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрт нийт 4,412,545.74 төгрөгийг ХХК /234 цэцэрлэг/-аас төлж байжээ. /1.х.х-ийн 19-20, 22, 24, 67-76/
Эдгээр баримтуудаас үзэхэд ******* дүүрэг, , ******* дүгээр байр, В блок, 2, 3 тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын төлбөр хэдэн төгрөг болохыг зааглах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, зохигч нарын маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын буюу ус, дулааны төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтууд уг үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөрийг төлсөн гэдгийг бүрэн нотлохгүй байхын сацуу ХХК-аас цэцэрлэгийн үйл ажиллагаа гэсэн утгаар ашиглалтын зардал төлж байсан байх тул нэхэмжлэгчийг энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 288 дугаар зүйлийн 288.1.1-т хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий талбайд хариуцагчийн хүсэлтээр тохижилтын ажил хийсэн зардал 18,323,369 төгрөгт гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т тоглоомын үйл ажиллагааны зориулалтаар тухайн үл хөдлөх хөрөнгийн анхны төлөв байдлыг өөрчлөн засвар хийсэн гэсэн тайлбараа нотлоогүй бөгөөд тус компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй.
10. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг хариуцагчтай нэг сарын 4,500,000 төгрөг байхаар тохиролцсон гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн байх тул анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох шаардлагагүй гэж, мөн үзлэгийн баримт тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шинжээч томилох, үзлэх хийлгэх хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Мөн анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэнд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь алдаатай байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үүнийг залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дахь заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 17,025,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144,720,889 төгрөгт холбогдох хэсэг болон 35,079,774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 966,681 төгрөг, хариуцагчаас төлсөн 333,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР