Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1052

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баярмаа,

улсын яллагч М.Очбадрах,

хохирогч Б.Баяраа,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч нар П.Чулуунбат, Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 1706 03703 0742 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1989 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн 8/4 дүгээр байрны 13 тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Б.М  нь "Шүрэн солюшнс" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр улиралд “Ариг бүрд” цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж хуурч, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байр захиалгаар бариулах гэрээ гэгчээр халхавчлан 159.330.000 төгрөгийг залилан авч Б.Баяраад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “...Миний бие Б.М

нь 2011-2019 оныг хүртэл “Шүрэн солюшнс” компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани 2013 оны 8 сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд 80 айлын орон сууц “Ариг-бүрд” гэдэг нэртэй орон сууц барьж эхэлсэн. 2014 оны 5 дугаар сарын 12-нд  14/28  дугаартай байр захиалгаар бариулах  гэрээг  Г.Баттүвшинтэй хийж би өөрөө баталсан. Энэ гэрээний дагуу 70.7метр квдрат 3 өрөө байрыг метр квадратыг нь 1.900.000 төгрөгөөр нийт 134.330.000 төгрөг тохиролцсон. 2014 оны 5 сард 1 ширхэг дулааны зогсоол бариулах 25.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ хийсэн. Манай барилга санхүү болон бусад үйл явцаас болж ашиглалтанд орох хугацаа удаааширсан. 14/28 дугаартай гэрээн дээрээ 2014 оны 4 дүгээр улиралд  багтааж ашиглалтанд орно гэсэн боловч хөөцөлдөж байсан банкны зээл  бүтээгүй. Дээрээс нь өөр бас асуудлууд гарсан учир уг барилга маань 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон. 3 сард барилга ашиглалтанд орохоос өмнө Г.Баттүвшин нас барж хүү Д.Баяраа нь 2015 оны 6 дугаар сарын 18- нд байр захиалах гэрээг цуцална гэсэн хүсэлт гаргасан. Гэрээний дагуу Г.Баттүвшин болон Б.Баяраатай манай компанитай харилцан тохиролцсон 2 гэрээ байдаг. Нэг нь 3 өрөө байр, нөгөөдөх нь 1 ширхэг дулаан зогсоол хүлээлгэж өгөх гэсэн. Ийм 2 гэрээ байсан. Гэтэл Б.Баяраа нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  гэрээ цуцлах хүсэлт гарсан. Тэрний дагуу 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай компаниас Б.Баяраагийн данс руу 15.000.000 төгрөг буцааж шилжүүлсэн. Үүний дараа бид нар Б.Баяраатай 2016 онд гэрээ цуцлах хүсэлт хүлээн авсан боловч 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусаад 4 дүгээр сард нь барилга дээрээ уулзаж “та байраа хүлээж аваарай, бэлэн болсон байна” гэж  уулзалт зохион байгуулсан. 2016 оны 4 дүгээр сард уг уулзалт дээр манай “Шүрэн солюшнс” компаний хувьцаа эзэмшигч Галтмаа, тухайн үед ажиллаж байсан хуулийн зөвлөх Бат-Оргил, гүйцэтгэх захирал Тулга нар ирээд хохирогч Баяраатай уулзаад байрыг нь үзүүлээд явсан. Гэвч хохирогч Баяраа нь энэ байрыг авах хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Үүнээс хойш манай компанид тушаасан мөнгийг хэрхэн буцааж олгох талаар ярилцсан боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй. Ярилцаж байгаад 3 өрөө 70,7 метр квадрат байрыг зараад гарсан мөнгийг нь хохирогч Б.Баяраад олгохоор тохиролцоод банкин дээр очоод хөөцөлдсөн боловч бүтээгүй. Банкны зүгээс орж ирсэн мөнгийг нь зээл нь татаад аваад явсан. Энэ талаар хохирогч Б.Баяраа бид нар ярилцаад ойлголцоод явж байсан. Энэ бид нарын хоорондоо мессеж болон цахим шуудангаар хооорондоо харилцсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч Б.Баяраагийн зүгээс гаргасан гомдолд бол хууран мэхэлсэн, алга болсон гэх ийм 2 үндэслэлээр эрүүгийн хэргийг үүсгэсэн байна. Миний болон манай компанийн зүгээс гэрээний үүргээр 3 өрөө байр, граш өгөх ёстой. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд бариад хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Хэдий хугацаа хоцорсон боловч гүйцэтгэсэн. Нөгөө талаас алга болсон гэдэг тал дээр хугацаа явсан боловч мессеж болон цахим шуудангаар харьцсан, мөн утсаар ярилцаад болж байгаа талаар ярилцаад явж байсан гэж ойлгож байна...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна торгуулийн ялыг дэмжиж  байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баяраа мэдүүлэхдээ: “...Миний хувьд энэ Б.М  гэдэг залуутай гомдол саналгүй  байна.  2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Би шинэ байр авсан. Тэр байрны төлбөрийн хувиарын дагуу Б.М  төлж эхэлсэн. Одоогийн байдлаар 47 сая төгрөг буюу 30% төлөлтийг хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо эрүүгийн журмаар нэхэхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Б.Баяраагийн өгсөн мэдүүлэг /1хх-14-17/, гэрч Ж.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-142/, “Шүрэн солюшнс” ХХК болон Г.Баттүвшин нарын хооронд байгуулсан байр захиалгаар бариулах гэрээ болон дулаан зогсоол захиалгаар бариулах гэрээ /1хх-31-33, 67-88/, Г.Баттүвшин нь нас барсан тул Б.Баяраа “Шүрэн солюшнс” ХХК нв 14/28 дугаартай байр захиалгаар бариулах гэрээтэй захиалагчийн эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ /1хх-28/, Дансны хуулга, Б.Баяраагийн хүсэлт /1хх-35-37, 40/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /1хх-62-64/, Төрийн банк болон “Шүрэн” ХХК-ийг төлөөлж Г.Галтмаа, Б.М  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Төрийн банкны дансны хуулга, албан бичиг /1хх-70-73, 181, 231-245/, “Шүрэн солюшнс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа /хх-24, 144/, мөрдөгчийн санал /1хх-1-8/, Б.Баяраагийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1хх-9-11/, Б.М ий гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-18, 141, 143, 250/, Б.Баяраагийн “Шүрэн солюшнс” ХХК-нд гаргасан хүсэлт /1хх-40/, шүүгдэгч Б.М ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-74/,  Б.М ийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-75/, Б.М ий цахим хаягийн мэдээллийг гэрэл зургаар баталгаажуулсан хуулбар /1хх-123-124/, Төрийн банкны албан бичиг /1хх-125/, иргэн Ж.Мөнхбаатарын Төрийн банкны захиралд гаргасан хүсэлт /1хх-126/, нэмэлт гэрээ /1хх-127/, шинээр хохирогч Б.Баяраагийн гаргасан хүсэлт 1 хуудас, төлбөр барагдуулах тухай гэрээ 2 хуудас, мөнгө төлсөн тухай баримт 2 хуудас зэргийг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.М  нь “Шүрэн солюшнс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр улиралд “Ариг бүрд” цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж хуурч, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байр захиалгаар бариулах гэрээ гэгчээр халхавчлан 159.330.000 төгрөгийг залилан авч Б.Баяраад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяраагийн өгсөн: “...Миний эцэг Г.Баттүвшин нь “Шүрэн солюшнс” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах тухай гэрээ хийсэн. Байр болон гражийн үнэнд 159.330.000 төгрөгийг би өөрийнхөө болон охиныхоо данснаас 3 хувааж шилжүүлсэн. 2014 онд байр ашиглалтанд оруулна гэж тохирсон байснаа гэрээ хийснээс хойш 1 жилийн дараа уг барилгаа 2.800.000.000 төгрөгийн барьцаанд   тавьсан байсан. Миний авах байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжтой байсан боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй банкны барьцаанд тавьж зээл авсан байсан. Байрыг барьцаанд авсан Төрийн банкны  төв салбар дээр очиж уулзаж байраа чөлөөлүүлэх хүсэлт өгөхөд чөлөөлөхгүй гэж хариу өгсөн. Учир нь “Шүрэн солюшнс” ХХК-ийн зээлийн хугацаа дууссан, банкнаас зугтааж алга болдог учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж барьцаа хөрөнгөнөөс нь төлүүлж авна гэсэн байр суурьтай байсан. Зээл нь төлөгдөхгүй банк шүүхэд хандаад барьцаа хөрөнгийг нь авчихвал би байр ч үгүй, мөнгө ч үгүй болох гээд байна. “Шүрэн солюшнс” ХХК-ийн захирал Б.М , ээж Х.Галтмаа нар нь байнга худлаа хэлж алга болдог. Утсаа авахаа больсон. Би хайж яваад уулзахаар “гэрчилгээг чинь гаргаж өгнө, алданги хохирлыг чинь өгнө” гээд алга болчихдог. Гэрээ хийснээс хойш 3 жил 6 cap өнгөрч итгэл алдарсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би хадгаламжийн хүү авдаг байснаа больсон. Байрандаа орж чадаагүйгээс аав, ээж 2 маань сэтгэлийн дарамтанд орсон. Аавыг маань нас барахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Одоо ээж, дүү нар маань орон сууц хөлслөөд түрээсийн мөнгө төлөөд амьдарч байна. Аавыг маань нас барснаас хойш байр ашиглалтанд орохгүй их удсан. Гэрээний хугацаа дууссан учраас нэг бол байраа ашиглалтанд оруул, эсвэл мөнгөө буцааж авъя гэдэг хүсэлтийг байнга тавьж шаарддаг байсан. Тэгтэл “Шүрэн солюшнс” ХХК “гэрээ цуцлах хүсэлтээ өгчих, мөнгийг чинь буцааж өгье” гэсэн. Тэгэхээр нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэж бичиж өгсөн. Тухайн үедээ “Төрийн банкнаас их хэмжээний зээл авч байгаа болохоор мөнгийг чинь асуудалгүй өгнө” гэхээр нь энэ хүсэлтийг өгсөн. Ингээд 15 сая төгрөг өгөөд тэрнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Төрийн банкны хажуугийн ресторанд гэрээгээ үзүүлээд “мөнгийг чинь 100 хувь буцааж өгнө, гэрээ цуцлах хүсэлтээ өгчих л” гэсэн. Түүнээс байр удахгүй ашиглалтанд орно, түр хүлээгээч гэж хэлээгүй. Яагаад ингэснийг би сүүлд нь мэдсэн. Миний захиалсан байрыг банкны барьцаанд тавьчихсан байсан юм билээ. Б.М  нь “нэг байр зараад тэр мөнгөнөөсөө миний мөнгийг өгье” гэхээр нь тэр хүнийх нь зээлэнд тусалж зөвлөсөн боловч мөнгө нь надад ирээгүй. Б.М ий зээлэнд төлөгдсөн байсан.” /1хх-14-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Галтмаагийн өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Баяраа гэх хүн манай охин компани болох “Шүрэн солюшнс” ХХК-ийн барьж байгаа “Ариг бүрд” цогцолборын баруун корпусны 4 дүгээр давхарт 70.7м2 байрыг 1м2 1.900.000 төгрөгөөр бодож дулаан зогсоолын хамт 159 сая төгрөгөөр захиалга өгсөн. Энэ гэрээ байгуулсан өдрөө төлбөрөө 100 хувь төлсөн. Манай байр 2014 оны 12 сардаа багтаж ашиглалтанд орох байсан энэ талаараа гэрээндээ тусгасан байгаа. Тэгсэн манай компани санхүүгийн хүндрэл бий болж 2016 оны 3 сард “Ариг бүрд” цогцолбор ашиглалтанд орсон. Энэ хооронд Б.Баяраа байраа болиод мөнгөө авъя гэж санал гаргасан. Би өөрөө Б.Баяраатай биеэр уулзсан. Тэгээд хүсэлтийг хүлээж аваад 15.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Тэрнээс хойш дахиж мөнгө төлөөгүй. Байр зарагдаагүй учир мөнгийг нь төлж чадахгүй байгаа. Гэхдээ бид нар яаж ийгээд мөнгийг нь буцааж өгнө.” /1хх-20-21/ гэх мэдүүлэг,  

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнхбаатарын өгсөн: “...Би Б.М  гэх хүнтэй холбогдож Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 1026 байрны 55 тоот 3 өрөө байрыг 2017 оны 2 дугаар сард Төрийн банкинд материал бүрдүүлэн өгч 8 хувийн зээлэнд хамрагдан урьдчилгаа 30 хувийг төлж худалдаж авсан. Тэгэхэд Б.М  нь миний байрны төлбөрийг банкны зээлэнд суутгуулахгүй, нэг үл таних эрэгтэй хүний өрөнд өгүүлэхээр өргөдөл гаргаж, надаар гарын үсэг зуруулсан санагдаж байна. Гэхдээ би сайн нарийн учрыг нь ойлгоогүй. Тэр хүнийг нь танихгүй. Одоо зургийг нь хараад ч Баяраа гэж таних юм алга.” /1хх-142/,

 

        “Шүрэн солюшнс” ХХК болон Г.Баттүвшин нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14/28 дугаартай “байр захиалгаар бариулах” гэрээ болон “дулаан зогсоол захиалгаар бариулах гэрээ” /1хх-31-33, 67-88/,

        “Голомт” банкны дансны хуулга /1хх-35-37/,

         Г.Баттүвшин нь нас барсан тул Б.Баяраа “Шүрэн солюшнс” ХХК нв 14/28 дугаартай байр захиалгаар бариулах гэрээтэй захиалагчийн эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ /1хх-28/,

         Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 119/2016 дугаартай акт /1хх-62-64/,

         Төрийн банк болон “Шүрэн” ХХК-ийг төлөөлж Г.Галтмаа, Б.М  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Төрийн банкны дансны хуулга, албан бичиг /1хх-70-73, 181, 231-245/,

        “Шүрэн солюшнс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа /хх-24, 144/,

         Шүүгдэгч Б.М ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-74/,       

         Төлбөр барагдуулах тухай гэрээ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “…Иргэний эрх зүйн маргаан, ажил гүйцэтгэх гэрээны маргаан, эрсдэл үүссэн. Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд зөрүүтэй байдлыг тогтоогоогүй, эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар буюу шийдвэрлэж өгнө үү“ гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

    

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.М  нь хуурч, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдэхдээ эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М ийн “Шүрэн солюшнс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр улиралд “Ариг бүрд” цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж хуурч, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байр захиалгаар бариулах гэрээ гэгчээр халхавчлан 159.330.000 төгрөгийг залилан авч Б.Баяраад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

        Шүүгдэгч Б.М ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баяраа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д хорих ялыг доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жил байхаар хуульчилжээ.  

 

Иймд шүүгдэгч Б.М холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.М ийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Б.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

         4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС