Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00147

 

 

 

 

 

 

 

                                   Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 767 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Оюунжаргалд холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 18.543.750 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Оюунжаргалын “хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагч Л.Оюунжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Батмөнх нь Л.Оюунжаргалд түүний хүссэний дагуу 2014 оны 08 сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг, 2015 оны 06 сарын 29-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатайгаар сар бүрийн 10%- ийн хүүтэйгээр, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүгэйгээр 2015 оны 06 сарын 29-ыг хүртэл хугацаатайгаар, 2014 оны 09 сарын 18-ныөдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 22-ны өдөр 1.850.000 төгрөгийг сар бүрийн 12%-ийн .хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл, 2014 оны 10 сарын 23-ны өдөр 1.300.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 10%-ийн хүүгэйгээр, 2014 оны 11 сарын 12-ны өдөр 800.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийгхүртэл хугацаагаар, 2015 оны 01 сарын 25-ны өдөр 200 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2015 оны 02 сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл, 2015 оны 03 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн билээ. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүйгээр зогсохгүй, шүүхдээд ав гэх мэтээр хандаж байгаад гомдолтой байна. Иймээс Л.Оюунжаргалаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 11.500.000 төгрөг, зээлийн хүү 862.500 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн/зээлийн үндсэн төлбөр+хүү/-ээс тооцсон алданги 6.181.250 төгрөг нийт 18.543.750 төгрөг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Оюунжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь минийбие энэ Батмөнх гэдэг хүнээсогт мөнгө төгрөг аваагүй. Харин Энхтогос гэж хүнээс 2014 оны 08 сараас эхлэн увуулж цувуулан нийт 11.500.000 төгрөг зээлж авсан нь үнэн юм. Зээлж авсан мөнгөндөө сар бүр мөнгө төлж ирсэн бөгөөд Энхтогосын ХААН банкны 5014246513 тоот, төрийн банкны 130000100855 тоот дансанд хийж байснаас гадна бэлнээр гар дээр нь мөнгө өгч нийт 20.000.000 сая төгрөг төлсөн байгаа. Энхтогосоос мөнгө зээлэхдээ бичгээр гэрээ байгуулж байгаагүй харин амаар хүү тохирч байсан. Гэтэл 2015 оны 09 сард миний бие хагалгаа хийлгэж дөнгөж эмнэлгээс гарч ирээд өөрөө явж чадахгүй хүнээр түшүүлж босч явдаг байхад Энхтогос нь Батмөнх гэдэг хүнтэй хамт орж ирж, би нөхөртөө хэлээгүй одоо Батмөнх намайг нөхөрт чинь хэлнэ гээд байна тэгвэл миний амьдрал сүйрэх гээд байна чи энэ хүнтэй учраа олчих би энэ хүнээс мөнгө авч чамд зээлж байсан юм гэж хэлж баталгаа гэж гараар бичин зориуд бэлдэж ирсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Миний бие дээрх хугацаанд нийт 11,500,000 төгрөгийг Энхтогосоос авч тухай бүр үндсэн мөнгөө төлсөөр байхад уг мөнгийг маань дан хүү, хүүгийн хүүд авч байсан нь баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Оюунжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Миний бие нь Батмөнхөөс нэг ч төгрөг зээлж аваагүй мөртлөө Энхтогосоос авсан мөнгөө энэ хүнээс авсан мэтээр эдгээр хүмүүсийн ятгалгаар 2015 оны 12 сард 9 удаагийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Иймд Т.Батмөнхөөс надад 2014 оны 08 сарын 26-нд 3,500,000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850,000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-нд 1,000,000 төгрөг 2014 оны 10 сарын 22-нд 1,850,000 төгрөг 2014 оны 10 сарын 23-нд 1,300,000 төгрөг, 2014 оны 11 сарын 12-нд 800,000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд 200,000 төгрөг, 2015 оны 02 сарын 08-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-нд 1,000,000 төгрөг тус тус зээлсэн гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Батмөнх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Оюунжаргал нь үнэн хэрэгтээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бултах гэсэн башир арга байж магадгүй байх тул шүүх үүнийг ялгаж салгаж үзэж дүгнэж өгөхийг хүсье. Энэхүү гэрээнд байгаа гарын үсгийг өөрөө зураагүй гэж ч хариуцлагаас зугтах боломжтой хүн байх тул миний бие өөрийн нэхэмжпэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн гэрээнүүдэд байгаа Л.Оюунжаргалын гарын үсгийг мөн эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөө нас биед хүрсэн хүн гэрээ байгуулж гарын үсэг зурчихаад одоо болохоор хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь миний хувьд их итгэл эвдсэн үйлдэл болж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Батмөнхийн Л.Оюунжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-д заасныг баримтлан хариуцагчийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 200.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1513 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр байгуулж, хүү тохиролцон тогтоож гэрээнд гарын үсэг зурсан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг бичгээр байгуулагдсанд тооцно” гэж заасан байх бөгөөд мөнгийг шилжүүлэн өгсөн болохыг зээлийн гэрээний төгсгөлд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, энэ нь бичмэл нотлох баримтаар хэрэгт авагдсан талуудын хооронд мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, гэрээ байгуулсан, зөвшөөрсөн зэргийг үйл баримтыг илтгэсээр байхад нэхэмжпэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, мөнгө хүлээлгэн өгсөнөө нотлоогүй гэж буруутгаж байгаа нь үндэслэл муутай байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь бэлэн мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт үйлдэж хариуцагч Л.Оюунжаргалаар гарын үсэг зуруулсан зээлийн гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад шүүх “өөр бусад байдлаар нотлоогүй” гэсэн нь ойлгомжгүй байна. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бичмэл нотлох баримтыг шүүх яагаад үгүйсгэж, үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгч нь мөнгө бэлэн хүлээлгэн өгсөн баримтыг үйлдсэн нь хууль зөрчсөн, эсхүл нотлох баримтын хуульд заасан ямар шаардлагыг хангахгүй байгааг шүүх тайлбарлаагүй, хариуцагч болон түүний өмгөөлөгч ч энэ зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хариуцагчийн гарын үсэг зэргийг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй байхад шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж байх ба үүнийг анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон түүнийг хүлээн зөвшөөрч “Зээлж авсан мөнгөний баталгаа гаргах нь” гэх 1 хуудас хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн байгааг огт анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй алдаа гаргахад хүргэлээ. Хариуцагч нь зээлийн гэрээнүүд болон түүний нэмэлт, өөрчлөлт, бэлэн мөнгө хүлээн авсан тухай гарын үсэг, “зээлж авсан бэлэн мөнгөний баталгаа гаргах нь” гэх зэрэг зээлийн гэрээний харилцаа үүссэн тухай хуульд заасан шаардлага хангасан бичмэл нотлох баримт хангалттай тогтоогдож байхад шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан “нэхэмжлэгч”-ийг үгсэн тохиролцож, хуйвалдсан гэрчүүд, хариуцагчийн хуульд заасан шаардлага хангахгүй тайлбар, “нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж шүүх өөрөө дүгнэсэн атлаа үндэслэл болгосон гэрч Энхтогосын мэдүүлэг гэх нотлох баримтыг бичмэл нотлох баримтаас илүүтэйгээр ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэг талыг барьж хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөө талаас хариуцагч нь Энхтогосоос мөнгө зээлж авсан, харин Т.Батмөнхөөс мөнгө аваагүй гэж маргадаг ба үүнийгээ өөрийн хамаатан, найз нөхдөөр худал мэдүүлэг өгүүлэх байдлаар нотлуулж хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зээлийн гэрээнүүд, зээлж авсан мөнгөний баталгаа гаргах нь гэх нэртэй бичмэл нотлох баримтуудад гарын үсгээ өөрөө зурсан, шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсээр байсан ба шүүх үүнийг мэдэх атлаа “зээлж авсан мөнгөний баталгаа гаргах нь” бичмэл нотлох баримтыг “хариуцагч бичээгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэл муутай дүгнэлт хийж хариуцагчийг зөвтгөн, нэхэмжлэгчийн буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй боллоо. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “....гэрч Ц.Энхтогос нь ... 11.500.000 төгрөгийг Л.Оюунжаргалд зээлдүүлээгүй гэсэн тайлбараа нотолж чадаагүй...” гэсэн дүгнэлтийг хийснээс үзвэл энэхүү хэргийн нэхэмжлэгчээр Түдэвийн Батмөнх, хариуцагчаар Лувсанпүрэвийн Оюунжаргал гэх зохигчид оролцож байгааг мартан, гэрч Ц.Энхтогос гэгчийг хэргийн оролцогчид тооцож дүгнэсэн, үүнийгээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэхдээ хэрэгт авсагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй бөгөөд мөн хуулийн 40.3-д заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчиж бичмэл нотлох баримт болох үүрэг үүссэнийг нотлох зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн авсан баримт зэргийг урьдаас хариуцагчийн өгсөн тайлбар, хариуцагчийн үеэл ах Одхүү, түүний найз Ууганчимэг, Энхтогос нараар нотлуулж тэдний мэдүүлгэд эргэлзэхгүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьж байгааг харуулж байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-06-ны өдрийн 142/ШШ2016/00767 дугаартай шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар  зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Батмөнх зээл 11.500.000 төгрөг, зээлийн хүү 862.500 төгрөг, алданги 6.181.250 төгрөг нийт 18.543.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Л.Оюунжаргал 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд нийт 11.500.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан байх ба тухайн бүр зээлдүүлсэн зээлийн үнийн дүн, хүүтэй мөнгө зээлсэн тухайд маргаагүй байхад шүүх нэхэмжлэгч Т.Батмөнхийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагч Л.Оюунжаргалд зээл 11.500.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шаардах эрхийн үндэслэлгүй гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Талууд зээлийн гэрээг амаар болон бичгээр, хүүтэй эсхүл хүүгүй, хугацаатай ба хугацаагүй байгуулах эрхтэй байхаар хуульд заасан хэдий ч гэрээний нөхцлийг өөрчлөх, амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэх, хугацаагүй гэрээг хугацаатай болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд тооцох хариуцлагыг нэмэх, зээлдүүлэгчийн нэрийг өөрчлөх зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах тул нэхэмжлэгч Т.Батмөнх зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагчаас алданги төлүүлэхээр гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 -т заасан зохицуулалтад нийцсэн тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжтой юм.

Хэдийгээр хариуцагч гэрээний дагуу зээлийн хүү төлөх үүрэгтэй  боловч  /9 удаа гэрээ хийсэн/ уг гэрээнд зээлийн хүү тооцох хугацааг тодорхой заагаагүй зээлийн хүү тооцох хугацааг бүх гэрээнд 2015 оны 6 дугаар сарын 26 өдөр хүртэл гэж тодорхойлсон байх тул гэрээнд заасны дагуу хариуцагчаас хүү, алдангийг давхар тооцохгүйгээр /гэрээний дагуу зээлийн хүү тооцоход 3.500.000х10%х10сар=3.500.000 төгрөг, 850.000х10%х9сар=765000 төгрөг гэх мэт алдангийн хэмжээнээс хэтэрсэн/ хариуцагч Л.Оюунжаргалаас үндсэн зээл 11.500.000 төгрөг, гэрээний дагуу алданги 5.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийт 17.250.000 төгрөгний зээлийн төлбөрөөс хариуцагчийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгч Т.Батмөнхийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 11.255.200 төгрөг, Төрийн банкны дансанд шилжүүлсэн 1.154.000 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 4.840.800 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч Л.Оюунжаргал нь нэхэмжлэгч Т.Батмөнхөөс зээл аваагүй, харин Энхтогосоос мөнгө хүүтэй зээлж авсан, тэр үед зээлийн гэрээ байгуулаагүй, амаар тохирч хүүтэй мөнгө зээлж авсан, дараа нь Энхтогос Т.Батмөнхтэй хамт ирж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа ч тэрээр 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу мөнгө зээлснээс хойш Энхтогосын дансанд тогтмол хугацаанд хариу төлбөр буюу мөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч зээлийн хүүнд тооцож Энхтогосоос 8,0 сая гаруй төгрөг хүлээж авсан, зээлийн гэрээ байгуулахдаа зээлдүүлэгчийг сольж Батмөнхийн нэр дээр гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлд дурьдагдсан Л.Оюунжаргалыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Л.Оюунжаргал зээл, зээлийн хүүд тооцож нийт 20.0 сая орчим төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй ба 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө буюу зээл авахаас өмнө ХААН банкны дансанд шилжүүлсэн 2.250.000 төгрөг, 300.000 /100.0+200.0/ төгрөгний тооцоо нь өмнөх зээлийн төлбөрт тооцогдсон нь хариуцагчийн тайлбараар батлагдаж байх тул зээлийн төлбөрт оруулж тооцоогүй болно.

Харин шүүх хариуцагч Л.Оюунжаргалын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь хариуцагч Л.Оюунжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал  бүрээс нь тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгад эрх зүйн үүднээс зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.Батмөнх зээл, зээлийн хүүд тооцож авсан төлбөрийн хэмжээ хариуцагчийн төлсөн мөнгөний үнийн дүнгээс зөрүүтэй байх тул энэ талаар Энхтогосод холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 767 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т зааснаар хариуцагч Л.Оюунжаргалаас 4.840.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.702.950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2.Шийдвэрийн 3 дахь заалтанд “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 200.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэсний дараа хариуцагч Л.Оюунжаргалаас 92.403 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.800 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  М.ХҮРЭЛБААТАР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ