Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 29

 

 

****, ****, ****

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч ****, **** нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалтай,  ****, ****, **** нарт холбогдох 2015001100037 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ****, эрэгтэй, ам бүл 4, бага боловсролтой, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, 

****, эмэгтэй,  ам бүл 4, бага боловсролтой, 

****, эрэгтэй, ам бүл 3, бүрэн бус дунд боловсролтой, 

2. Шүүгдэгч ****, **** нар нь бүлэглэж Булган аймгийн ************* гэх газраас 2018 оны 10 дугаар сард иргэн ****ын 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхрийг, 2018 оны 11 дүгээр сард иргэн ****ын 1 тооны хээр алаг зүсмийн морийг, иргэн ****ын 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхрийг, иргэн ****ийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морийг, иргэн ****ын 1 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуныг, 2019 оны 01 дүгээр сард иргэн ****ийн 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхрийг, Булган аймгийн ********* гэх газраас иргэн ****ийн сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус хулгайлсан,

шүүгдэгч **** нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

3. Прокуророос ****, **** нарын үйлдлийг2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2****ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

4. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхБулган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****, **** нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ****, **** нарыг цагаатгаж, шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан **** нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж, шүүгдэгч ****, цагаатгагдсан этгээд ****, **** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. 

5. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч ****, **** нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

6. Прокурор М.Сайнзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нотлох баримтаас хассан, мөн гэрч ****, ****, ****, хохирогч **** нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж хэт нэг талыг баримталж, шүүгдэгч нарыг үндэслэлгүйгээр цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч ****, **** нарын мэдүүлэг нь ямар нотлох баримтын эх сурвалжаар нотлогдож гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий баримттай дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг баримталж, хийсвэр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****ын Хаан банкин дахь дансны хуулгаар гэмт хэрэг гарах үеийн байдлаар ****, н.*** нараас мал мах худалдан авч, нийт 8 удаагийн үйлдлээр 7,886,000 төгрөг шилжүүлэн өгсөн, тухайн мал, махыг зарж борлуулахдаа гарал үүслийн гэрчилгээгүй зарсан, мөн шүүгдэгч **** нь өөрийн өмчлөл, эзэмшилд байсан малыг нядалж зарсан гэх үйл баримт хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. Түүний мэдүүлгийг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр “өөрийн мал нь огт хорогдоогүй..” гэх мэдүүлэг, мал тооллогын баримт, тодорхойлолтоор няцаагдаж байна.

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэлд оролцогч ****гийн гарын үсэг нь бичгийн хэв загварын шинжилгээгээр ****гийн гарын үсэгтэй тохирохгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч ****, ****, **** нарын өгсөн мэдүүлгээр **** нь мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцох үедээ нэр бүхий хохирогч нарын малыг хулгайлж зарж борлуулсан газар нутаг, худалдсан хүний талаар мэдүүлж байсан талаар хангалттай тогтоогдсон. Түүнчлэн ****гийн 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд зурсан гарын үсэг нь ****гийн гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нөхөр ****, хүү **** нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нядалж, зарж борлуулахад **** оролцож байсан талаар мэдүүлж байсан талаар гэрч ****, **** нарын мэдүүлэг болон ****аас гаргаж өгсөн дуу, дүрсний бичлэг бүхий СД-д хуулбарласан бичлэгээр хөдөлбөргүй тогтоогдсон болно. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд шүүгдэгч ****гийн 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрчээр мэдүүлэг өгөх үед дуу дүрсний бичлэг хийсэн гэх хэсгийн байцаагч ****ийн утсанд хийгдсэн гэх СД бичлэгийг тус тус нотлох баримтаас хасаж, шүүгдэгч ****гийн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон ****, **** нарын мэдүүлэг мөн гэрч ****, хохирогч **** нарын мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй “нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн” шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны явцад бүрэн эхээр уншиж хэргийн оролцогч нарт танилцуулаагүй ба шийдвэрийн үндэслэлийг танилцуулаагүй төдийгүй тухайн шийдвэрт гомдол гаргах эрхийг тайлбарлан өгөлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогч, талуудын гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн ****гийн мэдүүлэг шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийн нууцлалыг хөндлөнгийн гэрч ****, мөрдөгч **** нар хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүдэд задруулж хэлснээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгах үндэслэл болсон мэтээр илт үндэслэлгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх прокурорын яллах талын баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой үндэслэл бүхий бичээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан асуудлуудыг тодорхой тусгаагүй нь хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 1.10-т заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр буюу шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасанчлан анхан шатны шүүх шүүгдэгч ****, **** нарыг цагаатгасан үндэслэл болох нотлох баримтын агуулгыг тодорхой тусгаагүй, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнээгүй, хэт ерөнхий, хялбарчилсан дүгнэлт хийж хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна... гэх зэргээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй талаар дүгнэсэн атлаа дээрх алдааг залруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосон буюу шүүх хуралдаанаас гарсан магадлалын үндэслэлээ тайлбарлахдаа прокуророос шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль хүндрүүлэх шинжид хамаарч байгаа зүйл заалтыг хэрэглэж хэргийг зүйлчлээгүй нь шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон мэтээр тайлбарлаж, ойлголт өгсөн боловч бичгээр гардан авсан магадлалын дүгнэлттэй тохирохгүй, зөрүүтэй гарсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зохицуулалт буюу гэмт хэргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу тодорхойлдог эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмыг харгалзахгүйгээр шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт холбогдох хэрэгт 2017 оны Эрүүгийн хууль эсхүл 2020 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх эсэхэд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн үед гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй талаар, шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч ****, **** нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид хамааруулан хэргийн зүйлчлэлийг тогтоохгүй бөгөөд “Эрүүгийн хууль буцаан хэрэглэх” хэм хэмжээний ойлголт, агуулгыг хооронд нь хольж буруу тайлбарлан, хууль хэрэглээний алдаа дүгнэлтийг хийж байна. Мөн “...Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч ****, **** нар нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай нотолж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ****. **** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ...” гэж,  “...Прокурорын дүгнэлтэд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зохицуулсан 16 дугаар бүлгийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Прокурорын шүүгдэгч нарыг буруутгаж буй дүгнэлт нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна...” гэж 2 өөр байдлаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл ****, **** нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд шүүх эргэлзэж, тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэсэн үү, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь огт нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж үү гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй, 2 өөр дүгнэлт хийсэн байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан нь хэдийгээр тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх заалтууд мөн боловч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх ашиг алдагдаж, шударга ёс гажуудах шалтгаан болох ёсгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

7. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Булган аймгийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын явцад хэргийн үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоож, шүүгдэгч ****, **** нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч ****гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн 2 удаагийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт гэдэг үндэслэлээр нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн. Гэтэл ****гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдсэн бөгөөд түүний хоёр удаагийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хассан нь үндэслэлгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн нь тодорхойгүй. Мөн шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурласан, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна. Прокуророос шилжүүлсэн яллах нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг тодорхой дурдаагүй. Жишээлбэл, ****, **** нар нь малын гарал үүслийн гэрчилгээг өөр аймаг, сумаас авч, шүүдэгч ****д зарж байсан талаарх тэмдэглэлийн дэвтэр, банкны гүйлгээ зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу нэг нотлох баримтыг өөр ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дурдаагүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч ****, **** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад тус заалтыг хүчингүй болгож, дахин хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

8. Шүүгдэгч ****, **** нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан болон давж заалдах шатын шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг тайлбарлахдаа давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл хуудас бүрд гарын үсэг зурагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гэрчээс мэдүүлэг авахдаа хуудас бүрд гарын үсэг зурж, хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлэх тухай хуулийн зохицуулалттай ч үүнийг хэрэглээгүй. Мөн ****гийн гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 2 удаа мэдүүлэг авсан гэх боловч бодит байдалд нэг удаа мэдүүлэг авсан үйл баримт тогтоогддог. Энэхүү үйл баримт нь түүний өөрөө гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ийнхүү тухайн гэмт хэргийн эх сурвалж болсон нотлох баримт нь хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн баримт байх учир тухайн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүгдэгчийн гэм буруутай байдалд эргэлзээ үүсгэсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдохгүй, эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэснийг анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Прокурорын бичсэн эсэргүүцэлд анхан шатны шүүх хэргийг цагаатгаж, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэхдээ хууль зүйн тайлбарыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй гэсэн нь цагаатгах үндэслэл болохгүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа нь цагаатгах үндэслэл болох юм. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчээс мэдүүлэг авах журмын тодорхой заасан. Гэтэл гар утсан дээрх бичлэг нь хэзээ, хаана хийгдсэн болох нь тогтоогддоггүй, хэн мэдүүлэг авч байгаа нь тодорхойгүй. Гэрчээр байцаалт авах үед орж, гарч байсан хоёр цагдаагийн алба хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан ажиллагаа нь хууль зөрчсөн учир тухайн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар бичсэн прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийгУлсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

10. Прокурор М.Сайнзаяагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулан хуульчилсан байдаг.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн эсэхээс хамаарч Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болдог юм.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 8.2 дугаар зүйлийн 1.14, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдээр баталгаажуулан хуульчилжээ.

Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан чанд сахин мөрдөж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд элдэв болзол, нөхцөлгүйгээр эдлүүлэх бөгөөд энэхүү зарчим нь гэмт хэргийн хохирогч, гэрч болсон буюу бусад гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжид хамааралтай болно.

Гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд тэдгээрийг тогтоох үүднээс мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн ямар хэргийн учир байцаах гэж буйгаа тодруулан тайлбарлаж, тухайн хүнийг нийтээр хүлээн зөвшөөрсөн жам ёсны эрхээ эдлэх баталгаатай боломжоор хангах үүрэгтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй“ гэж тодорхой заасан бөгөөд нотлох баримтаар тооцохгүй байх тохиолдлууд болон уг асуудлыг шийдвэрлэх журмыг мөн хуулийн 16.11, 16.14 дугаар зүйлүүдэд дэлгэрүүлэн зохицуулсан байна.

Мөрдөгчөөс шүүгдэгч ****гийн өөрийнх нь болон нөхөр, төрсөн хүүгийнх нь оролцоотой бусдын олон тооны малыг хулгайлсан үйл явдлыг харсан, мэдсэн талаар гэрчээр 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр мэдүүлэг авсан, уг мэдүүлгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар дээр нь шалгасан ажиллагааг явуулсан нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д тус тус заасан түүний эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Үүнээс гадна шүүгдэгч ****д мөрдөгчөөс үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг сануулж гэрчээр мэдүүлэг авсан атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол үйлдэж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн1-д “Яллагдагч ...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан эрхээ эдлэх боломжгүй болгосноос гадна мөрдөгч уг зүйл, хэсэгт заасан хоригийг зөрчсөн байна.

Шүүгдэгч ****гийн 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа зэрэгт тулгуурлан нөхөр ****тай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэн түүний болон хөндлөнгийн гэрч ****, **** нарын мэдүүлэг, ****ийн утсанд хийгдсэн гэх СД бичлэгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 2 дахь хэсгийн 2.2-т “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэж заасан үндэслэл, журамд нийцжээ.

13.  Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, шалган үнэлдэг болно. 

13.1. Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог юм. 

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт хийнэ.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг учиртай.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
13.2. Түүнчлэн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл юм.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байдаг.
Учир нь гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг болно.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой билээ.

13.3. Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг. 

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хилсээр ял шийтгэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ. 

14.  Шүүгдэгч ****, **** нар малын гарал үүслийн гэрчилгээг өөр аймаг, сумаас авч байсан, шүүдэгч ****д тодорхой тооны малын мах борлуулсан талаарх тэмдэглэлийн дэвтэр, банкны гүйлгээний хуулга, нэр бүхий хохирогч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан хэдий ч шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэх нотлох баримтууд хомс, хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтууд хэрэгт авагдаагүй байна. 

Давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... ****, **** нар нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай нотолж чадаагүй, ...хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. 

Тодруулбал, давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс ****, **** нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоосон байна.

14.1. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч ****, **** нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож...” гэж ойлгомжгүй байдлаар томьёолсныг зөвтгөн залруулав. 

15. Прокурор М.Сайнзаяагийн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг энэ тогтоолын 12-15 дугаарт дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч ****, **** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэр бүхий хохирогч нарын тодорхой тооны малаа хулгайд алдаж, хохирол хүлээсэн хэргийг үргэлжлүүлэн шалгахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

16. Шүүгдэгч **** нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...би өмнө нь мэдүүлэг өгөөгүй, **** манай хүүхдүүдтэй холбогдоод мах өгсөн авсан гарын үсэгтэй юмны талаар мэдүүлэг авсан. Би өөрөө байгаагүй, миний дэвтрийг үндэслэн мэдүүлэг бичсэн, би өөрийн биеэр мэдүүлэг өгч байгаагүй гэж...” зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ****ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, ********** дугаартай гадаад паспортын хуулбар, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай хуралдааны тэмдэглэлийн 34-38 дахь талд гэрч ****ийг шүүх хуралдаанд цахимаар оролцож өгсөн мэдүүлэг болон хэргийг прокурорт буцаах тухай 2021/ШЗ/29 дугаартай шүүгчийн захирамж, гэрч ****ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, гэрч ****, **** нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд ****ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч ****ийн гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч ****ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байна. 

17. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэхүү тогтоолын 15.1-д дүгнэснээр зохих өөрчлөлт оруулж, прокурор М.Сайнзаяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, прокурор М.Сайнзаяагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                           ШҮҮГЧИД                                    С.БАТДЭЛГЭР

                                                                         Б.БАТЦЭРЭН 

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ           

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН