Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01045/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* гол сум, ******* баг, ойчдын ****** тоотод  оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: Т*******, утас: 9916 9550/-гийн нэхэмжлэлтэй

“Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 14,955,600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, төрийг төлөөлж хяналтын прокурор *******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Н.******* миний бие нь 2012 оны 05 сарын 25-ны өдөр шөнө ******* гол сумын нутаг дэвсгэрт ын амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан ажлаасаа халагдан 20 хоног цагдан хоригдож эрхэлсэн ажилгүй мөрдөн байцаалт явуулан, 2012 оны 5 сарын 25-наас 2013 оны 02 сарын 20 хүртэл давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болтол 2013 оны 03 сарын 04 хүртэл бүгд 1 жил 4 сар 7 хоног нийт 487 хоног, эрхэлж байсан ажлын үнэлгээ нэг цагт 2350 төгрөг*8 цагт = нэг өдөрт 18,800 төгрөг *487 хоног = нийт 9,155,600 төгрөг шалгагдсан 1 жил 4 сар 7 хоногийн хугацаанд хүний амь нас хохироосон алуурчин нэр зүүж 2 хүүхдийн хамт нэр төр, сэтгэл санааны байнгын дарамтанд байсны хохирлын төлбөрт  5,000,000 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн хөлс 800,000 төгрөг төлсөн бүгд 14,955,600 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2012 онд иргэн нас барж үүнд холбогдуулан Н.*******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд  Анх Н.******* нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ХХК-д  операторын ажилд орж ажиллаж байгаад дээрх Эрүүгийн хэрэгт шалгагдаж 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсоноос болж ажлаасаа халагдсан. Нийт ажилгүй байсан хугацаа нь 1 жил 4 сар байгаа. Үүнийг Эрүүгийн хэрэг үүсгэсэн өдрөөс Давж заалдах шатны магадлал гарсан өдөр болох 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоод 1 цагийн 2350 төгрөг, өдрийн 18.800 төгрөгний цалинтай байсан гэж үзээд 9.155.600 төгрөг болж байгаа. Мөн сэтгэл санааны хувьд хоёр хүүхдийн хамтаар байнгын дарамтад байсан учраас 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Дээр нь өмгөөллийн хөлс 800.000 төгрөг нийт  14.955.600 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна” гэжээ.

Төрийг төлөөлж Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ нь Н.*******гийн дарамт шахалтаас болж амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн гэх зурвас талийгаач нь үлдээсэн байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад шүүх рүү шилжүүлэх хүртэлх хугацаанд Н.*******г цагдан хорьсон зүйл байхгүй. 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр уг хэргийг шүүх рүү шилжүүлж шүүхээс дуудсан цагт ирээгүй гэх шалтгаанаар шүүгчийн захирамжаар 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдсон. 2012 оны 08 дугаар 30-ны өдөр цагдан хоригдсон өдрөөс хойш 2 сарын дараа Н.*******гийн ажиллаж байсан газар гэх ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.*******гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаал дээр Эрүүгийн хэрэгт шалгагдсанаас болж ажлаас чөлөөлсөн гэх утга бүхий зүйл байхгүй. Хуулийн этгээд өөрчлөгдөн байгуулагдсантай холбогдуулж Н.*******г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээр Н.******* цагдан хоригдоод 2012 оны 12 дугаар сард батлан даалтад гарсан байдаг. Түүнээс хойш 2013 оны 05 дугаар 31-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал нь гарсан байдаг. Үүнээс үзэхэд энэ хугацаанд Н.******* нь ажлаа хийж байсан гэж үзэхээр байна. Тийм болохоор уг нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус шаардлага гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЭБШХ-н 391 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах талаар зааж өгсөн байдаг. Улсын дээд шүүхийн тайлбарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад учирсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан байгаа. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийн хувьд эрүүгийн хавтаст хэрэгт ******* өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Шүүх хуралдаанд ******* өмгөөлөгч оролцсон боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй байгаа. Өмгөөллийн хөлс 800.000 төгрөгөөр тохиролцсон талаарх албан ёсны баримт ч байхгүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 14,955,600 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасны дагуу түүний нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.******* нь 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн   цууны хүчил ууснаас эмчиллгээ хийлгэн улмаар нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, Дархан–Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт яллагдах бүрэн үндэстэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх  2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  хүлээн авч мөн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 420 тоот “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай“ захирамжаар Н.*******г  ... хувийн байдлыг хянаад шүүхээс оргон зайлах, гэмт хэрэг дахиж үйлдэж болзошгүй байх тул ... гэсэн үндэслэлээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд мөн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 175 тоот  цагаатгах тогтоол гарах хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон бөгөөд мөн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 175 тоот цагаатгах тогтоолд давж  заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдаанаар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 70 тоот магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг анхан шатны шүүх 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан Н.*******д холбогдох эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан бөгөөд, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар давж заалдах гомдолоор хянан хэлцэж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж 04 тоот магадлал гарсан бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талууд хяналтын гомдол гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болсон байна.  

Иймд Н.******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлийн 389.2-т заасны  дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй болсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т   заасан тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан гэж зааснаар Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах нөхцлүүдэд хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Н.******* нь интернэшнл ХК-д операторчин ажилтай байсан бөгөөд тус компанид 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орж цагийн 2350 төгрөгийн цалинтай ажилтан байсан бөгөөд ажил олгогч тус компанийн зарим эрх үүргийг шинээр үүсгэн байгуулагдсан ХХК-д шилжүүлэн тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг ерөнхий захиралын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 374 тоот тушаалаар  цуцалсан бөгөөд, уг тушаалд түүнийг эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаатай холбоотой цуцалсан талаар дурьдаагүй байна.

Мөн түүнд Сүхбаатар дүүргийн НДХ-ээс олгосон 0475808 тоот нийгмийн даатгалын дэвтэрт 2012 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар, 10 дугаар сараас 12 дугаар сар, 2013-2015 он хүртэл сарын цалин орлогоос шимтгэл төлж байсан талаархи бичилт хийгдэн баталгаажуулсан байх тул түүнийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа эхэлсэн 2012 оны 05 дугаар сарын 25-наас  магадлал хүчин төгөлдөр болох хүртэл  2013 оны 03 дугаар сарын 04 хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн 420 тоот захирамжаар 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 11 хүртэлхи 12 хоногийн цалинг нэг өдрийн 18 800 төгрөгөөр тооцож нийт 225 600 төгрөгийг гаргуулан олгож 14 730 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Н.Эрдэнэчулуун  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-т “өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “өмгөөлөгч авах эрхтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “… хууль зүйн туслалцаа авах…” гэж заасан иргэний үндсэн эрхийнхээ дагуу өмгөөлөгч *******оос эрх зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцож өөрийн өмгөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулан 800 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд 2012 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн гэж 1678 тоот баримтыг ирүүлэн шаардаж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шаардах эрхтэй бөгөөд энэ нь Эрүүгийн 201201021300  тоот хэрэгт авагдсан, иргэний шүүх хуралдааны явцад шинжлэн  судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа  боловч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

  “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад байгуулсан эсэх нь тодорхойгүй эрүүгийн хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримтад гэрээ байгаагүй тул өмгөөллийн хөлсийг хэрхэн төлөх талаар тохиролцсон нь тодорхойгүй, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч үйлчүүлэгчээс авсан өмгөөллийн хөлсийг хүлээн авсан талаархи өөрт үлдэх хувийг баталгаажуулан, татвар төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Н.******* нь дээрхи эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар сэтгэл санааны үр дагавараа арилгуулах эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй боловч энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй, сэтгэл санааны хохиролд ямар үндэслэлээр 5 000 000 төгрөг шаардаж буй нь тодорхойгүй,  мөн цагдан хоригдсоноос зовон тарчилсан, сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамтад орсон эсэх, үүний улмаас сэтгэцийн талаар өвчин эмгэтэй болсон эсэх, энэ талаар эмчилгээ сувилгаа хйилгэсэн эсэх, нэр төр, алдар хүндээрээ хохирсон эсэх зэргийг тодорхойлоогүй, энэ гэмт хэрэгт шалгагдаж байх явцад 2 хүүхдийн эрүүл аюулгүй  орчинд амьдарх эрх зөрчигдсөн гэж талаархи нотлох баримтыг ирүүлээгүй,  мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэлийг гагцхүү хуульд тусгайлан заасан  тохиолдолд олгохоор хуульчилсан  тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд нийт 225,600  төгрөгийг Н.*******д  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн  230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар цагдан хоригдсоны улмаас нөхөн төлбөрт 225 600 төгрөгийг гаргуулж Н.*******д  олгож,  14 730 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ

                                              ШҮҮГЧИД                                      Д.АЛТАНТУЯА

                                                                                                     З.ТУНГАЛАГМАА