Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00212

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03805 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт ******* ХХК-аас 188,681,525 төгрөг, ******* ХХК-аас 288,900,055 төгрөг, нийт 477,581,580 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 48,046,200 төгрөг, илүү төлсөн төлбөр 10,602,277 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 49,329,200 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэлийн агуулга:

Тус компани нь хариуцагч ******* ХХК, *******ХХК-иудтай 2021 оны 11 сарын 19-ний өдөр ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний 2.1.1-д "...техникийн төлбөрийн үлдэгдэл дүнд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 11 сарын 19-ний өдөр хүртэл сарын 1.5 хувийн хүү тооцно гэж заасан. Тухайн хугацаанд ногдох ******* ХХК-ийн төлбөл зохих хүүгийн өр 4,674,034 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Харин төлбөр барагдуулах гэрээнд талуудын төлбөл зохих дүнг тооцохдоо дээрх хүүгийн өрийг оруулаагүй бөгөөд зөвхөн 18 тоот болон 147 тоот "Техник худалдах худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 36,030,000 төгрөг, 116,279,250 төгрөг, мөн өмнө зээлдүүлсэн 40,000,000 төгрөг, нийт 192,309,250 төгрөгийг тусгасан. Мөн ******* ХХК-тай байгуулсан 86, 96, 152 тоот "Техник худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт ногдох хүү 7,105,035 төгрөг нь 2021 оны 11 сарын 19-ний өдрийн "Тооцоо нийлсэн акт"-д тодорхой туссан. Харин төлбөр барагдуулах гэрээний дүнг тооцохдоо хүүгийн дүнг оруулаагүй бөгөөд зөвхөн дээрх гурван гэрээний үлдэгдэл төлбөр 294,029,250 төгрөгийг "Төлбөр барагдуулах гэрээ"-нд тусгасан. Ингэснээр ******* ХХК-д хариуцагч компаниудын төлбөл зохих үндсэн төлбөр 486,338,500 төгрөг болсон. Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад нийт 486,338,500 төгрөгийн үндсэн төлбөрт сарын 1.5 хувийн хүү тооцох төлбөрийн хуваарийг тодорхой заасан. Төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт ногдох хүүгийн төлбөрийг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон. Хариуцагч компаниудтай байгуулсан тооцоо нийлсэн акт дээрх ******* ХХК-ийн төлөх хүүгийн өр 4,674,034 төгрөг, ******* ХХК-ийн төлөх хүүгийн өр 7,105,035 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээний хавсралтад заасан хүүгийн тооцоололд багтаасан. Төлбөр барагдуулах гэрээний 2.1.2-т "Б болон В талууд 2022 оны 02 сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөр болон түүний хүүг А талд бүрэн төлж барагдуулна" гэж заасан. Эргэн төлөлтийн хуваарьт үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тус тус тооцсон тул ******* ХХК нь үндсэн төлбөрийн дүнгээс хүү шаардах эрхтэй юм. Гэрээний хавсралтад зааснаар ******* ХХК, ******* ХХК-иуд нь 2021 оны 10 сарын 01-нээс 2022 оны 02 сарын 28-ны хугацаанд нийт 29,540,108 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээсэн. Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т "Талуудын хооронд байгуулсан ПТ-2020-86, ПТ-2021-18, ПТ-2021-96, ПТ-2021-147, ПТ-2021-152 тоот худалдах, худалдан авах гэрээний бусад зүйл заалтууд хэвээр мөрдөгдөх ба энэхүү гэрээ нь тус гэрээнүүдийн салшгүй хэсэг байна" гэж заасан. Дурдагдсан 5 удаагийн худалдах, худалдан авах гэрээнүүдийн 2.2.2-т заасан нь төлбөр барагдуулах гэрээнд тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнд мөн үйлчлэх ба худалдах, худалдан авах гэрээний алдангийн заалт хэвээр мөрдөгдөхөөр талууд тохирсон тул ******* ХХК алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч компаниуд төлбөр барагдуулах гэрээний дагуу 2022 оны 02 сарын 28-ны дотор үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 2022 оны 05 сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 сарын 12-ны хугацаанд нийт 171,330,850 төгрөг төлсөн. Эдгээр төлбөрийг тодорхой хувийг нь бэлэн мөнгөөр, тодорхой хувийг нь хариуцагч талтай амаар тохирсны дагуу хадгалуулж байсан барилгын материал, эд хөрөнгийг худалдан борлуулж, орлогыг хариуцагч талын төлбөрт тооцон хүлээн авсан. Үүнийг хариуцагч компаниуд хариу тайлбартаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй. Хариуцагч талууд 2022 оны 02 сарын 28-ны өдөр үндсэн төлбөр, хүүг төлж дуусгах үүрэгтэй байсан ч төлөөгүй бөгөөд 2022 оны 05 сарын 13-ны өдрөөс 10 сарын 12-ны хооронд төлсөн 171,330,850 төгрөгийг хариуцагчийн тооцооноос хасахдаа төлбөл зохих дүнгийн хуримтлагдсан хүүд 74,573,162 төгрөг, алдангид 57,997,786 төгрөгийг тус тус суутгаж, үндсэн зээлийн төлөлтөөс 38,759,900 төгрөг хасаж тооцсон болно.

Иймд хариуцагч нарын төлсөн 171,330,850 төгрөгөөс ******* ХХК-ийн үндсэн төлбөр 15,503,960 төгрөг, хүүгийн төлбөр 29,504,247 төгрөг, алданги 23,188,902 төгрөгийг хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 176,805,289 төгрөг, хүү 8,040,118 төгрөг, алданги 3,836,116 төгрөг, нийт 188,681,525 төгрөгийг ******* ХХК-аас,

Хариуцагч ******* ХХК-ийн үндсэн төлбөр 23,255,940 төгрөг, хүүгийн төлбөр 45,068,915 төгрөг, алданги 34,808,884 төгрөг, нийт 103,133,739 төгрөгийг хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 270,773,309 төгрөг, хүү 12,366,273 төгрөг, алданги 5,760,473 төгрөг, нийт 288,900,055 төгрөгийг ******* ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "*******" ХХК нь "*******" ХХК-аас нийт 20 чирэгч толгой, 40 ширхэг чиргүүл, чиргүүлийн холбоос 20 ширхгийн авахаар гэрээ байгуулсан. Дээрх 2 гэрээний үнийн дүнд нийт 5,921,000,000 төгрөг төлөхөөр, "*******" ХХК нь эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт "*******" ХХК нь 5,768,690,750 төгрөгийг гэрээ байгуулсны дагуу төлж, 152,309,250 төгрөгийн үлдэгдэл байсан. Үүнээс 100,000,000 төгрөг, 9,419,738 төгрөг, 4,717,627,49 төгрөг, 537,979,67 төгрөг, 189,981,85 төгрөг, нийт 114,865,327 төгрөгийг "*******" ХХК-д төлсөн. Түүнчлэн "*******" ХХК-аас нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь хулхи, угсарсан чиргүүлүүд байсан учраас эвдрэл гэмтэл их хэмжээгээр гарах болсон. Тиймээс чиргүүлүүдийг буцаан өгч, дахин шинэ чиргүүлийг авсан бөгөөд энэ хугацаанд 2 сар гаруй хугацаанд олох байсан орлогоо алдсан. Нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсний улмаас баталгаат хугацаанд засварын зардал гарсан. Уг сэлбэг хэрэгслийг "*******" ХХК-аас удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөртөө суутгаад өөрсдөөсөө мөнгөө гаргаад засварлаад явж бай удахгүй тооцоо нийлээд дуусгая гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар компани өөрийн зардлаар 39,311,200 төгрөгийн эд хөрөнгийн доголдлыг арилгаж, "*******" ХХК-д төлбөрөөс суутгахыг хэлсэн боловч нэмж мөнгө шаардсаар улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 152,309,250 төгрөгөөс 114,865,327 төгрөгийг бэлнээр, баталгаат хугацааны эд хөрөнгийг доголдлыг арилгах байсан зардал 39,311,200 төгрөгийг хасахад 154,176,527 төгрөг төлсөн. "*******" ХХК-аас 1,867,277 төгрөгийн авлагатай байна. Гэтэл гэрээний төлбөрийг илүү төлсөн байтал улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээгээр тохиролцсон хугацаанд тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй атлаа алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. "*******" ХХК-аас тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан нь өмнө үүссэн харилцаануудын дурдаж үндэслэлгүй тооцоо нийлж, гэрээнд гарын үсэг зуруулж авсан нь хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. "*******" ХХК нь "*******" ХХК-аас 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 17 ширхэг толгой, 34 ширхэг давхар тавцан чиргүүл, 13 ширхэг чиргүүлийн холбоосыг нийт 5,028,000,000 төгрөгийн худалдан авалтыг хийсэн. Үүнээс 2021 оны 07 сарын 27-ны байдлаар 4,733,970,750 төгрөг өгсөн. Мөн 2022 оны 06 сарын 28-ны өдөр 10,860,000 төгрөг, 2022 оны 07 сарын 20-ны өдөр 31,480,212 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 4,495,022 төгрөг, 2022 оны 09 сарын 17-ны өдөр 4,060,020 төгрөг, 2022 оны 10 сарын 12-ны өдөр 3,625,018 төгрөг, нийт 54,520,272 төгрөгийг төлсөн. Мөн тээврийн хэрэгслүүдийн чирэгч толгой, давхар тавцан чиргүүл, дойлын төлбөрт "*******" ХХК-аас өөрийн үйл ажиллагаандаа ашиглах бараа материал хэрэгтэй гэхлээр нь компанийн БНХАУ-ын хилээр оруулж ирсэн барилгын бараа материалаас тээврийн хэрэгсэл, түүний төлбөрт булан тор, фасадны тор, шуудай, электрод зэрэг нийт 4 нэр төрлийн 148,876,000 төгрөгийн бараа, материалыг шилжүүлэн хүлээлгэн өгсөн. Түүнчлэн "*******" ХХК-ийн хүлээлгэн өгсөн 17 ширхэг толгой, 34 ширхэг давхар тавцан чиргүүл, 13 ширхэг чиргүүлийн холбоосны баталгаат хугацаанд буюу гэрээний 4.1-т зааснаар чирэгч толгойн 14 сар, чиргүүл 12 сарын баталгаат хугацаанд чанарын баталгааг гаргаж, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд хариуцаж, эд хөрөнгийг доголдлыг ижил төрлийн шинэ сэлбэг хэрэгслээр хангахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу тухай бүрт нь эвдэрсэн, сэлбэг хэрэгслийг "*******" ХХК руу явуулж, "*******" ХХК-аас хүлээж авлаа шинэ сэлбэг хэрэгслээр хангана гэсэн боловч өнөөдрийг хүртэл хангаагүй, манай компани доголдолтой эд хөрөнгийн хохирлыг өөрсдийн хөрөнгөөр засварлаж өнөөдрийг хүрлээ. Үүнийг "*******" ХХК-аас нэхэмжилж, төлөх ёстой төлбөрөөс хасуулна. Энэ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн задаргааг гаргахад баримттай, бичиж байсан мессеж зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд 27,994,100 төгрөгийг сэлбэг, хэрэгслийг сольж өгөөгүй, түүний төлбөрийг төлөөгүй байна. Үүнээс үзвэл төлөх ёстой төлбөр гэх 294,029,250 төгрөгөөс 148,876,000 төгрөг, 54,520,272 төгрөг, 27,994,100 төгрөг, нийт 231,390,372,99 төгрөгийг хасаж, үүн дээр 1 бүтэн улирал 4 ширхэг автомашинаар тээвэрлэлт хийх боломжоо алдсан олох байсан орлогыг хасахад "*******" ХХК-д төлөх төлбөргүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөрийг манай компани төлөхгүй гэж хэлээгүй харин авсан бэлэн мөнгө, бараа, материал, сэлбэг хэрэгслийн зардлыг хасуулъя гэхлээр хасахгүй, доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгаж өгөхгүй гэж маргаснаас шалтгаалж өнөөдөр шүүхээр асуудал шийдвэрлэхэд хүрээд байна. Мөн "*******" ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгч, төлбөр авах байтал хүүг тооцож нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй. Техник худалдах, худалдан авах гэрээнд хүү тооцох зохицуулалт байхгүй. "*******" ХХК-аас 2020 оны 10 сараас гэрээний дагуу төлбөрийг цаг тухай бүрт нь төлсөн. 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс манай компанид алданги тооцсон нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс төлбөрийг 2022 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл төлсөн. Иймд түүнээс өмнө алдангийг тооцоход байгуулсан гэрээгээ зөрчиж байна. Түүнчлэн гэрээний төлбөрийг манай компани төлөхгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан ба манай компаниас авсан мөнгөө хасахгүй, доголдлоо арилгахгүй, төлбөр тооцоогоо зөв хийхгүй байсан учир маргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Түүнчлэн "*******" ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа нь улирлаар "С" зөвшөөрөл олгож, түүний дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн улирлын "С" бичгийг авахын тулд тухайн улирал эхлэхээс өмнө хүсэлтэй илгээж С бичиг авч байж тээврийн хэрэгслийг явуулдаг. Гэтэл "*******" ХХК-аас 2020 оны 10 сарын 12-ны өдөр ПТ-2020-86 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 4 ширхэг чирэгч толгой, СІМС маркийн давхар тавцан чиргүүл 8 ширхгийг 2021 оны 01 сард нийлүүлснээс болж, бүтэн 1 улиралд С зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэх эрхээ алдаж, олох ёстой байсан орлогоо алдсан.

Иймд гэрээний хугацаанд бус хугацаа алдаж нийлүүлсэн тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилнэ гэжээ.

4. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Худалдах, худалдан авах гэрээний 4.1-д заасны дагуу 20 тээврийн хэрэгсэл дээр гараад байгаа эвдрэл гэмтлүүдийг засварлаад өгнө, дээрээс нь 50 ширхэг дугуй өгнө, сэлбэг хэрэгслийг өгнө гэж амлалт өгч, хуурч мэхэлж төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг зуруулж байсан боловч "*******" ХХК-аас 1 ч төгрөгийг сэлбэг хэрэгсэл, дугуйг өгөөгүй. "*******" ХХК-аас нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь хулхи, угсарсан чиргүүлүүд байсан учраас эвдрэл гэмтэл их хэмжээгээр гарах болсон. Тиймээс чиргүүлүүдийг буцаан өгч, дахин шинэ чиргүүлийг авсан бөгөөд энэ хугацаанд 2 сар гаруй хугацаанд олох байсан орлогоо алдсан. Дахин өгсөн чиргүүлүүд, зүтгүүрүүд нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсний улмаас баталгаат хугацаанд засварын зардал гарсан. Уг сэлбэг хэрэгслийг "*******" ХХК-аас удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөртөө суутгаад өөрсдөөсөө мөнгөө гаргаад засварлаад явж бай удахгүй тооцоо нийлээд дуусгая гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар компани өөрийн зардлаар 48,046,200 төгрөгийн сэлбэг хэрэгслийг гаргуулж, "*******" ХХК-д төлбөрөөс суутгахыг хэлсэн боловч шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Иймээс уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 152,309,250 төгрөгөөс 114,865,327 төгрөгийг бэлнээр төлсөн, үүний үлдэгдэл төлбөр 37,443,923 төгрөг байсан бөгөөд баталгаат хугацааны эд хөрөнгийг доголдлыг арилгаж ******* ХХК-аас манай компани төлөх байсан төлбөр 48,046,200 төгрөгийг хасахад 10,602,277 төгрөгийн илүү төлөлтийг хийсэн байна. Энэ мөнгийг "*******" ХХК-аас манай компанид төлөхөөр байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд хүүгийн зохицуулалт огт байхгүй бөгөөд хариуцагч компани хүү төлөх үүрэггүй. Өмнө өгсөн мөнгөнүүдийг хүүнд бодож, одоо хүүний үлдэгдэл гэж нэхэмжилж байгаа нь хууль бус. Мөн өөрчилсөн шаардлагад хавсарган өгсөн хүснэгтэд манай компанийн төлсөн мөнгөнөөс 74,573,162 төгрөгийг хүүнд, алдангид 57,997,786 төгрөг суутгасан гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу өнөөдрийг хүртэл манай компани төлбөрүүдийг төлсөн боловч "*******" ХХК-аас эвдрэл гэмтэл засварлах, дугуй зэрэг сэлбэг хэрэгслээ өгөхгүй байгаа учраас манай компаниас үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээсээ татгалзаж, өнөөдрийг хүрсэн. Анх баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг засварлаад өгнө гэсэн атлаа машинуудаа өгөөд манай компани төлбөрийг нь асуудалгүй төлөөд байхаар баталгаат хугацааны засвар үйлчилгээг огт хийлгүй залжих арга хэрэглэж улмаар өнөөдөр төлбөрөө авахыг шаардаж байна. Шүүхэд хандахаас өмнө ч бид уулзалдахад манай компанид үүссэн эвдрэл гэмтлийн зардлыг гаргаад өг гэхлээр өгдөггүй нөхцөл байдалтай өнөөдрийг хүрсэн.

Иймд хууль зөрчиж гэрээ байгуулсан 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, сэлбэг хэрэгслийн төлбөрт 48,046,200 төгрөг, илүү төлсөн төлбөр 10,602,277 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Нэхэмжлэгч компани нь худалдсан тээврийн хэрэгслийн зүтгүүр 14 сар, чиргүүл 12 сарын баталгаат хугацаанд 49,329,200 төгрөгийн эвдрэл гэмтэл үүссэнийг сольж өгөөгүй. 49,329,200 төгрөгийн эвдрэл гэмтэл үүссэнийг шинэ сэлбэг хэрэгслээр сольж өгнө, 50 ширхэг дугуй өгнө гэж хуурч мэхэлж 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээнд гарын үсгийг *******аар зуруулсан байдаг. Гэтэл уг гэрээг байгуулсны дараа "*******" ХХК-аас нэг ч төгрөгийг сэлбэг хэрэгсэл, дугуйг өгөөгүй. Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаад хүүгийн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч компани хүү төлөх үүрэггүй. Түүнчлэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасан байхад хүү төлөхийг шаардаж, өмнө өгсөн мөнгөнүүдийг хүүнд бодож, хүүгийн үлдэгдэл 12,366,273 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль бус. Мөн өөрчилсөн, шаардлагад хавсарган өгсөн хүснэгтэд манай компанийн төлсөн 45,068,915 төгрөгийг хүүд, алдангид 34,808,884 алдангид суутгасан гэж нийт 79,877,800 төгрөгийг үндэслэлгүйгээр үндсэн төлбөрөөс хасах байтал хүү, алдангид суутгасан гэж хууль бус шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу өнөөдрийг хүртэл манай компани төлбөрүүдийг төлсөн боловч "*******" ХХК-аас эвдрэл гэмтэл засварлах, дугуй зэрэг сэлбэг хэрэгслээ өгөхгүй байгаа учраас манай компаниас үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээсээ татгалзаж, өнөөдрийг хүргэсэн. "*******" ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлэхээс үндсэндээ татгалзаж, улмаар манай компаниас тээврийн хэрэгслийг төлбөрийг авч, дээрээс нь алданги хүү, тооцож гаргуулж авах гэж улайрч байгаа нь илтэд хууль бус. Түүнчлэн "*******" ХХК нь анх баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг засварлаад өгнө гэсэн атлаа машинуудаа өгөөд манай компани төлбөрийг нь асуудалгүй төлөөд байхаар баталгаат хугацааны засвар үйлчилгээг хийлгүй залжих арга хэрэглэж улмаар өнөөдөр төлбөрөө авахыг шаардаж байна. Шүүхэд хандахаас өмнө ч бид уулзалдахад манай компанид үүссэн эвдрэл гэмтлийн зардлыг гаргаад өгчих гэхлээр өгдөггүй нөхцөл байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаас үзэхэд "*******" ХХК нь хүүгээ түрүүлж авчихаад үндсэн төлбөрөөс хасагдаагүй мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргах нь хуульд үл нийцнэ. Тэгээд худалдах худалдан авах гэрээний харилцаанд хүү төлөх зохицуулалт байхгүй.

Иймд 2021 оны 11 сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, сэлбэг хэрэгслийн төлбөрт 49,329,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6.  Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ юм. Гэрээгээр хариуцагч компаниуд нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар дээрх таван гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг 2022 оны 02 сарын 28-ны дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нь мөн хугацаа хүртэл төлбөрийн шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээсэн. Мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д заасны дагуу хүү тооцсон тул тухайн зохицуулалт нь хуульд нийцсэн. Иймд Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь Техник худалдах, худалдан авах гэрээний 4.5-т заасныг хэрэгжүүлээгүй, холбогдох баримтыг компанид тухайн үед ирүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаа дууссан, илүү төлсөн төлбөр нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг хангахгүй тул мөнгөн төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 12 сард нэг гэрээ, 2021 оны 06 сард хоёр гэрээ байгуулсан. ******* ХХК нь техникийн төлбөрүүдийг 2021 оны 06 сарын 30, 2021 оны 07 сарын 27-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан ч төлөхгүй байсаар талууд 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 гэрээ-г байгуулах шалтгаан болсон. ******* ХХК нь худалдан авсан техникүүдэд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд Техник худалдах, худалдан авах гэрээний 4.5-д заасныг хэрэгжүүлээгүй, 49,329,200 төгрөгийн зардлын баримт зэргийг гэрээ байгуулах өдрийн байдлаар ирүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаа дууссан байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ******* ХХК-аас 113,267,183 төгрөг, ******* ХХК-аас 173,483,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэх 190,830,582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаас зарим хэсгийг буюу гэрээний 2.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 31,404,500 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д, 39,498,700 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д тус тус олгуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,712,473 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 724,285 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 1,025,369 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,435,974 төгрөг, 1,910,268 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас 355,443 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д, 314,972 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

8.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шийдвэрийн зарим хэсгийг буюу ******* ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх 190,830,582 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр барагдуулах гэрээний 2.1.2-т заасныг хүчин төгөлдөр бус болгохыг тогтоож, ******* ХХК-аас ******* ХХК-д 33,404,500 төгрөг, ******* ХХК-д 39,498,700 төгрөг тус гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэр төрөл нийт 148,876,000 төгрөгийн үнэ бүхий барааг жагсаалтаар авагдсан байх бөгөөд хүлээлгэн өгсөн талаар гэрч *******, ******* нарын мэдүүлэг, талуудын тайлбарт үндэслэж ******* ХХК-аас тус үнийн дүнгээр төлбөрөөс суутгуулсан гэж үзэх үндэслэлтэй... гэж нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн. ******* ХХК-аас хэрэгт өгсөн, талуудын хүлээлцсэн гэх барааны жагсаалтад нэхэмжлэгч талаас гарын үсэг зурсан этгээд, хүлээлцсэн огноо байдаггүй, гэрч *******-ийн мэдүүлэгт барааг гарын үсэг зурж тоолж авсан уу гэхэд үгүй гэж, *******ын мэдүүлэгт гарын үсэг зурсан баримт үйлдсэн үү гэхэд санахгүй байна гэж, *******-ийн мэдүүлэгт ******* та нартай бараа хүлээлцээгүй юу гэхэд үгүй гэж мэдүүлсэн. Шүүх хуралдаанд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар барааг хүлээлцсэн талаар зөвшөөрсөн тайлбар өгөөгүй. Гэрч ******* барааг хүлээлгэж өгөхөд намар байсан санагдаж байна гэж, ******* 2021 оны хавар байх гэж, ******* 2022 оны 03 сарын дундуур гэж бараа хүлээлгэж өгсөн гэх цаг хугацааг харилцан адилгүй мэдүүлсэн. Барааг хүлээлцсэн гэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай байхад гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж зөвтгөх боломжгүй. Шүүх гэрч *******, ******* нарын мэдүүлэгт үндэслэж барааг хүлээлцсэнийг хэрэв үндэслэлтэй дүгнэсэн гэж үзвэл тэдний мэдүүлсэнчлэн 2021 оны 11 сард байгуулсан төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг 2021 оны хавар эсвэл намар хүлээн авсан байх нь логикийн хувьд авцалдаагүй байна.

8.2. Талуудын хооронд байгуулсан 5 ширхэг худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, урьд зээлдүүлсэн 40,000,00 төгрөгийн зээлийн төлбөрийг тодорхой хугацаа зааж төлөх, төлүүлэх зорилгоор 2021 оны 11 сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ юм. Мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д заасны дагуу төлбөр барагдуулах гэрээнд 1.5 хувийн хүү төлөхөөр заасан нь хуульд нийцнэ. Харин уг гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцсон заалтгүй, нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүүгийн шаардлага гаргаагүй. Түүнчлэн шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн аль зүйл, заалтад хамаарах ямар гэрээ гэдгийг дүгнээгүй. Талууд 148,876,000 төгрөгийн бараа хүлээлцсэн гэх баримтыг буруу үнэлсэн буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргаагүй. Хариуцагч ******* ХХК нь барааг баримтаар хүлээлцсэн, нэхэмжлэгч барааг төлбөр барагдуулах гэрээний төлбөрт суутгасан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотолж чадаагүй байхад төлбөрт суутгуулсан гэж шууд дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг хангаагүй.

8.3.  Шүүх сөрөг нэхэмжлэлийн дүнгээс ******* ХХК-д учирсан хохирол 31,404,500 төгрөг, ******* ХХК-д 39,498,700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлээ 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 642 албан бичиг, хэрэгт авагдсан гэрэл зураг, албан бичгээр тогтоогдоно" гэжээ. Гэвч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг хангаагүй. Хохирлын үнэлгээг эрх бүхий этгээдээр тодорхойлуулаагүй, хариуцагч нарын өөрсдийн тодорхойлсон гэх баримтад эд анги нь эвдэрсэн гэх автомашинуудын улсын дугаар байхгүй, үсэг, тоо дутуу, баталгаат хугацаанд эвдрэл гарсан нотлогдохгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь тайлбартаа хариуцагч нар төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг төлсөн тохиолдолд дугуйнд хохирол учирсан гэж үзэх боломжтой гэх тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй. Хохирол учирсан гэх дугуйнууд нь нэхэмжлэгчээс худалдаж авсан аль аль автомашинуудад гэдэг нь баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.4. Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасантай нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн хэд хэдэн алдаа гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

9.  Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийн хангаж 113,267,183 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

9.1. "*******" ХХК-аас "*******" ХХК, "*******" ХХК-ийн сэлбэг хэрэгслийн зардалд 90,000,000 төгрөгийг өгөхөөр хүлээн зөвшөөрч 2024 оны 03 сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн удаа дараагийн шүүх хуралдаанд 90,000,000 төгрөгийг өгөхөөр хүлээн зөвшөөрөөд байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй "*******" ХХК-ийн нэхэмжилсэн 48,046,200 төгрөгийг 31,404,500 төгрөг болгож 16,641,700 төгрөг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч "*******" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 48,046,200 төгрөгийн бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй.

9.2. Түүнчлэн 48,046,200 төгрөгийн нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хэргийн материалд авагдсан баримтуудаар нотлогдож байхад 16,641,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэг үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 48,046,200 төгрөгийн бүхэлд нь хангах нь хуульд нийцнэ. *******" ХХК-аас 52,309,250 төгрөгийг үлдэгдлээс 48,046,200 төгрөгийг хасахаар 4,263,050 төгрөгийг төлөх үүрэг үүсч байгаа болно.

9.3. "*******" ХХК-аас 461020888 дугаартай данснаас 2021 оны 03 сарын 26-ны өдөр *******" ХХК-ийн ******* тоот дансанд 40,000,000 төгрөг орж ирсэн байдаг. Уг шилжүүлэгийн гүйлгээний утга дээр "*******" ХХК-д гэсэн үгнээс өөр утга байдаггүй бөгөөд ямар нэгэн зээл гэх утгыг агуулсан шилжүүлэг огт хийгдээгүй байдаг. Энэ мөнгө шилжиж орж ирэх болсон шалтгаан учир нь юу вэ гэвэл, *******" ХХК ******* ХК-аас 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 3Г/2020045878836 дугаартай зээлийн гэрээгээр 4,980,000,000 төгрөгийн зээл авахтай холбогдуулж, "*******" ХХК-аас нүүрс тээврийн хэрэгслүүдээ зарахын тулд *******ны гэрээн дээрх салбарын Эдийн засагчид урамшуулал байдлаар нийт зээлийн 1 хувийн өгөхгүй бол зээл гарахгүй байгаа гэсэн шалтгаанаар шилжүүлсэн 40,000,000 төгрөг. Өөрөөр хэлбэл, 4,980,000,000 төгрөгийн зээлийг авахад манай *******" ХХК зээлийн шаардлага хангахгүй байсан учраас ийнхүү зээлийн эдийн засагчид гаргаж буй зээлийн 1 хувийн урамшуулал өгөх байдлаар зээл гаргуулж, нүүрс тээврийн хэрэгслүүдээ "*******" ХХК зарах гэсэн үйл явц үүний цаана нуугдаж байгаа. Энэ 40,000,000 төгрөгийг манай компаниас орж ирсэн даруйд нь бэлнээр авч, *******ны зээлийн эдийн засагчид өгсөн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанууд дээр удаа дараа тайлбарласан боловч үл хэрэгсэж хэргийг шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэхгүй. Учир нь 40,000,000 төгрөгийг манай компани буцаан төлөх үүрэг үүсээгүй. Иймд 40,000,000 төгрөгийг төлөх үүрэг манай компанид байхгүй тул түүнийг дагаад алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

9.4. Шүүх алданги тооцсон цаг хугацааг зөв тооцсон боловч хангагдах үндэслэлгүй 40,000,000 төгрөгт алданги тооцсон нь үндэслэлгүй. 40,000,000 төгрөгийн 0.05 хувийн алдангид өдрийн 20,000 төгрөгийг төлөхөөр байна. Үүнийг 200*310 хоногоор тооцоход 6,200,000 төгрөгийн алдангийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. Учир нь 40,000,000 төгрөгийг дээр дурдсанаас зээлийн эдийн засагчид зээл гаргуулах гэж "*******" ХХК-аас өгсөн мөнгөө манайхаас нэхэмжилж, улмаар 40,000,000 төгрөгийг манай компаниас шаардаж байгаа нь илтэд үндэслэлгүй бөгөөд түүнд 6,200,000 төгрөгийн алданги тооцох нь Иргэний хуулийн үндсэн зарчимд үл нийцнэ. 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгохоор түүнийг дагаад 6,200,000 төгрөгийн алданги хүчингүй болох тул шүүхийн хангасан алдангийн хэмжээг бууруулах үндэслэлтэй.

9.5. Мөн "*******" ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүрэг болох сэлбэг хэрэгслийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс болж манай компани үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс татгалзсан нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу "*******" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул төлөх төлбөрт алданги тооцох нь хуульд үл нийцэхээр байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу "*******" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг 50 хувиар бууруулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч *******ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 173,483,815 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

10.1. *******" ХХК-аас нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь хулхи, угсарсан чиргүүлүүд байсан учраас эвдрэл гэмгэл их хэмжээгээр гардаг. Тиймээс чиргүүлүүдийг буцаан өгч, дахин шинэ чиргүүлийг авсан бөгөөд энэ 2 cap гаруй хугацаанд олох байсан орлогоо алдсан. Дахин өгсөн чиргүүлүүд, зүтгүүрүүд нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсний улмаас баталгаат хугацаанд засварын зардал гарсан. Уг сэлбэг хэрэгслийг "*******" ХХК-аас удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөртөө суутгаад өөрсдөөсөө мөнгөө гаргаад засварлаад явж бай удахгүй тооцоо нийлээд дуусгая гэдэг зүйлийг хэлдэг. "*******" ХХК-аас "*******" ХХК, "*******" ХХК-ийн сэлбэг хэрэгслийн зардалд 90,000,000 төгрөгийг өгөхөөр хулээн зөвшөөрч 2024 оны 03 сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн удаа дараагийн шүүх хуралдаан дээр 90,000,000 төгрөгийг өгөхөөр хүлээн зөвшөөрөөд байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй "*******" ХХК-аас 49,329,200 төгрөгийг баримттайгаар шаардсан. Уг нэхэмжилсэн 49,329,200 төгрөгийн 39,498,700 төгрөг болгож 9,830,500 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэгсийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч "*******" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 49,329,200 төгрөгийн бүхэлд нь хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Түүнчлэн 49,329,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэргийн материалд авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байхад 9,830,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тухайн хэсэг үндэслэлгүй.

10.2. *******" ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүрэг болох сэлбэг хэрэгслийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс болж манай компани үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс татгалзсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу "*******" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул төлөх төлбөрт алданги тооцох нь хуульд үл нийцэхээр байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлнйн 232.8-д заасны дагуу 28,050,565 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас нийт 188,681,525 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК-аас нийт 288,900,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 48,046,200 төгрөг, илүү төлсөн төлбөр 10,602,277 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ******* ХХК нь 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 49,329,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, зохигчид маргажээ. /1хх 1-6, 95-96, 97-99, 114-116, 2хх 80-82, 133-135, 230-231/

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. ******* ХХК, ******* ХХК-иуд 2021 оны 03 сарын 22-ны өдөр ПТ-2021-018 тоот Техник худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 17 ширхэг чирэгч толгой, 34 ширхэг тавцан чиргүүл, 17 ширхэг дойл зэргийг нийт 5,015,000,000 төгрөгөөр худалдах, ******* ХХК нь 4,978,970,000 төгрөгийг *******ны санхүүгийн түрээсийн зээлээр, үлдэх 36,030,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон; /1хх 10-13/

3.2. Мөн талууд 2021 оны 06 сарын 21-ний өдөр ПТ-2021-147 тоот Техник худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 3 ширхэг чирэгч толгой, 6 ширхэг тавцан чиргүүл, 3 ширхэг холбогч зэргийг нийт 906,000,000 төгрөгөөр худалдах, ******* ХХК нь 789,720,750 төгрөгийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн дотор, үлдэх 116,279,250 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон; /1хх 14-17/

3.3. ******* ХХК, ******* ХХК-иуд 2020 оны 10 сарын 12-ны өдөр ПТ-2020-86 тоот Техник худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 4 ширхэг чирэгч толгой, 8 ширхэг тавцан чиргүүл зэргийг нийт 1,172,000,000 төгрөгөөр худалдах, ******* ХХК нь 1,114,750,000 төгрөгийг *******ны санхүүгийн түрээсийн зээлээр, үлдэх 57,250,000 төгрөгийг 2021 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон; /1хх 18-21/

3.4. Мөн талууд 2021 оны 06 сарын 02-ны өдөр ПТ-2021-096 тоот Техник худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 10 ширхэг чирэгч толгой, 20 ширхэг тавцан чиргүүл, 10 ширхэг холбогч зэргийг нийт 2,950,000,000 төгрөгөөр худалдах, ******* ХХК нь 2,829,000,000 төгрөгийг *******ны санхүүгийн түрээсийн гэрээгээр, үлдэх 121,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон; /1хх 22-25/

3.5.  Мөн талууд 2021 оны 06 сарын 28-ны өдөр ПТ-2021-152 тоот Техник худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 3 ширхэг чирэгч толгой, 6 ширхэг тавцан чиргүүл, 3 ширхэг холбогч зэргийг нийт 906,000,000 төгрөгөөр худалдах, ******* ХХК нь 789,720,750 төгрөгийг 2021 оны 07 сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 116,279,250 төгрөгийг 2021 оны 07 сарын 27-ны өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх 26-29/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, дээрх 5 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Улмаар талууд 2021 оны 11 сарын 19-ний өдөр Тооцоо нийлсэн акт-ууд үйлдэж, худалдагч ******* ХХК-ийн өмнө худалдан авагч ******* ХХК-ийн хүлээх үүргийг нийт 196,956,284 төгрөг гэж, худалдан авагч ******* ХХК-ийн хүлээх үүргийг нийт 301,134,285 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. /1хх 31-арын нүүр, 32/

6. Мөн өдөр талууд ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч ******* ХХК, ******* ХХК-иуд дээр дурдсан нийт 486,338,500 төгрөгийг (196,956,284+301,134,285) 2021 оны 12 сарын 31-ний өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 31-ний өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдөр 186,338,500 төгрөг тус тус төлж барагдуулах хуваарийг тогтоож, төлбөрийн үлдэгдэл дүнд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 1.5 хувийн хүү төлөх (гэрээний 2.1.1) нөхцөлийг тусгажээ. /1хх 30/

7. Нэхэмжлэгч нь ...талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн, иймд мөн зүйлийн 466 дугаар зүйлийн 466.5-д зааснаар хүү тооцох эрхтэй... гэсэн агуулгатай тайлбар гаргасан бол хариуцагч нар нь ...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул хүү тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хуурч мэхлэн уг гэрээнд гарын үсэг зуруулсан... гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргасан байна.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ нь тэдгээрийн хооронд байгуулагдсан Техник худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн, хэзээ төлж барагдуулах нөхцөлийг тохирсон шинжтэй байх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээний үндсэн шинж нь харилцан тооцоо нийлэх замаар хаах тохиролцоо бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-нд энэ агуулга тусгагдаагүй.

Иймд нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрт хүү тооцох, хүү шаардах эрхгүй тул ...нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д зааснаар хүү тооцох, шаардах эрхтэй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

7.2. Хариуцагч нар ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан агуулгаар тайлбарласан.

Өмнө дурдсанчлан, ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ нь Техник худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн, хэзээ төлж барагдуулах нөхцөлийг тохирсон шинжтэй тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

Түүнчлэн, дээрх гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

7.3. Иймд анхан шатны шүүх ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

8. Дээрхээс үзвэл 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ын дагуу хариуцагч ******* ХХК-ийн хүлээсэн үүрэг 192,309,250 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн хүлээсэн үүрэг 294,029,250 төгрөг байжээ гэж үзэх нь бодит байдалд нийцнэ. /1хх 31-арын нүүр, 32/

2021 оны 11 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-д дурдагдсан зээлийн төлбөр 40,000,000 төгрөг гэсний тухайд, нэхэмжлэгч ******* ХХК-аас 2021 оны 03 сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* ХХК нь холбогдох Тооцоо нийлсэн акт-д гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан тул ...нэхэмжлэгчээс хариуцагчид 40,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаар тооцоо нийлсэн актад тодорхой дурдсан... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзсэн болно. /1хх 113/

Түүнчлэн, хариуцагч ******* ХХК нь ...уг 40,000,000 төгрөгийг зээлийн эдийн засагчид зээл гаргуулах гэж өгсөн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

9. Талууд 2021 оны 11 сарын 19-ний өдөр Тооцоо нийлсэн акт-ууд үйлдсэн өдрөөс хойшхи хугацаанд хариуцагч ******* ХХК нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 20-ны өдөр 9,419,738 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 4,717,627 төгрөг, 2022 оны 09 сарын 17-ны өдөр 547,979 төгрөг, 2022 оны 10 сарын 12-ны өдөр 189,981 төгрөг, нийт 114,875,325 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон тул үлдэх төлбөр 77,433,925 төгрөг (192,309,250-114,875,325) байна. /1хх 34/

10.   Талууд 2021 оны 11 сарын 19-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойшхи хугацаанд хариуцагч ******* ХХК нь 2022 оны 06 сарын 28-ны өдөр 10,860,000 төгрөг, 2022 оны 07 сарын 20-ны өдөр 31,480,212 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 4,950,022 төгрөг, 2022 оны 09 сарын 17-ны өдөр 4,060,020 төгрөг, 2022 оны 10 сарын 12-ны өдөр 3,625,018 төгрөг, 2021 онд 148,876,000 төгрөг (бараа материалаар), нийт 203,851,272 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбар, фото зураг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул үлдэх төлбөр 90,177,978 төгрөг (294,029,250-203,851,272) байна. /1хх 37, 100-105, 2хх 44-45, 46-50, 61-63/

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ...талуудын удирдлагууд хэлэлцэн тохиролцож, ******* ХХК-ийн складанд хадгалагдаж байсан барилгын материалуудаас боломжтойг нь худалдан борлуулж, энэ төлбөрийг компаниудын төлбөрөөс суутгасан. Энэ нь нийтдээ 71,330,850 төгрөг болсон... гэж, ...Тодорхой хувийг тохиролцсоны үндсэн дээр 71,000,000 төгрөгийг хассан. Үлдэгдэл бараа материал складанд байгаа... гэсэн тайлбарыг гаргасан байна. /3хх 17, 32/

Иймд ...нэхэмжлэлийн үнийн дүнгээс бараа материалын үнэ 148,876,000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй, анхан шатны шүүх нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Өмнө дурдсанчлан, талууд 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр төлбөрийг 2022 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа тохирсон, мөн магадлалын хянавал хэсгийн 3.1, 3.2, 3.4, 3.5-д дурдагдсан Техник худалдах, худалдан авах гэрээ-гээр хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу хариуцагч нараас алданги шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход хариуцагч ******* ХХК-аас шаардсан алданги 3,836,116 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас шаардсан алданги 5,760,473 төгрөгөөс тус тус хэтэрч байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардсан хэмжээгээр алдангийг хангах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзэв. /1хх 114-116/

12. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч ******* ХХК-аас 81,270,041 төгрөг (77,433,925+3,836,116), хариуцагч ******* ХХК-аас 95,938,451 төгрөгийг (90,177,978+5,760473) тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

13.  Хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-иудын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд.

13.1. Магадлалын хянавал хэсгийн 7.1, 7.2-т дүгнэсэнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 466.5-д зааснаар төлбөрийн үлдэгдэлд хүү тооцох, хүү шаардах эрхгүй, мөн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

13.2. Хариуцагч ******* ХХК нь Техник худалдах, худалдан авах гэрээ болон Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 10,602,277 төгрөгийг илүү төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй нь зөв.

13.3. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-ийн тус тус гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дугуйны эвдрэл гэмтэл гэх нийт 70,903,200 төгрөгийг (31,404,500+39,498,700) хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Техник худалдах, худалдан авах гэрээ-нүүдэд Баталгаат засварын хугацаанд техникт аливаа эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд худалдан авагч энэхүү мэдээллийг худалдагч талд 72 цагийн дотор мэдэгдэх ба талуудын мэргэжилтнүүд шалгаж, хамтарсан акт үйлдэж, фото зургаар баталгаажуулан шалтгааныг тодорхойлно гэж журам тогтоожээ. (гэрээний 4.5)

Ийнхүү хариуцагч компаниуд нэхэмжлэгч компанид эвдрэл гэмтлийн талаар 72 цагийн дотор мэдэгдсэн, талуудын мэргэжилтнүүд шалгаж, хамтарсан акт үйлдсэн, фото зургаар баталгаажуулан шалтгааныг нь тодорхойлсон талаар баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч нар нь ...нэхэмжлэгч нь сэлбэг хэрэгслээ авч бай, тооцооноос дараа хасч тооцно, дугуй өгнө гэж хуурч мэхэлсэн... гэсэн агуулгаар гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иймд ...анхан шатны шүүх хариуцагч талын өөрсдийн тодорхойлсон нотлох баримтад үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 70,903,200 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, ...48,046,200 төгрөг, 49,329,200 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь баримтаар хангалттай нотлогдож байхад 16,641,700 төгрөг, 9,830,500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулна.  

15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03805 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.5-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 81,270,041 төгрөг, ******* ХХК-аас 95,938,451 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,373,088 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 48,046,200 төгрөг, илүү төлсөн төлбөр 10,602,277 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөр 49,329,200 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 2,712,473 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас төлсөн 1,435,974 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас төлсөн 1,910,268 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 564,300 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 637,642 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас 2024 оны 12 сарын 09-ний өдөр төлсөн 1,466,618 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 2024 оны 12 сарын 12-ны өдөр төлсөн 724,286 төгрөг, хариуцагч *******ХХК-аас 2024 оны 12 сарын 12-ны өдөр төлсөн 1,025,370 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР