| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0166/э |
| Дугаар | 2019/ШЦТ/167 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1921001300171 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эмээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Э.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд байрлах авто зогсоолын орчимд иргэн Ё.Оюунзултай маргалдан улмаар зодож “биед нь хамрын хянга ясны хугарал, хамрын таславийн баруун тийш мурийлт, дух, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нурууны цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, зүүн сарвууны зулгаралт, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал болон зулгаралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд байрлах авто зогсоолын орчимд иргэн Ё.Оюунзултай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921001900171 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Оюунзул гэдэг хүн намайг найзтай минь андуураад хулгайд сэрдээд намайг явуулахгүй хэл амаар доромжлоод байхаар нь зодчихсон юм. Би үснээс нь зулгаагаад, газар унасан үед нь нүүр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Хохирогч Ё.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр охин тэгэхэд согтуу байсан. Тэгэхээр нь би “чи 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надаас мөнгө хулгайлсан охидуудын нэг нь мөн биз дээ” гэж хэлсэн. Гэтэл тэр охин “чи юу яриад байгаа юм бэ” гээд миний үснээс зулгаасан би ч гэсэн зөрүүлээд тэр охины үснээс зулгаасан. Бид хоёр үсдэлцэж байгаад газар унасан бөгөөд намайг газар унасан байхад миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоо өөрийн хохирлоо Мандуухайгаас бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 40 дугаар хуудас/,
Гэрч С.Үүрцайхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эхнэр найзуудын хамт 24 дүгээр байрны зогсоол дээр байж байхад хүмүүс хашгиралдах чимээ гарсан бөгөөд манай найзуудын нэг нь “эхнэрийг чинь зодож байна” гэж хэлсэн. ...тэгээд харахад манай эхнэр нэг хүүхэнтэй үсдэлцэж байхад нь очиход тэр хүүхэн манай эхнэрийн толгой руу өшиглөж байсан. Би тэр хүүхнийг бариад цагдаа дуудах гэж байтал тэр хүүхэн алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ө.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Оюунзул тэр үед “чи мөн байна чи хулгай хийдэг биз дээ” гээд бахираад байсан. ...эргээд харахад Оюунзул нэг охинтой үсдэлцээд хэрэлдээд байсан бөгөөд би тэр үед Үүрцайхад “эхнэрийг чинь хүн зодоод байна салгаач” гэхэд Үүрцайх машинаас бууж эхнэрээ салгасан. ...Оюунзул зодуулчихлаа гээд нүүр нь хавдчихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай:
1. Ё.Оюунзулын биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн баруун тийш муруйлт, дух, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нурууны цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, зүүн сарвууны зулгаралт, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүдийн хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн баруун тийш муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт нь дангаараа, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн сарвууны зулгаралт, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал болон зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 34, 37 дугаар хуудас/,
Хохирогч Ё.Оюунзул нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921001300171 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд байрлах авто зогсоолын орчимд иргэн Ё.Оюунзултай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ё.Оюунзул /хх-ийн 7-9-р хуудас/, гэрч С.Үүрцайх /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Ө.Болортуяа /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч М.Очбаяр /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Э.Ундрал /хх-ийн 18-19 хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.М нь хохирогч Ё.Оюунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.М-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.М-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН