Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00807/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* **** тоотод оршин суух Б*** овгийн Б***гийн Б*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** албанд холбогдох

***  ХХК-ийн  2016 оны 03  дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгийн  үнэлгээний  тайлан”-гаар   тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Насанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Миний бие өөрийн эзэмшлийн хөрөнгө болох Дархан сум ****** баг ******* *** тоотод орших 342м2 талбай бүхий хашаа байшингаа ******* банкны зээлэнд барьцаалж зээл авсан. Гэвч эргэн төлөлт хийж чадалгүй эрсдэлд орсон. Зээлийн төлбөрт миний барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр үүргийн гүйцэтгэл хангуулж ШШГАлба хөрөнгө үнэлгээний талаар 23,5 сая төгрөгөөр үнэлүүлсэн байна. Манай газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг ба хашаанаас 30 м газарт төвийн цэвэр ус, дулааны шугамтай ойрхон, талбай томтой хувийн эзэмшил газар ба зах зээлийн ханшаар зөвхөн газар нь 70 сая төгрөгөөр үнэлэгдэх ёстой байтал гурав дахин бага үнэлж намайг хохироож байна. Миний амьдрал маш их хүнд, 3 хүүхэд ганцаараа өсгөдөг ба гэр бүлийн хүн хөдөлмөрийн чадваргүй, хөдөлмөр эрхэлдэггүй. Банкны төлбөрийг дээрх үнэлгээгээр барагдуулах ямар ч үндэслэлгүй болоод байна. Иймд бид ШШГАлбаны үнэлүүлсэн үнэлгээнд гомдолтой байна. Миний хашаа байшинг дахин үнэлгээнд оруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай хамар хашаанаас 50 метрийн цаана инженерийн шугам байдаг юм. Манай газар нь байрлал сайтай байрлалтай. 1,500,000 төгрөгөөс илүү үнээр үнэлэгдэх боломжтой. Үнэлгээ хийх үед би байлцаагүй. Би үнэлгээтэй 6 дугаар сард танилцсан, арай багаар үнэлсэн байсан. Манай өвлийн  сууцыг  22,000,000  төгрөг,  газрыг  1,500,000 төгрөг, нийт 23,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Манай газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг Манхантолгойн *** тоотод байрладаг, байрлал сайтай газар юм. Намайг эзгүй байх үед манай хашаа байшинд үнэлгээ хийгээд явсан байсан.  Газар нь дэндүү багаар үнэлэгдсэн байсан. Банкнаас зээл авч байх үед манайхтай ойролцоо айлууд 40,000,000-50,000,000 төгрөгөөр зарагддаг байсан. Хашаа татаагүй газар нь 3,000,000-4,000,000 төгрөгөөр зарагдаж  байхад, манай хашаа байшин нь инженерийн шугамдаа ойрхон тул үүнээс илүү үнэтэй байх ёстой. Байшингийн хувьд тоосгон, шилэн хөөс орсон, 32-ын ханатай, тамбартаа усандаа хүртэл ухсан худаг гаргаж чадаагүй цооногтой байшин юм. Дор хаяж 30 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой. Иймд би энэ хашаа байшингийн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

     Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 149 дүгээр захирамжаар Б.Б***аас 19185766 төгрөгийг гаргуулж ******* банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.Б***ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Ү-*** улсын дугаарт бүртгэгдсэн Дархан сум ****** баг, *******, 1-р гудамж, ** тоот 56 мкв талбайтай хашаа, байшин, Г-***8 бүртгэлийн дугаартай 342,0 мкв газрын хамт 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн 11 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, хураан авч төлбөрийг төлөөгүй ба талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул ШШГТХуулийн 31-р зүйлд заасны дагуу ахлах гүйцэтгэгчийн 08 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор *** ХХК-иар үнэлгээ хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 23,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлэгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөг нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 149 дүгээр захирамжаар 19,700,000 төгрөг Б.Б***аас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул  аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Манхантолгойн 1-** тоот 342 мкв газартай 8х6 метрийн харьцаатай өвлийн сууцны хамтаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийдэрийг биелүүлэх үүргийг Б.Б***д өгсөн боловч биелүүлээгүй. Б.Б*** хашаа байшингаа өөрөө үнэлэхдээ 40,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хаан банк 15,000,000 төгрөгөөр үнэлдэг. Б.Б*** нь хашаа байшингаа Хаан банканд төлөх өрөндөө өгье гэсэн хүсэлтийг гаргасныг бид ******* банканд уламжилсан боловч ******* банк хүлээн авахаас татгалзсан. Хоёр тал хашаа байшингийн үнэ дээр тохироогүй тул 08 тоот тогтоол үйлдэж *** ХХК-иар үнэлүүлэхэд хашаа байшинг 23,500,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг Шийдвэр гүйцэтгэх алба үйлдээгүй.

Цуг явж, тал талаас нь зургийг авдаг. Үнэлгээ хийж байх үеийн байдлаар гэрэл зурагт тусгагдсан байгаа. Б.Б*** үнэлгээ хийж байхад өөрөө байгаагүй, түүний эхнэр байсан. Хашаа байшингийхаа талаар тайлбарлаж өгч,  зургийг авахуулсан. Шинжээч байшинг барьсан материал үнийн үнийн талаар эхнэрээс нь асуусан. Б.Б*** өөрөө хашаа байшингаа зарах гэж зар өгч явсан боловч зарж чадаагүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б***  нь  хариуцагч *** албанд холбогдуулан  Дархан-Уул аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны   шүүхийн 2015  оны  08  дугаар сарын 10-ны өдрийн  2988  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 401 тоот гүйцэтгэх хуудасны дагуу  явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  Шинжээч томилох тухай 08 тоот тогтоолын дагуу гарсан     ***  ХХК-ийн  2016 оны 03  дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгийн  үнэлгээний  тайлан”-гаар   тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Б***   нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан төлбөр  төлөгч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч  Б.Б***  нь   Анхан шатны шүүхийн эвэлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар *******  банкны Дархан салбартай байгуулсан 172 тоот эвлэрлийн гэрээгээр ... нийт 19 185 766.37 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгийг борлуулж төлбөрийг бүрэн барагдуулна .... гэсэн үүрэг хүлээсэн бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 172 тоот эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 19,185,766.37 төгрөгийн  төлбөрийг  шударгаар, тогтоосон  хугацаанд биелүүлээгүй тул төлбөр авагч ******* банкны Дархан салбар албадан гүйцэтгүүлэхээр Дархан–Уул аймгийн тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ  биелүүлээгүй тул тойргийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэний хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлөөгүй тул барьцааны зүйл болох  Дархан сум 8 дугаар баг Манхантолгойн 1-**  тоотод байрлах үл хөдөлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 56 м.кв хувийн сууц 342.0 м.кв талбайтай газрыг  эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж хураан авах үед ... төлбөрийн нийт дүнгээр ******* банкны өмчлөлд шилжүүлэн өгөхийг төлбөр төлөгч  мэдэгдсэн бөгөөд, төлбөр авагч зөвшөөрөөгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийхэд  хувийн орон сууцыг 22.000.000 төгрөг, газрыг 1.500.000 төгрөг, нийт  23.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлантай 2016 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр танилцан, үнэлгээний талаар гомдолоо хуульд заасан хугацаанд гаргасан байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр  тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн  нь буруу биш  байна.

Томилогдсон шинжээч болох *** ХХК нь  барьцааны зүйл болох   Дархан сум ****** дугаар баг Манхантолгойн 1-**  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 56 м.кв хувийн сууц, 342.0 м.кв талбайтай газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг  23.500.000  төгрөг гэж тогтоон, дээрхи эд хөрөнгийг газар  дээр нь очиж үзэн, үнэлэгдсэн газрын ашиглалт, одоо ба ирээдүйн байдлыг сонирхож, үнэлгээ хийх бусад мэдээллийг цуглуулан, шаардлагатай зарим үзлэгийг хийсэн гэж дурьдаад өртгийн хандлага болон жишиг үнийн хандлагын  аргаар хийн, нөхөн сэргээлтийн өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийг зохих нормативийн дагуу тооцон хасаж өнөөгийн үнэ цэнийн үнэлгээг гаргасан  болно гэж үнэлгээний товч тайландаа дурьдсан байна.

Нэхэмжлэгч   Б.Б***  нь дээрхи үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа үндэслэлээ ... газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, хашаанаас 30 м газарт төвийн цэвэр ус, дулааны шугамтай ойр, талбай томтой хувийн зэмшил газар ба зах зээлийн ханшаар зөвхөн газар нь 70 сая төгрөгөөр үнэлэгдэх ёстой байтал 3 дахин бага үнэллээ гэж тайлбарлаж, маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Б***  нь томилогдсон шинжээч *** ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хийсэн аргын хувьд   зөрүүтэй  гэж үзэж байгаа эсэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ  гэж тооцсон     23 500 000   төгрөгийг бодитой биш, зах зээлийн үнээс бага байна гэж байгаа бол  энэ талаархи нотлох баримтыг  буюу үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгө   болох  Дархан сум ****** дугаар баг Манхантолгойн 1-**  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 56 м.кв хувийн сууц 342.0 м.кв талбайтай газрын одоогийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, хувийн орон сууцаа өөрөө барьсан, зарцуулсан материалын үнийн хэмжээнд үнэллээ гэж байгаа бол хувийн сууц барихад зарцуулсан материал, шингэсэн ажлын хөлс бусад зардал зэргийг эрх бүхий байгуулагаар үнэлүүлсэн эсэх зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүх хуралдаанд ... энэ талаархи нотлох баримт байхгүй, ноднин жил орон сууцны ханш өндөр байх үед үнэлгээ өндөр байсан, одоо сонирхсон хүмүүс 23 000 000 – 25 000 000 төгрөгийн хооронд сонирхсон атлаа, зээлийн шалгуурыг хангахгүй байгаа, өөрсдөө зарах гээд зар өгөөд зарагдаагүй ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй банйа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг   хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар  Нэхэмжлэгч Б.Б***ын   хариуцагч *** албанд холбогдуулан  гаргасан Дархан сум, ****** дугаар баг, Манхантолгойн 1-**  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 56 м.кв хувийн сууц, 342.0 м.кв талбайтай газрыг 23 500 000 төгрөгөөр үнэлсэн   *** ХХК-ийн үнэлгээний тайлангаар  тогтоосон үнэлгээг хүчингүй болгон зах зээлийн бодит үнэлгээг  тогтоолгох  тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*** тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ