Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00252

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04936 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 63,259,400 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэлийн агуулга:

******* миний бие 2024 оны 01 сарын 05-ны өдөр *******, ******* нартай амталсан махны цехэд хамтарч ажиллахаар 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, эхний 2 сар ашиг авахгүй, 2024 оны 03 сараас эхлэн цэвэр ашгаа 50, 50 хувиар хувааж авах, оруулсан хөрөнгийн 30,000,000 төгрөгийг 1 жилийн дараа хүү тооцохгүй буцааж өгөхөөр тохиролцсон. Бид хамтын үйл ажиллагааг 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс эхэлсэн. Гэтэл *******, ******* нар хамтран ажиллах хугацаандаа цаг барьдаггүй, хэлсэн ярьсан төлөвлөгөөний дагуу ажилладаггүй, зүй бус үйлдэл хийдэг зэргээс болоод *******тай биечлэн ажиллахгүйгээр *******, ******* нарт сар бүр тодорхой хэмжээний ашгийг 2 жилийн хугацаанд өгөөд 2 жилийн дараа 50,000,000 төгрөгийг буцаан өгөх санал тавихад ******* зөвшөөрсөн. Гэтэл ажлын байрнаас амталсан тахианы мах 791 ширхэг (11,865,000), амталсан гахайн мах 279 ширхэг (5,301,000), хөлдөөгч 600л багтаамжтай 4 ширхэг (8,000,000), баталгаажсан жин 3 ширхэг (360,000), лазер он сар дарагч 1 ширхэг (850,000), ам дарагч 1 ширхэг (150,000), вакумдагч машин 1 ширхэг (1,300,000), мах зүсэгч машин 1 ширхэг (2,800,000), вакум уут 2,000 ширхэг (198,000), сагс 2 ширхэг (190,000) зэргийг авч явсан. *******ын энэ хууль бус үйлдлээс болж манай компанийн үйл ажиллагаа зогсож гэрээт байгууллагад хугацаандаа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж чадахгүйд хүрч нийт 42,259,400 төгрөгийн бодит хохирол учирсан.

Иймд компанид учирсан бодит хохирол 42,259,400 төгрөг, олох ёстой байсан орлого нэг өдрийн 3,000,000 төгрөг (дунджаар) тооцож 21,000,000 төгрөг, нийт 63,259,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Миний бие 2024 оны 03 сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******д 80,000,000 төгрөг залилуулж алдсан тухай гомдлыг гаргаж, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. 4 хөлдөөгч, бүтээгдэхүүн, бусад тоног төхөөрөмж болон эд зүйл авсан тухай бичиж мэдэгдсэн. Эдгээр зүйлийг 2024 оны 03 сарын 08-ны өдөр хөндлөнгийн гэрчтэй авсан ба бүгд тоо ширхгээрээ хадгалагдаж байгаа. 2024 оны 03 сарын 11-ний өдөр энэ бараа бүтээгдэхүүн, эд зүйлээ миний хохирлыг барагдуулж байж аваарай гэж *******гийн ******* дугаар руу нь мэдэгдэж мессеж илгээсэн. Шүүхэд гаргаж байгаа энэ тайлбартаа бараа бүтээгдэхүүнээ яаралтай аваарай гэж мэдэгдэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч *******-д холбогдох 63,259,400 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Талууд хамтран ажиллах хэлцэл хийсэн. ******* ХХК нь байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж, зах зээлд байр сууриа олсон, томоохон супермаркетуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, үнэнч шударгаар хамтран ажиллавал оруулсан хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж олох, улмаар цаашид тогтвортой орлоготой болох нөхцөл байдлыг ******* нь зөвшөөрч, талууд тохирсноор 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ талаар талууд маргаагүй.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд гагцхүү үнэн, зөв тайлбар гаргах үүргээ ******* биелүүлээгүй. Энэ нь шударга бус бөгөөд шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл ба ******* нь 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 сарын 11-ний өдөр хүртэл борлуулалт хийж олсон орлого болох 10,569,344 төгрөгийг өөрийн *******-ны ******* тоот дансаар авсан. Мөн *******ын нөхөр *******, ******* ХХК-ийн захирлын нөхөр ******* нар 2024 оны 01 сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 сарын 07-ны өдрийн хооронд гахай, тахианы амталж савласан борлуулалтын орлого 11,499,290 төгрөгийг мөн ******* авсан. Нийт 2 сарын хугацаанд 22,068,634 төгрөгийг авсан боловч 2024 оны 03 сарын 08-ны өдөр хамтран ажиллагч этгээддээ мэдэгдэлгүй үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмж, савлаж борлуулахад бэлэн болсон амталсан гахай, тахианы 42,259,400 төгрөгийн барааг нууцаар, хулгайгаар, зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийг шүүх зөвтгөсөн болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үйлдэл бол хамтран ажиллахаар тохиролцсон этгээдээ ноцтой хохирол учруулсан үйлдэл юм. Ажлын байранд хулгай орсон талаар ч Цагдаагийн 102 дугаарт мэдээлэл өгч байсан. Гэтэл ******* борлуулалтын орлого 22,068,634 төгрөгийг авчихаад залилан мэхлүүлсэн мэтээр Цагдаад гомдол гаргасан болох нь түүнийг ямар хүн болохыг нотолно.

4.3. Хамтран ажиллах гэрээний ашиг 22,068,634 төгрөгийг хувьдаа авчихаад бүх бараа материал, тоног төхөөрөмжийг хулгайлан явсан болох нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн Өөртөө туслах заалтад нийцэхгүй байхад шүүх зөвтгөсөн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд тооцогдоно.

4.4. Шүүх хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхийг хязгаарласан төдийгүй, гэм хорын хохирол нэхэж буй тохиолдолд уг маргааныг бүрэлдэхүүнтэй шүүгч шийдвэрлэх ёстой байсан эсэхэд давж заалдах шатны шүүх анхаарна гэдэгт итгэнэ.

4.5. Шүүх хуралдааны явцад хариуцагч тал шүүхэд илэрхий худал тайлбар гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, гэрчээр *******ын нөхөр *******, ******* ХХК-ийн захирлын нөхөр ******* нарыг оролцуулсан бол хэрэг маргаан бодитой шийдвэрлэгдэх боломжтой байсан. Мөн шүүх хуралдаан эхлэхэд Цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2, 40.3-т нийцэхгүй.

4.6. Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заагдсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, олох байсан орлого тасалдуулж, гэрээт байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ цуцлагдсан үйл явдлыг зөвтгөсөн ба Иргэний хуульд дээрх хууль бус үйлдлийг зөвтгөх зохицуулалт байхгүй.

4.7. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй болох, цаг алдахгүй бол хэн нэгэн этгээд нас барах гээд байгаа, эсхүл бүх бараа муудан устах гээд байгаа ч юм уу, эсхүл өр этгээдэд хөрөнгөө шилжүүлчих гээд байгаа ямар нөхцөл үүссэн болохыг баримтаар нотолж байж Иргэний хуулийн 12 дугаар заалт мөн эсэхийг тогтооно. Шүүгч Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл баримтыг яаж тогтоосон нь тодорхойгүй.

4.8. Үйлдвэрлэл явуулахын тулд хулгайлж авсан техник хэрэгслийн оронд өөр техник хэрэгсэл авсан буюу орлуулсан тул буцааж авснаар илүү төхөөрөмжтэй болох ба илүү төхөөрөмж хэрэггүй гэдгийг шүүх ойлгоогүй.

Иймд шүүх дээрх байдлаар илэрхий нэг талд үйлчилж, хуулийг буруугаар тайлбарлан, хуульд байхгүй үндэслэл заасан шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлтийг залруулан дүгнэв. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан хохирол 42,259,400 төгрөг, олох байсан орлого 21,000,000 төгрөг, нийт 63,259,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, талууд 2024 оны 01 сарын эхээр гахай, тахианы амталсан махны цехийн үйл ажиллагааг хамтран ажиллуулж, 50, 50 хувийн ашиг хуваарилах талаар тохиролцож, үүний дагуу ******* нь хамтын үйл ажиллагаанд 80,000,000 төгрөгийн хураамж төлсөн үйл баримт тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

5. Улмаар, ******* нь 2024 оны 03 сарын 08-ны өдөр хамтран ажиллагчийн зөвшөөрөлгүйгээр гахай, тахианы мах, хөлдөөгч, баталгаат жин, лазер он сар дарагч, ам дарагч, вакумдагч машин, мах зүсэгч машин, вакум уут, сагс зэрэг эд хөрөнгийг ажлын байрнаас авч явсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хамтран ажиллагч ******* нь гэрээнээс гарснаар ******* ХХК болон ******* нарын хамтын үйл ажиллагаа Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.

6. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах журмыг тогтоосон боловч хариуцагч ******* нь уг журмыг баримтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх *******ын дээрх үйлдлийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар өөртөө туслах үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд ...анхан шатны шүүх *******ын үйлдлийг зөвтгөсөн, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын холбогдох хэсэг үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

8. Учир нь, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал:

8.1. Нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн авч явсан эд хөрөнгүүдийн үнэ 42,259,400 төгрөгөөр хохирсон гэж шаардсан боловч тэдгээрийн үнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул холбогдох шаардлагыг хангахгүй.

Өөрөөр хэлбэл, 791 ширхэг амталсан тахианы махны үнэ 11,865,000 төгрөг, 279 ширхэг амталсан гахайны махны үнэ 5,301,000 төгрөг, 4 ширхэг хөлдөөгчний үнэ 8,000,000 төгрөг, 3 ширхэг баталгаажсан жингийн үнэ 360,000 төгрөг, лазер он сар дарагчийн үнэ 850,000 төгрөг, ам дарагчийн үнэ 150,000 төгрөг, вакумдагч машины үнэ 1,300,000 төгрөг, мах зүсэгч машины үнэ 2,800,000 төгрөг, 2,000 ширхэг вакум уутны үнэ 198,000 төгрөг, 2 ширхэг сагсны үнэ 190,000 төгрөг болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох шаардлагыг хангах боломжгүй юм.

8.2. Нэхэмжлэгч нь олох байсан орлого 21,000,000 төгрөгөөр хохирсон гэж шаардсан боловч нэг өдөрт дунджаар 3,000,000 төгрөгийн орлоготой болохоо, мөн 7 хоногийн хугацаанд ирээдүйд 21,000,000 төгрөгийн орлого олох байснаа нотолж чадаагүй тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9.1. Талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаан байх тул анхан шатны шүүх маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2024 оны 10 сарын 02-ны өдрийн албан бичгийг ирүүлсэн, уг албан бичигт ...******* нь ... *******тай хамтран ажиллахаар хөрөнгө оруулалтын мөнгө шилжүүлэхэд хувьдаа завшсан байна гэх ... өргөдөл гаргасныг хүлээн авч 2024 оны 04 сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлийн ******* дугаартай хэрэг нээн, ... мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж дурдагдсан байх тул цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ...Цагдаагийн байгууллагаас дахин энэ талаар нотлох баримт гаргуулан авах нь ач холбогдолгүй... гэж дүгнэснийг буруутгахгүй.

9.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан ажиллагааг хийх эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал тул ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүй, гэрчээр *******ын нөхөр *******, ******* ХХК-ийн захирлын нөхөр ******* нарыг оролцуулсан бол хэрэг маргаан бодитой шийдвэрлэгдэх боломжтой байсан... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлтийг залруулан дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024//04936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 474,247 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР