| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0168/э |
| Дугаар | 2019/ШЦТ/170 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Ө.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ш-д холбогдох 1921001750184 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө.Ш. /РД: ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим “Тоёота королла” маркийн 83-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын постны баруун талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Хүдэрчулууныг дайрч амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим “Тоёота королла” маркийн 83-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын постны баруун талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Хүдэрчулууныг дайр амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921001750184 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Ш-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би замын хяналтын пост өнгөрөөд явж байхад урдаас саарал өнгийн 02-08 дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд тухайн зам эвдрэл ихтэй учир би замын эсрэг урсгалд явж байхад өөдөөс буюу сумын зүгээс нэг тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй тод гэрэл гэнэт гялбахаар нь өөрийнхөө урсгалд орох үед нэг бөөрөнхий хар зүйл дээр гэнэт гарсан. Гэхдээ би тэр бөөрөнхий хар зүйл тулах үед тормозоо дарсан боловч миний тээврийн хэрэгсэл намхан учир доод талд тулаад тухайн зүйлийг хол газарт чирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим...Отгонжаргал надад “талийгаач зам дээр явж байна гэнээ” гэж хэлэхэд гэртээ очиход гэрээс манай нөхөр Дугарбаатар, талийгаачийн найз Шинэбаатар нар гарч ирэхэд нь юу болсон талаар асуухад “талийгаач, Сумъяа хоёрыг муудалцаад байна” гэж хэлэхэд нь тэр хоёртой хамт хэргийн газарт очиход талийгаач зам дээр хөндлөн хэвтсэн байдалтай байхаар нь очих гэхэд цагдаа нар очиж болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч О.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баянтүмэн сумын хяналтын пост өнгөрөөд зам дээр өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор эхнэртэйгээ маргалдаж байсан бөгөөд тэр үед би найзтайгаа эхнэрээ хардаж маргалдаад байсан. Тэр үед манай эхнэр мөн нэлээн согтсон байдалтай байсан. Тэгээд машин дотроо маргалдаж байгаад би эхнэрээ хөөгөөд буулгасан талаар бүдэг санаж байгаа бөгөөд нэг мэдэхэд машин дотроо сууж байхад сумын залуу Ш ирээд надад “би эхнэрийг чинь дайрчихлаа, чи согтуу машин бариад яваад байгаа юм уу” гэж хэлэхэд нь би тээврийн хэрэгслээ хөдөлгөөд зүүн зүг рүү гэрлээ тусгахад гэрлийн үзүүрт зам дагуу манай эхнэрийн цогцос байхад нь очоод харсан чинь тархи нь бяцарсан байдалтай нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Шинэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ...00 цагийн орчим сум руугаа гэртээ харихаар Сумъяа, Хүдэрчулуун бид гурав явсан. Би машин барьж явсан болохоор архи пиво уугаагүй байсан. Тэгээд замд явж байхад Сумъяа машины урд суудалд сууж байгаад хойно сууж явсан эхнэртэйгээ маргалдаад ална, хядана гээд загнаад хэрэлдээд байсан. Ингээд сум хүрэхэд 1 км орчим газар үлдээд байхад Хүдэрчулуун машинаас буух гээд хаалга онгойлгохоор нь би машинаа зам шахаж зогсоход эхнэр нь буугаад алхаад явсан араас нь нөхөр нь бууж очоод хар замын хойд тал 10 орчим минут хоорондоо ярилцаад байсан юу ярьсныг сонсоогүй маргалдаад байх шиг байсан учраа олоогүй бололтой нөхөр нь машин дээрээ ирээд намайг очоод эхнэрээ дагуулаад ирээч гэж хэлсэн. Би араас нь очиход зүүн тийш хар зам голлоод алхаж байсан ба би эхнэртэй нь очоод уулзахад “би ахынхаа найзуудтай юу гэж явалдах вэ” гээд уйлаад байсан. Тэгэхэд нь аргадаж гуйгаад дагуулаад машин дээр ирэхэд Сумъяа жолоочийн суудалд суусан байхад нь эхнэрийг нь хажууд нь суулгаад би машин барихуу гэхэд Сумъяа өөрөө барина гэхэд нь би арын суудалд суухад эхнэрийгээ надтай хардаж Шинээтэйгээ арын суудалд суу гэж хэлсэн. Тэгэхэд нь би машинаас буугаад сумын төв рүү алхаад явж байгаад эргээд харахад машинууд нөгөө хоёрын дэргэд очоод эргэж буцаад хар замаас буугаад шороон замаар яваад байсан ба би суманд ирээд Хүдэрчулууны эгч Энхцэцэгт тэр хоёрыг хэрэлдээд байна та оч гээд гэрээс нь аваад очиход сумын эмч, цагдаа ирсэн осол болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-14 дүгээр хуудас/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дүгээр хуудас/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 04 дүгээр сарын 122-ны өдрийн 42 дугаартай актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-59 дугаар хуудас/,
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтөрийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
- Зам тээврийн осолд холбогдсон 83-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-80 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхцэцэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 91-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921001750184 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим “Toyota corolla” маркийн 83-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын постны баруун талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Хүдэрчулууныг дайрч амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Ш-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхцэцэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч О.Сумъяа /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Б.Шинэбаатар /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 04 дүгээр сарын 122-ны өдрийн 42 дугаартай актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-59 дугаар хуудас/, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтөрийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, зам тээврийн осолд холбогдсон 83-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-80 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ө.Ш нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ө.Ш нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ө.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Ш-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Ш-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ш-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Ш-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Ш-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Ш-н ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН