| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00964/и |
| Дугаар | 1177 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00964/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *** байрлах “***” ХХК /утас: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, монто *** байрлах “***” ТӨХК /утас: ***/-д холбогдох
"15 000 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага шаардлагадаа:
“Манай компани 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *** ТӨХК-тай Дархан сумын 16 дугаар багийн цемент бетон зам талбайн ажил гүйцэтгэх 28,142,644 төгрөг, *** сумын *** дугаар багийн цемент бетон талбайг гүйцэтгэх 44,056,163 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт хугацаандаа чанартай гүйцэтгэж Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, *** ТӨХК, ДУАймгийн ГХБХБ-ын хамтарсан комисст хүлээлгэн өгсөн. *** ТӨХК нь 2012.09.20-нд 1-р гэрээт ажил дууссаны дараа 28,142,644 төгрөгийн төсөвт ажилаас 24,194,644 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн. Үлдсэн үнийн дүнд замын хашлага тооцохоор үлдээсэн.
Хоёрдахь гэрээт ажлаас 2012.11.20-нд 5,000,000 төгрөг, 2012.12.28-нд 25,000,000 төгрөг, 2013.08.13-нд 4,056,162 төгрөг тус тус манай компанид өгсөн. Ингээд 2013 он дуусахаас өмнө үлдэгдэл мөнгийг барагдуулна гэсэн боловч удахгүй маргааш нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрлээ.
2014 онд *** ТӨХК-д Дархан сумын санхүүгийн аудит орж манай хийсэн ажлуудыг биднийг дуудаж хэмжилт хийж шалгасан бөгөөд манай хийсэн бетон зам талбай, хашлаганд ямар ч дутагдал гараагүй бөгөөд одоог хүртэл эвдрэл гэмтэлгүй хэвийн ашиглагдаж байна. Энэ үед талбайг хэмжүүлэх шалгуулах явцдаа санхүүгийн хяналт шалгалтын хүнд хийсэн мөнгөө авч чадахгүй байгаагаа учирлахад танай өрийн үлдэгдэл санхүүгийн тайланд туссан байна тэгэхээр өгөх байлгүй гэж хэлсэн болохоор бид хүлээгээд нягтлантай нь уулзахаар боломж гарахаар өгнө гэсээ өнөөдрийг хүрсэн. Гэрээний харилцан хүлээх үүргийн 1-д хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлнө гэж заасан байгаа. Тийм учраас гүйцэтгээгүй үнийн дүн 10,000,000 төгрөгөөс Иргэний хуулинд гүйцэтгээгүй үндсэн үнийн дүнгийн 50%-иас алданги хэтрэхгүй гэснээр 5,000,000 төгрөг нийлээд 15,000,000 төгрөг *** ТӨХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“***” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “***” ТӨХК-тай Дархан сумын 12, 16-р багийн цемент бетон зам тайлбайн ажил гүйцэтгэх 44 056 163 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт хугацаандаа чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
“***” ТӨХК нь ажил дууссаны дараа нийт 34 056 163 төгрөгийг төлж үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2013 он дуусахаас өмнө барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2014 онд “***” ТӨХК-д Дархан сумын санхүүгийн аудит орж манай хийсэн ажлуудыг шалгасан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ашиглагдаж байна. Тэр үед талбайг санхүүгийн хяналт шалгалтын хүнд хийсэн ажлын хөлсөө авч чадахгүй байгаагаа учирлахад танай өрийн үлдэгдэл санхүүгийн тайланд туссан байна тэгэхээр өгөх байлгүй гэсэн болохоор хүлээсээр өдийг хүрсэн. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги тооцно гэж заасны дагуу үндсэн мөнгөн дүн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг “***” ТӨХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус компанийн өмнөх захиралтай тоот нь тодорхой бус туслан гүйцэтгэгчийн гэрээ хийгдсэн байна. Тус ажлын гэрээнд хийсэн ажлын хөлсийг тодорхой заасан хугацаанд өгнө гэсэн заалт байхгүйгээс гадна тус ажлын гэрээг дүгнэн хийсэн комиссын акт, баримт зэрэг нь манай байгууллагад байхгүй байна. Мөн 2012 онд гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухайн үедээ тооцоо хийн авалгүй 4 жилийн дараа их хэмжээний хүү, алданги нэхэмжлэн ирж байгааг хүлээн зөвшөөрөх боломгүй байна. Иймд тус компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ажил гүйцэтгэсний төлбөр болох 10 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. “***” ТӨХК-ийн санхүүжилт тухайн үедээ тавигдахгүй мөн улс орны хямралаас болж төлж чадахгүй өдийг хүрсэн. Алданги болох 5 000 000 төгрөгийг төлөх боломжгүй, учир нь төсвийн санхүүжилтэнд тусгагдаагүй, харин үндсэн төлбөр 10 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ТӨХК-иас ***сумын 12, 16 дугаар багийн цемент бетон болон зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын дутуу төлбөр 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд ***сумын 12, 16 дугаар багийн цемент бетон болон зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдан гэрээний зүйл болсон 12, 16 дугаар багийн цемент болон бетон зам талбайн ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн энэ талаар маргаангүй, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл харилцан нийлүүлсэн эд зүйлс, үйлчилгээний тооцоог хоёр байгууллагын хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлээд “***” ТӨХК нь 14 056 162.73 төгрөгийг төлөх тооцооны үлдэгдэлтэй гарснаас 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 07 хүртэлхи тооцоогоор санхүүгийн тайланд 10 000 000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой байгаа нь нотлогдож байна, мөн энэ талаар маргаангүй байгаа болно.
Хариуцагч “***” ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 10 000 000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа бөгөөд улс орны эдийн засгийн хямрал, санхжүүжилт тухай бүрт орж ирээгүй гэсэн шалтгаанаар уг төлбөрийг барагдуулаагүй байгаа, алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.
Талуудын байгуулсан гэрээнд ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.5 хувиар буруутай талдаа алданги ногдуулахаар харилцан хүлээх үүрэгт тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэснийг мөн хуулийн 232.4-т зааснаар анз нь торгууль , алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг тус тус зөрчөөгүй байна.
Хариуцагч “***“ ТӨХК гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг хүлээн авсан бөгөөд гэрээнд зааснаар төлбөл зохих төлбөрийг бүрэн төлөөгүй, энэ төлбөрийг бүрэн төлж байрагдуулаагүй нь тухайн ажлыг гүйцэтгэгч байгууллага болох “***” ХХК нь цаг тухай бүрт ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй эсэх, орон нутгийн хөрөнгө, санхжүүжилт хугацаандаа орж ирээгүй нь “***“ ТӨХК-иас шалтгаалсан эсэх талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд “***“ ТӨХК-иас ажлын гүйцэтгэлийн дутуу төлбөр 10 000 000 төгрөг, гэрээний дагуу алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулан “***” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “***“ ТӨХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан “***” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 232 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “***“ ТӨХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 15 000 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ