Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2025/00008

 

"*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “*******” ГХОХХК

Хариуцагч Д.*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ГХОХХК-ийн өмч болох Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг, ******* хотхон 96 айлын байрны ***** тоот 2 өрөө орон сууцыг иргэн Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Байрны гэрчилгээ гаргуулах болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

Хэргийг нэхэмжлэгч байгууллагын захирал ******* ******* -гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч "*******” ГХОХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг ******* хотхон 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг зарах түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд Д.******* нь 2023 оны 05 дугаар сард ******* хотхоны тоот 2 өрөө орон сууцыг түрээслэх нэрээр нүүж орсноос хойш түрээсийн мөнгөө төлөхгүй байгаа тул компанийн зүгээс 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөх талаар түүнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч компанийн өмч болох 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд түүний хууль хууль бус эзэмшлээс манай компанийн өмч болох Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг ******* хотхоны тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, түүнийг албадан гаргаж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* овогтой ******* миний бие “*******” ХХКомпаний нэхэмжлэлтэй танилцаад дараахи эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Би тус байрыг түрээслэхээр тохиролцож уг байранд ороогүй харин урьдчилгаа төлбөр төлж худалдаж авахаар тохиролцсон. Улмаар миний бие баталгаа гаргаж тус компанид байрны урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг байрны гэрчилгээ бичиг баримт гаргаж өгсний дараа төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл тус компаниас ийм нэхэмжлэл гаргаж буйг огт ойлгохгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс уг үндэслэлгүй гарсан нэхэмжлэл хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье...гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

Д.******* миний бие дээрхи маргаан болоод байгаа Мандал сумын 1 дүгээр баг 96 айлын тоот 45.78 мк3 байрыг 1.100.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 20.000.000 төгрөгийн Тун Жөү компаний төлөөлөгч Р.*******ын дансанд хийж тухайн байрны засварыг бид өөрсдийн мөнгөөр хийж засвар хийсэн мөнгийг байр худалдаж авах төлбөрөөс хасахаар тохирч улмаар үлдэгдэл төлбөрийг нь байрны гэрчилгээг гаргаж өгсний дараа тооцоо нийлж төлөхөөр тохирсон. Бидний худалдаж авахаар тохиролцсон байр маань маш их засвартай хүн амьдрах арга байхгүй болчихсон байр байсан. Тиймээс бид эхний ээлжинд байранд засвар хийхээр болсон. Үүнийг Тун Жөү компанийн зүгээс зөвшөөрч бид байрандаа орохоосоо өмнө 10.000.000 төгрөгөөр засвар хийсэн.

 Гэтэл Р.******* болон тухайн Тун Жөү компани хоёрын хооронд маргаан үүссэн юм уу? БНХАУлсын иргэн хятад эмэгтэй ирээд бид нарыг байрнаас гар гэж хөөж эхэлсэн. Ингээд дээрхи маргаан үүсч, улмаар тэр БНХАУлсын настай эмэгтэй биднийг айлгаж сүрдүүлж доромжилж маргаан үүсгэдэг гаргаж болсон. Тиймээс бидний зүгээс доорхи нэхэмжлэлийг гаргаж байна. Бидний зүгээс байрны урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгч 10,000,000 төгрөгийн засвар хийж байрандаа амьдарч байгаа учраас болзол тавьж урьдчилан тохиролцсоны дагуу байрныхаа гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* овогт *******ийн *******ийн эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлалтай************* дугаар гудамж ****** дугаартай орон сууцны ***** тоот байрыг чөлөөлж "*******” ГХОХХК-д олгож, нэхэмжлэгч "*******” ГХОХХК-иас 11,600,000 төгрөгийг гаргаж хариуцагч Д.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар Д.*******ийн гаргасан “*******" ГХОХХК болон Р.******* нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч “*******” ГХОХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “*******” ГХОХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 200,500 төгрөгийг гаргаж Улсын орлогод оруулж,

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал ******* ******* давж заалдах гомдолдоо:

Тус компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******т холбогдох иргэний хэрэгт гарсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Шүүхийн 2024.11.27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаартай шийдвэрийг гардан аваад зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мөртлөө, нэхэмжлэгч ******* ХХК-с 11,600,000 төгрөгийг хариуцагч Д.*******т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал

1. Хэргийн зохигч нараас орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулагдсан, байгуулагдаагүй гэх талаар нэхэмжлэлийн шаардлага огтоос гаргаагүй, энэ талаар хэлэлцэгдээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 56.5-д зааснаар Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй ба уг хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тул уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас хариуцагч талтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж 20,000,000 төгрөг шилжүүлж авсан асуудал огт байхгүй. Харин хариуцагч Д.*******ийн төрсөн дүү С.******* нь бусдад 20,000,000 төгрөг өгсөн асуудал хөндөгдсөн бөгөөд тус асуудал нь эрүүгийн гэмт хэрэг учраас эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нөхцөл байдал баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл тус эрүүгийн хэрэгт хохирогч С.******* нь 20,000,000 төгрөгийг яллагдагч Р.*******д залилуулсан асуудал тогтоогддог бөгөөд 20,000,000 төгрөг нь энэ хэргийн хариуцагч Д.*******т ямар ч хамааралгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх Д.******* нь 20,000,000 төгрөг Р.*******д өгсөн байна, Р.******* нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******хуагийн хэлснээр Хаан банкны 50015503 дугаартай данс руу хийж нэхэмжлэгч компанийн өрийг хаасан байна, тийм учраас 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-с гаргуулж хариуцагч Д.*******т олгуулах нь зүйтэй гэж үзсэнд гомдолтой байна. Тухайн 20,000,000 төгрөг нь хариуцагч Д.*******т ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү мөнгийг С.******* Р.*******д өгсөн болохоо мэдүүлсэн байдаг бөгөөд хэрэв Д.*******ээс гарсан мөнгө байсан бол түүнийг тус эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоож байцаах байсан байдаг. Иргэн Р.******* шилжүүлж авсан 20,000,000 төгрөгийг бүхэлд нь өөрөө захиран зарцуулсан байдаг ба 10,000,000 төгрөгийг иргэн Заяабаатарын гэх дугаар данс руу шилжүүлсэн асуудал нь нэхэмжлэгч ******* ХХК-д ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэн нэгэнд 10,000,000 төгрөгний өр төлбөр огт байхгүй бөгөөд тийм баримт ч хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл ямар ч баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгч ******* ХХК бусдад 10,000,000 төгрөгний өртэй байсан байна. Тэр өрөө хаалгасан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй болно.

2. Анхан шатны шүүх “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан нь түрээсийн гэрээ хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээний гол нөхцөл сарын түрээсийн хэмжээ, төлөх хугацаа зэргээ тохиролцсон 2 тал гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 08-нд *******т хотхоны 3 орцны тоотыг түрээслэхээр хийсэн гэрээг үгүйсгэдэггүй, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг, хөлслөгч өөрийн эзэмшлийн байранд дүүгийнхээ гэр бүлийг амьдруулж байгаа нь зохигчийн тайлбар мэдүүлгээр нотлогддог үүн дээр хариуцагч үл маргана..." гэж дүгнэсэн атлаа хариуцагч Д.*******ээс түрээсэнд төлсөн 04 сарын төлбөр 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-с гаргуулж, хариуцагч Д.*******т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн зохигч нараас 4 сарын төлбөрийн талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээс гадна хэргийн зохигч нарын хооронд орон сууц хөлслүүлэх, хөлслөх харилцаа үүссэн гэдгийг анхан шатны шүүх дүгнэчихээд ямар учираас 1,600,000 төгрөгийг эргүүлэн өгөх нь зүйтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно. Нэхэмжлэгч талд өгсөн 1,600,000 төгрөг нь тус маргааны зүйл болоод байгаа орон сууцанд хөлслөн суусан цаг хугацаа буюу 2023.05.08-ны өдрөөс 2023.09.08-ны хоорондох төлбөр бөгөөд үүнийг нэхэмжлэгч ******* ХХК буцаан хариуцагч Д.*******т өгөх үндэслэлгүй юм.

3. Хариуцагч Д.******* нь иргэн Р.*******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл нь нэхэмжлэгч ******* ХХК-д огт хамааралгүй бөгөөд Р.******* нь хариуцагчид ямар нэгэн хохирол, хор уршиг учруулсан асуудлыг тусдаа эрүүгийн болон иргэний журмаар шаардах нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд тусдаа шийдвэрлэгдэх асуудал болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нийт 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ Д.*******ийг тухайн “*******” ХХК-ийн өмч болох байрнаас албадан гаргуулахаар шийдсэн. Ингэж шийдэхдээ 11,600,000 төгрөгийг “*******” ХХК нь Д.*******т олгох нь зүйтэй байна гэж шийдвэр гаргасан. 11,600,000 төгрөг нь үндэслэлгүй гэдэг талаар тайлбарлая.

            Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад энэ талаар огт хэлэлцэгдээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй ба уг хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоход уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болно дүгнэсэн нь үндэслэлгүй. Ямар ч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Хоёр тал гэрээнээсээ татгалзсан үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүх дүгнээд байгаа юм. Нэхэмжлэгч талаас хариуцагч талтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж 20,000,000 төгрөг шилжүүлж авсан зүйл огт байхгүй. Харин Д.*******ийн төрсөн дүү болох С.******* гэх хүн бусдад 20,000,000 төгрөг өгсөн асуудал хөндөгдсөн бөгөөд болсон асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нөхцөл байдал баримтаар нотлогддог. Яллах дүгнэлтийн хуулбарыг манай зүгээс хүсэлт гаргаж хэрэгт хавсаргасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн хохирогч болсон С.******* нь 20,000,000 төгрөгийг яллагдагч Р.*******д залилуулсан асуудал тогтоогдсон бөгөөд 20,000,000 төгрөгийг уг хэргийн хариуцагч Д.*******т ямар ч хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүх Д.******* нь 20,000,000 төгрөгийг Р.*******д өгсөн байна. Р.******* нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* гийн хаан банкны 515503 дугаартай данс руу хийж нэхэмжлэгч компанийн өрийг хаасан байна. Тийм учраас 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргуулж хариуцагч Д.*******т олгуулах нь зүйтэй гэж үзсэнд нь гомдолтой байна. Тухайн 20,000,000 төгрөг нь хариуцагч Д.*******т ямар ч хамааралгүй бөгөөд С.******* нь Р.*******д өгсөн гэдэг нь эрүүгийн хэрэг дээр тогтоогдсон. Иргэн Р.*******д шилжүүлж авсан 20,000,000 төгрөгийг бүхэлд нь захиран зарцуулсан байдаг ба 10,000,000 төгрөгийг иргэн Заяабаатарын данс руу шилжүүлсэн байдаг. Тэр нь дансны хуулгаар нотлогддог. Заяабаатар гэх хүн “*******” ХХК-д ямар ч холбоо хамаарал байхгүй. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хэн нэгэнд 10,000,000 төгрөгийн өр төлбөр байхгүй. Гэтэл анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийн өр төлбөрийг хаасан байна гэж  дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Өр төлбөртэй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Ямар ч баримт нотолгоо байхгүй байхад “*******” ХХК 10,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.     

            Хоёрдугаарт анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулсан нь түрээсийн гэрээ хүсэл зориг илэрхийлсэн гэрээний гол нөхцөл, сарын түрээсийн хэмжээ, төлөх хугацаа зэргээ тохиролцсон. Хоёр тал гарын үсгээ зурсан нь нотлогдож байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг. Тус 5 дугаар сарын 08-ны өдөр ******* хотхоны 3-р орцны ****тоотыг түрээслэх гэрээ хийснийг хариуцагч тал үгүйсгэдэггүй. Гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийн эзэмшлийн байранд дүү болон түүний гэр бүлийг амьдруулж байгаа нь аль аль зохигчдын тайлбар мэдүүлгээр нотлогддог. Үүнд хэн аль нь маргадаггүй. Ингэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа Д.*******ээс түрээсэнд төлсөн 4 сарын төлбөр 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргуулж хариуцагч Д.*******т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл энэ хүн 4 сар суучихсан. Өгсөн мөнгөндөө суугаад дуусчихсан. Одоо нэмж түрээсийн мөнгөө өгөхгүй байгаа учир албадан гаргуулах эрхтэй байгаа юм. Тэгтэл 1,600,000 төгрөгийг бид эргүүлэн өгөх ямар ч үндэслэл байхгүй. 1,600,000 төгрөгийг эргүүлж авъя гэдэг байдлаар хариуцагч тал ямар ч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл маргааны зүйлд хамаагүй түрээсийн төлбөрийг эргүүлж нэхэмжлэгч компаниас Д.*******т эргүүлж өгөхөөр дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Гуравдугаарт хариуцагч Д.******* нь иргэн Р.*******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн нь нэхэмжлэгч компанид ямар ч хамааралгүй. Р.******* гэх хүн нэхэмжлэгч компанийг төлөөлөх Иргэний хуульд заасан төлөөлөх эрхийг хууль журмын дагуу олж авсан этгээд биш гэдгийг удаа дараа хэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл байгаа. Компани хэрвээ хэн нэгэнд итгэмжлэл өгч байгаа бол Иргэний хуульд заасан итгэмжлэлийн шаардлага хангах ёстой. Компани жишээ нь албан бичгээр тамгаа дараад гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй байх ёстой. Гэтэл ийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Байхгүй учраас Р.******* нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хэлээд байгаа юм. Р.******* гэх хүн бусдад хор хохирол учруулсан асуудал нь эрүүгийн хэрэг болоод явж байгаа асуудлыг уг иргэний хэрэгт хамаатуулж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв шийдсэн, буруу шийдсэн гэхгүй. Шүүх байгаа материалд нь үнэлэлт дүгнэлт өгөөд хуулийн хүрээнд шийдсэн гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нөхцөл байдлыг өөрөөр тайлбарладаг. Хэргийн бодит байдал дээр өөрөөр байгаад байдаг. Манай үйлчлүүлэгч юу гэж маргаад байна гэхээр уг байрыг би биш манай дүү *******зул болон С.******* нар худалдаж аваад төлбөрийг бид нар төлсөн гэх асуудлыг ярьж байгаа. Засвар хөрөнгө оруулалт хийгээд тухайн үедээ Р.******* болон ******* Ля тай ярилцсан. Тийм учраас уг байраас гаргахад бидний хувьд хэцүү байна. Нөхцөл байдал арай өөр түрээсийн гэрээ гэх зүйл байхгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Уг агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргаад явсан гэдгийг анхаарч хараасай. Хууль зүйн талаас нь тайлбарлахад Д.******* гэх хүн нэхэмжлэгч компанитай ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Та бүхэн анхаарч харвал 2022 онд түрээсийн хэлцэл гэх зүйлийг хийгдсэн. Нэхэмжлэгч компанийн өмчлөлд уг байр хэзээ очсон бэ?. 2024 онд очсон. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ гэдэг зураг авсан бичгийг хэн яаж нотариатаар баталсан юм уу, тэр нь албан ёсных уу? биш үү гэдгийг мэдэхгүй. Гэрээ ч биш. Зүгээр л утсаараа зургийг нь дарчихсан зүйл байгаа. Тэр дээр ******* ******* гэх хүн гарын үсэг зурсан. Тэр үед нэхэмжлэгч компанитай эрх зүйн харилцаанд ороогүй байсан. Давж заалдах шатны шүүхээс та нар өөрсдийн өмчлөл гэсэн нотлох баримтыг хавтаст хэрэгт хий гэсэн. Хавтаст хэрэгт байгаа. Гэтэл өмчлөлд шилжүүлсэн эрх зүйн бичиг баримтыг 2024 оны 8 сард уу, эсхүл давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараагаар авсан юм байна лээ.  “*******” ХХК нь уг хэргийн нэхэмжлэгч биш. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татсан Р.*******тай холбоотой баримтууд байгаа. Болсон үйл баримт тэр дотор л байгаа. Би дандаа нэг зүйлийг хэлдэг. ******* ******* энэ хоёр тухай үедээ өөр асуудал хэлэлцэж явж байгаад Р.*******тай зам салсан асуудлаас болоод уг хүмүүсийг хохироож байгаа. Манай үйлчлүүлэгч түрээсийн гэрээ хийх ямар ч хүсэл зориг байхгүй. Тэнд амьдардаггүй. Тухайн үедээ 2 дүү нь амьдарч байгаад нэг нь уул уурхайн компанид олон хоногоор ажиллаад, нэг нь томилолтоор явчихсан байх хугацаанд хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоол буюу Д.Шинэбал гэх тогтоолоор хэрэг шалгаж байх үед энэ хүмүүсийн байр, өмч гэж байгаа учир уг байрнаас гар гэж бичиг явуулаад аргагүй эрхэнд хүчинд автчихсан. Уг байранд яагаад амьдардаггүй вэ гэх баримтуудыг бүгдийг нь хийгээд хавсаргаад хавтаст хэрэгт хийчихсэн. Тэгэхээр уг хэргийн хариуцагч нь *******зул ч биш. Тэр байранд оршин сууж байгаа хүн л хариуцагч. “*******” ХХК тухайн үед уг байшинг барьсан эсэхийг ч мэдэхгүй байна.  Хавтаст хэрэгт байхгүй. Харин ******* ******* , Р.******* гэх хүн тухайн үед хариуцаж байсан байж магадгүй. Ийм л асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гарах юм шиг харагдаад байгаа гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь Д.*******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг ******* хотхоны ***** тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, Д.*******ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******ээс “*******” ГХОХХК болон Р.******* нараас **** тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зохигчдын хооронд  2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 11,600,000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.*******т олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан  байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд  өөр хоорондоо зөрүүтэй  дүгнэлт хийж  хэргийг шийдвэрлэсэн байх тул  шүүхийн гаргасан шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж тайлбарлажээ.

4.Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг ******* хотхон нэртэй 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байх ба  тус байрны *** тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.*******тэй 2023 оны 05 дугаар хэлцэл хийн сарын 400,000 төгрөгийн төлбөр төлөхөөр хэлцэл хийж хэлцлийн  дагуу  хариуцагч болон түүний дүүгийн эзэмшилд шилжүүлсэн байх ба өнөөдрийг хүртэл тус орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа болох нь хэргийн 4-р хуудсанд авагдсан ... “2023 оны 05 дугаар сарын 8-нд *******т хотхоны 3 орцны тоотыг түрээслэхээр болов. Сарын түрээс 400,000 төгрөг сар бүрийн 08-нд төлөхөөр тохиролцов” гэсэн бичгийн баримт,  хариуцагчаас  нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансанд “96- тоот түрээсийн сарын төлбөр” гэсэн утгатай 400,000 төгрөгийг 2023.05.31, 2023.06.30, 2023.08.01, 2023.08.31-ний өдөр тус тус шилжүүлжээ. /хх-ийн 209-212/

Дээрхи баримтаар талууд  гэрээ  байгуулах хүсэл зоригоо илэрхийлж,  гэрээний гол нөхцөл сарын түрээсийн хэмжээ, төлөх хугацаа зэрийг харилцан тохирч улмаар нэхэмжлэгчээс орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь  гэрээнд заасан хугацаанд сар бүр 400,000 төгрөг төлсөн нь  баримтуудаар тогтоогдож байх тул  зохигчдын хооронд  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан орон сууц хөлслөх  гэрээ байгуулагдсан  гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.******* нь гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байсан бөгөөд гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээ цуцлагдсан байхад орон сууцыг эзэмшиж байгаа үйлдлийг  хууль бус эзэмшил гэж үзэх тул  нэхэмжлэгчээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай  шаардлага  гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж  заасантай нийцэх тул  үндэслэлтэй байна.

5.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 20,000,000 төгрөг  төлж,  орон сууцыг эзэмшилдээ авсан, орон сууцны үлдэх төлбөрийг  хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-нд баталгаа гаргах гэсэн гарчиг бүхий өөрийн гараар “... орон сууцны урьдчилгаа болох 20,000,000 төгрөгийг ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ын Хаан банк дахь дансанд шилжүүлж байраа 1 сард  авахаар тохиролцов. Байрны засварыг бүрэн хариуцуулж хийлгэж авна. Байрны үлдэгдэл мөнгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулж, гэрчилгээг өөрийн нэр дээр авна” гэсэн агуулга бүхий  баримт, мөн орон сууцны урьдчилгаа 20,000,000 төгрөгийг “*******” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ын Хаан банк дахь данс руу шилжүүлсэн тухай баримтын хамт  ирүүлжээ.

Хариуцагчаас иргэн Р.******* нь нэхэмжлэгч “*******” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж танилцуулж түүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож, гэрээний урьдчилгаа төлсөн гэж байгаа боловч иргэн Р.******* нь нэхэмжлэгч “*******” ГХОХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд бус  харин хуулийн этгээдийн нэр ашиглан залилах  гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хохироож байгаа талаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэгт зохигчдоос ирүүлсэн яллах дүгнэлтийн хуулбараар яллагдагч Р.*******д  холбогдох хэргийн хохирогчоор  С.******* нь 20,000,000 төгрөгийг залилуулсан асуудал  хөндөгдсөн нь  хариуцагчийн татгалзалд хамаарахгүй бөгөөд дээрхи баримтаар  Зохигчдын хооронд тоот 2 өрөө орон сууцыг  худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан гэсэн  хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчаас орон сууц худалдан авах гэрээний урьдчилгаанд нь 20,000,000 төгрөгийг “*******” ГХОХХК-нд шилжүүлсэн тул тухайн орон сууцыг давуу эрхээр худалдах авах эрх бүхий этгээд гэж тодорхойлж  сөрөг шаардлага  гаргасан нь үндэслэлгүй байна.

7.Анхан шатны шүүх Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан  гэж үзэх үндэслэлтэй байна гэж хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа  үндэслэлээр нэхэмжлэгч  “*******” ГХОХХК-аас  хариуцагч Д.*******ийн түрээсийн төлбөрт төлсөн 1,600,000 төгрөг,  Р.*******д хариуцагчийн дүү С.*******ын байрны урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөг нийт 11,600,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******т олгохоор шийдвэрлэсэн талаараа  тайлбарлаагүй  байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчаас Р.*******д шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгөөс “*******” ГХОХХК-ийн захирал ******* ******* -гийн даалгавраар Р.*******ын Заяабаатарын дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж хэргийн үйл баримтад хамааралтай эсэх нь тодорхойгүй дүгнэлт хийж, улмаар хариуцагч мөнгө гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй  байхад шүүх өөрийн санаачилгаар асуудлыг шийдвэрлэж шүүх хөндлөнгийн байх зарчмыг  зөрчсөн гэж үзэхээр байна.

8.Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* овогт *******ийн *******ийн эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлалтай ************ дугаар гудамж ******** дугаартай орон сууцны тоот байрыг чөлөөлж “*******” ГХОХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ГХОХХ-иас 11,600,000 төгрөгийг гаргаж хариуцагч Д.*******т олгосугай” гэснийг

“1.Иргэний хуулийн 106  дугаар зүйлийн 106.1-т зааснаар  хариуцагч ******* овогт *******ийн *******ийн  хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай ****************дугаар гудамж *********** дугаартай орон сууцны ********* тоот байрыг чөлөөлсүгэй” гэж,  

2 дахь заалтыг:

 “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар Д.*******ийн гаргасан “*******” ГХОХХК болон Р.******* нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.*******ийн  тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            3 дахь заалтыг:

            “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч “*******” ГХОХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “*******” ГХОХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 200,500 төгрөгийг гаргаж Улсын орлогод оруулсугай.” гэснийг,

 “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ГХОХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                      

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН 

                             ШҮҮГЧИД                                  Р.ҮҮРИЙНТУЯА

                                                                          

                                                                                        Я.ТУУЛ

Bottom of Form