| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0170/э |
| Дугаар | 2019/ШЦТ/171 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-д холбогдох 1921003930205 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.М. /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Давхар” гэх газарт иргэн Ц.Мөнхтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Давхар” гэх газарт иргэн Ц.Мөнхтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003930205 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын ар” гэх газарт иргэн Ц.Мөнхтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан..., Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим мал дээрээ буюу Цагаан-Овоо сум 2 дугаар баг “Давхар” гэх газарт байж байхад Батаа /М/ гэх залуу ирээд ...намайг заамдсан. Тэгээд нэг мэдсэн доороо оруулсан. Намайг заамдахдаа боож унагаасан. Би ухаан алдсан байсан болохоор намайг яаж цохьсон талаар мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу А.М хариуцлага оногдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу ирээд Мөнхтөртэй уулзаад зогсож байсан. Удалгүй Батаа Мөнхтөр нар гэнэт л мөр мөрөн дээрээсээ дугтралцаж байгаад цуг унаж байгаа харагдсан. Тэгээд намайг үхрийг хашаан дотор байхад Мөнхтөр нь үхрийн хашаанд орж ирэхэд баруун нүдний дээд хөмсөг нь жаахан хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батаа гэх хүн ирээд Мөнхтөртэй барьцалдаад Мөнхтөр нь Батаагийн доор нь орчихсон байдалтай байсан. Би яг юу болоод байгаа нарийн учрыг нь ойлгоогүй. Тэгээд байж байхад Ганхуяг гэх хүн Батаа, Мөнхтөр нарыг салгасан. Мөнхтөрийн баруун нүдний дээд тал нь хавдсан байсан. Батаа гэж хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Батаа гэх залуу ирээд Мөнхтөрийг дуудаад уулзаж байсан. ...Тэгээд Мөнхтөр, Батаа нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Мөнхтөр Батаа нарыг заамдалцаад байж байхаар нь би шууд очоод салгасан. Тэгсэн чинь Мөнхтөрийн баруун нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч М.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батаа, Мөнхтөр нар дээр доороо орсон байсан. Мөнхтөрийн баруун нүд нь хавдсан, Батаад гэмтсэн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Золжаргалын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаартай:
1. Ц.Мөнхтөрийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон мөрдөн байцаалтын үед хийгдсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-37 дугаар хуудас/, хохирогч Ц.Мөнхтөр нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921003930205 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Давхар” гэх газарт хохирогч Ц.Мөнхтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Мөнхтөр /хх-ийн 7-10 дугаар хуудас/, гэрч Б.Баярбат /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Б.Мэндбаяр /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Б.Ганхуяг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, М.Түвшинжаргал /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Золжаргалын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.М нь хохирогч Ц.Мөнхтөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Мөнхтөр нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.М-н ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Мөнхтөр нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.М-н ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН