Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2023/00021

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2023/00021

 

 

 

Т.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00423 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Нгийн нэхэмжлэлтэй,

Нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, прокурор М.Берикбол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав болох Дийн Тнь 000 онд төрсөн. Тэрээр 000 онд буюу 00 настай байхдаа Л аймгийн Н сумын 1 дүгээр багийн нутаг О, Б хэмээх газраар нутаглаж байхдаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байдаг. Миний талийгаач аав болох Д.Тыг хэлмэгдүүлэхдээ сахил санваартай лам байснаар нь шалтаглан Шүүх цаазын 00 дугаар зүйлд заасан ...хувьсгалыг эсэргүүцэн ард олны дунд үймээн шуугиан гаргах зорилгоор буюу ардын хувьсгалт засгийн итгэмж хүндийг бууруулахад хүргэж болох худалч хуурамч үг, цуурхал тараасан.. гэх гэмт хэрэгт холбогдуулан Л аймгийн Ардын шүүх таслах газрын он, сар, өдөр нь тодорхойгүй 00 дугаартай тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Хэлмэгдэгч, талийгаач аав болох Д.Тнь дээрхи ялаас 8 жил 9 сар 1 хоногийг эдэлж, ажлын хоног 1 жил, 2 сар, 29 хоногийг авч, нийт 10 жилийн хорих ялаа эдэлж дуусаад 000 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны Хорих цагдах газрын 7 дугаар тогтоолоор суллагдсан байдаг. Хоригдож гарч ирсэнээс хойш аав маань энгийн хөдөлмөрчин иргэний амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд улмаар миний ээж болох Бгийн М гэх хүнтэй гэр бүл болж амьдарсан.

Д.Т, Б.М нарын хамтын амьдралын явцад тэдний дундаас төрсөн үр хүүхэд олдоогүй тул тухайн үеийн хоёр биеийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн 000 онд Н намайг Д гэх айлаас өргөж авсан юм билээ. Ингээд өдийг хүртэл миний хувьд дээрх хоёр хүний цорын ганц үрчлэгдэж ирсэн үр хүүхэд болж, энэ амьдралыг туулж ирлээ. Хожим миний бие аав Д.Тынхаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, хохирсныг хуульд зааснаар цагаатгуулан зөвтгүүлэхээр холбогдох хууль журмын дагуу төрийн эрх бүхий дээд шатны байгууллагуудад удаа дараа хандаж байж нааштай шийдвэрийг гаргуулж чадсан.

Тодруулбал, Дийн Тд холбогдох хэргийг УЕПГ-ын 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн дугааргүй тогтоол, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор тус тус шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн шалгаад мөн газрын 000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцсон шийдвэр гаргасан юм.

Улмаар дээрх шийдвэр болон холбогдох бусад үйл баримтыг үндэслэл болгон Монгол Улсын Дээд Шүүхийн 000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан болно.

Энэхүү УДШ-ийн тогтоолд үндэслэл болгон 00 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн №00 дугаартай Цагаатгалын үнэмлэхийг олгосон. Ийнхүү миний бие Т.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олговор авах эрх нээгдсэн учир нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн үндэслэлээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шийдвэрээр Зууны мэдээ сонины 00 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн №00 дугаарт олон нийтэд мэдээлэгдсэн.

Иймд Б овогт Тын Н /РЭ000/ миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10.1.3 дугаар зүйлд заасны дагуу хэлмэгдэгчийг амьд байхад нь үрчилж авсан хүүхэд буюу цагаатгалын нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй этгээд болохыг харгалзан үзэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн... хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан ... хүүхдэд 40 сая төгрөг. гэх зохицуулалтыг үндэслэл болгон хууль тогтоомжид нийцүүлэн нэг удаагийн нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нөхөн олговрыг үрчилсэн болон төрсөн хүүхдэд олгоно гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Д.Таав маань 000 онд үрчилж авсан. Д.Д нь миний төрсөн эцэг юм. Би овгоо Мөрөн сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хандаж өөрчлүүлж байсан. ... Миний сургуулийн бичиг баримт бүгд Дгийн Н нэрээр явдаг. Ямар ч архиваас Тын Н гэсэн баримт гарч ирэхгүй ... гэв.

Прокурор М.Берикбол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.Нгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Дагвын Тнь 000 онд Шүүх цаазын бичгийн 00 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, улмаар Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 000 оны 07 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3 дахь заалтыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллагдсан нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай албан бичиг, Улсын дээд шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай тогтоол болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж тооцох хүнд хамаарч байна.

Гэвч нэхэмжлэгч Т.Н нь хэлмэгдэгч Дагвын Тын үрчилж авсан хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. ...Т.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийдвэрээр Дийн Тд цагаатгалын нөхөх олговор 1 сая төгрөг гаргаж байсан ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12.3-т Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Тын Нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгч Дийн Тын цагаатгалын нөхөх олговор болох 40 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй тул Т.Нгийн нэхэмжпэлтэй цагаатгалын нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/000 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн нэхэмжлэлтэй. нөхөх олговор 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,9-д зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ...Тус хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 155\ШШ2023\00423 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Иймд нэхэмжлэгч Т.Н миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...1950 онд батлагдсан БНМАУ-ын Гэрлэлт ба гэр бүл, асрамж, тэтгэмжийн тухай хууль, 1973 оны БНМАУ-ын Гэр бүлийн тухай хуулиудад заасны дагуу үрчлэлтийг орон нутгийн захиргааны байгууллагаас эрхлэн бүртгэж байхаар тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Т.Н нь үрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй болох нь ...тогтоогдож байна... Нэхэмжлэгч Т.Н нь хэлмэгдэгч Д.Тын үрчилж авсан хүүхэд болох нь ... тогтоогдохгүй байх тул... Т.Н нь хэлмэгдэгч Д.Тд олгох нөхөн олговор 40,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна. ...Иймд ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ ... гэж дүгнэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тодруулбал, Т.Н намайг үрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй гэх шалтгаанаар Д.Тын хүүхэд биш гэж үзэх нь өрөөсгөл. Учир нь Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зарлигаар баталсан БНМАУ-ын Гэрлэлт ба гэр бүл, асрамж тэтгэмжийн тухай хуулийн Гурав дугаар бүлэгт Хүүхэд өргөж авах тухай асуудлыг зохицуулан хуульчилсан байх ба мөн хуулийн 46 дугаар зүйлд хүүхэд өргөж авч үл болох хүмүүсийг тодорхойлохдоо:

а) Шүүхээс сонгуулийн эрхээ хасагдагсад

б) Өргүүлэх хүүхдэд өшөө хонзонтой буюу ашиг тусад нь харштай хүмүүс...гэх мэтээр нэрлэн зааж, Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 1973 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан БНМАУ-ын Гэр бүлийн хууль /1973 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ -ийн Долдугаар бүлэгт Хүүхэд үрчлэх асуудлыг зохицуулан хуульчилсан байх ба мөн хуулийн 52 дугаар зүйлд Хүүхэд үрчлэх авахад харшлах шалтгаан-ыг дурдаж,

... 2) үрчлэн авахыг хүсэгч ... эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн буюу ял эдэлж байгаа... гэх мэтээр дурдан миний эцэг Д.Тын эрх, ашигт нийцэхгүй заалтуудаар хүүхэд өргөж, үрчлэн авах эрхийг нь тус тус хязгаарлаж эрх, ашиг сонирхлыг нь ноцтой хөндөн, нам, төр, нийгэмд аюултай этгээд хэмээгдэн нийгмээс хавчин гадуурхаж явсан нь эрх зүйн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.

Харин 000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байтал дээрхийн нэгэн адилаар хэлмэгдүүлэлтийн хор уршгаар өдий хүртэл, хүнд бэрх цагийн шаардлагаар эсэргүүний хүүхэд хэмээн хэлэгдэхээс эмээж, үрчлэн авсан ааваараа овоглогдож чадалгүй гашуун амьдралыг туулж ирсэн минь үнэн.

Гэтэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн насан туршдаа нийгмээс гадуурхагдан эрх, эрх чөлөөгөө хасуулж явсан аавынхаа нэгэн адилаар ...таныг Тын хүүхэд гэж нотлох баримт алга, та өмнө нь худлаа хэлээд мөнгө авчихсан байна шүү, энэ мөнгийг чинь буцааж нэхэмжилнэ... гэх мэтээр илтэд гүтгүүлэн шүүхийн танхимд прокурор, шүүгч гэх мэт албаны хүмүүсийн өмнө чичлүүлэн зогсох минь надад тийм ч таатай байгаагүй. Тухайн цаг үеийн хэлмэгдүүлэлт одоо ч гэсэн үргэлжилж, аавдаа үрчлэгдэн очиж, хувь заяаны эрхээр цорын ганц охин нь болж, хайрлагдаж ирсэн охин үр нь өнөөдөр шүүхийн танхимд хэлмэгдсэн эцгийнхээ нэр төрийг сэргээсний үр ашгийг хүртэх гэж очсон биш хэмлүүлэн буруутгагдсандаа маш их гомдолтой байна.

Хэдий миний хувьд улсын бүртгэлийн байгууллагын албан баримтаар үрчлэгдсэн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй нь үнэн боловч иргэн миний шүүхэд хандсан маргааны онцгой ажиллагааны үр дагавар, шалтгааныг харгалзан үзэж, ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00423 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан Т.Н намайг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хэмээн үзэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн ологвор болох 40,000,000 төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Н нь цагаатгалын нөхөн олговорт 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээ ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан ...хэлмэгдэгч Д.Тыг амьд байхад нь ...үрчилж авсан хүүхэд нь Тын Н би мөн тул дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөг-ийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэлмэгдэгч Дийн Тнь Л аймгийн он, сар, өдөр нь тодорхойгүй 00 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 00 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 000 оны Дотоод явдлын яамны Хорих цагдах газрын 7 дугаар тогтоолоор уг ялыг эдэлж дуусаад суллагдсан ба Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор цагаатгагдсан байна.

Нэхэмжлэгч Т.Н нь хэлмэгдэгч Д.Тын үрчилж авсан хүүхэд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нөгөөтэйгүүр шүүх Мөн 1963 оны хүн амын тооллогын бүртгэл болон архивын баримт, овог нэр өөрчилсний бүртгэл зэргийг харьцуулан дүгнэж үзээд хэлмэгдэгч Д.Тын үрчилж авсан хүүхэд нь нэхэмжлэгч Т.Н гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан (эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус) хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилготой байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсгийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээдэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч Т.Нгийн тухайд хэлмэгдэгч Д.Тын үрчлэн авсан хүүхэд болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй юм.

Тодруулбал нэхэмжлэгч нь 2000 онд буюу хэлмэгдэгчийг нас барснаас хойш 19 жилийн дараа овгоо солиулж, хэлмэгдэгчээр овоглуулах болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг хэлмэгдэгчийн үржилж авсан хүүхэд гэж үзэх, нөхөн олговор олгох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Т.Нгийн нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ