| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0171/э |
| Дугаар | 2019/ШЦТ/172 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-т холбогдох 1921001700130 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, “Петротранс” ХХК-д нярав, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Б. /РД: ............./
Шүүгдэгч С.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, мөн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 7 дугаарт “Газрын тосны ил олборолт /шавхалт/-ын үйл ажиллагааны журам, газрын тосны Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч мөрдүүлэх гэсний, 7.1-т Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч баталгаажуулах, 7.2-т Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өглөөний үзлэгийг бүртгэлийн хуудсаар шалгах гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсэний улмаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг “Тосон-Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Петротранс” ХХК-ийн жолооч Г.Цэвээнсүрэн “Хова” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж байхад машин нь ухрах үйлдэл хийсэний улмаас дарагдаж улмаар “...аарцаг мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан...” өөрөөр хэлбэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг “Тосон-Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Петротранс” ХХК-ийн жолооч Г.Цэвээнсүрэн “Хова” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж байхад машин нь ухрах үйлдэл хийсэний улмаас дарагдаж “...аарцаг мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан...” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921001700130 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үдийн цайны үед кэмпийн дарга Батмагнай ирээд талийгаач Цэвээнсүрэнг машиндаа дарагдсан байна аваад ирлээ гэхэд нь авчирсан машин руу нь очиход “ёо ёо л” гэж дуугарсан. Өөр ямар нэгэн юм хэлээгүй. Ингээд анхны тусламж үзүүлж эмч дуудсан. ...Удалгүй эмч нар ирж үзээд өвчин намдаах тариа, даралт буулгах эмчилгээ хийгээд удаагүй байхад зүрх нь зогсож байна гээд хиймэл амьсгаа хийхэд гайгүй тогтворжиж эхэлсэн боловч дахин зүрхний цохилт нь мэдэгдэхгүй болсон учраас хиймэл амьсгаа хийсэн боловч удалгүй нас барсан. ....миний хувьд маш их харамсаж байна. Би энэ компанийн 19-р талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан учраас энэ хэргийг хариуцах ёстой. Олон жил ажилласан туршлагатай жолооч байсан учраас би итгэж найдаж хяналтаа сулруулсан байсны улмаас хүний амь нас хохирлоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Чулуундолгорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхрийн ажлын захирал болох Дамдиндорж гар утсаар залгаад “Цэвээнсүрэн машиндаа юм хийж байгаад осолдсон юм шиг байна бие нь их муу байна. Би Дорнод аймаг явах гэж байна хамт явах уу” гэхэд би шууд хамт ирсэн. Ингээд Дорнод аймагт ирээд болсон зүйлийн талаар асуухад машинаа янзалж байгаад дарагдсан байсан бөгөөд машин дотроо удаан байсан талаар манай нөхөр Цэвээнсүрэн хэлсэн байсан. Ингээд машин дороос гаргаад амралтын өрөөнд авчирч эмчийн тусламж аваад нас барсан гэж тухайн үед ярьж байсан...ямар нэгэн гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 216 дугаар хуудас/,
Гэрч Ц.Болдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...анх Батмагнайг хоол хүргэхээр явах замд Цэвээнсүрэнгийн машин замд зогсож байгаа харагдсан гэсэн. ...Тэгээд хажууд нь очоод машинаас буухад Цэвээнсүрэн машиныхаа арын хэсэгт дарагдсан байдалтай байсан. ...ах нь хийн трупээ янзалж байсан чинь машин гүйгээд дарчихлаа эндээс гарч чадахгүй байна чи намайг гаргаадах лоом, хүрз байгаа” гэж хэлсэн байсан. Тэгээд лоом, хүрз авчираад Бархасбаатараар буулгаад газар ухсан боловч газар нь хатуу ухаж болохгүй байхад машин нь асаалттай байсан болохоор жоохон урагшилж хөндийрвөл гарч магадгүй гээд Цэвээнсүрэнд өөрт нь толгойгоо жоохон дойшлуулж бай запас мөргөж магадагүй шүү би машиныг чинь бага зэрэг урагшлуулж үзье гээд жоохон хөдөлгөөд Цэвээнсүрэнг машин доороос гаргаад авчирсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ц.Батмагнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би оператор Бархасбаатарын хамт хоол хүргэж өгөхөөр явах замд манай тосны “Хово А-7” маркийн 35-53 УНӨ улсын дугаартай Цэвээнсүрэн ахын ёмкостой цистерн машин замын хойд талд замаас гараад зогсож байгаа харагдсан ба машины ард талд доор хүн хөдлөөд байгаа харагдахаар нь зэрэгцээд ирээд зогсоход ёмкостой цистерн машин асаалттай байсан. Машины ард хэсэгт машин доогуур Цэвээнсүрэн ах хойшоо хараад хагас суугаа байдалтай зүүн өвдөгөө нугалсан байхаар нь “юу болсон бэ” гэхэд “машины хийний труп болохгүй болоод янзалж байсан чинь машин хойшоо өнхөрөөд алдчихлаа ахыгаа эндээс гаргаад өг гарч болохгүй байна” гэсэн. ...Намайг машины кабинд орж суухад машин асаалттай гар кардан татаагүй байсан бөгөөд би нэгдүгээр араанд нь хийгээд хөдлөх үгүйтэй бага зэрэг урагшлахад Бархасбаатар дохио өгөхөд нь зогссон. Ингээд бууж Цэвээнсүрэн ахыг машин дороос татаж гаргаж авсан ба сандараад авч явсан. ...ер нь тосны жолооч нар өглөө кемпийн хашаанаас машинаа аваад 07-08 цагийн хооронд гардаг бөгөөд цооног болгон дээр очиж задгай олборолт хийж явдаг. ...Ажилчдыг өглөө ажилдаа гарах үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг би өөрөө жолооч, оператор, мастер нарт өгч гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. Өнөөдөр өглөө би жолооч, оператор, мастер нарт 07 цаг өнгөрч байхад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулж ажилд нь гаргасан. Машин техникийг үзэж шалгаж гаргасан ба машины галын хор, газардуулга, олборолт явуулах үед машин унтраасан үед дугуйнд хийх ивүүр зэргийг шалгаад гаргадаг. Тэрнээс биш машин техникийг асааж шалгадаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Бархасбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар өчигдөр өглөө Батмагнай даргаас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга авч гарын үсгээ зураад ажилдаа гарсан ба миний хувьд ажилдаа гараагүй кемп дотор ойр зуурын юм хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Б.Чинбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яаралтай дуудлагаар ...Петротранс ХХК-ийн байранд 12 цаг 40 минутад ирэхэд өвчтөн Цэвээнсүрэн өрөөндөө орон дээрээ хажуу талаараа хэвтсэн байдалтай байсан. Их эмч Энхбаатар бид хоёр Цэвээнсүрэнгийн биеийн байдлыг үзэхэд нүүр, гар, хөлийн үзүүр цайсан, хөрчихсөн, гадаа удсан байдалтай байсан ба баруун хөл хугарч эргэсэн, баруун ташаа өгзөг орчим шархтай байсан. ...эмч бид хоёр Цэвээнсүрэнд шаардлагатай анхны тусламжийг үзүүлсэн ба 13 цаг 25 минутад нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Б.Дамдиндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бидний зүгээс анх асуудал болоод шалгагдахад хаагдана гэх үүднээс Болдод холбогдох баримтыг гаргаж өгсөн юм. Гэтэл уг баримтуудыг үндэслэн Болдыг хэрэгт яллагдагчаар татаж бүр шүүхээр шийдвэрлэх болсонд Болд энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй хариуцах ёстой байсан Б хариуцах нь зүйтэй гэж үзэж Б-тай холбоотой баримтыг гаргаж өгсөн. Тухайн үед кэмп дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг Б хариуцан ажиллаж байсан юм. Болд 19, 21 дүгээр талбайн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцан ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр албан томилолттой машинд GPS суулгах засварлах ажилтай явж байсан болохоор тэр бүх асуудалд оролцоод явчихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай:
1. Талийгаач Г.Цэвээнсүрэнгийн цогцост баруун зүүн талын ууц сүүжний холбоос, умдаг ясны холбоосын салсан хугарал, зүүн талын умдаг суудал яс, зүүн дунд чөмөг, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, аарцгийн хөндийн цус хуралт, хоёр бөөрний өөхөн эдэд цус хуралт, зүүн гуянд шарх, зүүн мөр, ууц, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач дээрх аарцаг мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.
6. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37 дугаар хуудас/
- Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12-06-033-005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 163-164 дүгээр хуудас/
- “Петротранс” ХХК-ийн захирал Б.Отгонпүрэвийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18-28 тоот тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 03, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-нүүд, няравын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 171-176, 178-179, 181-185 дугаар хуудас/
- “Петротранс” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Тос ачилтын /буулгах/ талбайн аюулгүй байдлын журам, Ажлын өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 94-109 дүгээр хуудас/
- “Петротранс” ХХКомпани талийгаачийн ар гэртэй хамтарсан хурлын тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 143-151 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921001700130 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Чулуундолгор /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Ц.Болд /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Ц.Батмагнай /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Б.Бархасбаатар /хх-ийн 20 дугаар хуудас/, Б.Чинбаатар /хх-ийн 25 дугаар хуудас/, Б.Дамдиндорж /хх-ийн 158-159 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай дүгнэл /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37 дугаар хуудас/, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12-06-033-005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 163-164 дүгээр хуудас/, “Петротранс” ХХК-ийн захирал Б.Отгонпүрэвийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18-28 тоот тушаал, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 171-176 дугаар хуудас/, “Петротранс” ХХКомпани талийгаачийн ар гэртэй хамтарсан хурлын тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 143-151 дүгээр хуудас/, “Петротранс” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Тос ачилтын /буулгах/ талбайн аюулгүй байдлын журам, Ажлын өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 94-109 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч, хор уршигт хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “...прокурорын гаргасан саналыг харгалзан” шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Б-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Б-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН