Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01043/и

  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******-р хороо, баянголын ****** тоотод суух Аргалчин овогтой Дагдансүрэнгийн Алтанцэцэг /РД: ШГ63101403, утас: 9416 7444/-ийн хүсэлттэй

 “******ы нэхий эдлэлийн үйлдвэрт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь  1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан нэхий эдлэлийн үйлдвэрт ********-р оёдлын тасагт оёдолчноор ажиллаж ирсэн. 1987 оны 04 дүгээр сарын 30-нд гэр бүлээ даган Улаанбаатар хот уруу шилжин суурьшсан.

Олон хүүхэд төрүүлсэн тул одоо өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр  гарах эрх үүсэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд намайг 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дархан нэхий эдлэлийн үйлдвэр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

ШГ63101403 регистрийн дугаар бүхий Аргалчин овогтой Дагдансүрэнгийн Алтанцэцэг нь  Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж  байсан байдал тогтоолгохоор  хүсэлт гаргасан байна.

Д.Алтанцэцэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар  зүйлийн 133.1.1-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг  буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.Алтанцэцэг нь Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан бөгөөд  Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилаас чөлөөлсөн  тухай  тушаал архивт байхгүйгээс  хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй байна  тайлбарлаж ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгааг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Алтанцэцэг нь тухайн үеийн нэрээр Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралт дахь ... 8.Д.Алтанцэцэг тасаг цех 231, оёдолчин, амрах хоног 18, хэднээс амрах 20/1 гэсэн бичилт, мөн даргын 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот “Шагнах тухай” тушаалын 1.Уралдааны болзлын үзүүлэлтүүдийг хангаж, даалгавраа 105,9-110%-иар давуулан биелүүлж амжилт гарган ажилласан оёдолчин Д.Алтанцэцэг ... нарыг тус бүр 100 төгрөгийн үнэ бүхий зүйлээр урамшуулан шагнасугай гэсэн бичилт, 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Онц чанар-Өндөр бүтээл” уралдааныг дүгнэсэн уралдааны комиссын хурлын протоколын 1.Д.Алтанцэцэг даалгаварыг 100%, уралдаанд амжилт гаргасан дараах нэр бүхий оёдолчдоос болзлын дагуу шагнах 1.Д.Алтанцэцэг 100 төгрөг гэсэн бичилт, гэрч С.Оюунбилэгийн ... Би 1975 оноос тухайн үеийн нэрээр Дархан нэхий үйлдвэрт оёдолчноор 1975-1998 он хүртэл ажилласан, Д.Алтанцэцэг нь 1980 онд оёдолчноор ажилд ороод 1987 онд жирэмсний амралтаа аваад нөхөрөө дагаад ажилаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.Лхагвасүрэнгийн ... Би 1972 оноос тухайн үеийн нэрээр Дархан нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор илгээлтээр ирж байсан, 2010 он хүртэл ажилласан, Д.Алтанцэцэг нь 1980 онд оёдолчноор ирж ажилд ороод 1987 онд жирэмсний амралтаа аваад ажилаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

ШГ63101403 регистрийн дугаар бүхий Аргалчин овогтой Дагдансүрэнгийн Алтанцэцэг нь  Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж  байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ШГ63101403 регистрийн дугаар бүхий Аргалчин овогтой Дагдансүрэнгийн Алтанцэцэг нь  Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж  байсныг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг Д.Алтанцэцэг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ