| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2024/00209/И |
| Дугаар | 208/МА2025/00009 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 208/МА2025/00009
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаар шийдвэртэй
Хариуцагч “******* *******” ХХК холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэх” тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Компанийн эд хөрөнгөд учруулсан 3,090,584 төгрөгийн хохирлыг гаргуулах” тухай
Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тулга нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
О.******* миний бие ...“******* *******” ХХК-ийн захирлын 2024 оны 01-р сарын 31-ний өдрийн 30 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “******* интернет *******”-ны харуул галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх
Учир нь 2024 оны 01-р сарын 25-нд миний ажлын байр болгох “******* интернет *******”-д гал гарсан ба тухайн галыг миний бие өөрөө унтраагаад, харуулын албаны дарга н.*******од мэдэгдсэн. Ингээд төвөөс барилгын даамал, харуулын албаны дарга өөр бусад 2 хүний хамт ирж үзээд галын шалтгааныг яндангийн тусгаарлах шавар хагарснаас үүдэн гал гарчээ гэж хэлээд явсан. ...Уг барилгыг анх ашиглалтанд орсноос хойш өдийг хүртэл жил огт урсгал засвар хийгээгүйтэй мөн дээрх гал түймэр холбоотой юм. Гэтэл үүнийг зөвхөн надруу чихэж байгаад гомдолтой байна ...гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...Миний бие огт ээлжийн амралт эдэлж байгаагүй сүүлийн 2 жилийн цалин олговор, 7 хоног бүрийн амралтын 2 өдөр амрах байтал амралгүй ажиллаж, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд нэг удаа амарч үзээгүй, нөхөж амраагүй тул Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу дээрх цалин, олговруудыг 2016 оны 01-р сараас эхлэн 2024 оны 01-р сарын дуусах хүртэл хугацаагаар тооцоолон гаргасан ба нийт 80,957,576 төгрөг болж байгаа тул үүнийг ******* *******” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. /хх-ийн 67 тал/
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
О.******* миний бие хариуцагч “******* *******” ХХК-иас хэрэгт хавсарган ирүүлсэн надад арга хэмжээ авсан талаарх 2023 оны 09- р сарын 15-ны өдрийн 171 дугаартай тушаалтай өмнө нь огт танилцаж байгаагүй бөгөөд надад ийм арга хэмжээ авсан талаар огт мэдээгүй байсан. Уг тушаалаар намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба чухам хэзээ, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргаснаа миний бие мэдэхгүй байна. ...Уг арга хэмжээг авахдаа надтай удирдлагаас уулзаж ярилцан, асууж тодруулж, сануулсан зүйл огт байхгүй. Миний бие банканд цалингийн зээлтэй ба цалин ороход банкнаас зээл автоматаар татагддаг учраас 100.000 төгрөгийн суутгал хийсэн талаар би огт мэдээгүй, хариуцагчаас сүүлд шүүхэд ирүүлсэн цалингийн цэснээсээ харж суутгал хийснийг мэдлээ. Иймд надад ямар ч үндэслэлгүй арга хэмжээ авсан салбарын даргын 2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 171 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 09-р сарын цалингаас маань үндэслэлгүй суутгасан 100.000 төгрөгийг буцаан гаргуулж надад олгож өгнө үү гэжээ. /2 дахь хх-ийн 87 тал /
Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах
Нэхэмжлэгч О.******* нь “******* Тариа” ХХК-ийн Сэлэнгэ дэх салбарт ХХ/22/1- 21329 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу харуул, галчийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд 2024.01.31-ний өдөр №30 дугаартай тушаалын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2023.09.15-ны өдрийн №171 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалыг үйлдсэн. Мөн хамтран ажиллагч нараа хэл амаар доромжилсон тухай гомдол удаа дараа ирж байсан тул тушаалын дагуу нэг сарын цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ******* сум дахь интернет *******д гал гарсан шалтгаан үндэслэлээр бус зохих арга хэмжээг аваагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн болно. ...нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний Есдүгээр бүлэг “Гэрээний хугацаа ба түүнийг цуцлах үндэслэл” түүний 4-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай зохицуулдаг ба тус зүйлийн 4.5-р зүйлд МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 80.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д тооцох үндэслэлүүдийг дурдсан байдаг. Тус зүйлийн 4.5.4-д “Хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн...” 4.5.7-д “Харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрмийг санаатайгаар зөрчих, биелүүлэхгүй байх” гэсэн заалтуудын дагуу цуцалсан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:
О.тай хөдөлмөрийн гэрээн байгуулан 2014 оноос хойш “******* Тариа” ХХК-нд Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах Интернет *******д “Харуул, галч”-ийн албан тушаалд ажиллаж байсан болно. ...О.******* нь 2024.01.25-ны өдрийн 11:06 минутад Интернет *******д гал гарсан тухай мэдээллийг тухайн өдрийн харуулын ахлах М.*******од өгсний дагуу компанийн 4 ажилтан очиж нөхцөл байдалтай танилцсан. Ийнхүү очиход гал унтарч уугилтын байдалтай байсан тухай мэдээлсэн. ...Шаардлагатай арга хэмжээ авах үүргээ зөрчин өөрийн амь нас болоод байгууллагын эд хөрөнгийг эрсдэлд оруулсан үйлдлийг бид хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэн өөр бусад шалтгаануудын хамт үндэслэл болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажилтны үндсэн үүргийн нэг болох 42.2-т “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, ажил олгогчийн эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх,” гэж заасан байдаг. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас галын аюулыг бүр нэмж компанид хохирол учруулаад байна. Компанийн мэргэжилтэн, ажилтан нар гал гарсан байгууламжийг засварлах зардлын тооцоог гаргахад нийт 3,090,584 төгрөгийн тооцоо гарсан байна. Иймд компанийн эд хөрөнгөд учруулсан 3,090,584 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн сөрөг шаардлагын тайлбартаа:
... Гал түймэр гарсан. Намайг буруу арга хэмжээ авсан гэж үзэж байна. Би гал тавиагүй, харин ч амь насаа эрсдэлд оруулан галыг унтраасан. Хана нь муудаж цуурсан байна. Таазаар нэвт гарсан яндангийн тусгаарлалт шавар нь хөндийрөөд халалт үүсэж гал гарсан гэсэн дүгнэлтийг ******* *******гийн инженэр гаргаж байсан. Гал харсан хүн мэдээллэхээс илүү унтраах гэж ажилласан. Би өөрөө бүрэн унтраачихаад мэдэгдсэн. Энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2-т тус тус зааснаар “******* *******” ХХК- ийн Сэлэнгэ салбарын даргын 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаал, 2024 оны 01 сарын 31 -ний өдрийн “хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай” 30 тоот тушаалыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож, О.*******йг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь “******* *******” ХХК-ийн “******* *******”-н харуул, галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1,750,000 төгрөг тус компаниас гаргуулан О.*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус компанид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 100,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.4, 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус зааснаар “******* *******” ХХК-иас 80,957,576 төгрөг гаргуулан О.*******д олгож, О.*******ас 3,090,584 төгрөг гаргуулах тухай “******* *******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас 140,400 төгрөг, 80,957,576 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 562,738 төгрөг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулан,
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүх шийдвэрлэхдээ хариуцагч талын үйлдсэн 30, 171 тоот тушаалуудыг гаргах хууль зүйг үндэслэлгүй, нэхэмжлэгч талыг зөрчил гаргасан болохыг хариуцагч талаас гаргасан хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарласан.
Хариуцагч талаас тухайн тушаалуудыг гаргасан нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээ /XX-ийн 29-32-р тал/, гэрчийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 243-248 тал, 2-р ХХ-ийн 1-2 дох тал/, ажилтантай хийсэн уулзалтын тэмдэглэл /ХХ-ийн 88-91 дэх тал/-ийг гарган өгсөн байдаг. Ажилтныг ажлаас чөлөөлсөн шалтгаан, үндэслэл нь тухайн объектод гал гарсан шалтгаан бус гал гарсан аюултай нөхцөл байдалд буруу арга хэмжээ авсан, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн тухай асуудал юм.
171 тоот тушаалаар ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан болон хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан. Ингэхдээ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.4, 4.5.7 заалт, хөдөлмөрийн дотоод журмын заалт мөн хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.6-д заасныг тус тус үндэслэн чөлөөлсөн. Тухайн үндэслэл болсон гэрээ болон хуулийн заалтууд нь ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчиж ажил олгогчийн эд хөрөнгө болон хүний амь насанд хохирол учруулж болохуйц аюултай нөхцөл байдалд зохих арга хэмжээг аваагүй, гэрээний үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн тухайн хуульд заасан үндсэн үүргээ зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож буй үйл баримт юм. Тодруулбал тухайн ноцож эхэлж байсан галын аюулыг хир хэмжээнд хохирол учруулж болохыг дүгнэх аргагүй. Нэхэмжлэгч тал дээрх аюултай нөхцөл байдалд онцгой байдлын газар мэдэгдэх, удирдах ажилтандаа мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл өөрийн амь насыг эрсдүүлэн, галын аюултай нөхцөл байдалд буруу арга хэмжээ авсан. Галын хорыг ашиглаж чадаагүй. обьектийн дээврийг цоолж галыг улам өрдөөсөн байдаг. Ийнхүү ямарч мэдээ өгөлгүй тухайн галыг 3 цаг унтраах оролдлого хийсэн. Энэ болсон үйл баримт нь ХХ-ийн 88-91-р талд авагдсан ажилтантай хийсэн уулзалтын тэмдэглэлээр нотлогдсон. Үүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2-т заасан ажиллагааг хийсэн бөгөөд тэрхүү баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өсгөн болно.
Давтан зөрчил гаргасан асуудалд нэхэмжлэгчид 30 тоот тушаалын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан ба шийтгэл оногдуулсан шалтаан нөхцөлийг 1-р ХХ-ийн 243-248 тал, 2-р XX-ийн 1-2 дох талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр нотолж байгаа. Мөн 2024.01.22-нд нэхэмжлэгчийн удирдах ажилтан болох Д.Энхбаатар нь нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй нь холбоотойгоор гаргасан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Тухайн давтан зөрчилтэй холбоотойгоор Д.Энхбаатарын гаргасан гомдол 1-р ХХ-ийн 28 дах талд авагдсан болно.
Гэвч дээрх маргааны асуудлыг шүүх буруу дүгнэж ажил олгогч буюу хариуцагч талаас нэхэмжлэгчийг тухайн галыг үүсгэн тэр үйлдэлд нь буруутгаж ажлаас чөлөөлсөн гэж буруу дүгнэсэн.
Шүүхийн тогтоох хэсгийн 2-т: Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р зүйлийн 109.2, 109.4, 129 дүгээр зүйлийн 129.1, 131-р зүйлийн 131.1,2-т заасныг үндэслэн хариуцагчаас 80,957,576 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гомдол: Шүүх дээрх шийдвэрээ тайлбарлахдаа ажилтантай буюу нэхэмжлэгч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хоёр талын тайлбаруудаар нэхэмжлэгч нь 2016 оны 01-р сарын 01-ны өдрөөс 2024 оны 01-р сарын дуустал нэг хоног амралгүй бүх өдөр ажилласан нь тогтоогдсон гэж хууль зүйн болоод бодит байдалд нийцэхгүй тайлбарыг хийжээ.
Нэхэмжлэгчтэй бид Хөдөлмөрийн гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу хаана ямар цагийн хуваариар ажиллахыг тодорхой дурдсан ба илүү цаг ажилласан тохиолдолд нөхөж амраах аль эсвэл ажилласан хөлсийг олгох эрх үүргийг хүлээсэн байдаг 1-р хавтаст хэргийн 29-32-р талд нэхэмжлэгчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 1-д 07:30 цагт эхэлж 16:00 цагт дуусах ажлын цагийн хуваарьтай байгаа ба үүнийг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч байгуулсан. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээд ба илүү цагаар ажилласан цагийг нөхөж эдлүүлээгүй эсвэл зохих цалинг олгоогүй бол тухай бүр шаардах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа илүү цагаар ажиллаж байснаа мэдээгүй, энэ талаарх ойлголт байгаагүй гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн байгаа нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж, баталж байгаа асуудал биш юм.
Шүүхээс тайлбарлахдаа ИХШХШТ хуулийн 107-р зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч тал тус нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаагүй байна гэсэн үндэслэлгүй тайлбарыг хийсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох 1-р ХХ-ийн 29-32-р талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, 46-64-р талд авагдсан Цалингийн дэлгэрэнгүй, 108-220-р талд шүүхээс үзлэг хийж авагдсан Ажилтны цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл зэрэг нийт 136 хуудас материал нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн 80,957,576 төгрөгийн шаардлагыг няцаасан баримт юм.
Үүнээс үзвэл хавтаст хэргийн дийлэнх хэсэг нь зөвхөн хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох нэхэмжлэгчийн ажлын цаг, цалин, амралтын дэлгэрэнгүй тооцоолол юм. Гэвч шүүхийн шийдвэрээр тухайн баримтуудыг тухайн шаардлагатай холбогдуулан огт дурдаагүй, ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байгаа нь хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна
Нэхэмжлэгч нь ИХШХТШхуулийн 107-р зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх ёстой. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлагынхаа үндэслэлийг нотлоогүй байхын зэрэгцээ хариуцагчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй болно.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, 1-р ХХ-ийн 68-70-р талд авагдсан Цалингийн тооцоолол гэх илүү цаг, баярын өдөр ажилласан цаг түүнд олгогдох цалингийн тооцоолол хийн хавсаргасан байдаг. Тус тооцооноос үзвэл нэг ч өдөр амралтгүй, ээлжийн амралтгүй, өвдөлгүй, чөлөө авалгүйгээр 8 жилийн турш ажилласан болох юм. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн цалингийн дэлгэрэнгүй тооцоолол дээр хэзээ амарсан, өвчтэй байсан гэдгийг дэлгэрэнгүй харуулсан. Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үеэр тайлбарлахдаа ээлжийн амралт авснаа хүлээн зөвшөөрсөн, мөн өвчтэй чөлөө авсан гэдгээ тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоолол хэт хийсвэр, нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр тухайн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоолгох, шийдвэрлүүлэх санаа зорилгогүй болох нь харагдаж байна.
Хариуцагч талаас сөрөг шаардлагаа нотолж Гал түймэр гарсан тухай дүгнэлт, гал гарсан шалтгааны талаар 2-р ХХ-ийн 84-87-р талд авагдсан баримтыг өгсөн. Тус баримтад галын улмаас гарсан хохирлыг арилгахад шаардлагатай төсвийг хариуцагч талын мэргэжилтнүүд гаргасан. Тухайн ноцож эхэлж буй галын аюулыг хир хэмжээний хохирол учруулахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Гал гарсан обьект болох интернет *******гаас 20 минутын зайтай ажил олгогчийн салбар нэгж байрладаг. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө галын аюултай нөхцөлд байгаагүй ба тухайн галын аюулыг зохих этгүүдэд мэдэгдэж хохирол бага өнгөрүүлэх бүрэн боломжтой байсан.
Хэдийгээр засварын ажилд шаардлагатай бараа материалыг худалдан аваагүй боловч зардал гаргах нь ойлгомжтой юм. Нэхэмжлэгчтэй талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлд эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийг галын аюултай нөхцөлд шаардлагагүй арга хэмжээ авч ажил олгогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэмэгдүүлсэн байдаг. Нэмэгдүүлсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 3 шаардлага хууль зүйн бодит үндэслэл тогтоогдож хангагдсан байдаг. ...Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Яагаад гэвэл ажилтан болон ажил олгогч нарын хооронд эд хөрөнгийн хариуцлага хүлээх гэрээ огт байгуулагдаагүй. Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгасан боловч үндэслэл нь өөрөө санаатай байдал гэж заасан. Сахилгын зөрчил гаргаж, гэмт хэргийн шинжтэй албан үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эсхүл ноцтой алдаа гаргаснаас болоод компанид санаатай эд хөрөнгийн хохирол учруулсан байвал энийг эд хөрөнгийн хариуцлага ажилтанд хүлээлгэнэ гэж хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д заачихсан. Тэгэхээр гал гаргасан асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс санаатай гаргаагүй. Сахилгын зөрчилд хамаарахгүй. Тийм учраас гаргаад байгаа учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд 5 үндэслэл заасан. Уг 5 үндэслэлээс нэг нь ч тогтоогдохгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2 нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй О.*******йн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний болон шийдвэрлэлттэй холбоотойгоор үр дагаврыг буруу дүгнэж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч О.******* нь “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ дэх салбарт холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “******* интернет *******”-ны харуул галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хүртэлх хугацаанд бямба ням гараг, баяр ёслолын өдрүүдэд амраагүй тул дээрх хугацааны цалин хөлс 80,957,576 төгрөгийг гаргуулахаар, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Арга хэмжээ авах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас үндэслэлгүй суутгасан 100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгууллагын эд хөрөнгөнд учруулсан хохирол 3,090,584 төгрөгийн хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан болон арга хэмжээ тооцсон тухай гомдлын шаардлагыг хангаж холбогдох тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хүртэлх хугацаанд бямба ням гараг, баяр ёслолын өдрүүдэд амраагүй тул дээрх хугацааны цалин хөлс 80,957,576 төгрөгийг гаргуулж олгохоор, арга хэмжээ тооцон цалингаас суутгасан 100,000 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо манай компанид ажиллаж байсан харуул галчийн ажилтай О.******* нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, шууд удирдлагын хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байдал нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар нотлогдсон тул цалингаас зохих суутгал хийж арга хэмжээ авснаа түүнд мэдэгдэж тушаал гарсан, түүнчлэн ******* сумын “******* *******” буюу түүний ажлын байранд гарсан гал түймрийг зохих заавар журмын дагуу байгууллагын удирдлага, галын аюултай тэмцэх байгууллагуудад мэдэгдэлгүй өөрөө унтраах арга хэмжээ авч өөрийн амь нас болох компанид ноцтой хохирол учруулсан, байгууллагын ажиллагсадтай хэрүүл маргаан үүсгэн хэл амаар доромжилсон зөрчил гаргасныг ноцтой зөрчил гэж үзэн арга хэмжээ авсан байхад шүүх эдгээр үйл баримтуудыг буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа юм.
Мөн гал гарсны улмаас компанид 3,090,584 төгрөгийн хохирол учирсан нь холбогдох баримтаар нотлогдсон тул ханган шийдвэрлэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч О.******* нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах цагийн хуваарь цалин хөлс, ээлжийн амралтын хуваарь зэргээ тохирон ажиллаж байсан ба цалин хөлсөө дутуу авсан гэж 2016 оноос хойш нөхөж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж 80,957,576 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тайлбарлажээ.
4.Хэргийн үйл баримтын талаар:
Гомдол гаргагч О.******* нь “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарт 2014 оны 08 дугаар сараас эхлэн ******* сумын интернет *******ны харуул галчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ “...О.******* нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас арга хэмжээ авагдаж байсан...” гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч О.******* нь түүний хариуцан харуул галчаар ажилладаг обьектод гарсан гал түймрийг унтраахаар өөрийн зүгээс чадах хэмжээний арга хэмжээг авч ганцаараа гал түймрийг унтраасан, гар утсаа гэртээ үлдээсэн байсан тул мэдэгдэж чадаагүй гэж тайлбарлагдаг.
Ажил олгогчоос дээрх гал түймрийг өөрөө унтраасан үйл баримт нь харуул хамгаалалт аюулгүй ажиллагааны дүрмийг санаатайгаар зөрчсөн, хариуцсан байр сууцны бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллагаагүй хариуцлагагүй хандсаны улмаас компанид их хэмжээний хохирол учирсан, ажлын цаг ашиглалт муу, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс удаа дараа татгалзаж, бусад ажилтныг хэл амаар доромжилсон зэрэг сахилгын ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл хүлээлгэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлээ болгожээ.
4.1.Түүнчлэн ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.4, 6.4.4, 6.4.7, 6.4.13, 6.4.14, 6.4.27, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.7, 4.5.13-т заасан заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан.
Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг санаачилгаараа цуцалж болохоор хуульд зохицуулсан боловч энэхүү үндэслэлээ нотолсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол түүнийг тогтоосон байх шаардлагатай.
Ажил олгогч компани харуул хамгаалалт, галчийн ажилтай О.*******д 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 171 тоот тушаал гаргаж удирдлагаас өгсөн үүрэг даалгавар зөвлөмж биелүүлээгүй гэх шалтгаанаар нэг сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээ авсан боловч энэ талаараа түүнд мэдэгдсэн, гаргасан зөрчлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй, түүний эрхийг хангаагүй байх тул уг шийтгэл хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй боловч түүний үр дагавар болох 100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өөрөө утга агуулгын хувьд хоорондоо зөрчилдөөнтэй болсныг зөвтгөн цалингаас суутгасан 100,000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.
4.2.Нэхэмжлэгчийг өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд цаг ашиглалт муу, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс удаа дараа татгалзсан, бусад ажилтнуудыг хэл амаар доромжилсон, ажлын байранд гарсан гал түймрийг шуурхай мэдээлээгүй цаг алдан харуул хамгаалалт аюулгүй ажиллагааны дүрмийг санаатайгаар зөрчсөн, ажлын байрны тоног төхөөрөмж, бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллаагүйн улмаас гал гарч байгууллагад их хэмжээний буюу 3,090,584 төгрөгийн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж давтан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдсан боловч өмнөх арга хэмжээ тооцсон тушаалыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул давтан зөрчил гаргасан гэх үндэслэл няцаагдсан.
Түүнчлэн цаг ашиглалт муу, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон боловч гал түймрийг санаатайгаар мэдэгдээгүй, харуул хамгаалалт аюулгүй ажиллагааны журмыг санаатайгаар зөрчсөн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоогүй, харин гал түймрийн аюултай ганцаараа тэмцэж галыг зогсоосон үйл баримт тогтоогдсон байх тул үүнийг хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийг түүний хариуцан ажилладаг объектод гарсан гал түймрийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр унтраасан үйл баримт нь сахилгын ноцтой зөрчилд тооцохгүй талаар дүгнэлт хийсэн тул хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, үндэслэлгүй шийдвэрийн үр дагавар болох цалин хөлс урамшуулал зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу ажил олгогчийн хүлээх хариуцлагыг давхар шийдвэрлэж урьд ажиллаж байсан харуул, галчийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор 1,750,000 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.3.Харин нэхэмжлэгч О.******* нь “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарын харъяа “******* ******* *******”-ын харуул хамгаалалтын ажилтнаар 2014 оны 08 дугаар сараас эхлэн тус компанид 10 жил орчим хугацаанд ажилласан ба тухайн хугацаанд тус компанитай хөдөлмөрийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулж ажил амралтын цаг, цалин хөлс, ээлжийн амралт болон бусад нөхцөлүүдээ харилцан тохиролцон ажиллаж ирсэн, тухайн жилүүдэд ээлжийн амралт олгоогүй, амралтын өдрүүдийн цалин хөлсөө нэмэгдүүлэн авах, эсхүл нөхөж амрах зэрэг байдлаар компаний захиргаанд хүсэлт тавьж байгаагүйн дээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа дээрх он жилүүдийн цалингаа нөхөж нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэн тул олгогдоогүй цалин хөлсний зөрүү 80,957,576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар нэхэмжлэгчийн 2016 оноос хойш олгогдоогүй цалин хөлсний зөрүүг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн зүгээс “...өөрт нь цалин хөлсийг ингэж дутуу олгож байсныг шүүхэд нэхэмжлэл гарган явж байх үедээ мэдсэн...” гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч түүний хууль эрх зүйн мэдлэг дутуу, хуулийг мэдэхгүй байсан нь түүнд хөнгөлөлт үзүүлэх, хэтэрсэн хугацааг сэргээн тогтоож, асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаартай шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2-т тус тус зааснаар “******* *******” ХХК-ийн Сэлэнгэ салбарын даргын 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаал, 2024 оны 01 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай” 30 тоот тушаалыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож, О.*******йг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь “******* *******” ХХК-ийн “******* *******”-н харуул, галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1,750,000 төгрөг тус компаниас гаргуулан О.*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус компанид даалгасугай” гэж,
2 дахь заалтыг:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.4, 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус зааснаар “******* *******” ХХК-иас 80,957,576 төгрөг гаргуулах О.*******йн нэхэмжлэлийн шаардлагыг, О.*******ас 3,090,584 төгрөг гаргуулах тухай “******* *******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтыг:
“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 767,538 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form