Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2025/00010

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00659 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.*******,

Хариуцагч Сэлэнгэ аймаг ******* ******* ерөнхий ******* ******* *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ур чадварын нэмэгдлийн 25%-ийг тооцон гаргуулах, амралтын мөнгөний зөрүү гаргуулах тухай

Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч байгууллагын захирал Д.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Ур чадварын нэмэгдэл болон амралтын мөнгөнд тооцогдох мөнгөн дун 8,920,000 /найман сая есөн зуун хорин мянган / төгрөгийг гаргуулах

... Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх хурал зарлагдаж 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэн Х.******* намайг гэм буруугүйг тогтоосон болно. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 70 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний дугаар 208/МА2024/0023, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол 2024 оны 06 дугаар сарын 06-ны дугаар 001/ШХТ2024/00709 Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай шийдвэр гарч 2024 оны 06 дугаар сарын 26-нд уг шийдвэр гарч 2024 оны 06 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* *******йн захирлын Б/52 тоот тушаалаар Хишгээгийн *******г ажил албан тушаалд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарч ажилдаа томилогдсон.

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 тоот захирлын тушаалаар 7-1 нээс 9-11 хүртэл ээлжийн амралтын тушаал гарсан. Ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо ур чадварын нэмэгдлийг уг нөхөн олгосон мөнгөнөөс хасаж тооцон олгоогүй хохироосон тул нөхөж олгож өгнө үү мөн амралтын мөнгө бодож тооцохдоо ур чадварын нэмэгдлийг өгөөгүй хассан дүнгээр амралтын мөнгийг тооцож олгосон тул ур чадварын нэмэгдлийн 17 сарын нийт мөнгө, амралтын мөнгөний тооцоог хамруулан нэгтгэж энэхүү мөнгийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35.A/10,9 дугаартай Цэцэрлэг, ЕБС-ийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.8.4-т заасны дагуу *******йн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг багш, ажилтны ур чадварыг хагас жил тутамд үнэлж, сар бүр 10-25 хувийн нэмэгдлийг олгохоор *******йн захиралд санал, дүгнэлт танилцуулж, захирал шийдвэр гаргадаг журамтай ба манай *******йн хувьд хичээлийн жилийн эхний хагас буюу 9,10,11,12,1 дүгээр саруудын ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилтыг үндэслэн 2 дугаар сард, 2,3,4,5,6 дугаар саруудын ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилтыг үндэслэн 9 дүгээр сард *******йн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг багш, ажилтны ажлыг үнэлэн, захиралд санал, дүгнэлтийг танилцуулж, захирал нь багш ажилтны ажлын гүйцэтгэл, амжилт, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн багш ажилтнуудад хагас жилийн туршид, сар бүрийн олгох 10-25 хувийн нэмэгдлийн хувь хэмжээг тушаалаар тогтоодог билээ.

1.Нэхэмжлэгч Х.*******д *******йн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар сахилгын Сануулах арга хэмжээ авч, улмаар *******йн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/60 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Х.*******д 2022 оны 9 дүгээр сараас эхлэн 2023 оны 1 дүгээр сарыг дуустал сар бүрийн 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийн 2023 оны 1 дүгээр сард олгох 25 хувийн нэмэгдлийг *******йн захирлын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар цуцалсныг хожим шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсоны дараа 2024 оны 9-р сард нөхөн олгосон.

2.Нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 9-нд ажлаас чөлөөлөгдсөн ба захирлын тушаалаар багш, ажилтны ур чадварыг үнэлэх ажлын хэсэг түүнийг ажиллаж байсан хугацаанд буюу 2023 оны 2 дугаар сар, 2023 оны 9 дүгээр саруудад хоёр удаа томилогдон багш, ажилтны ур чадварыг үнэлэн, санал дүгнэлтийг *******йн захиралд танилцуулсан байх ба Х.******* нь дээрх хугацаанд ур чадварын нэмэгдэл тогтоолгох хүсэлт, ажлын тайланг *******йн захиралд болон *******йн ажлын хэсэгт огт өгөөгүй, дүгнэлт гараагүй байгаа тул нэхэмжлэгч Х.*******гийн 2023 оны 2 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй.

Түүнчлэн ажлаас чөлөөлөгдөх үедээ ур чадварын нэмэгдэл авдаггүй байсан тул ажлаас чөлөөлөгдсөнөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон хүртэлх хугацааны буюу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдлийг нөхөн олгох боломжгүй байна.

3.Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ажил олгогчийн зүгээс 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан ба нэхэмжлэгч Х.******* нь бичиг хэргийн ажилтнаас Хөдөлмөрийн гэрээний 2 хувийг "...судална" гэж хэлж аваад, захирлын өрөөнд орж захиралтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ байгуулахыг ажил олгогчийн зүгээс удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогч, ажилтны дунд байгаагүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоогүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч өөрийн буруугаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйн дээр өөрөөс нь болж шүүхэд хариуцагчаар татагдан явж байх үедээ л багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юм байна гэдгээ ойлгоод хөдөлмөрийн гэрээний маягтыг бичиг хэргийн ажилтнаар тараан өгч бүгдээр нь гарын зуруулсан байсан гэж *******йн захирлыг илтэд гүтгэж буйд туйлын их харамсаж байна...гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00659 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн ******* ******* ерөнхий ******* ******* *******ас 8,307,136 төгрөг гаргуулан Х.*******д олгож, үлдэх 612,864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 157,670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 147,864 гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн үйл баримтын талаар маш буруу ойлгохоор дүгнэлтийг хийчихсэн. Үндэслэх хэсгээс нь харвал нилээн маргаж байсан хурал дээр ямар ч үндэслэл байхгүй. Зөвхөн өмнө нь шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг бичээд ээлжийн амралт олгосон. Өөрөөр хэлбэл ганц дүгнэлт нь ажил олгогчийн буруугаас Х.******* нь ажил үүргээ гүйцэтгээгүй гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 02 сараас 2024 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл 17 сар ур чадварын нэмэгдлийн 20% тооцож гаргана гэсэн. 2023 оны 02 сард Х.******* ажлаа хийж байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 02 сараас 2023 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл буюу ажлаас халагдах хүртлээ ажлаа хийж байсан. Ажлаа хийж байсан хүнийг өмнөх гаргасан шүүхийн шийдвэртэй нь холбож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өмнөх гаргасан шийдвэртэй нь ямар ч холбоогүй. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сануулах арга хэмжээ авсан байдаг. Тэгэхдээ үүнийг шүүхээс хүчингүй болгочихсон учраас ур чадварын нэмэгдэл бүрэн олгогдчихсон. Мөн шүүхийн шийдвэр гараад 6 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орохдоо бүх цалин хөлс нь олгогдчихсон.

2023 оны 02 дугаар сараас 2023 оны 10 сар хүртэл ажиллаж байх хугацаандаа Х.******* багш юу хийх ёстой байсан бэ гэхээр тайлангаа өгөх ёстой байсан. Тайлангийн хугацаа хуралд зааснаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны дотор өгөх ёстой. Тайлангаа өгч байж комисс хуралдаж үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох үгүйг шийдэх ёстой байтал 2023 оны 10 дугаар сарын 06-ны дотор огт өгөөгүй. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ажлаа хийж байсан. 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа гарсан. Өөрөө комисс дотор гишүүнээр явж байгаа. Хариуцагч талаас тайлангаа өгөөгүй гэдгийг дурдаад байхад шүүх уг асуудлыг огт дурдаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шууд 25%-иар гаргасан. Ур чадварын нэмэгдэл нь өөрөө 10%-25%-ийн хооронд олгогдох ёстой мөнгө. Шүүх яагаад шууд 25% бодсон бэ?. Яагаад 15%, 20% байж болоогүй вэ?. Энэ үндэслэлийг хийхгүйгээр 25%-иар хангаад ур чадварын нэмэгдлийг олгочихож байгаа юм. Энэ хүн 25%-иар ур чадварын нэмэгдэл авахын тулд тодорхой шаардлагууд байгаа. Уг шаардлагыг хангасан эсэхийг шүүх дүгнэх ёстой байсан.

Ээлжийн амралтын зөрүү 2,241,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй. Хэдэн сарын ээлжийн амралтын мөнгийг хэдэн төгрөгийн тооцоо гаргаад байгаа нь ерөөсөө байхгүй. Хэдэн хоногийн ээлжийн амралтын тооцоо 2,241,000 төгрөг гэж үзээд байна вэ?. Уг асуудал байхгүй.

Дараагийн асуудал нь процессын ноцтой асуудал харагдаж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 534,800 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагчаас тайлбар авахад би ойлгохгүй байна. Хэргийн материалтай танилцаж байж би асуудалд хандана. Ийм боломжтой юу гэх тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөөгүй. Шүүх завсарлаад орж ирэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч үргэлжлүүлье гэх саналын дагуу үргэлжлүүлээд нэхэмжлэгчийн тайлбар явсан. Нэхэмжлэгчийн тайлбар яваад хариуцагчийн тайлбар дээр ирэхэд хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үүнтэй холбоотой материалтай танилцъя гэх хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээгээд авчихсан. Хүлээж аваад шүүх хуралдаан үргэлжлээд явсан. Тэгтэл Р.Атарцэцэг өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа татаж авъя. Өөрөөр хэлбэл ямар байдлаар татан авсан бэ гэхээр 534,800 төгрөгөөс татгалзахгүйгээр дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүхэд өгөх шаардлагаа татаж авч байна гэж байгаа юм. Даргалагчаас юу гэж асуусан гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүйд тооцож байна уу гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тийм гэж хариулдаг. Шүүх нэгэнт нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авчихаад дараа нь нэхэмжлэл гаргаагүйд тооцож болдог уу?. Нэхэмжлэлийг гаргаагүйд тооцвол дараа нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болчихоод байгаа юм. Эсхүл нэхэмжлэлээ татаж авч байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл дахин шүүхэд гаргах эрхгүй гэсэн үг. Энэ асуудлыг огт дурдаагүй. Захирамж дээр ч дурдахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг татсан уу? Өөрөөр хэлбэл Р.Атарцэцэг өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татах эрх байхгүй. Гаргаагүйд тооцлоо гэж үзэхэд дахиж гаргах гээд ч байгаа юм шиг ойлгомжгүй асуудал байна. Үүнийг захирамж дээрээ дурдаагүй ноцтой асуудал байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд нэхэмжлэгч 17 сарын ур чадварын нэмэгдэл нэхээд байгаа юм. 17 сарынхаа 8 сард нь ажиллаж байсан. 2021 оны 3 яамны хамтарсан тушаалаар багш, сургалтын менежер, нийгмийн ажилтанд ур чадварыг хэрхэн олгох талаар журам байгаа. Хагас жил тутамд үнэлээд 10%-25%-ийн нэмэгдлийн дүгнэлтийг үндэслээд тушаал гаргаж олгодог журамтай. Энэ дотор сургалтын менежер яадаг вэ гэхээр мэргэжил арга зүйн хүүхэд багшийг хөгжүүлэх үйл ажиллагааны ахиц амжилтаараа 100% хүртэл үнэлэгдээд хэдэн хувийн ур чадварын нэмэгдэл авах вэ гэсэн журамтай. Нэхэмжлэгч Х.******* ямар ч тайлан өгөөгүй. Ажиллаж байсан 8 сар буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Х.******* нэхэмжлэгчийн өөрийнх нь оролцоотой 5 хүний бүрэлдэхүүнтэй багш ажилтны ур чадварыг үнэлэх ажлын хэсэг томилж байсан. Өөрөө бүрэлдэхүүнд нь байсан мөртлөө ур чадварын урамшуулал хүсэлт тайлангаа огт өгөөгүй. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд буцаад 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс буцаад ажилдаа орсон. Энэ хоорондын цалин хөлсийг өгсөн байтал ур чадварын нэмэгдлийг өгөөгүй гэдэг.

Ур чадварын 1 сарын нэмэгдлийг нөхөж олгосон байдаг. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирлын сануулах арга хэмжээ цуцлагдсантай холбоотойгоор өмнөх 2022 оны 9 сард гаргасан тушаалаар ур чадварыг цуцалчихсан байснаа 2023 оны 01 дүгээр сарын тушаалаар ур чадварыг нөхөн олгосон. 2023 онд шинээр ур чадвар тогтоож байгаа учраас нэхэмжлэгч өөрөө хүсэлт тайлангаа өгөх ёстой байсан. Хэрвээ өгчихсөн байж байгаад сануулах арга хэмжээтэй түдгэлзүүллээ гэсэн бол шүүхийн шийдвэрийн дараа түдгэлзүүлсэн байсныгаа буцааж буцааж өгөх үүрэгтэй. Ур чадварын тайлан өгөөгүй, дүгнэлт гараагүй байхад автоматаар авах ёстой гэдэг нь байж болохгүй. Тийм учраас ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй. Ажлаас чөлөөлөгдөх үедээ ур чадварын нэмэгдэл авахгүй байсан учраас тухайн үед авч байсан цалингаар нь нэхэмжлэгчийг хохиролгүй болгох үүднээс нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу төрийн алба хаасан хугацаа, орон нутгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдлүүдийг бүрэн өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Х.*******гийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь ажилгүй байсан, ажлаас халагдсан нөхцөл байдалтай холбоогүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай захирлын тушаалаар анх нээлттэй сануулах арга хэмжээ авагдсан. Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар цалингийн 20% бууруулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б/110 дугаар тушаалаар Х.*******г ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрүүдийн талаар маргаад 2 шатны шүүх шийдвэрлэсэн. Хэрвээ сахилгын шийдвэртэй байвал тухайн жилдээ ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлүүдийг авах эрхгүй болдог. Тийм учраас энэ хүн ур чадварын нэмэгдэл огтоос авч чадаагүй. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ажилдаа эргээд тогтоогдсон. Энэ хүртэл хугацааны ур чадварын нэмэгдлийг 17 сараар тооцоод 25% авна гэдэг. Урьд нь Х.******* гэх хүн ур чадварын нэмэгдлээ 25%-иар тооцож авч байсан. Хэрвээ хариуцагч талаас 25% зөвшөөрөхгүй байна гэж тайлбараа гаргаад мэтгэлцээд явсан бол шүүх дүгнэлт хийх ёстой. Уг маргааныг огт үүсгээгүй.

Ээлжийн амралтыг яаж тооцсон нь тодорхойгүй гээд шүүх хуралдаанд тооцооллыг тодорхой хэмжээгээр гаргаад өгчихсөн. Хурлын тэмдэглэл дээр маш тодорхой бичигдсэн. 2023-2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1,471,000 төгрөгийн цалинтай байсныг ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Энийг тооцож үзэхээр ээлжийн амралтын зөрүү байна. Яагаад гэвэл миний цалинг дутуу бодож олгосон байна. Цалин дутуу бодно гэдэг маань эргээд ээлжийн амралт бодоход нөлөөлнө. Хоногоор тооцож үзэхэд 19 хоногоор нэг гарчихсан. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хууль зүйн дүгнэлт хийж чадсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Хянавал:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Х.*******гийн гомдолтой хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт, хэргийн үйл баримт болон хэрэг авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Х.*******г Сэлэнгэ аймгийн ******* ******* ерөнхий ******* ******* *******йн захирлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас халах тухай Б/110 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн ******* ******* ерөнхий ******* ******* *******йн сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тус тушаалыг үндэслэлгүй талаар нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргаснаар хоёр шатны шүүх түүний гомдлыг хэлэлцэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргажээ.

4.Шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймаг ******* ******* ерөнхий ******* ******* *******йн захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.*******г өмнө эрхэлж байсан дунд, ахлах ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар Х.*******д ээлжийн амралт олгосон ба нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй, ажилгүй байсан хугацааны ажилтны ур чадварын нэмэгдэл болон амралтын хоногийн зөрүү нийт 8,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 02 сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацаанд ажлаа эрхэлж байсан, ажиллах хугацаандаа ур чадварын нэмэгдэл авах журмын дагуу ажил олгогчид тайлан хүсэлт зэргээ гаргаж өгөөгүйн улмаас тухайн хугацааны ур чадварын нэмэгдэл олгогдоогүй нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй.

Харин ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар ажилд нь эргүүлэн томилох хүртэл хугацааны ур чадварын нэмэгдэл болон түүнтэй холбоотой ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 108 дугаар зүйлийн 108.1 ажилтны ур чадварын болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тооцох талаар, ээлжийн амралтын цалинг ажилтны тухай ажлын жилийн дундаж цалин тогтооно..., 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 ...ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний ... өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж тус тус зохицуулсан байна.

Шүүхээс нэхэмжлэгч Х.*******гийн гомдлыг хэлэлцэж түүний ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэхдээ түүний ажилгүй байсан хугацаанд олгогдох ур чадварын нэмэгдлийг тооцон гаргуулаагүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хуульд нийцэх тул зарим хэсгийг нь хангах нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 02 сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацаанд ажлаа эрхэлж байсан бөгөөд өөрөөс шалтгаалах хүчин зүйлийн улмаас холбогдох журмын дагуу хүсэлтээ гаргаагүйн улмаас ур чадварын нэмэгдлийг тооцон гаргаагүй байх тул тухайн хугацааны ур чадварын нэмэгдэл гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлгүй харин ажилгүй байх хугацааны буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 09 сарын хугацааны ур чадварын нэмэгдлийг дараах аргачлалаар тооцон гаргуулахаар шийдвэрлэлээ.

Үүнд: Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогчоос Х.*******д урьд онуудад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгож байсан байдлыг харгалзан шүүхээс ур чадварын нэмэгдлийг ажилтны үндсэн цалин болон үндсэн цалинд өөрчлөлт орж нэмэгдсэн дүнгээр тооцооллыг гаргалаа.

Тухайлбал: 2023 оны 10 сараас 2024 оны 04 сар хүртэл нэхэмжлэгчийн үндсэн цалин 1,337,000 төгрөгийн 25% буюу 1,899,147 төгрөг, 2024 оны 4 сараас 2024 оны 07 сар хүртэл үндсэн цалин 1,471,000 төгрөгийн 25% буюу 1,103,250 төгрөг, мөн 2024 оны ээлжийн амралтын мөнгийг олгохдоо ур чадварын нэмэгдлийг тооцоогүй зөрүү 540,036 төгрөг нийт 3,542,433 төгрөгийг ажил олгогч Сэлэнгэ аймгийн Ерөнхий ******* *********** *******ас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5,377,567 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 71 дугаар бүлэг нэмж зарим төрлийн иргэний хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан хэлэлцэхээр болж, энэхүү хууль 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж байна.

Энэ тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний зарим төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь хамаарч байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00659 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн ******* ******* ерөнхий ******* ******* *******ас 3,542,433 төгрөг гаргуулан Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,377,567 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 157,670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 62,988 гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 147,864 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Г.ДАВААРЕНЧИН