| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0172/э |
| Дугаар | 2019/ШЦТ/175 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох 1921002360134 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан гэх, Х.А. /РД: .............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ред булл” баарнаас иргэн Ш.Баярсайханы эзэмшлийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ред булл” баарнаас иргэн Ш.Баярсайханы эзэмшлийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921002360134 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ...орой 21-22 цагийн орчимд ганцаараа “Ред булл” баар руу орсон. Ингээд баарны үүдэнд нэг согтуу ах зогсож байсан. Халааснаас нь гар утас нь цухуйгаад байхаар нь халаас руу нь гараа хийгээд “Самсунг Эс-7” маркийн гар утсыг нь авч гарсан. Өглөө нь зүс таних Ц.Бухаа гэх хүнд 30000 төгрөгөнд зараад архи авч уусан. Тэгээд сүүлд нь цагдаа мэдээд би Ц.Бухаад 30000 төгрөгийг буцаан төлж хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн..., үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Хохирогч Ш.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... “Ред булл” баар руу 22 цагийн орчимд орсон. Би нэлээн согтуу байсан ба миний хажууд Баярчимэг гэх эмэгтэй суусан. Тэгээд тухайн эмэгтэйд 2 шил пиво өвч өгөөд өөрөө бас 2 шил пиво авч уусан. Тэгээд гадагшаа гарч тамхилчихаад 00 руу ороод өөрийн сууж байсан ширээн дээр очтол Баярчимэг сууж байсан ба “таны утсыг миний зүс таних А зөрөхдөө авчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/
Гэрч Ц.Бухаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 23 дугаар байрны түцний хажууд танил А 09 цагийн орчимд таарсан. Тэгтэл А надад “ах аа мөнгөний хэрэг гараад байна 30000 төгрөгөнд утас тавья” гэсэн. Тэгэхээр нь би тухайн утсыг унтраалгаад түүнд 30000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8 дугаар хуудас/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921002360134 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ред булл” баарнаас хохирогч Ш.Баярсайханы эзэмшлийн “Samsung s-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Баярсайхан /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, гэрч Ц.Бухаа /хх-ийн 19-20 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Х.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.А нь хохирогч Ш.Баярсайханы эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Х.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1921002360134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.А .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Алтансүх нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-доногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-н цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1921002360134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.А-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН