Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2025/00011

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 148/ШШ2025/00002 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.*******,

Хариуцагч Сэлэнгэ энерго *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Улам-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Сэлэнгэ ******* *******- ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хохирлыг барагдуулах

2. ... Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ ******* *******-т анх Төслийн менежерийн албан тушаалд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилд орсон. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Л.******* нь өөр ажилд шилжиж, ажлаас чөлөөлөгдсөн тул түүний оронд миний бие уг өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежерийн ажилд томилогдож Төслийн менежерийн ажлыг давхар гүйцэтгэх болсон. Миний бие ажил гүйцэтгэж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж идэвх зүтгэлтэй ажиллаж байсан, ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй болно. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* намайг өрөөндөө дуудаж, бас захирлын зөвлөлийн гишүүн 5 хүнийг гэнэт дуудаж хуралдуулж, хүний нөөцийн менежер та ажлаа өг хэмээн 3 удаа шаардаж, Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир, бид одоо хүлээж байя гэж дарамталж шахаж эхэлсэн. ...Уг өргөдлийг миний бие сайн дураар өгөөгүй, дарамт шахалтад орж өгсөн тул гомдолтой байна. Надад ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн ба уг тушаалын он сар нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж гаргасан, Б/10 гэж дугаарласан байв. Ингээд миний бие 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Гэнэтийн энэ шийдвэр нь хууль бус байсан бөгөөд, миний бие туйлын гомдолтой байна... гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар М.******* намайг Сэлэнгэ ******* *******-ын Хүний нөөцийн менежерийн албан тушаалыг Төслийн менежерийн албан тушаалтай хавсран гүйцэтгэж байсан ажилд эгүүлэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас миний ажиллаж байсан хугацаандаа авч байсан цалин хөлсийг нийгмийн даатгалын тодорхойлолтыг үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар дараах байдлаар тооцохдоо 2023 оны 10 сар, 11 сар, 12 сарын цалингийн нийлбэр 9,004,004 төгрөг / 2.968.011+1.699.563+4.336.430/, үүнээс нэг сарын дундаж цалин, хөлсийг тодорхойлбол 3.001.334 төгрөг / 9,004.004 төгрөг 3 сар/, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлс нь 142.920 төгрөг / 3,001.334: 21 хоног/ болох ба энэхүү 142.920 төгрөг x 226 хоног / ажилгүй байсан хугацаа/ нийт 32,299,920 тегрегийн цалин олговороор хохирсон тул гаргуулж өгнө үү. Мөн ажил олгогч талаас миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2022 оны 11 сараас хойш одоог хүртэл огт төлөөгүй байгааг нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлагуудаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй

2.М.******* нь нэхэмжлэлдээ 2024 оны 01 дүгээр сарыг 16-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* намайг өрөөндөө дуудаж, бас захирлын зөвлөлийн гишүүн 5 хүнийг гэнэт дуудаж, хуралдуулж хүний нөөцийн менежер та ажлаа өг хэмээн 3 удаа шаардаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир, бид одоо хүлээж байя гэж дарамталж шахаж эхэлсэн гэж бичээд өөрийгөө гэнэт ажлаас халагдсан мэтээр бичиж өгсөн нь үндэслэлгүй байна. М.******* нь эрхэлсэн ажлаа хийж чадахгүй, байгууллага болон хамт олныг хохироосон. Ажилтнуудын удаан жилийн нэмэгдлийн мөнгийг нь цаг хугацаанд олгох тушаал шийдвэр гаргаагүйгээс болж ажилтнууд хохирсон юм. Мөн байгууллагын үйл ажиллагааны бичиг баримт, тушаал шийдвэрийг дур мэдэн засаж, баллаж цохолж ашиглагдах боломжгүй болгосон юм. Энэ бүх зөрчлийг Захирлын зөвлөлийн 3 удаагийн хурлаар хэлэлцэж, М.*******д сануулж, алдаа дутагдлаа арилгах үүрэг даалгавар өгч байсан болно. М.******* нь би олон төсөл бичдэг, би энэ байгууллагад хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж ирж чадна намайг ажилд аваач гэсэн тул түүнд итгэж байгууллагадаа төслийн менежер орон тоог бий болгож 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн М.*******г төслийн менежерийн албан тушаалд авч ажиллуулсан болно. Гэтэл М.******* нь төслийн менежерийн цалин хөлсийг авч ажиллаж байхдаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч төсөл арга хэмжээ хэрэгжүүлээгүй хүн юм. Манай байгууллагын Хүний нөөцийн менежер ажлаас чөлөөлөгдсөн тул М.*******г 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс хүний нөөцийн менежерийн албан тушаалд шилжүүлэн томилж, төслийн менежер албан тушаалын үндсэн цалингийн 40%-аар нэмж цалинжуулсан юм. Гэтэл М.******* нь Хүний нөөцийн менежерийн ажил Үүргээ гүйцэтгэж чадахгүй олон алдаа зөрчлүүд гаргаж байсан болно. ...Мөн байгууллагын үйл ажиллагааны чухал баримт бичиг болсон тушаал шийдвэрийг дур мэдэн засаж баллаж цохолсон, мөнгө санхүүтэй холбоотой тушаалыг засах, цаг хугацаанд нь гаргахгүй хоцроосон, албан тушаалаа өөртөө урвуу байдлаар ашиглаж өөрийнхөө амралтын хоногийг зохиомлоор нэмэгдүүлж үндэслэлгүй цалин хөлс авсан, ажилтнуудын цалин хөлсийг хоцроосон зэргээр олон зөрчлүүд гаргаж байгууллага хамт олны итгэлийг хөсөрдүүлсэн юм. М.*******гийн байгууллага болон ажилтнуудыг хохироогоод байсан энэхүү зөрчилд сахилгын болон цалин хөлсний арга хэмжээ авах ёстой байсан хэдий ч өндөр насны тэтгэвэрт гарсан байдлыг нь харгалзан үзэж өөрт нь ойлгуулж, сануулга, анхааруулга өгч байсан юм. Ийнхүү сануулга өгсөөр байтал М.******* нь зөрчил дутагдлаа огт засахгүй байсаар байгууллагын ажил зогсонги байдалд орсон. Энэ байдал үргэлжилбэл улам их зөрчил гарч, улам олон хүн хохирч болзошгүй байсан тул байгууллага, хамт олноо бодсоны үүднээс М.*******д хандаж Хүний нөөцийн менежер та ажлаа хийж чадахгүй байгаа тул ажлаа өг гэж захирлын зөвлөлийн хурал дээр хэлсэн болно. Тэгэхэд М.******* нь өөрөө Би сайн дураараа өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдье гэж өргөдлөө бичиж орж ирсэн юм. ... Манай байгууллагын зүгээс тайлбарлахад 2024 оны 01 сарын 16-ны өдөр М.*******гийн өөрийн өргөдлийн дагуу Захирлын зөвлөлийн хурал дээр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн тухайн өдрөө М.*******гийн үүрэгт ажлыг захирлын зөвлөлийн гишүүд хүлээж авсан болно. Ийнхүү М.*******гийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хэд хоногийн дараа гардуулж өгсөн нь хууль зөрчөөгүй юм... гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 148/ШШ2025/00002 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус зааснаар Сэлэнгэ-******* *******азрын захирлын 2024.01.16-ны өдрийн Б/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, М.*******г тус үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежер, төслийн менежерийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, М.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинд нийт 32,299,920 төгрөгийг тус үйлдвэрийн газраас гаргуулж олгож, М.*******гийн 2022 оны 11 сараас одоог хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус үйлдвэрийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний орон нутгийн орлогод төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж олгож, хариуцагчаас 70,200 төгрөг, мөн 32,299,920 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 319,450 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж,

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн тухайд дараахи байдлаар тайлбарлах нь:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...шүүх хуралдаанд зохигч түүний төлөөлөгчийн өгсөн тайлбар, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хурлын тэмдэглэл зэргээр М.*******гийн ажил үүргийн талаар хэлэлцэн улмаар түүнийг ажлаа хийж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай үйл баримт тогтоогдож байгаа... гэсэн байна. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөөгүй боловч нэхэмжлэгчийн ажлаасаа чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлт болон түүний ажилдаа гаргаж буй алдаа дутагдал нь хоорондоо шалтгаант холбоотой болох талаар өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг огт тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад хүний нөөцийн менежер ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа удаа дараа ажлын дутагдал гаргах, ажилтнуудын удаан жилийн нэмэгдлийг олгохтой холбоотой баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө амралтын хоног нэмэгдүүлж цалин авсан үйлдэл нь тогтоогдсон, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учраас байгууллагаас илүү авсан цалинг маш олон удаагийн зөрчилтэй буцааж өгсөн гэх мэт /хэрэгт баримт нь байгаа/ үйлдлүүдийг гаргасан байна. Харин хариуцагч байгууллагын захирал Б.******* нь энэ болгонд түүнийг улсад олон жил ажиллаж тэтгэвэрт гарсан нас болон биеийн байдлаас нь шалтгаалж сахилгын арга хэмжээ авахгүйгээр сануулаад өнгөрч байсан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болсон "дарамт шахалтанд" орж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

2. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлтэд дарамт, шахалт байсан эсэх тухайд:

Хариуцагч байгууллагын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаанаар М.*******гийн ажил үүргийн дутагдлын талаарх асуудлыг хэлэлцсэн ба М.*******гийн зүгээс Миний буруу би одоо сайн ажиллана гэсний дагуу түүнд арга хэмжээ авалгүйгээр захирлын зөвлөлийн хурлаас 2024.01.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгээгүй ажил үүргээ цэгцлэх үүрэг даалгаврыг өгч анхааруулсан боловч огт хийгээгүй байна.

Хариуцагч байгууллагын захирлын зөвлөлийн 2024.01.16 өдрийн хуралдаанаар /7 гишүүнтэй/ зөвлөлийн гишүүд М.*******г ажлаас чөлөөлөх саналыг гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Харин зөвлөлийн гишүүн Г.*******ы Хүний нөөцийн менежерийн үгийг сонсъё гэсний дагуу нэхэмжлэгч М.******* нь Би буруугаа ойлгож байгаа, би өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгнө, би 2 сард ээлжийн амралтаа аваад хагалгаанд орох гэж байгаа юм, 2024.02.01 хүртэл ажиллачихвал ээлжийн амралтын эрх үүснэ, надад мөнгө хэрэгтэй байна, ээлжийн амралтаа авчихвал өөрийн хүсэлтээр ажлаас гарна... гэж өөрөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Энэ нэхэмжлэгчийн гаргасан хүсэл зоригийг хэн ч албадаж хэлүүлээгүй ба ажлаа цаашид хийж чадахгүй байсан гэдгээ ухамсарласан учраас өөрөө санал гаргасан гэж ойлгогдохоор байна. Мөн зөвлөлийн гишүүн Г.******* ....хүний нөөцийн менежер намайг 2 сарын 1 хүртэл ажиллуулж өгөөч гэж байхад шууд ажлаас нь халья чөлөөлье гээд байлтай биш, 2024.02.01 хүртэл ажиллачихвал ээлжийн амралтаа аваад ажлаасаа гарна гээд байхад энэ хүнийг бодоод түр хугацаагаар ч болов бойлерын машинчаар шилжүүлж ажиллуулбал ямар вэ гэсэн санал гаргахад:

Нэхэмжлэгч М.******* нь: 2 сарын 1 хүртэл хаана ч ажилласан болно, би өөрийн хүсэлтээр 2 сарын 01-нээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө, 2 сарын 01-нээс ээлжийн амралтаа авна... гэж мөн саналаа гаргасан байна. Харин ч байгууллагын захирал Б.******* нь ...Үйлчилгээ хариуцсан албан тушаалтан болгоод шилжүүлэн ажиллуулбал ямар вэ...гэсэн саналыг гаргасан нь олонхын саналыг аваагүй байна. Үүнээс үзэхэд анхнаасаа ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх асуудлыг нэхэмжлэгч өөрөө гаргасан ба харин захирал өөр ажлын байрыг санал болгож байсан зэргээс үзэхэд дарамт, шахалт үзүүлсэн нь үгүйсгэгдэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бичлэгт хийсэн үзлэгийн тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө 2024.02.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулж өгөх хүсэлт гаргасныг байгууллагын удирдлагууд зүгээс харж үзсэн болох нь хэрэгт авагдсан 2024.01.16-ны өдрийн тэмдэглэлд дурдсанаар:

-Захирлын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар Хүний нөөцийн менежер М.*******гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******: Бүгдээрээ хүн чанарын үүднээс 2 сарын 01 хүртэл цалинтай байлгая... 02.01 хүртэл ажиллаад ээлжийн амралтаа авах эрх үүснэ, Амралтын мөнгөө бүтэн авна гэсэн тул ажил хүлээлцэх хугацааг 1 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тогтоож үндсэн цалингаар нь тооцон олгоё, мөн 2 сарын 01-нээс ээлжийн амралтын хоногийг нь тооцож хуулийн дагуу олгож өгье... гэж санал болгосныг зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэн байна.

Нэхэмжлэгчийн хувьд өргөдлөө бичиж өгсөн ба дахиад засаад ир гэсний дагуу орж ирэхдээ гар утсаа дуу бичлэг дээр тохируулан санаатайгаар надад бодох хугацаа өгөөч, тулгамдаад хариугаа хэлж чадахгүй байна гэж хэлсэнд захирлын зүгээс ажил үүрэгтэй холбоотойгоор ажиллуулж чадахгүй гэдгийг хэлснийг дарамт шахалт гэж ойлгуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...ажил олгогч, ажилтан нь бие биедээ үгээр биеэр цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно:

7.1.1. зодох цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх,

7.1.2. хэл амаар доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах,

7.1.3.энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх... гэжээ.

Хариуцагч байгууллагын захирлын хувьд Хөдөлмөрийн хуулийн дээрхи зохицуулалтад хамаарахаар үйлдлийг огт гаргаагүй ба эсрэгээрээ нэхэмжлэгчийн олон удаагийн ажлын хариуцлага алдсан үйлдэлд нэг ч удаа хариуцлага тооцож байгаагүй, мөн ажлаас чөлөөлөх санаачилгыг өөрөө гаргаагүй зэргээр нотлогдож байгаа талаарх маргасан үндэслэлийг шүүх дурдаагүй байна.

4. Нэхэмжлэгч нь захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх саналыг эхэлж гаргасан ба цалингаа 2024.02.01 хүртэл бодуулаад ээлжийн амралтаа 2024 авах эрхээ эдлээд мөн ээлжийн амралтын мөнгийг авна гэсний дагуу захирлын зөвлөлийн хуралдаанаас 2024.01.16-ны өдрөөс ажлаас чөлөөлөөд дээрх цалингуудыг нь нэхэмжлэгчийн хүссэнээр олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2024.01.16 ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй ба цалин болон амралтын мөнгөө авсны дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрвээ нэхэмжлэгч 2024.01.16-ны өдрийн захирлын зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөөгүй бол цалин болон амралтын мөнгийг авахгүй, мөн тухайн өдөр хүсэлтээ өгөхгүй байх боломж нь байсан.Хариуцагч байгууллагын даргын хувьд тушаалыг дан ганцаараа гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг захирлын зөвлөл дэмжсэнтэй холбоотойг анхан шатны шүүх судлахгүйгээр зөвхөн захирал нь ажлын байрны дарамт үүсгэж шийдвэр гаргасан үзсэн нь учир дутагдалтай байна.

5.Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд захирлын зөвлөлийн 5 гишүүдийг гэрчээр оролцуулсан ба тухайн хурал болсон өдөр даргын зүгээс дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг гэрчилсэн байхад энэ талаар хууль зүйн агуулга бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

6.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...хариуцагч тал тооцоо болон зардлын баримт дээр маргаагүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх дээр маргаантай байгаа гэдгээ тайлбараараа илэрхийлсэн ба энэ нь цалин хөлс дээр маргаагүй гэсэн ойлголт биш.

Нэхэмжлэлийн шаардлага болох Ажилд эгүүлэн томилох-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь цалин хөлсийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгыг илэрхийлнэ. Гэтэл анхан шатны шүүх цалингийн тооцоо дээр маргаагүй гэж үзээд нэхэмжлэгчийн тооцоолсон мөнгийг хуульд нийцсэн эсэхийг нягталж шалгахгүйгээр бүрэн гаргасанд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх нотолгоог үгүйсгэчихсэн, уран гоё болгоод ороод ирж байна. Ингэж ярьж болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. 9 гишүүнтэй гэж зүтгээд байна. Сэлэнгэ энерго *******азрын дүрэм нь интернэт дээр байж байдаг. Татаад үзэхээр удирдах зөвлөл 5 гишүүнтэй байна гээд байгаа. Хавтаст хэрэгт 7 гишүүний нэр нь байгаа мөртлөө миний нэр гарын үсэг байхгүй. Зохиогоод биччихсэн. Би үнэхээр гайхаж байна. Өөрөө өргөдлөө өгсөн бол 1 минутын ажил байх байсан. Өргөдлөө өглөө, захирал цохоод л болно. 4-5 цаг хуралдаж намайг уйлуулах гэж, чичрүүлж, янз бүрээр эрүүдэн шүүх ямар ч хэрэг байхгүй. ...Байгууллагын төлөө үнэнчээр зүтгэсний эцэст ингэж халагдана гэж төсөөлөөгүй. Үнэхээр муухай байдаг юм байна. Гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан өөрөө гаргах эрхтэй гэж хуульд тусгайлан заасан. Ажилтан сайн дураар ажлаас чөлөөлөгдвөл ахуйн шаардлага, өөр газар шилжих ч юм уу, яг өөрөөс нь шалтгаалсан шаардлагаар өөрийнхөө санаачилгаар өргөдлөө өгөх ёстой гэж хуульд заасан байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө огт өөрийн санаачилгаар өргөдөл нэг ч удаа гаргаж байгаагүй. 01 дүгээр сарын 16-ны өдрийн үйл явдлыг өөрөө хэлж байна. Уг өдрийн хурал 4-5 цаг болсон. Хурал эхлэхдээ би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэх өргөдөл гаргаснаар удирдлагууд хэлэлцэж хурал хийгээгүй. Харин удирдлагын өөрийнх нь санаачилгаар энэ хүний сахилга хариуцлага доголдож байгаа талаар хэлэлцээр явагдаж байгаад явж дундаасаа та өргөдлөө өгчих, сайн дураар өргөдлөө өгчих гэж хэлсэн. Жоохон бодож болохгүй юу гэхэд нэг өдрийн өмнө тушаалаа цэгцэлж янзалмаар байна гэдэг нь дарамт шахалт мөн юм. Хэрэв энэ хүн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол 4-5 цаг нэхэмжлэгчийн сахилга хариуцлагыг ярих шаардлага байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр бүгд бичигдсэн. Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ үнэхээр доголдоод байсан бол арга хэмжээгээ шат дарааллаар нь авахгүй яасан бэ? 4-5 цаг хуралдахдаа М.*******г хэрхэн муу ажиллаж байсан талаар л ярьдаг.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бусаар гарсан, би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй байхад гарсан. 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан өдрөө тушаал гарсан. Тэр өдрөө дараагийн хүн болох *******ийг томилж байсан. 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилла гэчихээд 01 дүгээр сарын 16-ны өдөр тушаал гарч байсан. Тушаал нь хууль бусаар гарсан гэж илчилж ярихад зөрүүлж сахилгын доголдол ярьж байсныг л ярьдаг. 5 гишүүн дарамт шахалт өгөөгүй гэх мэдүүлгийг өгсөн боловч М.*******г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө бичээд ороод ир гэж хэлсэн. Ийм дарамт шахалт болсон гэдэг нь нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гаргасан. Ажилгүй байсан хугацааны үр дагавартай холбоотой цалин хөлсийг хамгийн сүүлд авсан 3 сарын цалингийн нийлбэрийг хавсралтаар үндэслэж гаргасан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие уг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд, хоёрдугаарт М.******* хүний нөөцтэй хамтран ажиллаад өөрөө зөвлөлийн гишүүнээр оролцож байсан. Сахилгын шийтгэлээр халагдах, хүчээр дарамталсан гэх асуудал явагдаж байна. Гэтэл сая өмгөөлөгчийн хэлдгээр асуудал юунаас үүссэн бэ гэдгийг хэлсэн. Албан ёсны хурлын портокол 01 дүгээр сарын 03-ны өдөр, 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд байгаа боловч өмнө нь 9 сараас эхлээд энэ хүний ажлын доголдол, аймгаас ирсэн шалгалтаар илрээд бид нар анхаарч үзээд М.*******гийн насыг хүндэтгээд, байгууллагын зөвлөлийн гишүүд маш хүндэтгэлтэй хандаж байсан. 11 сард тэмдэглэл хөтлөөгүй ч гэсэн нэхэмжлэгчийн асуудлыг авч хэлэлцэж байсан. Энэ цагаас хойш нэхэмжлэгчийн ажлын хариуцлагатай холбоотой хоёр албан ёсны хуралдаан болсон. Байгууллагын захирал *******, ерөнхий инженер Мөнхдорж нар удаа дараа байгууллага хохирч, хүмүүс чирэгдэж байна гэх асуудлыг ярьсан. Үйлдвэрчний хорооны дарга, захиргааны инженер байсан Баасандорж албан ёсоор мэдэгдлээ өгч байсан. М.******* гэх хүний нөөцөөс болоод ажилчид их хэмжээгээр хохирч байна гэх асуудал болсон. М.******* хүний нөөцийг тухайн хурал дээр дарамтлаагүй юм. Байгууллага төлөөлж байгаа учраас бичлэг таниулах ажиллагаанд нь оролцсон. Таниулахдаа 4 минутын бичлэг үзүүлье гэж хэлж байсан. Гэтэл уг хурал маань 4-5 цаг үргэлжилж байсан. Хуралдаанаар хүний нөөц М.*******, энэ олон зөвлөлийн гишүүд удаа дараа алдаа гаргасан учир байгууллагын эрх ашгийг бодоод, ажилчдыг бодоод энэ хүнийг ажлаас чөлөөлнө гэсэн чиг хандлагатай байсан. Хүний нөөцийн ажилтан учир ээлжийн амралт хэзээ эхлэх, дуусахаа мэдэж байгаа. Миний ээлжийн амралт 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үүснэ. Хагалгаанд орох эрүүл мэндийн шаардлага байгаа учраас надад 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллах боломж олгож өгөөч ээ. Би эмнэлгээр явж хагалгаанд орох ажилтай гэж хэлсэн. Гишүүд хоорондоо ярилцаад хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учир энэ хүний эрхийг хангая гээд бүгд хуралдаан дээр ярьж тохиролцсон. Юугаар нотлогдох вэ гэхээр 4 минутын бичлэг дээр байгаа. 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж болохгүй юу гэхэд тэг, ажилла гэсэн, цалинг чинь өгнө гэсэн гэж хэлж байгаа юм. Хэрэв тэр хүн бичлэгнээс өмнө уг асуудлыг яриагүй байсан бол ядаж нэг зөвлөлийн гишүүн нь юун 02 дугаар сарын 01-ний өдөр вэ? хүний нөөцөө, бид ажлаа бодмоор байна гэж хэлэх байсан. Тэр дундуур удаан хуралдсан учир бие засах, ганц нэг хүн орж гарч байсан. М.******* хүсэлтээ хангаж өөрийнхөө хүсэлтийг биелүүлчихээд бүх гишүүд сууж байхад М.******* хүний нөөц ертөнцийн зүгээр зүүн талд сууж байсан. Бид нар энэ хүнийг бичлэг хийж байна гэж бодоогүй. Гэтэл өөрийнхөө хүсэлтийг хангуулчихаад, өмнө нь өчнөөн цаг ярилцчихаад дараад нь ярьсан зүйлээ өөрчлөөд ярихаар хүн бухимдана. Энэ хүн зориуд тэр хүний дургүйг хүргэх, эмоцийг нь гаргах заль, муу аргаа хэрэглэсэн. М.******* хүсэлтээ хангуулсан. Хүсэлтээ хангуулаад цалингаа авсан, ээлжийн амралтын мөнгөө ч авсан. Шууд дуудаад М.*******г цочроосон асуудал биш. 9 сараас хойш уг асуудал өрнөөд л яваад байсан. Би ажлаас чөлөөлөгдөх юм байна гэдгээ мэдээд сахилгын шийтгэлээр халагдсан тушаал гаргуулахгүй байх хүсэлт гаргасан. Хүсэлтийг тултал байгууллагууд хүлээж авсан. Зөвлөлийн гишүүд гэрчийн мэдүүлэг өгсөн. М.******* 5 гишүүн байсан гээд гүрийгээд байгаа боловч 9 гишүүн байсан. Манай өмгөөлөгчийн хэлснээр М.******* өргөдлөө өгөхгүй байж болно. Цалингийн тухайд өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна. 1 сард бүтэн цалингаа авчихсан. Нэгэнт М.*******г хохироогоогүй гэдэгтээ итгэлтэй байсан учир цалингийн тооцоолол дээр хяналт тавиагүй асуудал болсон байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Хариуцагч байгууллагын дарамт шахалт байгаагүй гэдэг гол үндэслэл байгаа. Хэргийн материалд авагдсан гол үндэслэл зөрчилтэй холбогдолтой, ажил үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотой баримтууд байгаа. Ямар учиртай баримтууд байна гэхээр ажлаас гарах хүсэлт нь дотроо олон төрөл байж болно. Өөрөөр хэлбэл хувийн асуудал, ар гэрийн асуудал, өвчний асуудал, тухайн ажил үүргээ хийж чадахгүй байгаа учраас ажлаасаа гаръя гэсэн хүсэлт байж болно. Бид нарын үзээд байгаа асуудал бол 01 дүгээр сарын 03-ны өдөр болон 01 дүгээр сарын 16-ны өдрийн асуудлыг аваад үзэхэд М.******* буюу нэхэмжлэгч өөрөө ажил үүргийг хийж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас өөрөө ажлаасаа гарах хүсэлтийг өгсөн. Энэ нь өөрөө дарамт гэсэн асуудал байж болохгүй. 01 дүгээр сарын 03-ны өдөр захирлын зөвлөлийн хурал дээр ажлаа сайн хий гэж үүрэг болгосон. 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрдээгүй. Уг асуудлыг хэлэлцсэн хурал болоход өөрөө түрүүлж би ажлаас гарах өргөдлөө өгнө. 02 сард ээлжийн амралтаа аваад хагалгаанд орно. 02 сарын 01-ний өдөр ээлжийн амралт авах эрх үүснэ. Тэр болтол ажиллая гэх хүсэлтийг өөрөө гаргасан. Уг хүсэлтийг хэн ч албадаж хэлүүлээгүй. Тухайн өдрийн хурал дээр байсан зөвлөлийн гишүүд эсрэгээрээ халъя гэх байр суурь илэрхийлж байсан. Энэ дотроос дарамт шахалт үзүүлсэн гээд байгаа Сэлэнгэ энерго *******азрын захирал ******* эсрэгээрээ энэ хүнийг халъя гэдэг байдлаар нэг ч үг өгүүлбэр хэлээгүй. Харин өөр ажилд томилвол яах вэ гэсэн саналыг тавьж байгаа юм. Хурлын тэмдэглэл дээр тодорхой дурдсан байдаг. Ингээд цалин болон амралтын мөнгийг өөрийнх нь хүсэлтээр олгож шийдвэрлэсэн. ...Анхан шатны шүүхийн шүүгч шийдэхдээ яг аль үндэслэлийг дарамт гэж үзээд байна вэ?. Өргөдлөө өг гэдгийг дарамт гэж үзээд байна уу? Үндэслэх хэсэгтээ тодорхой болгосон асуудал байхгүй. М.******* гэдэг хүнийг өрөвдөөд цалинг нь өгсөн. Ямар ч арга хэмжээ аваагүйн төлөө ажлаа хийгээгүй хүнд 32,000,000 төгрөгийн цалин аваад байна. Зохион байгуулалттайгаар байгууллагыг хохироож байгаа үйлдэл гаргаж байна. ...Цалинтай холбогдолтой асуудлыг хэлэхэд шүүхийн зүгээс нэхэмжлэл гарснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг маш их алдсан. Зөвхөн утаснаас гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийлгэх шүүгчийн захирамж гарснаас хойш үзлэг хийгээгүй 5 сар болчихсон байгаа юм. Шүүхээс үзлэг хийгээгүй 5 сарын хугацаанд хариуцагч байгууллага 10 гаруй сая төгрөг гаргах жишээний. Маш их хугацаа алдаж хариуцагч байгууллагыг хохироож байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч М.******* нь Сэлэнгэ ******* *******т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргаж шаардлагаа даргын 2024 оны 01 срын 16-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 32,299,920 төгрөг гаргуулах, 2022 оны 11 сараас халагдах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч ажилтан М.******* нь өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн гараар бичиж өгсний дагуу түүний чөлөөлсөн гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол бүхий хэргийг хянан хэлэлцээд ажилтан М.******* өөрөө сайн дураараа биш, харин гадны ямар нэгэн нөлөө, шахалтын улмаас ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан гэж дүгнэн ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, М.*******г албан тушаалд нь эгүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалин 32,299,920 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж чадаагүй гэж тайлбарлажээ.

5.Шүүхийн шийдвэр анхан шатны хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гардаг. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг үнэлдэг. Ийнхүү үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхээр хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг тогтоогоогүй, хэргийн зохигчдоос ирүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа дурдалгүй зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг дурдан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлоогүй гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөн нэхэмжлэгч М.******* нь ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил эрхэлдэг талаар мэдүүлдэг боловч хэргийн зохигчдоос хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тодорхойлох ажилтны ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх нотлох баримт бүрдээгүй гэх үндэслэл болж байна.

6.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 148/ШШ2025/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 389,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Г.ДАВААРЕНЧИН