Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох 1821005660187 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ....... багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Ц.М. /РД: ................/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 6-13Б тоот байшинд хамтран амьдрагч Ж.Мөнхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 6-13Б тоот байшинд хамтран амьдрагч Ж.Мөнхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1821005660187 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед хамтран амьдрагч Ж.Мөнхцэцэгийн хамт 0.5 литрийн шилтэй архи хувааж уусан юм. Архи уугаад сууж байхад гэв гэнэтхэн миний нүүрийг маажчихсан. Тэгэхээр нь би түлхээд унагасан чинь цаашаа унахдаа ор мөргөөд уначихсан. Тэгтэл босч ирээд дахин нүүр маажих гээд байхаар нь “чамайг дахин маажих юм бол чинь чамайг зодно шүү” гэж хэлсэн чинь дахин маажих гээд дайраад байхаар нь зүүн хацар дээр нь маш хүчтэй алгадчихсан тэгтэл унахдаа нуруугаараа орны булан мөргөж унасан..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн гэртээ бэр Туяацэцэг, хамтран амьдрагч Ц.М нартай хоол хийж идээд 0.5 литрийн шилтэй архи хувааж уусан. Тэр үед миний гар утас руу танил эрэгтэй хүн залгахад М нь намайг эрэгтэй хүнтэй хардаж маргаан үүсгэж байгаад гараараа нүүр рүү 2 удаа цохиж шалан дээр унагаан хоолой боож нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Нэг сэрэхэд шалан дээр хэвтэж байсан. Хамаг бие хөндүүр болсон байсан. Ингээд босоод цагдаа дуудна гэхэд гараад явсан..., Би Улаанбаатар хотод ...хөлөндөө нэг удаа 15000 төгрөгөөр шарлага хийлгэсэн, аймагтаа ирээд бариа заслын эмнэлэгээр өдөрт нэг удаа 7 хоногт 2 удаа нийтдээ 14 удаа бариулсан. 360.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо М-с 4500.000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-25 дугаар хуудас/,

Гэрч Ч.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэг хашаанд амьдарч байгаа Мөнхцэцэгийн гэр рүү орсон чинь Мөнхцэцэг, хамт амьдардаг М нар байсан. Би нар 0.5 литрийн шилтэй архи хувааж уусан. Архи дууссаны дараа дахин нэг шил архи уусан бөгөөд архи ууж байхдаа тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Ц.М нь Мөнхцэцэгийн нүүр рүү цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 711 дугаартай:

     1. Ж.Мөнхцэцэгийн биед зүүн хацар, шанаа, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай:

     1. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Дорнод аймгийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №711 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Мөнхцэцэгийн биед зүүн хацар, шанаа, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

5. Дээрх зүүн хацар, шанаа, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалга, нурууны цус хуралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34, 39-40, 49, 52, 54-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.М нь өмнө нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд хэрэгт хавсаргасан Увс аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг нотлох баримтын хэмжээнд хуулбарлан баталгаажуулж ирүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.   

 

Эрүүгийн 1821005660187 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 6-13Б тоот байшинд хамтран амьдрагч Ж.Мөнхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхцэцэг /хх-ийн 18-25 дугаар хуудас/, гэрч Ч.Туяацэцэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 711 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ж.Мөнхцэцэг нь “...хөлөндөө нэг удаа 15000 төгрөгөөр шарлага хийлгэсэн, Дорнод аймагтаа ирээд бариа заслын эмнэлэгээр өдөрт нэг удаа, 7 хоногт 2 удаа нийтдээ 14 удаа бариулсан. 360.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо М-с 4500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч хохирогч нь шүүхэд эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Ц.М-с гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Ж.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Ж.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч хохирол нэхэмжилсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч  Ц.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ж.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.М-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.М-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч Ж.Мөнхцэцэг нь шүүгдэгч Ц.М-с гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН