Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2025/00012

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9,124,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч Б.*******гийн өмгөөлөгч С.Амартүвшин нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Гэм хорын хохирол болох 9,214,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулах

Монгол Улсын иргэн Б.******* миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-ны 02:40 цагийн үед өөрийн өмчлөлийн ******* УАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинтайгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-ийн урд зам дээр явж байхад ******* СЭҮ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж хурд хэтрүүлэн миний араас мөргөсний улмаас би машинтайгаа баруун талд байх байшингийн буланг мөргөж зогссон.

Одоо миний автомашинд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 8.220.000 төгрөгийн эвдрэл гарсан. Үнэлгээний зардалд 494.000 төгрөгийг төлсөн. Мөн эд ангийн оношилгоог Ино марк мастер ХХК-аар хийлгэж 115.000 төгрөгийн төлбөр төлсөн. СТМ мед ХХК-ийн Лазер мед эмнэлэгт толгойн компьютер томографын зураг авхуулсан төлбөр 120.000 төгрөг төлсөн. Ачилтын төлбөрт 60.000 төгрөг, журмын хашааны төлбөр 20.000 төгрөгийг төлсөн. Такси төлбөрт 20.000 төгрөг төлсөн. Миний бие энэ ослоос болоод нэг өдөр ажилдаа яваагүй тул нэг өрийн цалин болох 75.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Ингээд нийт 9.124.000 төгрөгийн хохирол бодит байдлаар учирч миний бие их хэмжээгээр хохироод байна. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн албанаас тухайн үед мөргөсөн Портер машиныг унаж явсан этгээдийг хуулийн дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ба миний бие тус тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигчээс хуульд заасан үндэслэлийн дагуу гэм хорын хохирлоо барагдуулахаар арга буюу тус шүүхэд хандаж байна. гэжээ.

Хариуцагч Б.******* хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний нэр дээр бүртгэлтэй ******* СЭҮ улсын дугаартай портер маркийн авто

машинаа 2022 оны 04 дүгээр сарын 15-нд угааж цэвэрлэж зарахад бэлдээд өг гэж өөрийн төрсөн ахад хариуцуулан үлдээсэн юм. Гэтэл нутгийн танил Б.******* гэж этгээд хонох газар байхгүй машиндаа хонуулчих гэж гуйж үлдээд түлхүүрийг эзний зөвшөөрөлгүй хулгайн замаар авч тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж явж зам тээврийн осол гаргасан. ******* тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явах үеэр миний машин дахиж асаж явах боломжгүй болтлоо гэмтсэн надад их хэмжээний хохирол учруулсан мөн *******ийн машинд тодорхой хэмжээний хохирол учруулсан байсан. Иймд уг зам тээврийн осол хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт 2201518 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа. Миний зүгээс ******* энэ бүх хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.******* хариу тайлбартаа:

Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 16-ны 02 цаг 40 минутын цагийн үед ******* СЭҮ улсын дугаартай Хьндай портер маркийн авто машин жолоодож осол гаргасан нь үнэн болно. Нэхэмжлэгчээс гаргасан 9,124,000 төгрөгийг миний бие төлнө. Б.******* нь энэ хэрэгт холбогдолгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.*******гээс 9,024,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.*******д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,934 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 159,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгож, ...шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Монгол Улсын иргэн Б.*******оос Б.*******, Б.******* нарт холбогдуулан "гэм хорын хохиролд 9.124.000 төгрөгийг гаргуулан авах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаартай тогтоолоор Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.*******гээс 9,024,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 0,000 төгрөгийг болон хариуцагч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг тус шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын -ны өдрийн шуудангаар хүргүүлснийг гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс хариуцагч Б.******* уг тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж олгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь тээврийн хэрэгслийг өөрөө Б.*******д шилжүүлэн өгөөгүй, өөрөө томилоогүй тул гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч болох Б.******* нь өөрийн төрсөн ах Б.*******т автомашинаа хариуцуулан өгсөн, харин Б.******* нь тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх, бусдад ашиглуулахгүй байх, авто осолд оруулахгүй байх арга хэмжээ аваагүй, харин ч Б.*******д машин дотор орж хоноглох, авто машин холбоотой асуудлыг шийдвэрлэх нөхцөл бололцоог хангаж зөвшөөрсөн байдаг.

Үүнээс шалтгаалан гэм хор учирсан тул хариуцагч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ байдалд анхан шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Үйл баримтаар Б.******* машиныг ашиглах боломж олгосон нөхцөл тогтоогдсон гэж үзэж байна.

Хариуцагч Б.******* нь хариуцан төлөх хохирлыг болон өөрт учирсан хохирлоо ч Б.*******гээс иргэний хэргийн журмаар шаардан авах эрхтэй.

2.Шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ч шүүх хуралдаанд гэм хорын хохирлын шаардлагын хэмжээг гэм хор учруулсан этгээдүүдээс шударга байх үүднээс хамтад нь татсан. Зөвхөн машин унаж осол гаргасан этгээд хариуцлага хүлээх биш ашиглах нөхцлийг бүрдүүлсэн тээврийн хэрэгслийг түүний түлхүүрийг бусдад өгч байгаа үеэс эхлэн хариуцлага хүлээх үндэслэл үүсэж байгааг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх нь Б.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж хамтран хариуцагчаар Б.*******г татсан. ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-д заасны дагуу Б.******* нь гэм хорын хохирлын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Б.******* уг авто машиныг түлхүүргүй, цоожтой байсан бол ашиглаж чадахгүй байсан. Б.******* уг машиныг цэвэрлэж байсан учраас авто машинд түлхүүр байсан учраас эзэмшиж, ашигласнаас болоод уг гэм хор учирсан. Гэм хортой холбоотой асуудлыг үндсэндээ тус дүүргийн шүүхэд шийдвэрлээд хариуцагчийг олж тогтоох, түдгэлзүүлэх ажиллагаа хийгдсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн хохирол барагдаагүй. Гэтэл хариуцагч Б.******* нь тухайн үедээ ахдаа өгсөн гэдэг болохоос би Б.*******д өгөөгүй гэх нь хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн Б.******* нь Б.******* болон түүний ахын гэр бүлд нь тус дэм үзүүлдэг, мод бэлтгэдэг, самранд явдаг гээд агуулгын хувьд хариуцагч Б.*******д хариуцуулахаар цаана нь жинхэнэ эзэд маань сул чөлөөтэй болж байгаа асуудал нь Улаанбаатар хотод хохирчихоод өнөөдрийг хүртэл Б.******* хохирогчид нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас хамтран хариуцагчаар Б.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв

Хариуцагч Б.*******гийн өмгөөлөгч С.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д зааснаар хариуцагч Б.******* хариуцах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл эзэмшил, хариуцагчийг зөв тодорхойлох хэрэгтэй. Б.******* өөрийн буруугаас машинаа өгч явуулаагүй. Үүнийг нэхэмжлэгч тал огт олж харахгүй байна. Өөрийн буруугаас тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулсан байх ёстой. Гэтэл хариуцагч Б.******* нь тухайн үед Б.*******г хараагүй, огт танихгүй. Огт хараагүй, танихгүй байгаа хүнд машинаа шилжүүлж өгөөгүй байхад нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлнө гэдэг нь ямар ч шалтгаант холбоо байхгүй. Тээврийн хэрэгслийг шилжүүлж өгчихсөн байсан тохиолдолд Б.******* эрүүгийн хэргийн журмаар шийдэгдэхгүй. Эрүүгийн хэргийн журмаар хэрэг шийдвэрлэгдээд тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах зүйл ангиар шийтгэгдсэн. Хэрвээ ******* болон Б.******* нар тээврийн хэрэгсэл өгчихсөн байсан бол өнөөдөр ял авахгүй байсан. Мэдэгдэхгүйгээр авч явснаар гэмт хэрэг тогтоогдоод ял шийтгэл авсан асуудал харагдаж байна. Түлхүүр өгсөн асуудал байхгүй. Гэрээс нь түлхүүрийг нь аваад машиныг нь унаад явсан асуудал байгаа. Б.*******тай холбож тайлбарлаад, Б.*******гаас мөнгөө нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд би төлнө гэдэг. Тэгэхээр нэхэмжлэл хангагдчихсан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ******* дүүргийн 20 дугаар хороо С.Шаравын гудамж ******* байр ******* тоотод оршин суугч Б.******* нь Сэлэнгэ аймаг сумын 1 дүгээр баг дугаар гудамж тоотод оршин суугч Б.*******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хор уршиг 9,124,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар Б.*******г татан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч татан оролцуулаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 9,024,000 төгрөгийг Б.*******гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 0,000 төгрөгийн шаардлага болоод Б.*******д холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн ...Гэм хорын хохирлыг Б.******* бүрэн хариуцах учиртай. Б.******* болон түүний ах Б.******* нар Б.*******г машиныг ашиглах бололцоо олгоогүй бол хохирол учрахгүй байсан. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Б.*******гаас гаргуулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Хариуцагч Б.*******гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хамтран хариуцагч Б.******* 2022 оны 04 дүгээр сарын 16-ны шөнийн 02 цаг 45 минутын орчимд унаж явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөнд хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон хамтран хариуцагч Б.******* гэм буруутайд тооцогдож Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 19-ний өдрийн тоот шийтгэх тогтоол гарсан нь хүчин төгөлдөр үйлчилж, Б.******* гэм буруугийн талаар маргаангүй байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүрэг-ийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн өөрт нь учирсан хохирол хор уршгийг арилгах буюу авто машинд учирсан хохирол 8,220,000 төгрөг, үнэлгээний зардал 494,000 төгрөг, эд ангийн оношлогооны зардал 115,000 төгрөг, нэхэмжлэгчийн эмнэлэгт толгойн оношлогоо хийлгэсний зардал 120,000 төгрөг, ослын улмаас 1 өдрийн цалингаа авч чадаагүй хохирол 75,000 төгрөг нийт 9,024,000 төгрөгийн болон бусад баримтуудад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж 9,024,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, машин ачилтын төлбөр 60,000 төгрөг, журмын хашааны төлбөр 20,000 төгрөг, таксины төлбөр 20,000 төгрөг нийт 0,000 төгрөгт холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

7.Харин хэргийн үндсэн хариуцагчаар татагдсан Б.*******д холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй буруутгах боломжгүй байна.

Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж,

499.3-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан.

Хариуцагч Б.******* өөрийн өмчлөлийн ******* СЭҮ улсын дугаар бүхий хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу аваачиж өөрийн ах Б.*******т хүлээлгэн өгч, ах нь Б.*******гийн гуйлтаар өөрийн дүүгийн машины бүхээгт хоноглохыг зөвшөөрсөн ба харин тээврийн хэрэгслийн түлхүүрийг Б.******* сэм аргаар авч яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт нотлогдож, тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

Иймд Б.*******гийн дээрх гэм буруутай үйлдэл гарахад хамтран хариуцагч Б.*******гийн гэм буруутай байдал буюу өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон үйл баримт тогтоогдоогүй учраас түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00013 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 160.734 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.ЭРДЭНЭХИШИГ