Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х-д холбогдох эрүүгийн 1921004400211 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Х. /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 51 дүгээр байрны 19 тоотод гэртээ эхнэр О.Болортунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 51 дүгээр байрны 19 тоотод гэртээ эхнэр О.Болортунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921004400211 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Х-ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр маань гэртээ байхгүй байхаар нь охиноосоо асуусан чинь “ээж хүний хумс будна, 6 сарын 01-ний баярын ширээний юм бэлдэнэ гээд гарсан” гэж хэлсэн. Тэр цагаас хойш гэртээ ирэхгүй, сураггүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай эхнэр гэртээ согтуу орж ирээд хувцасаа авна гээд ариун цэврийн өрөөнөөс өөрийнхөө нүүрний будагтай цүнхээ авч гараад удалгүй 2-3 минутын дараа эргэж орж ирээд цүнхэндээ хувцасаа хийж байхад нь би гэрээсээ түрүүлж гараад ямар хүмүүстэй явж байгааг нь харах гээд гадагш гараад харахад хүн байгаагүй. Тэгээд би гэр рүүгээ орох гээд явж байхад 2 давхарын шатан дээр эхнэртэйгээ таараад “архи байнга ууж гэр орондоо ч ирэхгүй, үр хүүхдээ орхиод  өчнөөн хоног хаагуур явж байгаад ирж байгаа юм, энд тэндгүй өр тавих юм” гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Болортунгалаг байрнаас гадагш гарахаар нь араас нь “хаашаа явах гэж байгаа юм” гэхэд  “чамд хамаагүй” гэж хариулахаар нь уурандаа дахин нүүрэн тус газар нь цохисон... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

            Хохирогч О.Болортунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед найз Оюунчимэг, Буйрмагнай, Ягаанцэцэг, Мөнгөө гэх найз нартайгаа уулзаад ...орой 22 цагийн үед Хананбулаг паб орж, 0,75 литрийн “Евок” архи, мөн тус бүр 2 шил “Сэнгүр” пиво авч ууцгаасан. Тухайн үед нөхөр Х-д найз нартайгаа явж байгааг хэлэхэд “гэртээ ирвэл ална шүү, тэр чигтээ зайлаарай” гэсэн. ...шөнө 00 цагийн орчимд гэртээ очоод 10-20 минут хаалга тогшиж байж тавиулаад гэртээ ороход миний уруул руу гараараа цохихоор нь зугтаад буцаж орж, хувцас хунараа аваад Улаанбаатар хот руу гэр рүүгээ явъя гэж бодоод хувцасаа аваад 3 давхарт явж байхад араас ирэнгүүтээ “ингээд салаарай” гээд цээж рүү цохиод баруун нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаартай:

     1. О.Болортунгалагийн биед хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 35 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Болортунгалаг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921004400211 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 51 дүгээр байрны 19 тоотод гэртээ эхнэр О.Болортунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Х-ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Болортунгалаг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээч шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Х нь хохирогч О.Болортунгалагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Х-н ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Х-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН