Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 124/2019/0004/З |
Дугаар | 221/МА2020/0076 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0076
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2020/0076 | Улаанбаатар хот |
Х.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Н, өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч О.М нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Х.Н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд “Х У” ХХК-ийн нэр дээр давхардуулан бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Х У” ХХК-д олгосон 312 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 0000000000 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Н давж заалдах гомдолдоо: “2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Х У” ХК-ийн захирал Б.Н нийт 10 ширхэг байшин, агуулахыг компанийнхаа нэр дээр анх удаа бүртгүүлж, баталгаажуулахаар мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тус 10 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүртгэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 000000000 тоот гэрчилгээ олгосон байдаг. Эдгээр хөрөнгө дотор лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий барилга багтаж, бүртгэгдэн баталгаажсан байна. Учир нь нэхэмжлэгч Х.Н 2004 онд бүртгүүлсэн 3 давхар нийт 2700 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд маргаж буй лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө багтаж байсан эсэхийг сайтар нягтлан шалгаж, хэргийг шийдвэрлэх байтал үүнийг нягтлан шалгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, 3 давхар үл хөдлөх хөрөнгө нь конторын зориулалттай байсан, харин маргаж буй 312 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь лабораторийн зориулалттай байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө байсан байна гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд болох “Х У” ХК-ийн захирал Б.Н 312 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо баттай нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байх ба нэхэмжлэгч нь давхцаж бүртгэл хийсэн гэж маргаж байгаа тохиолдолд хэн нь хууль ёсны өмчлөгч байх нь чухал гэхээсээ илүү яагаад давхцуулж бүртгэл хийх болсон үндэслэл шалтгааныг тодруулах ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс давхцуулан олгосон “Х У” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэр илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Сонсох ажиллагаа” болон урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага нь босоо удирдлагатай бөгөөд бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор байхад шүүхээс уг нэхэмжлэлд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байх ба нотлох баримт хангалттай цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн мөн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шинээр томилогдсон байхад уг төлөөллийг хуралд оролцуулаагүй нь нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 00 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Х.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч уг барилга хэний эзэмшлийн болох, урьд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж байсан эсэх, хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг судалж үзэлгүй миний өмчлөлийн эд хөрөнгийг бусдын нэр дээр давхар бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус” гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
“И б У” ХХК-ийн 2004 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тус компанийн конторын зориулалттай ашиглагдахгүй байгаа 3 давхар байшинг гүйцэтгэх захирал Х.Н хувьцааны оронд олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Х.Н нь 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Увс аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 0000000 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэгдсэн Увс аймгийн Улаангом 3-р баг, 60x15 хэмжээтэй, 3 давхар, хуучин “И б” ХХК-ийн конторын барилгын хууль ёсны өмчлөгч болж, улмаар 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 900 м.кв газрыг албан конторын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.
“Х У” ХК-ийн захирал Б.Н 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Итгэлт барааны захын урд байрлах /барилгын материал үйлдвэрлэл/ лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий барилгыг эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт өмчлөгчөөр бүртгүүлж, 0000000 тоот гэрчилгээ авсан нь нэхэмжлэгч Х.Н дээрх хөрөнгөтэй давхардсан болох нь Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/78 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлах ёстой.
Мэдүүлэг гаргагч Б.Н нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгтээ компанийн дүрэм, гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, 2012 оны компанийн эд хөрөнгийн тооллогын баримт, обьектийн фото зургийг хавсаргаснаас үзвэл эдгээр баримтуудаар “Х У” ХХК-ийг маргаан бүхий лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий барилгын өмчлөгч болох нь нотлогдоогүй, мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, өөрөөр хэлбэл тус компани тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бий болсон талаарх баримтыг хавсаргаагүй байхад улсын бүртгэгч холбогдох нотлох баримтыг үндэслэж, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Тодруулбал, “Х У” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байршилтай 3 давхар конторын барилгын 1 давхрын 312 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар мэдүүлгийг хүлээх авахаас татгалзах байжээ.
Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.Н Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг /хуучнаар 3-р баг/-т байршилтай 2700 м.кв талбай бүхий /60x15/ хэмжээтэй 3 давхар барилгын нэг давхарын 312 м.кв талбай бүхий хэсгийг “Х У” ХХК-ийн өмчлөлд давхардуулан бүртгэсэн нь тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Х У” ХХК-ийн захирал Б.Н 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төмөр бетон эдлэлийн цех зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг компанийнхаа нэр дээр анх удаа бүртгүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хөрөнгө тус бүр дээр гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 10 ширхэг үл хөдлөх хөрөнгийг тус компанийн нэр дээр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 00000000 тоот гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч Х.Н өмчлөлийн Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхардуулан олгосон улсын бүртгэгчийн үйл ажиллагаа хууль бус байх тул гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтуудтай нийцсэн байна.
Түүнчлэн “Х У” ХХК-ийн лабораторийн барилга бол анх баригдах үеэс “И б” ХК-ийн конторын барилгаас төмөр бетон ханаар тусгаарлагдсан, тусдаа гарц, орцтой барилгын материалын лабораторийн зориулалтаар баригдсан гэдэг нь талуудын тайлбар шүүхээс хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа уг тайлбарыг нь үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН