Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0037/З |
Дугаар | 001/ХТ2024/0104 |
Огноо | 2024-10-28 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/0104
“ГК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн яам, тус яамны Худалдан авах ажиллагааны
улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0211 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2024/0372 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Ч.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Т.Э нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 333 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч “ГК” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт 62 дугаар сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 31-нд дуусах байсан боловч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийтдээ 3 удаа сунгасан байна. Гэрээний төсөвт өртөг 2,418,410,370 төгрөг байсан, 2019 онд гэрээг сунгахдаа гэрээний дүн 5,934,010,370 төгрөг болгож нэмсэн, 2023 онд гэрээ дүгнэсэн актаар “олгосон санхүүжилтийн дүн 5,340,609,333 төгрөг, 90%-тай байна. Үлдэгдэл 593,401,037 төгрөгийг олгоогүй. Барилгын ажил 85%-тай зогссон” гэсэн, улмаар “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “... Төсөвт өртөг нэмэгдсэн, үлдэгдэл санхүүжилт өгвөл барилгыг бүрэн дуусгах боломжтой, ковид цар тахал нөлөөлсөн” гэж, хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас “... Анх тендерт оролцохдоо хугацаандаа барилга барина, чадна гэж ороод хугацаандаа барилга бариагүй, нэхэмжлэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалж барилгын ажил удааширсан”, хариуцагч Сангийн яамнаас “гэрээний үүргээ зөрчсөн талаарх байцаагчийн дүгнэлт гарсан, тендерт орох эрхийг хязгаарлуулсан этгээдэд бүртгэсэн” гэж тус тус маргасан.
4.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
4.2.харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарладаг “гэрээг цуцалсан асуудал нь талуудын хоорондын байгуулсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлөөр зохицуулагдах хувийн эрх зүйн шинжтэй асуудал” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, ... “нийтийн эрх зүйн маргааныг” шийдвэрлэдэг шүүх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалснаас үүсэх хувийн эрх зүйн харилцааны шинжтэй үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй, харин нэхэмжлэгч нь энэ талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
4.3.Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас гаргасан санал буюу маргаан бүхий энэ тохиолдолд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 32 дугаартай дүгнэлт буюу нэхэмжлэгч “ГК” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тогтоосон дүгнэлт нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шууд үндэслэл болохоор байна.
5.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагааг хариуцагчаас хангалттай хийгээгүй байхад зөвхөн Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 1/3093 дугаар албан бичгээр “тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хангалттай бус, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.
5.2.дутуу ажлын гүйцэтгэл зогссон шалтгаан, тухайлбал Ковид 19 цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаа алдахад хүргэсэн эсэх, мөн нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсанчлан цар тахлын улмаас бараа материал, тээврийн зардлын үнэ тооцоолсноос хэд дахин өссөн, хөл хорионы улмаас нийлүүлэлт саатсан зэргээс гадна санхүүжилт цаг тухайдаа бүрэн хийгдээгүй нь гэрээний гүйцэтгэлд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар авагдаагүй байна.
5.3.төсөвлөсөн санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдээгүйгээс барилгын ажил зогссон уу, эсхүл Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 1/3093 дугаар албан бичгийн хавсралтад дурдсанчлан гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ажил удааширч, гэрээний хугацаанд хүлээлгэн өгөөгүй юу гэдгийг дахин шалгаж, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дүгнэлт гаргах шаардлагатай.
6.Хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
6.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0323 дугаар шийдвэртэй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0386 дугаар магадлалтай, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгтэй энэ маргаан ижил төстэй бөгөөд шүүхүүд өөр өөрөөр шийдвэрлэсэн.
6.2.Эрх зүйн шинэ хэрэглээ, хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой, маргаан бүхий акт болон тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөхөө больсон ба худалдан авах ажиллагааны улсын байцаагч хүчин төгөлдөр бус болсон хуулийн зүйл, заалтын дагуу дахин хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах боломжгүй тул шинэчилсэн хуулийн дагуу шалгалт хийж болох эсэх, хяналт шалгалт хийх хуулийн үндэслэлийн шинэчилсэн найруулга хуулийн 56.5 дахь хэсэг болгож болох эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй.
7.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005) 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийг сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай, энэ тохиолдолд улсын байцаагчаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд нэхэмжлэгч хуулийг этгээдийг бүртгэхдээ бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн шалгаж, холбогдох баримтыг цуглуулаагүй байна.
10.Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гэрээний үүрэг биелэгдээгүй, барилга бүрэн гүйцэд баригдаагүй шалтгааныг “санхүүжилтээ цаг тухайд нь авч чадаагүй” гэж тайлбарласан, захиргааны байгууллагаас маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа барилгын ажлын санхүүжилтийг хэзээ, хэдэн сарын хэдний дотор нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байсан, үүнээс хэдэн төгрөгийг хугацаа хэтрүүлж шилжүүлсэн, эсхүл хугацаандаа шилжүүлснийг шалгаж тодруулаагүй, холбогдох баримт байхгүй, ийнхүү дутуу шалгасан байхад маргааныг эцэслэн шийдэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, давж заалдах шатны шүүхийн “... санхүүжилт цаг тухайдаа бүрэн хийгдээгүй нь гэрээний гүйцэтгэлд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй” гэх дүгнэлт зөв болжээ.
11.Хэрэгт авагдсан Боловсрол, шинжлэх ухаан яамны цахим хуудаст[1] “2018 онд 900.0 сая төгрөгийн санхүүжилт, 2019 оны 2,800.0 сая төгрөгийн санхүүжилт тус тус тусгагдаж тухайн онуудад санхүүжилтийг бүрэн авсан. 2020 оны төсөвт 2,815.6 сая төгрөгийн санхүүжилт тусгагдаж, 1,640.6 сая төгрөгийн санхүүжилт авч гэрээний дүнгийн зөрүү 593.4 сая төгрөг, төсөвт өртгийн зөрүү 1,175.0 сая төгрөг татуулсан. 2021 оны Улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй. 2020 онд татуулсан санхүүжилт 1,175.0 сая төгрөгийн төсөвт суулгаж, магадлалын нэгдсэн дүгнэлтээр батлагдсан 6,515.6 сая төгрөгт багтаан гэрээний зөрүү болох 581,6 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай” гэсэн мэдээлэл байршуулснаас үзэхэд 1,175.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон эсэх, хэдэн сарын хэдэнд олгох байсан, 2021 онд улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй шалтгаан, энэ нь барилгын ажилд нөлөөлсөн эсэхийг нэмж тодруулах шаардлагатай юм.
12.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1а/4124 дүгээр албан бичигт зааснаар “ГК” ХХК-ийн ажлын явц 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 85%-тай байсан бол 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар[2] ажлын явц 85%-тай, зогссон байдалтай байсан буюу 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэмж барилгын ажил хийгээгүй байсан нь тогтоогдож байна. Ийнхүү нэмж барилгын ажил хийгээгүй шалтгаан нь санхүүжилтээс эсхүл нэхэмжлэгч хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.
13.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0323 дугаар шийдвэртэй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0386 дугаар магадлалтай, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс “... анх байгуулсан гэрээ болон хугацааг 2 удаа сунгасан нэмэлт гэрээнүүдийн хугацаа, гүйцэтгэсэн барилга байгууламжийн фото зураг, гүйцэтгэх ажлын цар хэмжээ болон гэрээний хугацаа зэргээс үзэхэд цар тахал гарсантай холбоотой удаа дараа хугацааг сунгаж нэхэмжлэгчид боломж олгосон байхад 2 удаа гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
14.“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн үйл баримт нь энэхүү маргаанаас өөр буюу санхүүжилтээ хугацаанд нь олгосон эсэх тухай маргаагүй байх тул шүүхийг ижил төстэй маргааныг өөр өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
15.Өөрөөр хэлбэл, эдгээр хэргүүд нь “гэрээний хугацааг захиргааны байгууллагын зөвшөөрлөөр удаа дараа сунгасан” үйл баримт адилхан байгаа боловч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт “... байнгын ашиглалтад хүлээн авах ажлын хэсгийн хурлаас гаргасан үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэх, зураг төслөөс өөр эсэх, авто пүүний түвшинг тэгш болгох, замын өргөтгөлийн ажлыг гүйцээх зэрэг ажлыг хийсэн” эсэхэд маргасан бол энэхүү хэрэгт өөр үндэслэлээр буюу “санхүүжилт хугацаандаа олгоогүйгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон” эсэхэд маргасан, үйл баримтын хувьд ялгаатай байна.
16.Хариуцагчийн өмгөөлөгчийн “худалдан авах ажиллагааны улсын байцаагч хүчин төгөлдөр биш болсон хуулийн зүйл, заалтын дагуу дахин хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах боломжгүй тул шинэчилсэн хуулийн дагуу шалгалт хийж болох эсэх, хяналт шалгалт хийх хуулийн үндэслэлийн шинэчилсэн найруулга хуулийн 56.5 дахь хэсэг болгож болох эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй” гэх гомдлын тухайд:
17.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай дүгнэлт гарсан тул 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх бөгөөд 2023 оны шинэчилсэн найруулгаар хяналт шалгалттай холбоотой зарчмын зөрүүтэй өөрчлөлт ороогүй, агуулга адил байгаа тохиолдолд тодорхойгүй байдал үүсэхгүй, шүүхийн шийдвэрт дурдсан нэмж тодруулах ажиллагааг бүрэн гүйцэтгэсний эцэст нэхэмжлэгч хуулийн этгээдийг “гэрээний үүргээ биелүүлсэн” эсэхийг дүгнэх байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой юм.
18.Анхан шатны шүүхийн “... нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг шүүх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалснаас үүсэх хувийн эрх зүйн харилцааны шинжтэй үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй, харин нэхэмжлэгч нь энэ талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэх дүгнэлт нь буруу, маргааны үйл баримтад шууд хамааралгүй байна.
19.Учир нь энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ өөрийн буруугаас шалтгаалж биелүүлээгүй болохыг тогтоох, энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх бөгөөд гэрээг цуцлах эсэх, мөнгө нэхэмжлэх эсэх нь маргааны үйл баримтад хамааралгүй, гэрээний үр дагаврыг шийдвэрлэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актууд гараагүй болно.
20.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2024/0372 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ