Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00148

 

 

 

 

 

 

 

 

                                   М.Батдоржийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Батдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Өлзийбаярт холбогдох

“2.500.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Өлзийбаярын 5.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Батдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Батдорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Хариуцагч Б.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сард би торх зарах гээд явж байхад Өлзийбаяр таараад надаас торх авах болж бид 8 сая төгрөгөөр тохирч урьдчилгаа 4 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Дараа нь 500.000 төгрөгийг мөн дансанд шилжүүлсэн. 2014 оны 4 сард Өлзийбаярын ах нь 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг торхоо өрж дуусгаад ав гэсэн боловч торх бэлэн болгоод үлдэгдэл 2.500.000 төгрөгөө авах гэтэл одоо болтол өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Тухайн үед би өөрийн ажилчидаараа торхыг өрүүлсэн. Би олон жил торхны наймаа хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Би Өлзийбаярт чи голж байгаа бол манай хашаанд очоод үзэж байгаад өөр торхоор солиод ав гэхэд Өлзийбаяр хэрэггүй энэ торхоо л авъя гэсэн. Түүнээс хойш Өлзийбаяраас үлдэгдэл мөнгөө авахаар утсаар залгахад утсаа авахгүй, сүүлдээ утасны дугаараа сольсон байсан. Би өөрөө ажил дээр нь очиж утасны дугаарыг нь авч залгаад мөнгөө өгөхгүй бол шүүхэд өгнө шүү гэхэд битгий өгөөрэй, би удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байхаар нь шүүхэд хандсан. Одоо үлдэгдэл 2.500.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Өлзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Батдоржтой анх амаар тохирч 8x10 хэмжээтэй торхыг 8.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Гэтэл Батдорж уг байшингийн торхыг 2013 оны 9 дүгээр сард барьж дуусгасан гэх боловч уг байшин хэрэгцээний шаардлага хангаагүй, чанарын хувьд тэнцээгүй, гологдол ихтэй байсан. Тэр үед би Батдоржид өрлөг муу явагдаж байна шүү, хэлсэн үнэ хөлсөндөө тохирохгүй байна шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Батдорж торхонд дахин засвар үйлчилгээ хийгээд торхоо хүлээлгэж өгнө гэсэн. Тиймээс урьдчилгаанаас гадна дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь 2013 оны 10 сард 500.000 төгрөг өгсөн. Мөн 2014 онд ахаасаа 1.000.000 төгрөг авч өгсөн. Торхоо барьж өгсний дараа үлдэгдэл мөнгөө авна гэсэн. Одоо байгаа торхыг засаж янзлаад өгвөл эвлэрэх боломжтой байна. Надаас нэхэмжилж байгаа 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Өлзийбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 7 дугаар сард Батдоржтой амаар тохирч 8x10 хэмжээтэй торх бариулахаар 8.000.000 төгрөгөөр тохирч байшингийн үнэ, хөлсөнд тухайн үед Батдоржид дансаар 4.500.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Гэтэл уг байшингийн торх нь чанаргүй хийгдсэн, байшингийн материал дутуу байдлаар хийж хэрэгцээг хангахуйц болоогүй байсан. Батдорж нь байшингийн модыг гүйцээж хийнэ, мөн чанартай барьж хүлээлгэж өгнө гэх зэргээр намайг хуурч 5.500.000 төгрөг авч намайг хохироож байна. Одоо торхыг нь буцааж өгөөд өөрийн өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Иймд Батдоржоос 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1,349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батдоржийн хариуцагч Б.Өлзийбаяраас 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,355 дугаар зүйлийн 355.1,225 дугаар зүйлийн 225.1,205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Батдоржоос 5.500.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Өлзийбаярт олгож, хариуцагч Б.Өлзийбаяраас 8x10 харьцаатай дүнзэн торх гаргуулан нэхэмжлэгч М.Батдоржид олгож харилцан буцаалт хийж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Батдоржоос 102.950 төгрөг гаргуулан Б.Өлзийбаярт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Батдорж давж заалдсан гомдолдоо: Шүүх миний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч миний шүүх хуралд шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүлээн аваагүй тухайн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай санал гаргасан, мөн шүүх хуралдааны явцад хариуцагч ямар ч үндэслэлгүй худал ярьж гүтгэж байсан тул гэрч оролцуулах хэрэгтэй гээд хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүй үл тоож шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлсэн нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч баримтаар нотолж чадаагүй байхад нотлох баримтын шаардлага хангаагүй хэд хэдэн төрлийн үнэлгээ хийх эрхгүй байгууллагын зөрүүтэй тайлбаруудаар бодит хохирлыг тооцон гаргах боломжгүй байхад түүнийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд ИХШХШТХ-ийн 111 дүгээр зүйлийн 111.2 зааснаар шинжээчид асуулт тавьж болно гэсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөнөөр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус үндэслэлгүй болохыг нотлох боломжыг минь зөрчсөн юм.

Хариуцагч нь намайг шүүхэд хандахаас өмнө түүний шаардах эрхээ дуусгавар болж шаардах эрхээ алдсан байсан. Хариуцагч надад торхийг хүлээлгэж өгсөн байхад мөнгө өгөхгүй намайг маш их чирэгдүүлж хохироосон юм.

Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142\ШШ2016\00747 тоот шийдвэрийг хүчингүй болгож,  анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Батдорж ажлын хөлс 2.500.000 төгрөгийг хариуцагч Б.Өлзийбаяраас гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч торхны үнэ 5.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батдоржийн хариуцагч Б.Өлзийбаяраас 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Батдоржоос 5.500.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Өлзийбаярт олгож, хариуцагч Б.Өлзийбаяраас 8x10 харьцаатай дүнзэн торхыг нэхэмжлэгч М.Батдоржид олгож харилцан буцаалт хийлгэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Өлзийбаяр байшингийн торх нь гологдол ихтэй, шаардлага хангаагүй дүнзээр хийснээс чанаргүй хийгдсэн, тохирсон хэмжээнээс дутуу өрөгдсөн, нэхэмжлэгч байшингийн модыг гүйцээж барьж өгнө гэж хэлсэн атлаа гүйцээж өгөөгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2013 оны 7 дугаар сард нэхэмжлэгч М.Батдорж хариуцагчийн зааж өгсөн газарт 8х10 харьцаатай мансерттай байшингийн торх өрж өгөх, хариуцагч Б.Өлзийбаяр 8.000.000 төгрөг /торхны үнэ, ажлын хөлс хамт тооцогдсон/ төлөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч нэхэмжлэгчид 5.500.000 төгрөгийг бэлэн, бэлэн бусаар шилжүүлж өгсөн болох нь зохигчдын гаргасан тайлбараар батлагдсан ба энэ талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар торхыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй хариуцагч торх чанарын шаардлага хангахгүй байсны улмаас хүлээж аваагүй гэрээнээс татгалзсан болох тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Батдорж нь хариуцагчийн зааж өгсөн газарт, түүний захиалсан хэмжээгээр байшингийн торхийг тухайн цаг хугацаанд буюу 2013 оны 9 дүгээр сард өрж дуусгасан ба тухайн үед хариуцагч Өлзийбаяр нь торхны чанар байдал, доголдлын  талаар мэдэх боломжтой байсан ч тэрээр Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн талууд байшин барихад хэрэглэгдэх дүнзний тоо, өргөний хэмжээ, чанарын талаар тодорхой зааж тохиролцоогүй ба нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангахуйц дүнзээр хариуцагчийн захиалсан 8х10 харьцаатай, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой байшингийн торхыг барьж өгсөн болох хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдаж нотлогдсон. 

Хариуцагч Өлзийбаяр нэхэмжлэгчтэй өөрийн зардлаар байшингийн доголдлыг арилгуулахаар тохирч улмаар 2014 оны 4 дүгээр сард 1.0 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч торхыг хүлээн аваагүй болохоо нотолж чадаагүй ба нэхэмжлэгч Батдоржид 8.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсоноос 5.500.000 төгрөгийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл 2500000 төгрөгийг төлөөгүй байна.

Харин нэхэмжлэгч М.Батдоржийн барьсан торхны чанар байдал муудаж, доголдол үүсэх болсон гол шалтгаан нь торхны дээврийг цаг хугацаанд тавиагүйн улмаас даралтыг зөв жигд өгөөгүйгээс гажилт үүсэж дээд талын 3-4 дүгээр үе мушгирч хатсан, торхыг өрөхдөө том жижгээр хамаагүй өрснөөс торхны байдал гадагшаа цүлхийсэн зэрэг шалтгаанаар торхны чанар байдал муудаж, доголдолтой болсон, торхны үнэ буурсан болох нь хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЕНДС ХХКомпаний Орхон салбарын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн № Ш/16/7 тоот шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал үүсэхэд хариуцагч, нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, торхыг дахин засч сайжруулах шаардлагатай болох нь №Ш/16/7 тоот шинжээчийн дүгнэлт, зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Батдоржийн гаргасан үлдэгдэл 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас торхыг засч сайжруулахад гарах  зардал 1.500.000 төгрөг /хх-ийн 155, 156 тал/-ийг хасч зөрүү 1.000.000 төгрөгийг хариуцагч Өлзийбаяраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Өлзийбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Өлзийбаяр нь байшингийн торх өрүүлэх буюу ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэгч М.Батдоржийг хариуцагчийн захиалгаар байшингийн торх өрөх ажлыг хийж гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй торх өрсний улмаас дахин засаж засварлахаар хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд үр дүн гараагүй тул хариуцагч гэрээнээс татгалзсан байна гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч М.Батдоржийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдэл гаргасан эсхүл хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагчийн гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдсон ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Батдорж нь байшингийн торхыг чанарын шаардлага хангахгүй дүнзээр өрсөн, торхыг засах нэмэлт хугацаа тогтоосон боловч доголдлыг арилгаагүй зэргээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн болох нь нотлогдоогүй байхад хариуцагч Өлзийбаяр  ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах боломжгүй юм.

Хариуцагч Б.Өлзийбаяр нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсгүүдэд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна гэрээнээс татгалзсанаа нотолж чадаагүй тул торхыг буцааж өгч, нэхэмжлэгч М.Батдоржид өгсөн 5.500.000 төгрөгийг шаардах эрх хуулиар үүсэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар хариуцагч Б.Өлзийбаяраас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Батдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2.Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.3-д зааснаар Б.Өлзийбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

3.Шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Батдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийбаяраас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Батдоржид олгож, хариуцагч Б.Өлзийбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн   59.3-т зааснаар нэхэмжлэгч М.Батдоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  М.ХҮРЭЛБААТАР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ