Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 28

 


 

Ш.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 307 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Ш.Мад холбогдох 2218001160233 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, М.

 

Ш.М нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас зөвшөөрөлгүй 32 ширхэг, 1.2 м.куб нарс мод бэлтгэж, ... улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 202.386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Мад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 ширхэг, 1.2 метр куб нарс мод, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд Ш.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай юм шиг, эсвэл гэмт хэрэг үйлдээгүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг уншсан ямар ч хүн эргэлзэхээр ойлгомжгүй 2 салаа утгатай болсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг 2 салаа утгатай ойлгомжгүй болсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан үйлдлийг Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний 215 дугаар тогтоолоор амьдрах чадваргүй унасан мод, гишүү авах нь мод бэлтгэх тухайн ойлголтод хамаарахгүй байхаар тайлбарласныг харгалзан шийдвэрлэсэн. Түүнчлэн “салаалж ургасан, амьдрах чадваргүй, нэг талын мөчир модыг тайрсан нь байгаль экологид хор хохирол учруулаагүй, түлээний мод бэлтгэсэн нь байгаль экологид хор хөнөөл учирсан зүйлгүй” гэж хохирогчийн төлөөлөгч Б.Т анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр мэдүүлсэн. Мөн Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлт зэргээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хамааралгүй буюу анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болохыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа байх бөгөөд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар зохицуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас зөвшөөрөлгүй 2 ширхэг нарс мод бэлтгэж, ... улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 202.386 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Гэвч Ш.Мын тайрсан амьдрах чадваргүй 2 нарс модны шинж байдал, түүнд гаргасан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтэд саад учруулсан хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл үгүйсгэгдэж байна. Энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Иймд анхан шатны шүүх Ш.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэснээс гадна давж заалдах шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

“Түлээгүй болсон” гэх шалтгаанаар улсын тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй “Моностойн гол” гэх газраас ургах чадваргүй болсон 2 ширхэг хуурай нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр тайрч, 1.2 метр куб мод бэлтгэсэн, улмаар хүүгийнхээ эзэмшлийн .... дугаартай “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 202.386 төгрөгийн хохирол учруулсан Ш.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан учир гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.   

 

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү цагаатгах тогтоолыг прокурорын эсэргүүцлээр хянан магадлаж хүчингүй болгохдоо хуулийн хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээж хэрэглэсэн явдал нь хууль хэрэглээний ноцтой алдаа мөн болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогддог нь хууль хэрэглээний хэвшиж тогтсон жишиг юм.    

 

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг, тодруулбал “... хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн агуулга бүхий 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг мөн оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна.

 

Гэтэл Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Ш.Мад холбогдох хэргийг хуулиар олгогдсон эрхийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” хэмээн хэрэглэх ёсгүй буюу хуулиар хүчингүй болгосон хуулийг хэрэглэжээ.

 

Иймд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “... Ш.Мын үйлдэлд эрх зүйн бусад зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн цагаатгагдсан этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан дагуу 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 307 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Ш.М түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

    ШҮҮГЧ                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                     Б.ЦОГТ

                                                                                     

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН