Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямаагийн Баярхүү |
Хэргийн индекс | 155/2024/01125/И |
Дугаар | 225/МА2025/00012 |
Огноо | 2025-02-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 225/МА2025/00012
2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 225/МА2025/00012 |
Ю.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2025/00013 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ю.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эт холбогдох
Гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь миний бие 000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуваарийн дагуу гэртээ амарч байтал ажлаас яаралтай ирэх шаардлагатай байна гээд дуудаад байхаар нь яваад очтол байгууллагын удирдлага болох Г.О захирал ...чи ажлын цагаар архи уусан байна... иргэнээс Т даргад гомдол мэдээлэл ирсэн байна... чамд хариуцлага тооцно... гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь ямар шалтгааны улмаас ийнхүү гүтгэлэгт оров гэж бодоод тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т руу утсаар холбогдон ...юу болоод байна... гэж асуухад ...юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, ямар иргэний гомдол...би тийм юмыг өөрөөс чинь л сонсож байна... гэсэн зүйл ярихаар нь тайвширсан. Гэхдээ О захиралд намайг ийнхүү хардах шалтаг, шалтгаан байсан байх. Учир нь миний бие 000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цусны хүндэт донор гэдэг эрхэм хүндтэй шагналыг Аймгийн Засаг даргаас хүлээн авсан бөгөөд байгууллага, хамт олны төлөөлөл баяр хүргэж, хүндэтгэл ёслолын хундага тулгацгаасан нь үнэн. Маргааш нь миний амралтын хуваарьт цаг байсан учир ойр дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэсэн нь үнэн. Хэдий тийм боловч 000 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн даваа гарагийн өглөө ээлж солилцож, ажил хүлээн авах ёстой гэдгээ ухамсарлаж урьд өдөр нь архи, согтууруулах зүйлийг огт хэрэглээгүй. 17-ны өдөр ажилдаа 24 цаг гарч 18-ны өглөө бууж амраад 19-ний өдөр хуралтай гэхээр нь очиход удирдлагын багийнхан бүгд суучихсан ийм асуудал болсон, чамайг согтуу явсан гэж эмчилгээ хийлгэсэн иргэнээс мэдээлэл ирсэн гэхээр нь би тийм зүйл байхгүй, би уугаагүй, харин өмнөх өдөр нь архи уусан гэж хэлсэн. Гэтэл хурлын тэмдэглэл дээр шөнөжингөө уусан гэж бичсэн байсан. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баримт нотолгоогүй намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд би гомдол гаргах хугацаагаа сэргээлгэж, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна. Гомдол гаргах хугацаагаа хоцроосон нь манай эхнэр хорт хавдартай, байнгын асаргаанд байдаг учраас хоцроосон.
...Эгийн захирлын 000 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 000дугаартай Ю.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалд ...ажилдаа согтуу ирсэн, мөн ажлын байран дээр согтуу байсан... гэсэн учир битүүлэг үндэслэлийг зааж өгсөн нь ойлгомжгүй. Би хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр согтуу байсан болоод ийм утга учиргүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тэгээд ямар шалтгааны улмаас уг шийдвэрээ надад гардуулан өгөлгүй, өдийг хүртэл нуун хадгалсаар ирсэн нь ойлгомжгүй. Намайг ажлаас чөлөөлж байгаа уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тус, тус хангаагүй болно.
Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор гомдол гаргах хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ю.Б нь тус Эт Ят түргэний жолоочоор ажиллаж байхдаа тухайн өдөр ажилдаа согтуу ирсэн, мөн ажлын байранд архи уусан байдлын талаар тасгийн эрхлэгч н.М, арга зүйч Жнараас удирдлагын багийн хурал дээр ...өглөө ажилдаа ирэхдээ нилээн үнэртэж байхаар нь дуудлага гайгүй байгаа болохоор нь хэсэг унтуулчихвал гайгүй болох байх гэж бодоод хэсэг амруулсан, тэгээд гайгүй болох юм байх гэж бодсон чинь орой 17-18 цагийн үед улам их архи үнэртэж согтуурсан байдалтай найгаж явж байсан, өмнө нь 2022, 2023 онд иймэрхүү байдал гаргаж байсан гэж Удирдлагын багийн хуралд Ю.Бийн ажилдаа согтуу ирсэн болон ажлын байранд архи нэмж уусан талаар ярьсан нь хурлын тэмдэглэлд байгаа.
...Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, жолооч нар иргэдийн эрүүл, амь насыг аврах онцгой чухал үүрэг гүйцэтгэж явдаг, өвчтөн, эмчлүүлэгчдийг аюулгүй тээвэрлэх онцгой чухал чиг үүргийг жолооч хариуцдаг учраас ажлын байранд төдийгүй ажилдаа ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ч ирсэн тохиолдолд Байгууллагын дотоод журмын 12.2.3-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-д дараах тохиолдлыг тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба журмын 12.2.3.1-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, заасан НОЦТОЙ ЗӨРЧИЛ-д тооцогдож, ажлаас шууд халах үндэслэл болно гэж заасны дагуу ажлаас шууд халсан бөгөөд тушаалыг өөрөө гардан авснаас хойш 3 сар орчим хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан байна.
Иймд Хөдөлмөрийн хуулийг зөрчиж ... ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргахаар заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан талаарх гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа /30 хоног/ /000 оны 07 сарын 20-ны өдрөөр/ өнгөрсөн, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нь хуулийн үндэслэлгүй байх тул Ю.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлээ дээрх хуулийн хугацаанд гаргаагүй /даруй 70 хоног орчмоор/ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас хариуцагчийн зүгээс гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй байна. гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. ... Шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн байхад 3 сар хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2025/00013 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Бийн хариуцагч Эт холбогдуулан гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ю.Б болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэсэн атлаа ...нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан Эгийн захирлын... тушаалын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно... гэсэн нь ойлгомжгүй.
Учир нь шүүх нь Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчмаасаа гажиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэх заалтыг үл хэрэгсэн нэгэнт ажлаас халсан тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй л юм бол тус нэхэмжлэлийн шаардлагыг ямар шалтгааны улмаас хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхой байх хууль ёсны шаардлагыг хангаагүй шийдвэр гаргажээ.
2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Харин Д.Тг нөхөр Ю.Б нь байнга асарч байгаа, асаргаа нь Ю.Бид тогтоогдсонтой холбоотой баримтгүй байна... гэх хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн.
Гэтэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 000 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9/101 дугаартай ...Юн Б нь ам бүл-2 эхнэрийн хамтаар ...оршин суудаг... Эхнэр Дгийн Т нь...Хавдар судлалын эмчийн хяналтад байнгын асаргаанд байдаг болно... гэх албан бичиг болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын албан бичиг зэргээр дээрх нөхцөл байдал хангалттай тогтоогдож байтал, шүүх энэ үйл баримтыг яагаад анзаарахыг хүссэнгүй вэ.
Мөн ...хорт хавдар өвчнөөр өвдсөн эхнэрээ байнга асарч байсан гэх үндэслэлийг гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй... гэж дүгнэж л байгаа юм бол дээр дурдсанчлан Ю.Б намайг эхнэрээ асарч байсан талаар баримтаа ирүүлээгүй хэмээн юунд буруутгах учиртай гэж.
Ийм учир Ю.Б миний гомдол гаргах хугацаа сэргээгдэх учиртай.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбартаа ажил олгогч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай шийдвэрийг 000 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим бичиг хэрэг Буяндэлгэрээс авсан гэж тайлбарласан тул түүнийг ажлаас халсан шийдвэрийг 000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр авсан гэж үзлээ... нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо 000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг 24 хоног хэтрүүлсэн байна... гэх зэргээр дүгнэсэн нь учир дутагдалтай.
Гэтэл миний хувьд анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...000 оны 9 дүгээр сарын дундуур Э дээр очин, бичиг хэргийн ажилтантай уулзан, миний асуудлыг яг ямар байдлаар шийдвэрлэснээ тодорхой хэлээд, тайлбарлаад орхи...та нарт тэгэж ямар ч тушаалгүйгээр хүн халах эрх байхгүй... гэж нэлээд ширүүхэн хэлэхэд ...би шийдвэр гаргадаг хүн нь биш, гэхдээ таныг ажлаас халсан тушаал гарсан байна... гээд надад миний эрхийг зөрчсөн тушаалыг гардуулан өгсөн... талаар тодорхой дурдан, үнэн бодит тайлбар гаргах үүргээ биелүүлсэн билээ.
4.Мөн Ю.Б намайг албан ажилдаа согтуу ирсэн гэх шалтгаангүй зүйлээр шалтаглаж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар миний өмгөөлөгч шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан байдаг.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар Ю.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсэж байгаа хүлээн авна уу. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Ю.Б түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч Эт холбогдох гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2025/0013 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Бийн хариуцагч Эт холбогдуулан гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эгээс байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, яаралтай түргэн тусламжийн тасгийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт, Ю.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ю.Бийг ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 000 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 155/ШЗ000/04338 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Гэтэл хариуцагчаас дээрх баримтуудыг архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байх ба үүнийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй., 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна., Улсын Дээд Шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоолын 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж заасан ба энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Эгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2025/00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Н.БАЯРХҮҮ