Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1806088840202 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 916 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,  Н.Э. /РД: ............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд хамтран амьдрагч Л.Гэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд хамтран амьдрагч Л.Гэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1806088840202 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.Гэрэл бид хоёр ажлаа бүтээгээд буцахаар болж аймгийн төвд ирээд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд өрөө авч амарсан. Ингээд бид хоёр ажлаа бүтээсэн гээд архи уусан бөгөөд хамтран амьдрагч Л.Гэрэл уусан архиндаа согтоод “шал дэмий нутгаараа дагуулж явлаа” гээд хэлэх, хэлэхгүй үгээр хэлж үснээс зулгаасан. Тэгэхэд би уурандаа баруун хавирга орчим руу нь цохисон юм..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой учраа олоод хамт амьдарч байгаа. Хохирогч гомдол санал байхгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

            Хохирогч Л.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш нь Н.Э бид хоёр ажлаа бүтээгээд буцахаар болж аймгийн төвд ирээд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд өрөө авч амарсан юм. Бид хоёр ажлаа бүтээлээ гээд бага зэрэг архи уусан бөгөөд миний хувьд уусан архиндаа согтоод Э-г хэлэх хэлэхгүй үгээр хэлж хоорондоо маргалдаад би үснээс нь зулгаасан юм. Тэгэхэд Э миний гарыг тавиулаад уурандаа миний баруун хавирга руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Долгормаагийн 2018 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 13054 дугаартай:

     1. Л.Гэрэлийн биед баруун 8,9-р хавирганы хугарал хамрын нуруу, баруун хацар, зүүн бугалга, баруун сарвууны хуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн бугуй, зүүн алга, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 29, 34, 37, 51-109 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Гэрэл нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай гаргасан хүсэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1806088840202 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд хамтран амьдрагч Л.Гэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Э-ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Гэрэл /хх-ийн 23-25 дугаар хуудас/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Долгормаагийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13054 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Э нь хохирогч Л.Гэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирорч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Э .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Э-н ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН