| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00973/И |
| Дугаар | 1252 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00973/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багт байрлах *** ББСБ /утас: ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *** дугаар байр ** тоотод оршин суух Ц*** У*** /РД: *** /-т холбогдох
"19,324,197 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“*** ББСБ нь М*** гийн У*** тай 2011 оны 11 дүгээр сарын 17-нд **/** тоот зээлийн гэрээ, **/** тоот барьцааны гэрээ хийж 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр нийт 12,000,000 төгрөгийн зээл олгосон юм. Зээлийн хугацаа дуусахад дахин 1 жилийн хугацаатайгаар сунгуулсан ба үндсэн зээлээсээ 3,196,640 төгрөг төлсөн. Үүнээс хойш У*** нь олон удаа зээлээ төлж барагдуулах тухай амлалт, тохиролцоо бичгээр хийж өгсөн боловч зээл, хүүгээ төлөхгүй одоог хүргэсэн тул барьцаа хөрөнгөөр 19,324,197 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“Хариуцагч нь зээлийн хугацаа дуустал хүүгээ алдаг оног төлж явсаар нэлээд хүү хуримтлагдсан байснаас 2014 оны 5 сарын 31-нд нэг сая төгрөгийн хүү төлөөд 2013 оны 11-р сарын 27-нд 8 сая төгрөг төлөхдөө хуримтлагдсан хүүнд 4,8 сая төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 3,2 сая төгрөг орж байгааг (зээлийн гэрээний 5.4-р заалт) хүлээн зөвшөөрч байлаа. Энэ бол банк ба банк бус санхүүгийн аль ч байгууллагад байдаг журам юм. Энэ үед хариуцагч У*** нь удахгүй бөөн мөнгө орж ирнэ, зээлээ удахгүй төлнө гэж итгэлтэй нь аргагүй ярьсан боловч зээл хүүгээ төл гэсэн шаардлагад тун удахгүй төлнө гээд янз бүрийн гоё юм ярьсаар удсан тул 2014 оны 6-р сард манайх шүүхэд хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болсон тухай 2 дахь удаагаа мэдэгдэхэд 2014 оны 7-р сарын 10-нд ирж уулзаад маш том бизнесийн зээл авах гэж байна. Хэрэв шүүх дээр асуудалтай гэгдвэл бүтэхээ болино, та нар миний бизнес, амьдралыг алах гэлээ. Үлдэгдэл нь 10 гаруйхан сая байна 7 хоногт л дуусгана гээд өргөдөл бичиж /хавсралт 2/ өгөөд явсан. Түүнээс хойш том зээл төсөл удаж байж болдог юм гэсээр бас жил шахуулаад 2015 оны 7 сард ирж уулзахдаа хуримтлагдсан хүү ба зээлийн үлдэгдлээ зөвшөөрч байна. Гэхдээ бизнес муу байгаа тул 4,5 сая төгргийн хүү төлөөд үндсэн зээлээ 3 хувааж 3 сарын дотор төлнө /хавсралт 3/ гэж өргөдөл бичсэн боловч биелүүлсэнгүй өдий хүрсэн юм. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт хугацаа дуусмагц шүүхэд өгөөгүй гэж байгаа нь худал юм. Хариуцагч нь ийм маягаар аргалсаар хугацаа өнгөрвөл зээлээ төлөхгүй болно гэж буруу бодсон бололтой. Иймд манай нэхэмжлэл нь хуулийн бүрэн үндэслэлтэй тул шүүхээр хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү. /Зээлийн гэрээний 4.6, 8.2-ыг үзнэ үү/” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр **/** тоот зэээлийн гэрээ, **/** тоот барьцааны гэрээ хийж 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 12,000,000 төгрөгний зээл олгосон юм. Зээлийн хугацаа дуусахад дахин 1 жилийн хугацаатайгаар сунгуулсан ба үндсэн зээлээсээ 3,196,640 төгрөг төлсөн. Хүүгээ төлж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү төлөөд тэрнээс хойш хүүгээ төлөхгүй байж байгаад 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн гэрээний 4.6-д зээлээ төлж дуустал хүү үргэлжлэнэ гэж заасан байгаа. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг өгөхөөр нь зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй байсан хүү болох 4,803,360 төгрөгийг хүүдээ суутгаж үлдэгдэл болох 3,196,360 төгрөгийг үлдсэн зээлээс нь хассан юм. Өмнө нь удаа дараа мөнгөө төл гэсэн шаардлага тавьж байхад ямар нэгэн шалтгаан хэлээд хугацаа авдаг байсан. Сая бид нар ярилцаад нэмэгдүүлсэн хүүгээ хасаад 16,254,760 төгрөг болгоод 12,000,000 төгрөг бэлнээр аваад ирэх юм бол эвлэрэх тохиролцоо хийсэн боловч тохиролцоондоо хүрсэнгүй. Тийм болохоор зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,803,360 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7,717,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,803,342 төгрөг, нийтдээ 19,324,197 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
2013 оны 11 дүгээр сарын 27-ноос зээлийн гэрээнд тусгаснаар 3,2 хувийн хүүтэйгээр 2016 оны 06 дугаар сарын 13-ныг хүртэл бодсон байгаа. Сарын хүү нь 291,000 төгрөг байгаа. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь гэж гэрээнд тусгасан байгаа
Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандах гэж байхад би төлнө гээд хойшлуулж байсан. 8,000,000 төгрөгийн хувьд эхлээд хүүгээ аваад дараа нь үндсэн зээлээсээ хасдаг нь бүх банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн гэрээ ийм байдаг” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээл олгохдоо эхлээд зээлийн хүүгээ авдаг. Эхлээд үндсэн мөнгөө төлөх юм бол бүх банк, банк бус санхүүгийн байгууллагууд дампуурах байх. Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд зээлийн гэрээг сунгасан гэрээ, хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд У*** ын хүсэлт байгаа. Энэ хүсэлт дээрээ 9,100,000 төгрөг үндсэн зээл гээд өөрөө биччихсэн байгаа. М.У*** бол өөрөө зээлээ төлнө гэдгээ баталгаажуулаад явж байсан. Хамгийн гол нь зээлийн гэрээ байдаг. Зээлийн гэрээний 4.6-д зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заасан. Энэ гэрээний 8.2-т талуудын хариуцлагыг заасан зээлээ төлөх хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.У*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа дараах үндэслэлүүд байна. М.У*** миний бие 2011 оны 11 сарын 17-ны өдөр *** ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ хийж 12,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сар тутам 3,2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийг хүнсний ногоо /төмс/ тариалахад зарцуулсан юм. 2011 онд төмсний үнэ унаж 1 шуудай төмс 5000 төгрөгийн үнэтэй болж борлогдохгүй болсны улмаас алдагдал орж зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон юм. Энэ шалтгаанаа зээлдүүлэгч талд тайлбарлаж зээлийн гэрээний хугацааг нэг жилээр сунгасан нь үнэн. Зээл авснаас хойш зээлийн хүүнд нийт 5,644,000 төгрөг үндсэн зээлд 8,000,000 төгрөг, нийт 13,644,000 төгрөг буцаан төлсөн юм. Миний бие байнгын орлогогүй болж зээлээ төлөх чадваргүй болсноос үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, түүнд тохирсон хүүг төлж чадалгүй өдийг хүрлээ. Зээл авснаас хойш 5 жил өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа 2013 оны 1 сарын 17-ны өдөр дууссанаас хойш 3 жил гаруйн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож зээлдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж үндсэн зээлээс миний төлсөн 8 сая төгрөгийг хасалгүйгээр 8,803,360 төгрөг, зээлийн хүүнд 7,717,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,803,342 төгрөг, нийт 13,324,197 төгрөг нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний тооцоогоор үндсэн зээлий үлдэгдэл 4,000,000 төгрөгийг энэ ондоо багтаан төлнө. Харин гэрээт хугацааны хүү 384,000х14 сар = 5,376,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байна. нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дуусмагц шүүхэд өгсөн хүүгийн төлбөр ийм өндөр гарахгүй байсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал 2011 оны 11 сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь миний тус байгууллагаас авсан 12,000,000 төгрөгийн зээлийг бараг 3 нугалж нэхсэн байгаа тул Иргэний хуулийн 282.2-т зааснаа нэхэмжлэлийн шаардлагаас 15,324,197 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарыг сонсоод би өөр юм ярих гээд байна. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12,000,000 төгрөг 2 сарын хугацаатай аваад дараа нь 1 жилийн хугацаатай сунгасан. Гэрээний хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусч байгаа. Гэрээний хүүнд 5,376,000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 8,000,000 төгрөгийг үндсэн зээлдээ тооцож төлсөн байхад өөр тайлбар хийгээд байна. Зээл төлөлтийг хийхдээ эхлээд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэж төлж байх ёстой. Хэрвээ ингэж тооцох юм бол 4,000,000 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл байгаа юм. Нарийн ярих юм бол гэрээний хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл 5 жилийн дараа баахан хүү тооцож, тооцоогоор буруу бодож ирээд М.У*** ын эрх зүйн байдлыг дордуулж байна. Хүүнд 13,640,000 төгрөг төлчихсөн байхад нэмж нэхээд байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх боломжтой гэрээ байгаа. Гэхдээ манай зүгээс 12,000,000 төгрөг төлөх боломжтой.
Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцааг зохиуцуулсан зүйл заалтыг харахад эхлээд хүү төлнө гэсэн нэг ч заалт байдаггүй юм байна лээ. Танай нэхээд байгаа мөнгө чинь их байна. Авсан зээлээ бараг 4 нугалж төлөх гэж байна.
2013 оны 01 дүгээр сарны 17-нд зээлийн гэрээ дууссан. Тийм байхад яагаад 3 жил хүү бодсон юм. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү нь хэтэрхий өндөр байна. Энэ дээр шүүх анхаарч өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** БСБ нь хариуцагч М.У*** т холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны **/** тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 19,324,197 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *** ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **/** тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 12 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 3,2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч М.У*** ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талууд энэ талаар маргаангүй бөгөөд мөн гэрээний 7.1.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.1–т заасан зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна
Талуудын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **/** тоот зээлийн гэрээнд зээлийн ашиглах хугацааг 2 сар гэж тооцсон бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... 12 000 000 төгрөгийг 2 сар хугацаатай авсан. Миний биенест хүзндрэл гарсан тул зээлийн гэрээний бусад нөхцөлийг хэвээр хадгалж хугацааг 12 сараар сунгаж өгнө ... гэсэн хүсэлтийг гарасанаар 2013 оны оны 02 дугаар сарын 17 хүртэл сунгагдсан зээлийг 14 сарын хугацаатай олгосон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 0,20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан гэрээний 4.5-д зээлдэгч нь зээл төлөгдөх эцсийн хуацааг дуусахаас 10 хоногийн өмнө зэлийн хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлэх бөгөөд ББСБ нь хугацааг сунгахаар бөгөөд мөн гэрээний 4.6-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар үргэлжилэхээр зохицуулсан байна.
Гэрээний 12.4-т гэрээнд оруулах нэмэлт өөрчилөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурсан тхиолдолд хүчин төгөлдөр тооцогдохоор, мөн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ бичгээр ирүүлэхээр тохирсон тул, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... зээл төлөх хугацааг 2014 оны 06 дугаар сарын 16 хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичсэн ... үндэсэн зээл 9 100 000 төгрөг, хүү алданги 4 500 000 төгрөг байна. Зээлийн хүү, алданги болох 4 500 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 31-ний дотор барагдуулах ба үлдэх төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 3 хувааж барагдуулах болно ... гэсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар гаргасан хүсэлтийг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 01 хүртэл сунгуулах хүсэлт гэж үзэхгүй байна.
Зээлийг ашиглах явцад хариуцагч зээлдэгч М.У*** аас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, мөн 2011 оны 12 дугаар сарын 19-нөөс 2013 оны 01 дүгээр сарын 21 хүртэл 3 877 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн байна.
Иймд хариуцагч М.У*** аас үндсэн зээл хүүд 13 411 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 822 төгрөг, нийт 13 427 822 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгож 5 896 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болсон Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны **/** тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч хүлээсэн бөгөөд талууд **/** тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 1** дугаар зүйлийн 1** .1, 1** .2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан хүчин төгөлдөр байна.
Иймд барьцааны гэрээний зүйл болсон Дархан сум, 8 дугаар баг, *** /** тоот 38,0 м.кв улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 13 427 822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Дээрхи барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 13 427 822 төгрөгийг хариуцагч М.У*** аас гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгож 5 896 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ББСБ-аас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 254,580 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.У*** аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 13 427 822 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 225,089.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.У*** нар 13 427 822 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох ТГ*** регистрийн дугаар бүхий М*** гийн У*** ын өмч болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 10/** тоотод байрлах 38.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 13 427 822 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ