Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2025/00011

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2025/00011

 

 

 

Н.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ч, БХХК-нд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 167,100,000 төгрөг гаргуулах (нэг зуун жаран долоон сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Л.Шинэн, С.Чулуунцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Л.Шинэн, С.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дээрх 23 удаагийн зээлийн гэрээгээр Д.Б нь ямар нэгэн барьцаагүйгээр зээл авсан бөгөөд 2019.07.02-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон, ...2020.10.25-ны өдөр 5,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, ...2021.02.05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, ...2021.11.25-нд 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, ...2022.01.14-нд 3,100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй тул зээл, зээлийн хүү бүгд нийлээд 167,100,000 /нэг зуун жаран долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг Д.Бийн дүү, өв залгамжлагч Д.Чоос гаргуулахаар нэхэмжилж байна. ...Тийм учраас Бболон Ч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...БХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261,040,839.17 төгрөгийг хариуцан хүлээн авсан.

...Д.Ч миний бие нь Компанийн эрх бүхий хууль ёсны албан тушаалтны хувьд зөвхөн компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлаар гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээсэн. Компанийн эд хөрөнгөөр иргэн хоорондын өр зээлийг барагдуулах үүрэг хариуцлага хуулиар хүлээгээгүй болно. Н.Э нь компанийн үйл ажиллагаанд зориулж зээл олгож байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан хэдий ч компанийн харилцах дансаар Н.Эгаас зээлийн мөнгө орж ирээгүй ба санхүүгийн баримт бичиг тайлан тэнцэлд хувь хүнээс авсан зээл, зээлийн хүү эргэн төлөгдөх зээл, зээлийн хүүгийн өглөг тусгагдаагүй, компанийн албан бичиг хэрэгт компанийг төлөөлж компанийн тамга тэмдгээр баталгаажсан захирлын гарын үсэгтэй Н.Этай байгуулсан зээлийн гэрээ бүртгэгдэж авагдаагүй байна.

... Иймд Н.Эгийн гаргасан иргэн хоорондын зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл хууль ёсны үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01173 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 520 дугаар зүйлийн 520.1.2, 527 дугаар зүйлийн 527.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Чоос 114,580,000 /нэг зуун арван дөрвөн сая, таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,520,000 /тавин хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг, БХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 ' Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 730,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Л.Шинэн, С.Чулуунцэцэг нар давж заалдах гомдолдоо: ...Зээлдэгч нас барсан түүнчлэн нэхэмжлэгч тал иргэний хэрэг үүссэнээс хойш 5 сарын дараа ижил бичвэртэй 4 гэрээг гаргаж өгсөн ба талийгаачийн хувийн бичиг баримтаас гарсан гэрээнээс зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бичгээр байгуулсан гэх гэрээ нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй, талийгаачийн гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг хэн нотолж байгаа талаар хариуцагийн өмгөөлөгч маргасан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүйгээр барахгүй энэ талаар маргасан өмгөөлөгчийн аудио бичлэгт бичигдсэн мэтгэлцээн хурлын тэмдэглэлийн бичгэн хэлбэрээс бүрэн эхээрээ хасагдсан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарна уу.

Шүүх анхнаасаа хэт нэг талыг барьсан ба нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гоор бүхэлд нь уншуулсан атлаа хариуцагч талын тайлбарыг шүүхэд гаргасан хариу тайлбараа уншдаа гэж зогсоох байдлаар талууд шүүх хуралдаанд харилцан тэгш эрхтэй мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудын шүүх хуралдаанд эдлэх эрх, үүрэг болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах эрхийг эдлүүлээгүй зэргээр шүүх урьдчилан шийдвэрээ гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэснийг онцлон хэлэхийг хүсч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 114,580,000 төгрөгийг хангаж нэхэмжлэгч Н.Эд олгохоор шийдвэрлэсэн ба гэрээний үүрэг шаардах эрхтэй гэх маргаан бүхий 5 удаагийн зээлийн харилцааг хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчдын дансны хуулгатай тулган задалж авч үзвэл дараах тооцоо гарна.

Хүснэгт-1 Үндэслэх хэсгийн-9 Үндсэн зээл 40 сая зээлийн, хүү 48 сая нийт 88 сая төгрөг төлөх тухайд

№1. Гэрээгүй.

Н.Эгаас зээлдэгч Д.Б-д мөнгө шгогжүүлсэн он сар өдөр

Н.Эгаас зээлдэгч Д.Б-д шилжүүлсэн мөнгөн дүн

1

2019-05-08

7,000,000

2

2019-05-08

35.000.000

3

2019-05-22

5,000,000

Нийт дүн

47,000,000

 

Хүснэгт -2

47 сая төгрөгийн зээлийн эргэн төлсөн байдал

 

 

 

Д.Бөөс зээлдүүлэгч Н.Э-д эргэн төлсөн он сар өдөр

Д.Бөөс зээлдүүлэгч Н.Э-д эргэн төлсөн мөнгөн дүн

Нотлох баримтын хавтаст хэргийн Дугаар

1

2019-07-02

3.000.000

Зхх 32х

2

2019-07-02

6.707.000

Зхх 32х

3

2019-08-21

2.734.000

1хх42х

4

2019-09-23

1.924.000

Зхх 34х

5

2019-10-23

3.000.000

Зхх 35х

6

2019-10-23

1.171.000

Зхх 35х

7

2020-03-04

1.000.000

Зхх 36х

8

2020-04-06

3.000.000

1хх 77х

9

2020-04-06

112.000

1хх 77х

10

2020-04-06

3.000.000

1хх 77х

11

2020-04-06

20.000.000

1хх 77х

12

2020-04-07

3.000,000

1хх 78х

13

2020-04-09

7.306.000

Зхх 38х

Нийт эргэн төлсөн дүн

55.954.000

 

Үндсэн зээлээс илүү төлөлт хийсэн дүн 55,954,000-47,000,000=8,954,000

2019/07/02-нд Бөөс шилжүүлсэн 9,707,000 төгрөг үндсэн зээл 47 саяас хасагдаж 37,293,000 төгрөг үлдсэн үүнээс хойш дараагийн зээл (2020/04/24) авах хүртэл 11 удаагийн гүйлгээгээр 46,247,000 төгрөгийн төлөлт хийгдэж нийт 8,954,000 төгрөг илүү төлсөн.

1.2019/07/02-ны өдрийн нөхөн хийсэн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн учраас зээлийг хүүгийн хамт төлсөн тооцоог гаргасан. Үндсэн зээл, зээлийн хүү нэхэмжилсэн 88 сая төгрөг үндэслэлгүй.

2. 2020 оны 4 сарын 23-ныг дуустал дахин зээл аваагүй 37,293,000 төгрөгийн зээлтэй холбоотой эргэн төлөлтүүд хийгдсэн.

...нийт 55,954,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн нь хэрэгт авагдсан талийгаач Д.Бийн дансны хуулгаар нотлогддог төдийгүй энэ төлөлтүүдийг хийх цаг хугацаанд Н.Эгаас дахин ямар нэгэн зээл нэмж аваагүй учраас анх авсан 47,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт төлөгдсөн буюу зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байхад шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгыг буруу, дутуу үнэлснээс болж шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э болон Д.Б нарын хооронд 2019.07.02-нд байгуулагдсан гэх зээлийн гэрээг ИХ-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нотлох баримтаар үнэлэх, шаардах эрхийн үндэслэлийг уг гэрээгээр тодорхойлох боломжгүй нөхцөл байдал нотлогдож байхад тус маргаантай гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Уг гэрээ ИХ-ийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаас гадна нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болох тооцооллыг зөв тодорхойлж шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй болно.

2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ...Н.Э 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Бийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 000 тоот дансанд ТБ гэсэн гүйлгээний утгаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д Бийн эзэмшлийн хаан банкны 000 тоот дансанд 3,100,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй... гэж шүүх дүгнэжээ. Хариуцагч тал уг зээлүүд төлөгдсөн гэж маргасан байхад шүүхээс хариуцагч маргаагүй гэх агуулга бүхий буруу хууль зүйн дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс гадна хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч гэж хэргийн оролцогчийг буруу тодорхойлсон алдаа гаргажээ.

Д.Б нь 2020.10.25-ны өдөр нэхэмжлэгч Н.Эгаас 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ бичгээр байгуулалгүйгээр амаар тохиролцсон авсан нь үнэн ба мөн 2020.10.27-ны өдөр 400,000 төгрөгийг зээлж авсан байх ба үүнээс хойш 2021.02.05-ны өдөр хүртэл буюу дараагийн зээлийг авах хүртэл 3 сарын хугацаанд нэхэмжлэгчээс нэмж зээл аваагүй болох нь нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан дансны хуулга, талийгаач Д.Бийн дансны хуулга, тэдгээрийн тайлбараар нотлогддог.

Талийгаач Д.Б 2020.10.25-ны өдөр нэхэмжлэгч Н.Эгаас амаар тохиролцож авсан 5,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн хувьд дараах төлөлтүүд хийгдсэн нь түүний дансны хуулгаар нотлогддог.

... нийт 17,187,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Бийн дансны хуулгаар нотлогддог ба энэхүү эргэн төлөлт дотор 2020.10.27-ны өдөр авсан 400,000 төгрөгийн эргэн төлөлт багтаж байгаа ба 11,787,000 төгрөгийн илүү төлөлттэй байхад шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хууль бус шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй 5,000,000 төгрөгийн зээл төлөгдсөн буюу зээлийн үүрэг дуусгавар болсон нь ИХ-ийн 236-р зүйлийн 236.1.1-д заасантай нийцнэ.

3.Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн 000 тоот дансанд ТБ гэсэн гүйлгээний утгаар 6,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн ба уг зээлийн эргэн төлөлтийн хувьд З-р хавтаст хэргийн 62 дахь талд авагдсан дансны хуулгаар 2021.12.17-ны өдөр 2,320,000 төгрөг, 1-р хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан дансны хуулгаар 2021.12.17-нд 3,000,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн болох нь нотлогдоно.

4.Д.Б нь 2022.01.14-нд өөрийн хаан банкны 000 тоот дансаар 3,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Эгаас зээлж авсан нь үнэн бөгөөд хэрэгт авагдсан Д.Бийн дансны хуулгыг шүүн үзэхэд энэ мөнгөний эргэн төлөлт хийгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий боловч Д.Бийн Н.Эд илүү төлсөн зээлийн эргэн төлөлтийн төлбөрөөс уг зээлийн дүнг суутган тооцох бүрэн боломжтой байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй ба Д.Бийн авсан зээл тус бүрийн тооцоолол, мөн зээлийн эргэн төлөлт тус бүрийн тооцооллыг зөв тодорхойлж чадаагүй, зээлийн тооцооллыг зөв хийж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар шүүгч дүгнэлт хийхдээ мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна уу. Нэхэмжлэгч талын маргаж буй зээл тус бүрийн тооцооллыг зөв хийж шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсноор хэргийн үйл баримтын хүрээнд шүүх үнэн зөв дүгнэлт хийх, шийдвэр хууль ёсны байх зарчим бодит байдалд хэрэгжих ёстой.

5.Нэхэмжлэгч Н.Э нь 2021.02.05-ны өдөр 50,000,000 төгрөгийн Зээлийн гэрээтэй гэх боловч Д.Бийн дансанд шилжүүлсэн 9,600,000 төгрөгийн зээлийг Д.Б авсан нь үнэн ба энэхүү зээлийн эргэн төлөлтийн хувьд 1-р хавтаст хэргийн 47 талд авагдсан Д.Бийн дансны хуулгаар 2021.02.10-нд 5,900,000 төгрөг, 3-р хавтаст хэргийн 49 талд авагдсан дансны хуулгаар 2021.02.27-нд 21,110,000 төгрөг, нийт 27,110,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн болох нь нотлогдож байгаа ба 17,322,900 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн нь нотлогдоно. Нэхэмжлэгч Н.Эгийн дансны хуулгыг шүүн үзэхэд дараагийн зээл нь 2021.03.06-нд олгогдсон байх ба энэ өдөр олгогдсон зээлийг авахаас өмнө дээрх зээлийн эргэн төлөлтүүд цаг хугацааны хувьд төлөгдсөн нь дансны хуулгаар нотлогдож байхад шүүхээс уг зээлийг төлөгдөөгүй гэж дүгнэж 6 сарын хүү 2,880,000 төгрөг, нийт 12,480,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ тооцооллын алдаа гаргаж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Энэ зээлийн үүрэг мөн дуусгавар болсон нь ИХ-ийн 236-р зүйлийн 236.1.1-д заасантай нийцэхээс гадна дуусгавар болсон үүргийг нэхэмжлэгч хариуцагч талаас шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Н.Эгаас марган хариуцагчаас шаардаж буй төлөгдөөгүй гэх 5 зээлийн харилцааны талаарх тооцооллыг шүүх үнэн зөв тогтоож чадаагүй ба хэрэгт авагдсан, цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй ба хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Дуусгавар болсон зээлийн үүргийн талаар шүүх буруу хууль зүйн дүгнэлт хийсэн, хууль бусаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Д.Бийн өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

...Хуульд заасан шаардлагыг хангаж байгуулсан зээлийг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

...Зээлийн гэрээнүүдийг эх хувиар нь шүүхэд хүргүүлсэн, зээлийн гэрээнүүд хуурамч талаар талуудын хэн аль нь маргаагүй, шинжээчийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байхад хэрэгт эх хувиараа авагдсан баримтыг хуурамч баримт гэж үзэж дүгнэх ёстой байсан гэж гаргаж байгаа гомдол үндэслэлгүй.

...Д.Бийн цорын ганц өв залгамжлагчаар өвлөн авсан өвийн хэмжээнээс бага хэмжээгээр үүргийг хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Ч, БХХК-д холбогдуулан 2019.07.02-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2020.10.25-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2021.02.05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, 2021.11.25-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2022.01.14-ны өдөр 3,100,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 167,100,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3.Хариуцагч Д.Ч ...компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлаар гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээсэн. Н.Эгийн гаргасан иргэн хоорондын зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл хууль ёсны үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 520 дугаар зүйлийн 520.1.2, 527 дугаар зүйлийн 527.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Чоос 114,580,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,520,000 төгрөг, БХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.

7.Анхан шатны шүүхийн зээлдүүлэгч Н.Э, зээлдэгч Д.Б нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулагдсан 5 удаагийн гэрээний төрөл, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, зээлдэгч гэрээний үүргээ заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй талаарх дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д заасантай нийцсэн байна.

8.Хариуцагч Д.Ч зээлдэгч Д.Бийн өв залгамжлагч болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан өв залгамжлагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 527 дугаар зүйлийн 527.1, 535 дугаар зүйлийн 535.1-д нийцсэн гэж үзнэ.

9.Төлбөрийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болох тул зээлдүүлэгч Н.Э, зээлдэгч Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт зээлдэгчийн хүлээн зөвшөөрч нэгэнт төлсөн төлбөрийг төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний үүрэгт оруулан тооцох үндэслэлгүй.

10.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар ...шинжээч томилуулах, ...хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах... эрхтэй бөгөөд зохигч зээлийн гэрээтэй холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийг эргэлзээтэй гэж үзэх улмаар үгүйсгэн дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

11.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

12.Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Л.Шинэн, С.Чулуунцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730,850 /долоон зуун гучин мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ