Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 225/МА2025/00013

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 225/МА2025/00013

 

 

 

Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2025/00009 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХК-нд холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...2021 оны 05 сарын эхээр танил Д.Э нь Хөвсгөл аймагт 8 давхар орон сууц барих гэж байгаа ХХХК-д инженерээр ажиллаж байгаа. Манайд барилгын пум, сапуд тэдгээрийн дагалдах хзрэгсэл болох гадна дотор булан, шатны труба зэргийг түрээслүүлээч гэсэн. Бид гэрээ хийхээр болж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №08 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г ХХХК-ийн ерөнхий инженер Д.Этай байгуулсан. Уг гэрээний хугацаа 2 сар бөгөөд сарын нийт төлбөр 17,184,000 төгрөг байхаар тохиролцож гэрээний дагуу түрээсэлсэн эд зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эргүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэрээг байгуулсан өдрөө зарлагын падаан бичиж Д.Эад түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Түрээсэлсэн эд зүйлийг ХХХК өөрөө хариуцахаар тохиролцсон.

Түрээсийи хугацаа дууссан боловч Д.Э надтай ярьж гэрээг 2021 оны 10 дугаар сар хүртэл сунгаач гэж хэлснийг би тухайн үед зөвшөөрсөн ба төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны 08 дугаартай гэрээний нөхцөлийн дагуу төлөхөөр тохиролцсон. 2021 оны 07-10 сар хүртэлх 3 сарын түрээс 24,370,000 төгрөг болсон юм.

Гэвч ХХХК түрээсэлсэн эд зүйлсийнхээ үнийг төлөхгүй удаад байсан тул захирал Л.Ттай нь утсаар ярьж 2021 оны гэрээний төлбөрийн үлдэгдэл 41,554,000 төгрөг төлөхийг шаардаж 2021, 2022 онд холбогдож байсан ба тухайн үед Л.Т захирал, түүний аав гэх хүнтэй хүртэл утсаар ярьж байсан. Надад бүгд л Төлнөө наад сапуд, пумын түрээсийн 41,554,000 төгрөгийг өгнөө хүлээж байгаарай л гэж хойшлуулаад байсан.

...Иймд Иргэниий хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу ХХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, мөн анх явуулсан түрээсэлсэн эд зүйлс 49 ширхэг дутуу ирсэн 50 пум 30 ширхэг, 40 пум 7 ширхэг, 2,4 гадна булан 10 ширхэг, 15x15 дотор булан 2 ширхэгийн төлбөр 3,220,000 төгрөг нийт 44,774,000 /Дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг ХХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд ...2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг ХХХК-ийн ерөнхий инженер Д.Этай байгуулсан... гэх боловч хариуцагч ХХХК-ийн зүгээс Д.Э гэх хүнд тус компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрхийг огт олгоогүй болно.

... АХХК-ийн захирал нь ХХХК-ийн ерөнхий инженер гэгдэх Д.Э юм. Тэрээр өөрийн компанийн барилгын ажилд тус пум, сапудыг ашиглаж байсан бөгөөд ХХХК-ийн зүгээс 2-3 удаа Д.Э захирлаас түр хугацаагаар гуйж авч ашиглаж байсан нь үнэн боловч бараа материалын үнийн зөрүүнд нийцүүлэн тооцоог тухайн цаг үед нь хийсэн юм. Мөн нэхэмжлэлд ...ХХХК өөрөө тээврээ хариуцахаар тохиролцсон... гэх зүйлийг дурдсан нь огт үндэслэлгүй, тус ХХК-ийн зүгээс пум, сапудын тээврийн хөлсийг хэн нэгэнд төлж байсан удаа байхгүй.

...Иймд Ц.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2025/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл- Эх хязгаарлагдмал хариуцлагатай компаниас түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,820 (гурван зуун наян нэгэн мянга найман зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...1.Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж би хэрэгт байгаа баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан хариу тайлбар нь хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаагүй гэдгийг нотолсон. Тухайлбал анх нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн гэрч Ц.Тын 2023.05.16-ны өдрийн тодорхойлолтод: ...ХХХК-ийн барьж байгаа орон сууцны барилга дээрээс 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 270 ширхэг пум ...32 ширхэг булан төмрийг хүлээн авч ...Улаанбаатар хотод таван шар гэх газарт хүргэсэн....ачааны төлбөрийг ХХХК-ийн захирал Л.Тгийн нөхөр Б гэх залуу бэлнээр 400,000 төгрөг өгсөн нь үнэн болно гэсэн байна. Мөн гэрчээр 2024 оны 12 сарын 06-ний өдөр шүүхэд мэдүүлгээ өгөхдөө: Хкомпанийн хашаанаас пумыг ачсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатарт 5 шар гэх газарт маяти маркийн машинтай хүнд хүргэж өгсөн, ....ажлынхаа хөлсийг Б гэх хүнээс авсан, Б нь Тгийн нөхөр... гэж хууль сануулсан мэдүүлэгтээ мэдүүлсэн.

Хариуцагч талын өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хурал дээр өгсөн хууль зүйн тайлбар дүгнэлтээ: гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлаас өөр байгаа мөн гэрч эх сурвалжаа зааж чадахгүй мэдүүлэг өгсөн гэсэн нь үйл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ХХХК нь түрээсээр пум, сапудыг түрээсэлж 8 давхар барилгаа барьсан гэдгийг гэрч Д.Эын мэдүүлэг, АХХК-ийн ажлын нотебүүкт үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлсэн баримтаар ХХХК-ийн барьсан 8 давхар орон сууц нь сапуд, пум хэрэглэхгүйгээр баригдчих барилга биш, үүнийг барилга ашиглалтад өгөхдөө ашигласан барилгын явцыг баримтжуулсан фото зургаар нотолно. Намайг өөрөө сайн дураараа сапуд түрээсэлсэн гэж худал хэлж байна. ХХХК, АХХК нарын 2 орон сууцны барилгын ажил хоорондоо 2 сарын зайтай эхэлсэн ба ХХХК-ийн барьсан барилга 2021 оны 05 сараас баригдаж эхэлсэн. Цаас түрээсэлж авсан сапуд, пумыг ашиглаж ХХХК нь 8 давхар барилгаа барьж дуусгасан. Би тусдаа өөрөө сапуд, пумаа түрээсэлсэн. Миний барьсан барилга 2021 оны 7 сард эхэлж байсан. Сапуд, пумыг 2 барилга дээр зэрэг хэрэглэх боломжгүй, нэг барилгаас нөгөө барилга руу зөөгөөд ашиглах боломжгүй гэдгийг хэлсэн. Гэрч Д.Эын өгсөн мэдүүлэг худлаа эсхүл нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чадаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, харин ч мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үнэн зөв болохыг баталсан. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь ямар байдлаар нотлогдож үгүйсгэгдэж байгаа талаар ямар ч дүгнэлт өгөөгүй, хариуцагч, нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх ба хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг няцааж байгаа дээр шүүгч нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнэн зөвөө нотолж байгаа, хариуцагч татгалзлаа нотолж байгаа байдалд талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын өрсөлдөх хэм хэмжээг шүүх харгалзан үзэлгүйгээр зөвхөн гэрээнд тулгуурлаж гэрээ байгуулах эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээ нь огт хэрэгжээгүй, гэрээний дагуу эд зүйлийг ХХХК нь огт ашиглахгүйгээр 8 давхар байшингаа барьсан талаар нотолгоог хариуцагч шүүхэд ирүүлээгүй байхад гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь ядмагхан хууль зүйн дүгнэлт хийж нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа, хэргийн бодит байдалтай нийцэхгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Хууль зүйн талаасаа шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй талаар:

Хэрэгт цугларсан шинжлэн судлагдсан нотлох баримтаар ХХХК нь худал тайлбар гаргадаг, өөрсдөө пум, сапуд ашиглахгүйгээр 8 давхар барилгыг хэрхэн барьсан талаар баримт хэрэгт ирүүлээгүй, өөр гэрчүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль бус дүр үзүүлж хуурамч гэрээг үндэслэж мөнгө нэхэж байна гэх байдлыг хариуцагч нотлоогүй, манай талаас гаргасан нотлох баримтын эсрэг өөр баримт гаргаж ирээгүй. Д.Э нь 2021 оны 05 сард ХХХК-нд ажилладаг байсныг нотолж НДШ төлсөн баримтыг гэрч гаргаж хэрэгт хавсаргуулсан. Мөн 2021 оны 05-10 сар хүртэлх ажлын зургийг өөрийн ажлын нотебүүк дээр үзлэг хийлгэж шүүхэд гаргаж өгсөн баримтыг хуульд зааснаар бэхжүүлсэн.

Гэрээг хуульд зааснаар байгуулаагүй гэж үзвэл гэрээний бус аргаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагч ХХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн үндэслэл хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж би үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлийн үнэ 3,220,000 төгрөг нийт 44,774,000 төгрөг Хөвсгөл Эх ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ...ХХХК-ийн зүгээс Д.Э гэх хүнд тус компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрхийг огт олгоогүй. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ххязгаарлагдмал хариуцлагатай компаниас түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь түрээслүүлэгч Ц.Ц, түрээслэгч Д.Э нарын хооронд байгуулагдсан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчид уг гэрээний дагуу ХХХК-аас шаардах эрх үүсэхээргүй байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. гэж, мөн зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. гэж тус тус зохицуулсан бөгөөд хариуцагч Д.Э ХХХК-ийг итгэмжлэлгүйгээр болон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. гэж заасан ба ХХХК түрээслэгч Д.Эын түрээслүүлэгч Ц.Цтай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөөгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. бөгөөд ХХХК ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний үүргийн талаар тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг ХХХК-аас шаардах эрхгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх ...Д.Э нь хуулиар болон итгэмжлэлээр хариуцагч компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхгүй этгээд гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2025/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,820 /гурван зуун наян нэгэн мянга найман зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ