| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/01678/И |
| Дугаар | 210/МА2025/00375 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00375
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/05145 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 32,394,881 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь *******ээр дамжуулан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-иас 12,000,000 төгрөгийн зээл авахуулсан бөгөөд *******ийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн ******* тоот дансанд 7 удаагийн гүйлгээгээр зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч тэрээр нь хүлээн авсан төлбөрийг ******* ХХК-д төлөлгүйгээр хувьдаа завшсан.
1.2. Нэхэмжлэгч ******* нь зээлийг бүрэн төлөгдсөн хэмээн ойлгож хариуцагч "******* ХХК-ийн Баянзүрх салбар дээр зээлийн үлдэгдлийг тодруулахаар очиж уулзах үедээ *******ээс зээл огт төлөгдөөгүйг олж мэдсэн бөгөөд түүний сэтгэл санааны хямрал, зээлийн дарамтанд орсон нөхцөл байдлыг далимдуулж хариуцагч нь өгөөгүй мөнгө дээр зээлийн болон фидуцийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан. Энэ гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус юм.
1.3. Түүнчлэн хариуцагч нь огт зээл аваагүй нэхэмжлэгчийн нэр дээр зээл болон зээлийн хүүгийн авлага үүсгэж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангилалд оруулан бүртгүүлж эрх ашгийг нь ноцтой хохироож байна.
1.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, зээлийн гэрээний 2.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид огт зээл олгоогүй учраас зээлийн гэрээг байгуулагдаагүйд тооцох нь зүйтэй байна.
Иймд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 405202492 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний улмаас Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.
1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь ******* ХХК-иас огт зээл аваагүй, мөнгө хүлээж аваагүй учраас төлөх үүрэг үүсэхгүй гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Зээлдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13,452,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр Lexus HS250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан.
2.3. Тэрээр зээл авснаас хойш 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Иймд *******гаас нийт 32,394,881 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК, ******* нарын хооронд хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 405202492 дугаартай Зээлийн гэрээ болон 405202492 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч *******гийн эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******гаас зээлийн төлбөр 32,394,881 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Фидуцийн хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,042 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчаас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэснийг баримтлан мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн *******тай зээлийн гэрээг байгуулж, 13,452,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 2,9 хувийн хүүтэй олгосон.
******* нь *******тэй байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Lexus HS250 маркийн ******* улсын дугаартай автомашиныг худалдан авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан тул зээл төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу тодорхой төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хуулиар хориглоогүй зээлийн үйл ажиллагаа юм. Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот зөвлөмжийн 2 дугаар зүйлд Бусад зээлийн гэрээний талаар", "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээ зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан..." гэжээ.
4.2. Шүүх *******гийн манай байгууллагаас зээл авах үеийн тухайн барьцаа хөрөнгийг худалдаж авахад төлөх үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрсөн хүсэлт болон өргөдлийг бодитоор үнэлээгүй.
4.3. ******* нь дээрхи тээврийн хэрэгслийг барьцаалж манай байгууллагаас үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний дагуу олгосон төлбөрийг *******тэй байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж зээлийн гэрээг шилжүүлсэн байтал шүүх *******д мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй гэх үндэслэлээр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь манай байгууллага *******г автомашин худалдаж авах төлбөрийг гаргаж өгсөнөөс түүний дансанд бэлэн мөнгөн орлого хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Мөн барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай автомашин нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж осолд орж үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон байх ба барьцаа хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1. Барьцаа хөрөнгийг фидуцийн гэрээний үндсэн нь дээр ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Гэвч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болон түүнийг үндэслэж хийсэн фидуцийн гэрээний дагуу автомашин ******* ХХК-ийн өмчлөлд шилжээгүй нь өмчлөх эрхийн гэрчилгээ болон автотээврийн үндэсний төвөөс хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн огнооноос харагдана.
Маргаан бүхий автомашин анхнаасаа хариуцагчийн өмчлөлд байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн өмчлөлд байсан автомашиныг *******гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүлээж авсан мэт үндэслэлгүй тайлбар гаргасан.
5.2. Гэрч А.Нямсүрэнгийн мэдүүлгээр *******тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдэг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг үндэслэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах байсан атал анхан шатны шүүх нэгэнт байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.3. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчид зээл огт олгоогүй, түүний данс руу мөнгө шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Д.Чингүнжавын мэдүүлгээр нотлогддог.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж үзэн зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс ******* 405202492 тоот зээлийн гэрээний дагуу 13,452,000 төгрөгийн зээлээс 11,750,022 төгрөг төлөөгүй зээлийн муу ангилалд бүртгэгдсэн гэх мэдээллийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 32,394,881 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. ******* ХХК, ******* нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч ******* нь 13,452,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийг ******* улсын дугаартай Лексус НS250 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслээр хангуулахаар фидуцийн гэрээг байгуулсан талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний нөхцөлийг тохиролцож, хүсэл зоригийг илэрхийлэл нэгдсэн тохиолдолд гэрээг байгуулсан гэж дүгнэх бөгөөд ийнхүү гэрээ байгуулагдснаар гэрээний талуудад хэн алинаасаа хүлээсэн үүргийг шаардах эрх үүснэ. Нэг талаас зээлдүүлэхээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг зээлдэгч тал шаардах эрхтэй бол нөгөө талаас мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн зээлдүүлэгч нь зээлийн хариу үүрэг болох хүү төлөхийг шаардах эрхтэй болно. Иймд зээлийн гэрээг зөвшөлцлийн гэрээ гэж үздэг болно.
4. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгө болох 13,452,000 төгрөгийг Мост мони үйлчилгээгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18:32 цагт шилжүүлсэн боловч 3 минутын дараа буюу 18:35 цагт буцаан хариуцагч талын ажилтан болох Д.Чингүүнжав өглөг бүртгэв гэх утгаар буцаагаад шилжүүлж авсан байна. Уг үйлдлийг нэхэмжлэгч ******* хийгээгүй байхад түүгээр төлүүлсэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэжээ.
5. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ашигласан байдал тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хариу төлбөр болох зээлийн хүүг хариуцагч тал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.
6. Түүнчлэн зээлийн мөнгөн хөрөнгө буцаан шилжүүлэгдсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэх үндэслэлд хамааруулан дүгнэвэл уг мөнгөн хөрөнгийг хариуцагч тал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.
7. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах бөгөөд харин зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
8. Талуудын хооронд ******* улсын дугаартай Лексус НS250 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслээс хангуулахаар 405202492 тоот фидуцийн гэрээг байгуулжээ.
Хариуцагч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох зөвшөөрөлтэй боловч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй бөгөөд фидуцийн гэрээ байгуулах эрхгүй болно.
Иймд талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Харин нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах атал энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул түүний гаргасан холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.
Түүнчлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн тул хариуцагч нь уг фидуцийн гэрээний үүргийг шаардах эрхгүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
9. Төрийн мэдээллийн сан дах зээлийн мэдээллийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар ******* нь 405202492 тоот зээлийн гэрээний дагуу 13,452,000 төгрөгийн зээлээс 11,750,022 төгрөг төлөөгүй, зээлийн муу ангилалд бүртгэгдсэн байгааг анхан шатны шүүх зөв тогтоосон. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар мэдээлэл нийлүүлэгч болох хариуцагч ******* ХХК нь зээлийн мэдээлэл үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүргийг зөрчиж зээлийн гэрээний дагуу төлөх төлбөргүй нэхэмжлэгч *******г бүртгүүлсэн нь түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй боловч шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/05145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс ******* 405202492 тоот зээлийн гэрээний дагуу 13,452,000 төгрөгийн зээлээс 11,750,022 төгрөг төлөөгүй зээлийн муу ангилалд бүртгэгдсэн гэх мэдээллийг хасуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлд тогтоогдохгүй байх тул ******* ХХК-д холбогдох зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай *******гийн нэхэмжлэлийг, *******гаас зээлийн гэрээний үүрэгт 32,394,881 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА