Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 1921000000180 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ..............тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар 07 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, М.Б. /РД: ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны ойролцоо иргэн Т.Мөнгөнгадастай маргалдан улмаар зодож биед нь баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, зүүн нүдний дотор буланд зулгаралт, зүүн хөхний хэсэгт цус хуралт... гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны ойролцоо иргэн Т.Мөнгөнгадастай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000180 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Бид “Мустанг” баарны хашааны ойролцоо архи уунгаа юм яриад сууж байхад Мөнгөнгадас миний мөнгөтэй халаас руу гараа хүргэх шиг болсон бөгөөд миний хувьд Мөнгөнгадаст хандаж “чи түрүүн үсчин дотор байхад миний мөнгөтэй халаасанд гар хүрсэн мөн сая дахин хүрлээ” гэж хэлэхэд миний өөдөөс “би чиний халаасанд гар хүрээгүй, чи намайг хулгайч гэж бодоо юу” гээд босч ирээд миний өдөөс тулж ирээд зогсоод байхаар нь би “цаашаа бол хоёр удаа санамсаргүй мөнгөтэй халаасанд хүрнэ гэж юу байдаг юм” гээд түлхэхэд найз Болнобаатар голоор орж салгасан бөгөөд энэ үед Мөнгөнгадас миний өөдөөс муухай дуугаар инээгээд байхаар нь би уурлаад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж түлхсэн юм..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

 

            Хохирогч Т.Мөнгөнгадасын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би эхлээд найз Болнобаатарын найз Б-тай танилцаад гайгүй сайхан байсан бөгөөд сүүлдээ ууж байсан архиндаа согтоод Б надад хандаж “миний мөнгөтэй халаас руу гараа явууллаа гээд” хэрүүл маргаан үүсгээд байсан бөгөөд миний хувьд тодорхой сайн санахгүй байгаа юм. Мөн надад хандаж “би шоронгоор явж байсан хүн шүү намайг таних уу” гэж хэлэхээр нь би бас өдөөс нь “чи тэгвэл манай ахыг таних уу” гээд маргаан үүсгэсэн. Тэгээд Б надтай зууралдаж байхдаа миний нүүрэн тус газар цохиж унагаад дээрээс мөн өшиглөж цохисон, яг хэдэн удаа цохисон, өшиглөснийг санахгүй байна... намайг мөнгөтэй халаас руу гараа явуулсан гэх шалтгаанаар зодсон бөгөөд миний нүүр рүү цохиж унагаад дээрээс өшиглөж цохиод байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

            Гэрч О.Болнобаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид гурав Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баарны хашааны үүдэнд архи ууж байхад гэнэт Б Мөнгөнгадасыг “чи миний мөнгөтэй халаасанд гараа хүргэлээ энэ чинь 2 удаа болж байна” гээд маргалдсан. Тэгээд Б сууж байгаад босоод Мөнгөнгадасын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон бөгөөд Мөнгөнгадас арагш саваад унасан, тэгэхэд нь би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

           

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай:

     1. Т.Мөнгөнгадасын биед баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, буруун хацар, зүүн нүдний дотор буланд зулгаралт, зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ:

3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32, 33, 36-56 дугаар хуудас/,

Хохирогч Т.Мөнгөнгадас нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921000900200 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны ойролцоо хохирогч Т.Мөнгөнгадастай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Мөнгөнгадас /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч О.Болнобаатар /хх-ийн 16-17-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Б нь хохирогч Т.Мөнгөнгадасын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Б-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Б-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН