Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00408

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2025/0004 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

27,668,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******тэй 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэрээр 26,406,105 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөр төлөх хугацааг 79 хоногоор хэтрүүлж, үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг, нийт 584 төгрөгийг төлсөн.

1.3. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 26,406,105 төгрөг, зээлийн хүүд 1,249,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,588 төгрөг, нийт 27,668,239 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Тус банкнаас авсан зээлээ хүнд авч өгсөн боловч нөгөө хүнээ олж чадахгүйгээс зээлийн хугацаа хэтэрч, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн. 2025 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 300,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1700103015 дугаартай барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,406,105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 296,291 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* ХК-д 250,000 төгрөгийг төлсөн талаар шүүх хуралдаан болсон өдөр хүсэлтдээ бичсэн боловч шүүхээс миний төлсөн төлбөрийг хасаж тооцоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 250,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. 250,000 төгрөгийг шүүх хурал болохоос 4 хоногийн өмнө шилжүүлсэн бөгөөд төлсөн талаарх баримтыг шүүхэд манай банкны зүгээс гаргаж өгөөгүй юм байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг хасуулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,668,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар танилцуулсан шийдвэрээс өөр шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргажээ.

Энэ нь тус шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104/ТМ2025/00001 дугаар тэмдэглэлээс үзвэл шүүх хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 27,668,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн талаар танилцуулсан боловч мөн өдрөөр огноолсон 104/ШШ2025/0004 дугаар шийдвэрт хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,406,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор зааснаар тогтоогдож байна.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2025/00004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА