Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 203/МА2025/00012

 

 

Ц.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2025/00007 дугаартай шийдвэртэй,

Ц.*******ийн нэхэмжлэлтэй

Б.*******д холбогдох

Дөрвөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хүүхдүүдийн сургалтын төлбөрт 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03840 дугаартай шийдвэрээр Б.*******тай гэрлэлтээ цуцалж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч Ц.******* би Б.*******тай 2004 онд танилцаж 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Г.*******, 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.*******, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.******* нар төрсөн.

Миний асрамжид эрүүл энх өсөн бойжиж байна. Одоо хүү Г.*******, охин Г.******* нар Нийслэлийн ерөнхий боловсролын Хишиг сургуульд 480 000 төгрөгийн төлбөртэйгөөр, хүү Г.*******, охин Г.******* нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар "Улаанбаатар бүрэн дунд сургуульд 4 390 000 төгрөгийн төлбөртэйгөөр суралцаж байна. Уг хүүхдүүдийн төлбөрийг төлөхөд эцэг Б.******* мөнгө огт төлөөгүй бөгөөд би ганцаараа хүүхдүүдийн боловсролыг хангах зорилгоор төлсөн.

Дөрвөн хүүхдийн сургалтын төлбөр нийт 18 380 000 төгрөгийг төлсөн ба төлбөрийн 50 хувь болох 9 190 000 төгрөгийг хүүхдүүдийн эцэг Б.*******ас гаргуулах, 4 хүүхдүүдийн тэтгэмж тогтоолгохоор нэхэмжилж байна гэжээ.

 2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.*******ийн хүүхдүүдийн тэтгэмж тогтоолгох, сургалтын төлбөрийн тал хувь болох 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03840 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн. Энэ хүртэл хугацаанд би Ц.*******тэй хамтран амьдарч ажиллаж хөдөлмөрлөж олсон бүх мөнгөө хүүхдүүддээ зарцуулж байсан.

Тодруулбал бид 2022 оны 08 дугаар сарын сүүл хүртэл бидний хамтран ажиллуулдаг Байтаг богд амралтын газрыг ажиллуулж байгаад 2022 оны 08 дугаар сарын сүүлээр 22- ны үед Ц.******* хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. Хичээлийн хэрэгсэл бэлдэнэ гээд явсан. Би бүх л төлбөрийг төлсөн. Ц.******* ганцаараа төлсөн зүйл байхгүй. Тийм учраас би 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн гэж үзэж байна. ******* хэдэн оны сургалтын төлбөр нэхэмжилж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд би энэ мөнгийг төлөхгүй. Мөн сургалтын төлбөр бол зайлшгүй зардал биш гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүхдүүдтэйгээ уулздаг. Төрсөн өдөр тэмдэглэлт баяраар хүүхдүүдээ харж ханддаг. Цаашид ч харж хандах болно. Том хүү Г.******* нь одоо нас биед хүрсэн. Ц.******* нь зүрхний өвчтэй эрүүл мэндийн асуудалтай. Огцом уурладаг. 2024 оны 05 дугаар сард миний бага охиныг бүх хувцсыг нь хийгээд гэрээсээ хөөж гаргаад намайг ирж ав гэсэн. Охин маань ч аав дээрээ очно гэсэн. Би авах гэсэн боловч өгөөгүй. Тиймээс би хүүхдүүдийнхээ асрамж дээр маргана. Бага охин Г.*******, хүү Г.******* нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ас 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Г.Цэцэндагиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Г.*******, Г.*******, Г.*******, Г.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлээс 9 190 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 161 990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэж заажээ. Тиймээс 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөрийг төлж хувийн сургуульд суралцуулж байгаа нь хүүхдээ асрамжилж байгаа эхийн өөрийн сонголтын дагуу гаргаж буй сайн дурын зардал, бусдад үүрэг хүлээлгэх үндэслэл болох зайлшгүй зардал биш байх тул хариуцагчаас уг зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын 18 дугаар зүйлийн 1 дэх заалтад Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина", мөн зүйлийн 2 дахь заалтад Энэхүү Конвенцид заасан эрхийг дэмжин хэрэгжүүлэх, баталгаажуулахын тулд оролцогч улсууд хүүхэд хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид зохих тусламж үзүүлэх бөгөөд хүүхэд асран хамгаалах байгууллага, ажил үйлчилгээг хөгжүүлэх явдлыг хангана гэж. 27 дугаар зүйлийн 2 дахь заалтад Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ: 10.1.4 дэх хэсэгт хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, 10.1.8 дахь хэсэгт хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах" мөн зүйлийн 10.2-т Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан байдаг.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас тусдаа амьдарснаас хойш ганцаараа бие даан хүүхдүүдээ төлбөртэй сургуульд суралцуулах шийдвэрийг гаргаагүй, хариуцагчтай гэр бүлийн харилцаатай хамт амьдарч байх хугацаанаасаа хойш 4 хүүхдийнхээ ирээдүй, боловсрол эзэмших, хөгжих эрхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр хүүхдээ хятад хэлний, хоёр хүүхдээ орос, англи хэлний гүнзгийрүүлсэн төлбөртэй сургуульд суралцуулж ирсэн. Хоёр бага хүүхэд нь сургуульд анх 1 дүгээр ангид орсон цагаасаа хойш тухайн төлбөртэй сургуульдаа суралцаж байгаа.

Хариуцагч өөрөө ч мөн дэмжиж хамт амьдарч байх хугацаандаа хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлөлцөж, хүүхдүүдээ дэмжиж ирсэн. Одоо тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ цуцлуулсан, хүүхдүүдээ асран халамжлах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа гээд хүүхдүүдээ анх явж эхэлсэн дассан сургуулиас нь гаргаж улсын төлбөргүй сургуульд суралцуул гэж байгаа нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж буй үйлдэл гэж үзэж байна.

Хүүхдүүд төлбөртэй сургуульд суралцсанаар улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж боловсрол эзэмшсэнээс илүү давуу талыг олж авсан, хоёр хүүхэд нь орос, англи хэлийг, хоёр хүүхэд нь хятад хэлийг сайн сурч эзэмшсэн, цаашлаад том хүү нь БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломжтой болсон гэдгийг хариуцагч ч мөн хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.

Хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөгжих эрхийг нь эцэг, эх нь хариуцах, дэмжиж туслах үүрэгтэй атал хүүхдээ асрах эрх нь эхэд нь байгаа гэдгээр дан ганц эх нь хүлээнэ гэж үзэх нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.

Мөн ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог байхад өөрсдөө сайн дураараа төлбөртэй сургуульд хүүхдүүдээ сургасан учир суралцуулж байгаа эх нь хариуцаж төлөх ёстой, эцгээс нь гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжуудаар үр хүүхдийнхээ өмнө эцэг, эх нь адилхан үүрэг хүлээх талаар зохицуулсан хуулийг ноцтой зөрчиж буй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2025/00007 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т өөрчлөлт оруулж, хүүхдүүдийн сургалтын төлбөрийн тал хувь 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дор бүрдээ үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т нь хүүхдийг бүрэн хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд хүүхдийн болон бусад холбогдох байгууллага албан тушаалтан иргэдтэй хамтран ажиллах, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д хүүхдийг хөгжих, төлөвшихөд нь эцэг, эх нь дэмжих, туслах, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт нь эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь биднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан учраас эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа, гэр бүл цуцлуулсан гээд хүүхдийнхээ сурч боловсрох эрх, хөгжих эрхэд нь дэмжиж туслах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт онцгой нөхцөл байдалд суралцах нь хамаарахгүй. Суурь ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог учраас хариуцагчаас сургалтын төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй. Төрөөс суурь боловсрлыг үнэгүй олгодог гэдэг тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдал гэдэг дотор нь сургуульд орсон бол гэдэг нөхцөл орж байгаа учраас энэ төлбөртэй сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн төлбөрийг эцэг, эхийн гэрлэлт цуцлуулснаас үл хамааран адил хэмжээгээр хариуцаж, хүүхдүүдээ дэмжих хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн эх нь ганцаараа дур мэдээд хүүхдүүдээ төлбөртэй сургуульд суралцуулаад байгаа асуудал огт байхгүй. Энэ хоёр хүн гэр бүл болоод хамтран амьдарч байх үеэсээ эхлээд хүүхдүүдээ төлбөртэй сургуульд суралцуулж эхэлсэн. Хоёр бага хүүхэд нь анх сургуульд орсон үеэсээ эхлээд тухайн төлбөртэй сургуульд суралцаж, 5, 6 жил буюу 5 тавдугаар анги, 6 дугаар ангид суралцаад явж байна. Гэтэл гэр бүл салсан. Би хамт амьдрахгүй учраас энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг эх нь хариуц гэдэг байдлаар төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дэмжих эрх буюу хүүхдүүддээ сурч боловсроход дэмжлэг үзүүлэх нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг гэж үзэж байна. Мөн дөрвөн хүүхэд нь тухайн төлбөртэй сургуульд суралцсанаараа хамгийн том хүүхэд нь үүнийхээ давуу талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэтгэлгээр суралцаад явж байна. Ийм нөхцөл байдал байдаг учраас энэ сургалтын төлбөрийн тавин хувийг эцгээс нь гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан дөрвөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хүүхдүүдийн сургалтын төлбөрийн тал хувь 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч Г.Баттулга нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, сургалтын төлбөр бол зайлшгүй зардал биш учир төлөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ас 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Г.Цэцэндагиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Г.*******, Г.*******, Г.*******, Г.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлээс 9 190 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүүхдүүдийн сургалтын төлбөрийн тал хувь 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан, хүү Г.*******, охин Г.*******, хүү Г.*******, охин Г.******* нар нь эх Ц.*******ийн асрамжид эрүүл энх өсөн бойжиж байгаа болох нь хэрэгт цугларсан баримтууд тэдгээрийн тайлбараар тогтоогдсон ба шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн хүүхдийн тэтгэлэгийг хариуцагч Б.*******ас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй байна.

 Зохигчдын хүү Г.*******, охин Г.******* нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар "Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 5в, 6в ангид суралцдаг ба 2023-2024 оны хичээлийн жилд тус бүр 4 390 000 төгрөг, охин Г.*******, хүү Г.******* нар Нийслэлийн ерөнхий боловсролын Хишиг сургуулийн 10а, 12б ангид суралцан тус бүр 4 800 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ. /хх- ийн 13-15-р хуудас/,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулжээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж зохицуулсан нь хүүхдийг төлбөртэй хувийн сургуульд хамрагдах эрхийг хязгаарлахгүй. Түүнчлэн хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөгжиж төлөвшихөд нь туслах эцэг, эхийн үүргийн хүрээнд төлбөртэй сургуулийг сонгон суралцуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь хүүхдэд гарсан зардлыг хариуцагч хариуцахгүй байх үндэслэл болохгүй.

Иймд хүү Г.*******, охин Г.*******, охин Г.*******, хүү Г.******* нарын 2023-2024 оны сургалтын төлбөрийг гарсан зардалд тооцож, уг зардлын тал хувийг хариуцагчид хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдсэн тул гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2025/00007 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлээс 9 190 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 9 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА