Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04386

 

2016 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04386

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /РД: 5036895/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2в байр, 85 тоот хаягт оршин суух Бариид овогт Цогтбаярын Баясгалан /РД:УУ90072548/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.175.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Баясгалан нь манай компанитай харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88083395 дугаарт Самсунг Галакси Эс-6 маркын гар утсыг 12 сарын хугацаатай, 2016 оны 5 дугаар сар хүртэл төлбөрийг төлж дуусгахаар зээлээр авсан. Гэтэл хариуцагч 2015 оны 7 дугаар сараас төлбөр төлөөгүй. 88083395 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр болох нийт 783.700 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 391.850 төгрөг, нийт 1.175.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би утасны лизинг болох 738.850 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.Баясгалангийн хариу тайлбартай танилцлаа. 2016 оны 6 дугаар сарын 28-ны дотор үндсэн төлбөр болох 738.850 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Алданги болох 391.850 төгрөгөөс татгалзаж байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Ц.Баясгалангаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.527.150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.175.550 төгрөгийг 391.850 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 783.700 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.765 төгрөгийн 50 хувь болох 16.382 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 16.382 төгрөг 50 мөнгийг хариуцагч Ц.Баясгалангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Баясгаланд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.175.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 391.850 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 783.700 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.765 төгрөгийн 50 хувь болох 16.382 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 16.382 төгрөг 50 мөнгийг хариуцагч Ц.Баясгалангаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ