Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00373

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05719 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролд 1,820,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******эс авто машины хурдны хайрцаг худалдаж авахаар тохиролцож хурдны хайрцагны үнэд 2,300,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн ******* тоот данс руу шилжүүлсэн.

1.2. Хариуцагч нь манайх найдвартай, баталгаатай, асуудал байхгүй хурдны хайрцаг зардаг, асуудал гарвал буцаагаад солиод өгнө гэх хэлсэн учир хурдны хайрцагийг Говь-Алтай аймаг руу ачуулж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.

1.3. Говь-Алтай аймагт байрлах машин засварын газраар 2023 оны 06 сарын 25-ны өдөр хурдны хайрцагыг сольж тавиулсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа 2023 оны 06 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгаас Тонхил сум руу машинаа унаад явж байхад машинд үе үе хий хааз авах, хөдлөх болон хөдөлгүүрийн эргэлт нэмэгдэхэд хааяа ер бусын чимээ гарах зэрэг доголдол үүсч эхэлсэн. Тонхил суманд ирээд үзтэл хурдны хайрцаг эвдэрсэн байсан.

1.4. Хариуцагч *******д хандаж хурдны хайрцаг эвдэрсэн, хурдны хайрцагаа солиод тавиад өг, 1000 гаруй км газраас өчнөөн зардал гаргаж ирсэн талаар хэлэхэд үл тоож сольж өгөөгүй.

1.5. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,300,000 төгрөг, хохирол 1,820,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. *******д 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2,300,000 төгрөгөөр Марк икс зио маркийн машины хурдны хайрцаг худалдсан.

2.2. ******* нь хөдөө орон нутагт байдаг, машинаа авч ирэх боломжгүй, Нарантуул захаас унаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул захаас хөлсний тэргэнд хурдны хайрцагийг өгч явуулсан. Нэхэмжлэгчид хурдны хайрцагаа тавихдаа холбогдоод заавар зөвлөгөө аваарай, гүзээ дискийг дутуу суулгавал хурдны хайрцаг эвдрэнэ шүү, буруу тос хийж болохгүй шүү, зөв тос хийгээрэй гэж сайн ойлгуулж хэсэн.

2.3. Гэтэл хурдны хайрцаг суулгах талаар яриагүй атлаа 28 хоногийн дараа хурдны хайрцаг эвдэрсэн талаар хэлсэн. Би засварчнаасаа тодруулахад гүзээ дискээ дутуу хийснээс болж доошоо тос гоождог. Тосоо хаяад хурдны хайрцаг эвдэрсэн байх магадлалтай гэж хэлсэн.

2.4. Нэхэмжлэгч машинаа авчраад манай цайз салбар дээр үзүүлсэн бөгөөд засварчин гүзээ дискээ дутуу хийснээс хурдны хайрцагны тос шингэрч гоожиж дуусч, хурдны хайрцаг эвдэрсэн гэж хэлсэн.

2.5. Хурдны хайрцаг асуудалтай талаар тухайн үед хэлсэн бол сольж өгөх боломжтой байсан. Харин 28 хоногийн дараа ийм асуудал ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манайх хариуцлага хүлээхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 2,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 1,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч *******гийн худалдаж авсан автомашины хурдны хайрцаг нь эвдэрхий байсан бол суурилуулаад ашиглах үед ямар нэгэн алдаа гарч тэр дороо мэдэгдэх ёстой. Гэтэл суурилуулснаас хойш 28 хоногийн дараа эвдэрсэн нь суурьлуулахад эсхүл гадны ямар нэг нөлөөнөөс болсон гэж үзэж байна.

Мөн тус хурдны хайрцагийг суурилуулсан хүн нь мэргэжлийн засварчин мөн эсэх, тухайн засварын газар нь засвар үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 2,300,000 төгрөг, хохиролд 1,820,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2,300,000 төгрөгөөр автомашины хурдны хайрцгийг худалдан авахаар тохиролцож, уг өдрөө автомашины хурдны хайрцгийн үнэд 2,300,000 төгрөгийг *******д шилжүүлсэн талаар талууд маргаагүйг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон автомашины хурдны хайрцаг доголдолтой байсан, хариуцагч ******* нь уг хурдны хайрцгийг автомашинд нэхэмжлэгч суурилуулахдаа эвдсэн гэж тус тус маргасан.

 

5.1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1001 дугаартай дүгнэлтэд хурдын хайрцгийг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тодорхойлох боломжгүй, ашиглалтын хугацааг тогтоох боломжгүй, ямар эвдрэл гэмтэлтэй, засварлах боломжтой эсэхийг тухайн чиглэлийн засвар үйлчилгээ хийдэг мэргэшсэн газарт тогтоож, харьцуулж байж тогтоох боломжтой, хурдны хайрцгийг сольж, угсрах явцад эвдрэл авах эрсдэл бага, хурдын хайрцгийг угсрах явцад эвдрэл үүсэх магадлал бага гэж тусгасан, гэрч *******ийн мэдүүлэгт: Угсарсан кроп нь диск дутуу суулгаснаас болж эвдэрдэг. Бид нар авчирч суурилуулахдаа гүзээ дискийг дутуу суурилуулсан тохиолдолд эвдрэл үүсэж, машин явахгүй, хөдлөх боломжгүй болдог. Тухай машин нь тухайн үед зүгээр хөдөлгөөнд оролцоод явсан. Тийм учраас суурилуулах явцад ямар нэгэн эвдрэл гэмтэл тухайн үед бол үүсээгүй. ... гэсэнтэй харьцуулбал автомашинд хурдны хайрцагийг нэхэмжлэгч тал сольж угсрахад эвдээгүй, харин уг хурдны хайрцгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой байсан гэж дүгнэхээр байна.

5.2. Түүнээс гадна талууд хурдны хайрцгийг худалдах, худалдан авахаас өмнө нь ашиглагдаж байсан, хуучин талаар маргаагүй, дээрхи шинжээчийн дүгнэлтэд хурдны хайрцгийг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй гэснээс дүгнэвэл талууд эд зүйлийн чанарын талаар тохиролцоогүй боловч гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон тул мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар хурдны хайрцгийг доголдолгүй гэж үзэхгүй юм.

5.3. Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/12282 тоот захирамжаар Авто тээврийн үндэсний төвийг шинжээчээр томилж, тухайн хурдны хайрцаг хэдэн онд, аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар тээврийн хэрэгсэлд зориулагдсан, ашиглалтын хугацаа тогтоох боломжтой эсэх, угсрах явцад эвдэрсэн аль эсхүл эвдэрсэн байсан эсэх, эвдэрсэн бол хэзээ, ямар шалтгааны улмаас эвдэрсэн, цаашид ашиглах, засварлах, ажиллах боломжтой эсэхийг тодруулахаар шийдвэрлэсэн боловч шинжээч нь ... хурдны хайрцгийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй, тусгай багаж хэрэгсэл байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Хариуцагч тал дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.

5.4. Мөн худалдагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар уг хурдны хайрцгийн баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй байна.

5.5. Түүнчлэн худалдагч ******* нь худалдан авагч *******д хурдны хайрцгийг сольж суурилуулахтай холбоотой заавар, зөвлөгөө өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болжээ.

Иймд хариуцагч *******эс гаргасан давж заалдах гомдлын хурдны хайрцаг нь эвдэрхий байсан бол суурилуулаад ашиглах үед ямар нэгэн алдаа гарч тэр дороо мэдэгдэх ёстой. Гэтэл суурилуулснаас хойш 28 хоногийн дараа эвдэрсэн нь суурилуулахад эсхүл гадны ямар нэг нөлөөнөөс болсон гэж үзэж байна гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагч *******эс гаргасан тус хурдны хайрцгийг суурилуулсан хүн нь мэргэжлийн засварчин мөн эсэх, тухайн засварын газар нь засвар үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа гэсэн гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Худалдан авагч ******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар уг зүйлийг эзэмшилдээ авснаас хойш 6 сарын дотор гаргасан, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

7. Тэрээр мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлжээ. Харин анхан шатны шүүх түүнийг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй. Гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлснээр гэрээний дагуу хүлээсэн үүргийг харилцан тооцох үр дагавартай юм. Харин нэг удаагийн үйлдэлтэй үүргийн хүрээнд гэрээг цуцлах журам хэрэгжүүлэх боломжгүй болно.

 

8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаас авсан зүйлийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд худалдан авагч ******* нь худалдагчид шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Хурдны хайрцгийг буцаан авахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

9. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн төв рүү хурдны хайрцгийг тээвэрлэхтэй холбоотой гарсан тээврийн зардалд 50,000 төгрөг, хурдны хайрцаг суурилуулсан ажлын хөлсөнд 310,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй гэж дүгнэлээ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА