| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 116/2024/0003/З |
| Дугаар | 001/ХТ2024/0102 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/0102
“Ш***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2024/0006 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0411 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0332 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***, С.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А***, Б.О*** (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Ш***” ХХК-аас Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Нэгж талбарын 21*****, 21***** дугаар бүхий талбайд **** сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156, 447,149 төгрөг, 2023 оны 21,807,376 төгрөг буюу нийт 178,254,525 төгрөгийг ... дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс “... Хоёр талбайн газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Чойбалсан хотын *** сумын ***-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцох нь зөв, хариуцагчаас Хэрлэн суманд тогтоосон хувь болох 0.15 хувийг хэрэглэхгүйгээр, бусад сумдад тогтоогдсон 1 хувиар үржүүлсэн аргачлалаар газрын төлбөрийг буруу тооцсон, газрын даамал нь газрын суурь үнэлгээг *** суманд тогтоосноор, хувь хэмжээг нь бусад суманд тогтоосон үнэлгээгээр тооцон, хольж хэрэглэсэн нь хууль тогтоомжид заагдаагүй аргачлал болсон, уурхайн эдэлбэр газраас ашиглалт явуулж буй хэсгийг аль сумын нутагт байгаагаас үл хамааран аль ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан 2 дахин өсгөж газрын төлбөр ногдуулахаар тогтоосон, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “бүсэд хамааруулан” гэдэг нь хотын суурь үнэлгээнд хамааруулан, хувийг нь тухайн уурхайн оршин байгаа бүсэд тогтоосон хувиар үржүүлэх гэж заагаагүй, хуульд бичигдээгүй аргачлалаар газрын төлбөр тооцох боломжгүй, газрын төлбөрийг тооцохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10/01 дүгээр тогтоолыг буруу хэрэглэсэн, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “... ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан” гэдгийг зөвхөн “тухайн бүсэд тогтоосон суурь үнэлгээнд хамааруулах”-аар хязгаарлаж болохгүй, компанийн хувьд “тухайн бүсэд тогтоосон суурь үнэлгээ болон хувьд хамааруулах” ёстой, газрын даамлын 0.15 хувиар биш, 1 хувиар тооцон газрын төлбөр ногдуулсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэлээр илт хууль бус болгуулах ...” гэж тайлбарлан маргажээ.
3.Хариуцагчаас “... **** сумын нутагт ашиглалт олборлолт явуулж байгаа бол 0.15 хувиар тооцох бөгөөд “Ш***” ХХК-ийн газар нь *** суманд хамаарахгүй, Дашбалбар сумын нутаг дэвсгэрт хамаарна, **** суманд ойр орших хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл (үүнд уул уурхайн зориулалт багана)-ийн зориулалтын 1 га газрын суурь үнэ 50 сая, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийг тооцох хувь хэмжээ (харгалзах итгэлцүүр)-г аймгийн төвөөс бусад сумдад 1 хувь байхаар тогтоосон, энэ аргачлалаар тооцсон, газрын төлбөр тооцсон аргачлал зөв, газрын даамал газрын төлбөрийг буруу тооцоогүй, Газрын кадастрын мэдээллийн системээс газрын төлбөр автоматаар бодогддог, нэгж талбарын газрын өөрчлөлт оруулсан боловч өөрчлөлт системд ороогүйгээс газруудын төлбөр зөрүүтэй ноогдсон байсан, зөрүүг арилгахаар 2023 оны 3, 4 улирлын газрын төлбөрийн нэхэмжлэлийг цуцалсан ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргажээ.
4.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш***” ХХК-ийн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Нэгж талбарын 21****, 21**** дугаар бүхий талбайд *** сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаагүй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0332 дугаар тогтоолоор “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Нэхэмжлэгч “Ш***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***, С.А*** нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
7.1.Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр гомдол гаргасан.
7.2.Нэхэмжлэгч Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн агуулгаар маргаагүй, харин 7 дугаар зүйлийн 4 хэсгийг хэрхэн ойлгох, хэрэгжүүлэх талаар маргасан, анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн агуулгыг тайлбарласан зүйл байхгүй, харин нэхэмжлэгчийн маргаагүй Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
7.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн хориглосон хэм хэмжээг зөрчиж, хуулийн 106.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан. Ашиглалт явуулж буй хэсгийн газрын төлбөрийн харилцааг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, давж заалдах шатны шүүх Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
7.4.Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтын зорилгыг шүүхийн тодорхойлсны дагуу “өндөр төлбөр тогтоох явдал” гэж үзвэл, “хэр өндөр” байх нь хуулийн бичвэр (текст)-ийн агуулгаар тодорхойлогдож хязгаарлагдах учиртай. Хуульд “...аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан 2 дахин өсгөж” ногдуулахаар бичигдсэн. Харин хотын бүсийн суурь үнэлгээг бусад сумдын итгэлцүүрээр үржүүлэн хольж хэрэглэх аргачлал хуульд бичигдээгүй, хуулийн тексттэй тохирохгүй байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуулийн текстийг давхар харгалзан үзэлгүй, зөвхөн “өндөр тогтоох зорилго” гэх субьектив санаанд үндэслэн хууль тайлбарласан нь хуульд нийцсэн эрх зүйн дүгнэлт бус, харин шүүгчийн хувийн улс төрийн үзэл бодлын илэрхийллийн шинжтэй болсон.
7.5.Эрх зүйн зарчмуудын агуулгыг буруу ойлгож хэрэглэсэн, магадлалд дурдсан “зайлшгүй байх, шударга байх, шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмуудыг агуулгаас нь буруу ойлгож хэрэглэсэн. Үүнд:
7.5.1.“татвар зайлшгүй байх” зарчмын агуулга нь татвараас бултах (Тах аvoidance), татвараас зайлсхийх (Тах Evasion) гэх эрх зүйн тогтсон ойлголттой харьцуулагдан тайлбарлагддаг. “Tax аvoidance” нь татварын таатай бүсэд хөрөнгө, орлогоо шилжүүлэх зэргээр хуулийн дагуу татвар төлөхгүй байх эсхүл бага төлөх татвар төлөгчийн хууль ёсны үйлдэл байдаг бол “Тах Evasion” нь хөрөнгө орлогоо нуух, тайлагнахгүй байх зэргээр гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн замаар татвар төлөхөөс зайлсхийх хууль бус үйлдлийг ойлгодог. Тиймээс “татвар зайлшгүй байх” зарчимтай нийцэхгүй фактууд гэвэл татвар төлөгчийн хувьд гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн замаар татвараас зайлсхийх үйлдэл гаргах; хууль тогтоох байгууллагын хувьд татвар төлөгчид татвараас бултах орон зай гаргасан хууль батлан гаргах явдал юм. Иймд “ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн эдэлбэрт газар ашиглаж байгаа этгээд нь бусад зорилгоор ашиглаж буй хүн, хуулийн этгээдтэй ижил, эсхүл тэднээс бага хэмжээгээр төлбөр төлөх нь Татварын ерөнхий хуульд заасан зайлшгүй байх зарчимд нийцэхгүй” гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт болсон.
7.5.2.“Шударга байх, шударга ёсыг хангах” зарчим нь эрх зүйн онол, эрх зүйн философийн судлагдахууны агуулгаар “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодол зэрэг үндэслэсэн аливаа хэлбэрийн алагчлалгүй байх”-ыг ойлгодог. Гэтэл улс төрийн философид “шударга байх, шударга ёсыг хангах” үзэл санааны агуулга нь тухайн хүний улс төрийн үзэл бодлоос шууд хамааралтай болдог. Тухайлбал шударга ёсны үүднээс нийгмийн аль хэсгийн иргэд өндөр татвар төлөх ёстой вэ гэх асуултад либератари, утилатари үзэлтнүүд тэс өөр, эсрэг тэсрэг хариулт хэлдэг. Татварын ерөнхий хууль, Газрын тухай хуульд тусгагдсан “шударга байх, шударга ёсыг хангах” зарчмыг “Шударга ёсны үүднээс нийгмийн аль хэсэг өндөр татвар төлөх ёстой вэ? Газрыг нийгмийн гишүүдэд хэрхэн шударга хуваарилах вэ? гэх мэт асуултад хариулсан ямар нэг үзэл санааны зарчим” гэж үзвэл энэ зарчмыг хангах үүрэг нь зөвхөн хууль тогтоох ажилд хамааралтай бөгөөд нэгэнт батлагдсан хуулийг хэрэглэх үүрэгтэй татварын байцаагч, газрын даамал, шүүгчид хамааралгүй болно. Харин Татварын ерөнхий хууль, Газрын тухай хуульд тусгагдсан “шударга байх, шударга ёсыг хангах” зарчмыг эрх зүйн онолын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, Үндсэн хуульд тусгагдсан агуулгаар “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодол зэрэгт үндэслэсэн аливаа хэлбэрийн алагчлалгүй байх” шаардлагыг илэрхийлсэн агуулгаар ойлговол давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсэн болж байна.
7.5.3.“Тэгш байдлыг хангах” гэдэг нь хууль зүйн утгаар “төрөөс иргэдэд олгож буй боломж болон хуулийн хамгаалалт нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодол зэрэгт үндэслэсэн аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтгүй байх” шаардлагыг илэрхийлдэг. Иймд давж заалдах шатны шүүхийн “уул уурхайн ашиглалт явуулж буй хэсгийн төлбөр бусад зориулалттай газрын төлбөртэй тэнцүү эсхүл бага байх нь Газрын тухай хуульд заасан тэгш ёсыг хангах зарчимд нийцэхгүй” гэх дүгнэлт нь хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.
7.6.“Аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд тогтоогдсон газрын суурь үнэлгээг, тухайн бүсэд тогтоогдсон итгэлцүүр болон хоёр дахин өсгөх үржвэрээр үржүүлэх” аргачлал нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн агуулгатай нийцсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн дүгнэлтүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.
7.7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хууль бусаар илүү төлүүлсэн төлбөрийг дараа жилийн төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
10.Нэхэмжлэлд дурдснаар “Ш***” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумд байрлах ****** газарт 2***, 1*** дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ... сумын 1-р баг, С****, ****-т байрлалд нэгж талбарын 21**** дугаар бүхий 99.28 га, мөн ****, ****-д байрлалд нэгж талбарын 21***** дугаар бүхий 125 га газруудыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар ашигладаг талаарх *****, ***** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан байна.
11.Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Ш***” ХХК-ийн дээрх газруудын (2022 оны 3, 4 улирал, 2023 оны) төлбөрийг “50 сая*1%*2” буюу 1 га газрын суурь үнэлгээг[1] 50 сая төгрөг, *** сумаас бусад сумдад тогтоосон газрын төлбөрийн итгэлцүүрээр[2] 1 хувь, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар хоёр дахин өсгөн тооцох аргачлалаар тодорхойлж ногдуулсныг нэхэмжлэгч газрын суурь үнэлгээтэй маргаагүй, харин газрын төлбөрийн итгэлцүүрийг 1 хувиар тооцсоныг эс зөвшөөрч Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... нэхэмжлэгчийн хоёр талбайн газрын төлбөрийг ойр орших орон нутгийн зэрэглэлтэй хот болох Чойбалсан хот буюу *** сумын ***-р бүсэд хамааруулан газрын итгэлцүүрийг 0.15 хувиар тооцуулж, илүү төлөлтийг дараа онд суутган төлүүлэх”-ээр маргажээ.
12.Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх (2019 оны) хэсэгт “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж заасан.
13.Төрийн захиргааны эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэрт газар ашиглах тухай гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Засаг дарга байгуулах; гэрээний дагуу Засаг дарга (газрын даамал) болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа үүсэх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй талбайн “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэг”-т газрын төлбөрийг ... тооцохоор хуульчилсан байна.
14.Компанийн *****, ***** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээнээс өөр баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой нэг хэсэгт уурхайн эдэлбэрийн ашиглалт, олборлолтын зориулалтаар аль сумын Засаг даргатай гэрээ байгуулсан, уг гэрээнд газрын төлбөрийг хэрхэн тооцохоор тусгасан зэрэг маргааны зүйлд холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай.
15.Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэхэд, нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн аль хэсэгт уурхайн эдэлбэрийн ашиглалт, олборлолт явуулж байгаа нь хамаарах зэрэг үйл баримтыг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхээр байна.
16.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлээгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.
17.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2024/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0411 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН
[1] Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт.
[2] Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 10/01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт.