| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2023/02013/И |
| Дугаар | 207/ма2025/00013 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2025/00013
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 207/МА2025/00013 |
2025 02 06 207/МА2025/00013
*********гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *********т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, Ерөнхий шүүгч Б.*********төр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : *********гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********т холбогдох,
“Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасны дагуу *********т намайг хүүхэд зодсон гэх худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг шүүхээс хүлээлгэх, надаас албан ёсоор уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас эдийн бус гэм хор уршиг буюу миний сэтгэл санааны хохиролд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч *********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.*********төрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюун*********, хариуцагч *********, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би “*********” *********-ын харьяаллын цэцэрлэгт багшаар ажилладаг бөгөөд өөрийн мэдлэг чадварын хүрээнд ажлын бус цагаараа шатрын дугуйланд бага насны болон сургуулийн насны хүүхдүүдэд шатар зааж, сургалт явуулдаг юм. Хариуцагч *********ийн хүү ********* нь манай шатрын дугуйланд хамрагддаг ба 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11:20-13:20 цагт шатрын хичээлд суух хуваарьтай байсан. ********* энэ өдрийн хуваарьтай цагтаа дугуйланд ирж хичээллээд тарахад эгч нь ирж дүүгээ авч явсан. Гэтэл ********* 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18:40 цагийн үед над руу утсаар ярьж, *********ын нүдний доод хэсэгт хөхрөлттэй байна, намайг хүүхэд зодсон гэж гүтгэсэн. Би *********т энэ өдөр шатрын дугуйлан дээр болж өнгөрсөн үйл явдлуудыг нэг бүрчлэн үнэнээр нь тайлбарлаж, *********ыг зодоогүй гэдгээ хэлсэн. Харин хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ********* ********* гэх фейсбүүк хаягаараа бичлэг оруулж миний нэрийг бичээгүй ч, шатрын дугуйлангийн багш нь манай хүүхдийг зодсон гэж намайг гүтгэж, миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тараасан. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ********* миний ажлын байран дээр очиж, манай цэцэрлэгийн багш нарт намайг хүүхэд зодсон гэх гүтгэлгээ хэлж тараасан. *********ын нүдний дор хөхөрсөн гэх тухайн өдөр дугуйлан тарахад эгч нь ирж дүүгээ авахад ********* багшийгаа тэвэрч, үнсээд нүүрэндээ ямар нэгэн хөхрөлт гэмтэлгүй гэр лүүгээ явахаар гарсан. Энэ үед ангид 4-12 насны 15 хүүхэд шатар тоглож байсан бөгөөд намайг *********ыг зодож цохиж, уурлуулж уйлуулаагүйг энэ хүүхдүүд гэрчилнэ. Тухайн үед бага насны эрэгтэй хүүхэд гэртээ харих замдаа эсвэл гэртээ, хаана ямар хөдөлгөөн үйлдэл хийсний улмаас нүдний дор нь хурц ирмэгтэй зүйлийн мөр мэт хөхөрснийг ********* ч, би ч мэдэхгүй. Над руу ********* хүүхдээ авснаас хойш 5-6 цагийн дараа ярьсан нь үнэн. Гэтэл ********* нь миний тайлбар, санал хүсэлтийг огтхон ч сонсохгүй миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд зүй бусаар халдах үйлдлийг удаа дараа үргэлжлүүлэн хийсээр байна. Би нэхэмжлэгчийн хувьд шүүхийн журмаар өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, миний сэтгэл санаанд *********ийн учруулсан гэм хорыг зохих ёсоор арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу *********т намайг хүүхэд зодсон гэх худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг шүүхээс хүлээлгэх, надаас албан ёсоор уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас эдийн бус гэм хор уршиг буюу миний сэтгэл санааны хохиролд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын иргэн *********гийн нэхэмжлэлтэй Монгол Улсын иргэн ********* надад холбогдох иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гарган өгч мэтгэлцэх зарчмаар өөрийн татгалзлаа нотлох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/01636 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2-д заасныг баримтлан хариуцагч *********ийг нэхэмжлэгч буюу шатрын багш *********г хүүхдээ зодсон гэх мэдээллийг тараасан хэлбэрээр /өөрийн фейсбүүк хаягаар/ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохирол 2.500.000 /хоёр сая таван зуу мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ********* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “4.2.Хариуцагчийн төлөөлөгч, цахим орчинд тавьсан бичлэгт *********гийн нэрийг дурдаагүй, түүний нэр төрд халдаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч, *********ын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, 2024 оиы 03 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолд хариуцагч *********ийн: ... манай хүү Б.*********ыг шатрын багш нь зодож халдсан ... гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгасан байдал, уг тогтоолд авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжпэгчийг буруутгасан мэдээлэл тараасан нь нотлогдож байна” гэсэн нь хэт нэг талыг баримталж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй шийдвэрлэсэн байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т Шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь ямар бичлэгийг хаана байршуулсан талаар гаргаж өгөөгүй байна. Гагцхүү нэхэмжлэгчийн амаар хэлсэн www.facebook.com вэб сайтад шатрын багш гэж хэлсэн гэхээс өөр нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримтууд дунд ямар ч бичлэг байхгүй байгаа бөгөөд фото зургийг нэхэмжлэгч гаргаж өгсөн. Гэтэл тэр зургууд дээр шатрын багш гэж хэлсэн авиа байхгүй мөн бичлэг байхгүй байна. Нотлох баримт гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлд заасан нотолгооны чадваргүй нэг талын гаргаж өгсөн баримтууд байхад анхан шатны шүүхээс нэр төр сэргээж, уучлалт гуйхыг даалгаж байгааг ойлгохгүй байна. Үнэхээр тийм бичлэг хийсэн эсхүл хүмүүс шатрын багш ********* байна гэж бичсэн бол үзлэг хийлгэж нотлох баримтын шаардлага хангах ёстой байсан. Нэхэмжпэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн тайлбартаа шүүхийн үнэлж дүгнээд байгаа тэр байхгүй байгаа бичлэг дээр нэг ч миний нэрийг дурдаагүй гэдгийг өөрөө илэрхийлдэг харин шатрын багш л гэж хэлсэн гэж удаа дараа тайлбарладаг. Эрдэнэт хотод миний мэдэхийн Спорт ордонд шатрын дугуйлан, хүүхдийн ордон тэгээд бүх сургууль дээр шатрын дугуйлан байнгын тогтмол ажиллаж тэр тооны шатрын багш байдаг. Гэтэл шатрын багш гэхээр л ********* гэж ойлгоно гэж анхан шатны шүүх үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс Прокурорын тогтоол дээр хариуцагч ********* ингэж хэлсэн гэдгийг үндэслэх хэсэгтээ оруулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжпэлийн шаардлагаа нотлох үүргийг анхан шатны шүүх өмнөөс нь хэрэгжүүлж байна. Прокурорын 2 тогтоолыг олон нийтийн сүлжээнд хариуцагч ********* байршуулаагүй өөрийн үзэл бодлоо цагдаагийн байгууллагад илэрхийлсэн байхад анхан шатны шүүх далдыг хардаг увдистан шиг хариуцагч хэлсэн гэж байгаа үйлдэл нь хуулийг маш ноцтой зөрчсөн. Хариуцагч тал цагдаагийн байгууллагад тухайн гомдлыг гаргахдаа шатрын дугуйландаа яваад ирэхдээ ийм болсон талаар л мэдүүлж өөрөө тухайн өдөр ээлжийн ажилтай байсан талаараа мэдүүлдэг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан...” гэж хуулинд тодорхой заасан бөгөөд нэхэмжпэгч *********гийн ажил хэргийн нэр хүнд үү эсхүл иргэний нэр, хамт олноос олгосон алдар хүндийн аль нь зөрчигдсөн бэ? гэдгийг шүүхээс үнэлж дүгнээгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ********* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд миний нэрийг дурдаагүй гэхдээ би шатрын багш тиймээс би гомдолтой байна гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудад түүнийг багшлах эрхтэй эсхүл шатрын зэрэг, зэрэглэлтэй гэсэн баримт байхгүй. Багш уу, дасгалжуулагч уу эсхүл арга зүйч үү гэснийг нотолсон баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх “би шатрын багш” гэж хэлснийг нь үндэслэж шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн зарчмыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан аргаар бэхжүүлээгүй зураг мөн нэхэмжлэгч талын хэлсэн үгийг л шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгож процессийн алдаа гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01636 дугаар бүхий иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечилж оролцох хүсэлтэй байгаа тул тов мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********т холбогдуулан Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасны дагуу *********т намайг хүүхэд зодсон гэх худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг шүүхээс хүлээлгэх, надаас албан ёсоор уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас эдийн бус гэм хор уршиг буюу миний сэтгэл санааны хохиролд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2-д заасныг баримтлан хариуцагч *********ийг нэхэмжлэгч буюу шатрын багш *********г хүүхдээ зодсон гэх мэдээллийг тараасан хэлбэрээр /өөрийн фейсбүүк хаягаар/ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохирол 2.500.000 /хоёр сая таван зуу мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорын хариуцлах хүлээх үндэслэл болно гэж заасан байна.
Хариуцагч ********* нь нэхэмжлэгч *********г “...хүүхдээ зодсон..” гэх мэдээллийг тараасан болох нь хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудсанд авагдсан “ ********* ********* “ гэсэн өөрийн фейсбүүк хаяг, *********ын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, түүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдлыг шалгаж байх явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *********ийг нэхэмжлэгч буюу шатрын багш *********г “хүүхдээ зодсон гэх мэдээллийг тараасан” хэлбэрээр /өөрийн фейсбүүк хаягаар/ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохирол 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хуульд нийцжээ.
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, “...багшийн хувьд гэм буруугүй байна. Нэр төрийн асуудлыг сэргээх нь зөв гэж бодож байна...” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг үүсгэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, шийдвэрийн удиртгал хэсэгт өөр өөр бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй болно.
Хариуцагч ********* Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01636 дугаар бүхий иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
Хариуцагч *********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч *********ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *********ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.*********ТӨР