Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00014

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2025/00014

 

 

 

 

 

 

 

 

2025     02          06                                         207/МА2025/00014

 

 

      “********* барьцаалан зээлдүүлэх

газар”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *********т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*********  барьцаалан зээлдүүлэх газар”-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********т холбогдох,

“Зэээлийн гэрээний үүрэгт 559.879 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч *********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэцэцэг, хариуцагч *********, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “********* барьцаалан зээлдүүлэх газар” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ********* нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *********дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 498.100 төгрөгийн зээлийг нэг сарын 5,9%-ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч ********* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01384 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *********ээс зээлийн гэрээний үүрэгт 559.879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********* барьцаалан зээлдүүлэх газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ********* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх  2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн шүүх хурлаараа “*********” барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлтэй ********* надад хариуцагдах хэргийг хянан хэлэлцээд огт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Би өөрийн хүү *********гийн халамжийн мөнгийг барьцаалж авсан зээлийн үлдэгдэл 184.370 төгрөг байхад хууль зүйн үндэслэлгүйгээр хүү гэх 375.509 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.Би энэ зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх нэхэмжлэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 184.370 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байхад үүнд огт дүгнэлт хийхгүй нэхэмжллийн нийт үнийн дүнг бичээд шийдвэрээ гаргажээ. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа бол зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь хууль зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01620 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 375.509 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хариуцагч *********ийн гаргасан давж заалдсан гомдолд хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хяналаа.

3.Нэхэмжлэгч “********* барьцаалан зээлдүүлэх газар” нь  хариуцагч *********ээс зээлийн гэрээний үүрэгт 559.879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслээ “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 184.370 төгрөг, зээлийн хүү 375.509 төгрөг нийт 559.879 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.

     4. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *********ээс зээлийн гэрээний үүрэгт 559.879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “********* барьцаалан зээлдүүлэх газар”-т олгож  шийдвэрлэжээ.

      5.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ********* нь 498.100 төгрөгийн зээлийг сарын 5.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн үндсэн төлбөрт 313.730 төгрөг, зээлийн хүү 71.270 төгрөг нийт 385.000 төгрөг төлж, зээлийн үндсэн төлбөрөөс 184.370 төгрөгийг төлөөгүй байна.

        6.Талууд  2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг баримтлан гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон байх боловч тухайн үед нэхэмжлэгч “*********”ХХК нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

        7.Нэхэмжлэгч “*********” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлж, улмаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-нд зааснаар  зээлийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хээлийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

      8.Түүнчлэн хариуцагч ********* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүг  хэрхэн тооцох талаар дээрх  гэрээнд огт тусгаагүй, энэ талаар зээлийн оролцогчид харилцан тохиролцоогүй  байхад шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагчаас зээлийн хүү 375.509 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

       9.Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас үндсэн зээл 184.370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  зээлийн хүү 375.509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/01620 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *********ээс зээлийн гэрээний үүрэгт 559.879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********* барьцаалан зээлдүүлэх газарт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 286.2.-д зааснаар хариуцагч *********ээс үндсэн зээл 184.370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*********” барьцаалан зээлдүүлэх газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн хүү 375.509 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6.181 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *********ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАТТӨР

 

                                                    ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                        ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ