| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/07038/И |
| Дугаар | 210/МА2025/00439 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00439
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00337 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ****** холбогдуулан хамтын хуримтлалын зориулалтаар өгсөн мөнгөн хөрөнгийг өсгөж өгөхөөр тохиролцсон үндэслэлээр 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ж.Туяа нь нэхэмжлэгч нь өөрийн өгсөн мөнгийг авсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ***** нь хамтын хуримтлал үүсгэх зориулалтаар 500,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгснөөс 400,000 төгрөгийг буцаан авсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.
3.1. Хэрэгт авагдсан хамтын хуримтлал хөтөлбөрт хамрагдагч иргэний бүртгэл, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ***** нь хамт олны хуримтлалд тодорхой мөнгөн хөрөнгийг оруулахдаа тухайн хөтөлбөрт иргэдийг дэмжин оролцуулсан тохиолдолд оруулсан мөнгөн хөрөнгөө өсгөж авахаар тохиролцсон байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийн оролцоог дүгнэж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 850,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг өгөх агуулга бүхий санхүүгийн баримтыг үйлджээ.
Дээрх зохигчийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хамт олны хуримтлалд хадгалуулах, иргэдийг дэмжин хөтөлбөрт хамруулах, хариуцагч нь нэхэмжлэгчийн оролцоо, хадгалуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг харгалзан мөнгөн хадгаламжийг өсгөж өгөх агуулга бүхий хэлцэл байгуулжээ.
3.2. Зохигчийн хэлцэл байгуулах үед үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.3.4-т хадгаламжийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх болохыг заасан байжээ.
Мөн хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тодорхой мөнгөн хөрөнгийг өсгөж өгөхөөр нэхэмжлэгчид баримт үйлдэж өгсөн байх ба Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.16-д мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн банк хэрэгжүүлэх болохыг заасан.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талууд хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл байгуулсан боловч хэлцлийн агуулга нь дээрх хуулийн хэм хэмжээг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.
3.3. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй бөгөөд хэлцлийн үндсэн дээр мөнгөн хөрөнгийг өсгөж авахаар шаардах эрхгүй.
Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглээгүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна. Харин шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн мөнгөн хөрөнгөөс аваагүй үлдсэн 100,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 1,150,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэж байгаа тул энэ шийдэл хэвээр үлдэнэ.
3.4. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтад ***** гэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон, тухайн мөнгөн хөрөнгийг хүлээж авсан этгээдэд холбогдуулан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг буруутгах үндэслэлгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *****аас 100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,150,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ