Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00405

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК, ******* ХХК нарт холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, С.Батцэрэн, хариуцагч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагч *****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Маргаан бүхий орон сууцыг "*****" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хөлсөнд авч байгаа гэж хэлээд намайг *****ХХК-ийн захиралтай уулзуулж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** "С" блок ***** дугаар байрны 9 давхар А тоот 48 м.кв, 2 өрөө орон сууц, 6 давхар Б тоот 61.41 м.кв, 2 өрөө орон сууцуудыг худалдан авч, төлбөрийг "*****" ХХК-д бүрэн төлж барагдуулсан.

2024 оны 07 дугаар сар хүртэл миний эзэмшилд тус байрууд байсан боловч *****ХХК буцааж орон сууцыг чөлөөлүүлж авсан.

***** ХХК-ийн хүмүүс нь эзэмшил, ашиглалтыг нь авах боломжтой байх тул аль алинаас нь эзэмшил, ашиглалтын эрхээ шилжүүлж авах шаардлагатай байгаа.

Иймд дээрх орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ***** ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

*****ХХК-тай 2022 оны 08 дугаар сард газар шороо, гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг компани гэрээтэй холбоотой тооцоо нийлэх гэхээр тооцоо нийлсэн акт үйлддэггүй.

Эхлээд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал шийдэгдсэний дараа энэ орон сууцны асуудал шийдэгдэнэ. Гурван автомашин, 2 автограж, бэлэн мөнгөөр 70,000,000 төгрөг, нийт 278,325,000 төгрөгийг манайх нэхэмжлэгчээс авсан. Гэхдээ манайх өмчлөх болон эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөх эрх бүхий субъект биш гэжээ.

 

3. Хариуцагч *****ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

***** ХХК нь *****ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон С блок ***** дугаар байр 9 давхар А тоотод байрлалтай 48 м.кв 2 өрөө орон сууц, мөн 6 давхрын 61.41 м.кв гэх 2 орон сууцыг өгөхөөр болсон.

***** ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцуудыг шилжүүлж өгөх үүрэг бий болоогүй.

***** ХХК орон сууцуудыг шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу ***** ХХК-иас хохирлоо шаардах боломжтой.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч ***** нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон, С блок, ***** дугаар байрны 9 давхрын А тоотод байрлалтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

мөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон, С блок, ***** дугаар байрны 6 давхрын Б тоотод байрлалтай, 61.41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *****ид хүлээлгэж өгөхийг хариуцагч *****ХХК-д даалгаж, хариуцагч ***** ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,619,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,619,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****ид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч *****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч "*****" ХХК нь эрх зүйн үр дагаврын талаар нэхэмжлэгч орон сууцыг эзэмшилдээ аваад амьдарч байх үед газрын маргаан болон захиалагч компанийн хооронд асуудал үүсэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг дахиад хөндөгдөнө гэж тайлбарласан. Мөн хариуцагч Батсарай" ХХК нь тайлбартаа тус орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгэх боломжгүй талаар дурдсан.

Шүүх шийдвэр гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогч нар нь гэрээ байгуулагдсан эсэх дээр маргадаггүй бөгөөд тус гэрээний хэрэгжилт, гэрээний үүргийн гүйцэтгэл дээр маргадаг.

Ажил гүйцэтгэх гэрээний дүгнэлт хийгдээгүй, ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй учир ажил гүйцэтгэх гэрээний хавсралт гэрээ болох "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-ний үүрэг гүйцэтгэгдэх боломжгүй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний төлбөрийг хариуцагч "*****" ХХК-ийн ажлын гүйцэтгэлээр хангагдах талаар гэрээнд тусгагдсан байхад шүүх төлбөр тооцоо бүрэн дууссан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

*****ХХК болон ***** ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь худалдах, худалдах авах гэрээний маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй. Орон сууц худалдан авах төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ***** ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

*****ХХК нь "*****" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний маргаантай байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч нарын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн эсэх, ажил дутуу байх зэрэг асуудлууд хамааралгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *****ХХК-ийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****ХХК, ***** ХХК нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон, С блок, ***** дугаар байрны 9 давхрын А тоотод байрлалтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 6 давхрын Б тоотод байрлалтай, 61.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *****ХХК нь ***** ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг хүлээн аваагүй учир нэхэмжлэлд дурдсан орон сууцуудыг хүлээлгэн өгөхгүй гэж маргасан.

Хариуцагч ***** ХХК нь орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, гэхдээ тус компани орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөх эрх бүхий этгээд биш гэж тайлбар гаргасан.

3. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *****ХХК нь ***** ХХК-иар Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Кингдом хотхоны газар шороо, гадна зам талбайн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, ажлын хөлсөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон, С блок, ***** дугаар байрны 9 давхрын А тоотод байрлалтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 6 давхрын Б тоотод байрлалтай, 61.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон.

Үүнтэй зэрэгцээд ***** ХХК-ийн хүсэлтийн дагуу тухайн компанийн ажлын хөлсөд авах орон сууцуудыг худалдах, худалдан авах гэрээг *****ХХК нь *****тай байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний огноо зөрүүтэй хувилбарууд хэрэгт авагдсан байгаа боловч нэхэмжлэгчээс төлбөр төлсөн баримт, хариуцагч нарын гэрээний асуудлаар харилцаж байсан албан бичиг зэргээр гэрээ байгуулсан огноог 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэж тооцох нь зүйтэй байна.

 

3.1. Дээрх гэрээгээр хариуцагч *****ХХК нь 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 124,800,000 төгрөгөөр, 61.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 153,525,000 төгрөгөөр тус тус худалдахаар, нэхэмжлэгч нь төлбөрийг ***** ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний 2.1-д нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн болохыг заажээ.

Мөн гэрээний нийт үнэ болох 278,325,000 төгрөгийг нэхэмжлэгч ***** нь ***** ХХК-д төлсөн болох нь банкны дансны хуулга, ***** ХХК-иас *****ХХК-д хүргүүлж байсан албан бичгүүдээр тогтоогдсон.

Гэрээний зүйл болох 2 орон сууц нь одоо *****ХХК-ийн эзэмшилд байгаа болно.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх *****ХХК болон ***** нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 123.2 дахь хэсэгт зааснаар ***** ХХК-иас шаардах эрх шилжүүлэн авах замаар гэрээ байгуулсан гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг залруулах нь зүйтэй.

Учир нь ***** ХХК-ийн хүсэлтэд үндэслэн *****ХХК нь *****тай гэрээ байгуулсан, гэрээнд төлбөрийг ***** ХХК-д төлөхөөр заасан байгаа боловч эдгээр нөхцөл байдал нь ***** ХХК-ийг *****ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар уг гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь энэхүү орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаатай шууд хамааралтай гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч *****ХХК нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

 

4.1. Харин хариуцагч *****ХХК нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг өөр этгээд хүлээлгэн өгөх зохицуулалтын хүрээнд орон сууцны төлбөрийг ***** ХХК-д төлүүлэхээр заасан байна.

Иймд нэхэмжлэгч нь төлбөрийг гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрх бүхий этгээдийн өмнө бүрэн төлж гүйцэтгэсэн байхад хариуцагч *****ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,***** хотхон, С блок, ***** дугаар байрны 9 давхрын А тоотод байрлалтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 6 давхрын Б тоотод байрлалтай, 61.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

***** ХХК нь худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш тул шүүхээс уг компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

4.2. Өмнө дурдсанчлан *****ХХК болон ***** ХХК хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь нэхэмжлэгчийн *****ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа асуудал учир хариуцагч нарын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний маргаан энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй.

Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй хариуцагч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, үр дүн, өглөг авлагын тооцоог үнэлж гүйцэтгэгч тал 30,256,411 төгрөгийн өглөгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шийдвэрлээгүй учир тухайн гэрээг байгуулсан *****ХХК болон ***** ХХК нь гүйцэтгэсэн болон хүлээн авсан ажлын хэмжээ, төлбөрийн талаар жич маргах эрх нээлттэй болно.

Үүнтэй холбоотойгоор *****ХХК-ийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдээгүй, ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэх гомдлыг хангахгүй.

 

4.3. *****ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардан авснаас хойших хугацаанд маргааны зүйл болж буй 2 орон сууцыг бусдад худалдсан, бусдын эзэмшилд байгаа талаар маргаагүй, энэ талаарх баримт гаргуулах, гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй.

Мөн иргэн О.Одсүрэнтэй 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд ***** ХХК нь дээрх 2 орон сууцыг эзэмших, өмчлөх шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа гэх баримтгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэж буй нь ***** ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэхгүй.

Иймд хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөл, холбогдох баримтыг хүлээлгэн өгөх боломжгүй гэх гомдлыг хангахгүй бөгөөд тухайн орон сууцны барилгыг улсын комисс хүлээн аваагүй нь *****ХХК-ийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *****ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *****ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,549,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ