Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04409

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04409

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, хд86/2 байр, 63 тоот хаягт оршин суух Хад боржигон овогт Энхтөрийн Үржинбадам /РД: ЧЕ83050565/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Гөрөөчин овогт Дорждагвын Эрдэнэбулган /РД: ГЭ84050610/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Эрдэнэбулгантай 2004 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин Э.Энхжин төрсөн. Охинтой болсноос хойш буюу 2009 онд Д.Эрдэнэбулган нь намайг ажил дээрээ байх үед охиноо хажуугийн хашааны айлд үлдээгээд цүнхтэй хувцсаа аваад явсан байсан. Түүнээс хойш холбоогүй байгаа бөгөөд 2013 онд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Д.Эрдэнэбулган одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Э.Үржинбадам би Д.Эрдэнэбулганыг эрэн сурвалжлуулах өргөдөл гаргасан. Миний эзгүйд хуралдаж, шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Үржинбадам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Д.Эрдэнэбулганыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1647 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Э.Үржинбадамын нэхэмжлэлтэй Д.Эрдэнэбулганд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Д.Эрдэнэбулган нь дээрх шүүгчийн захирамж, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар гэрлэлт цуцлах иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин сууж байсан Гөрөөчин овогт Дорждагвын Эрдэнэбулганыг /РД: ГЭ84050610/ эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Үржинбадамын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин сууж байсан Гөрөөчин овогт Дорждагвын Эрдэнэбулганыг /РД: ГЭ84050610/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Д.Эрдэнэбулганыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ