Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 226/МА2025/00005

 

2025         02           26                                           226/МА2025/00005

 

 

 

П.А-н нэхэмжлэлтэй Н.Т-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц/цахимаар/,

Хариуцагч Н.Т /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2024/00222 дугаар шийдвэртэй П.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Т-т холбогдох гэм хорын хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн үүдэн 2 шүдийг хариуцагч цохиж унагаасны улмаас үүдэн 2 шүдээрээ хохироод шүдгүй болсон хүн авагддаггүй имплант суулгая гэхээр зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн тайлбарыг ойлгохгүй байна. Хариуцагч төлбөр үнэтэй байна, шүдээ хийлгэсний дараа баримтыг нь харж байгаад төлнө гэсэн тайлбар гаргадаг. Эрүүл мэндээрээ хохирсон хүн эмнэлэг болон эмчилгээгээ өөрөө сонгоод үйлчлүүлэх эрхтэй. Түүнчлэн нэхэмжлэгч П.А-т шүдээ эхлээд хийлгэх мөнгө байхгүй учир Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлоо урьдчилж нэхэмжилж байгаа юм. П.А-н шүд бүрэн уначихсан учир имплантыг буйлан дээр суулгахгүй, яс нөхөж байж суулгадаг юм байна. П.А  “Энхийг цацруулагч” эмнэлэгт үзүүлсэн, эмнэлгээс 2 шүднийх Швейцарь имплант 5,900,000 төгрөг, яс нөхөх нь 1,600,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг болно гээд нэхэмжлэх бичиж өгсөн юм билээ. Үүнийг л нэхэмжилж байгаа. Түүнээс замын зардал, Улаанбаатар хотод байх хугацааны зардал зэргийг нэхэмжлээгүй.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.Т-с 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч  Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүдний хэд хэдэн эмнэлэгүүдтэй холбогдож шүд хийлгэхэд ямар өртөгтэй байгаа талаар нь судалсан. Имплант шүд хийлгэхэд 1,500,000-2,500,000 төгрөгийн өртөгтэй байна. Энэ талаар шүдний эмнэлгийн үнийн тарифаас харж болно. П.А-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэтэрхий өндөр, хийсвэр мөнгө нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Мөн П.А  нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг  хиймэл шүд хийлгэсэн бодит зардлаар нэхэмжлээгүй байна. Ирээдүйд гарах зардлыг урьдчилж нэхэмжилсэн. Имплант суулгахад заавал яс нөхүүлдэг гэсэн баримт нь хаана байна, нотлох баримт байвал би төлнө. Иймд П.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Н.Т-с 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Т  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “миний бие Хэнтий аймгийн Бор- Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/12024/00222 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн дээрх шийдвэрээр Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т надаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ дан ганц нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох "Э " эмнэлгийн нэхэмжлэх хуудас /Швейцарь имплант 2 шүднийх 5,900,000 төгрөг, яс нөхөх нь 2 шүднийх 1,600,000 төгрөг, нийт 7,500,000 гэх нэхэмжлэгчийн нэр байхгүй, он сар өдөр тавигдаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй/ -ыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2 "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх талаарх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Миний бие шүдний хэд хэдэн эмнэлгүүдтэй холбогдож шүд хийлгэхэд ямар өртөгтэй байдаг талаар нь судалсан. Имплант шүд хийлгэхэд 1,500,000-2,500,000 төгрөгийн өртөгтэй байна. Энэ талаар шүдний эмнэлгийн үнийн тарифаас харж болох бөгөөд миний бие нотлох баримтаар "О ", "P " шүдний эмнэлгийн үнийн тарифын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь гэсэн тэмдэглэгээ хийгдээгүй, нотариатчаар гэрчлэгдээгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй буюу хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад "Хэргийн нотлох баримт нь ... гэрэл зураг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж зааснаас үзэхэд шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлэх, цаашлаад эх хувийг нь гаргуулах бүрэн боломжтой. А-н овог нэр, он сар өдөргүй, энэ нь бичиг баримтын шаардлага хангахгүй. Бас яс нөхөх шаардлагатай гэсэн баримт байхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн, хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл бүхий шийдвэр гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хавтаст хэргийн 17 талд Энхийг цацруулагч эмнэлэг энэ эмчилгээ хийлгэхэд манайд ийм хэмжээний үнэ ханштай гэдэг байдлаар нэхэмжлэхийг өгсөн, нэхэмжлэх нь гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй, эх хувиараа баримт байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогч болсон, мэдээж хүн өөрийнхөө шүдэнд илүү дөхөхүйц, илүү удаан хэрэглэгдэх,  эрүүл мэнд гоо сайханд нь таатай байх ийм эмчилгээний аргыг сонгосныг үгүйсгэх арга байхгүй юм. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар  хохирлыг урьдчилан нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг   хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хариуцагч Н.Т-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Нэхэмжлэгч П.А  нь хариуцагч Н.Т-т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Т-с 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

Н.Т  2023 оны 05 дугаар сарын 31-ний орой баарны гадаа П.А-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан үйлдэлд нь Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын  25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Т-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж,  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэхийг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын  25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлалаар Н.Т  тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-03-16/.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

Дээрх гэмт хэргийн буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож дүгнэжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байна.

 

Хариуцагч тал “Э ” шүдний эмнэлгийн нэхэмжлэхээр зардлыг бодитой гэж үзэх боломжгүй, миний нотлох баримтаар гаргаж өгсөн "О ", "P " шүдний эмнэлгийн үнийн баримтыг шүүх үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ба оролцогч нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх нотлох баримтанд хуулиар тавигдсан дээрх шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн нэхэмжлэхийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн  гэж үзнэ.

 

Харин хариуцагч Н.Т-с гаргасан “О ”, “П ” шүдний эмнэлгийн үнэлгээ бүхий өнгөт зурган баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангаагүй талаар дүгнэж, шүүх нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэл байхгүй  байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Н.Т-н давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2024/00222 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-н гаргасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Н.Т-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                                            

                                                                                      Г.БОЛОРМАА