| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04174/И |
| Дугаар | 102/ШШ2016/04424 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04424
2016 оны 06 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04424
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Туул гол гудамж, 89а байр, 49 тоот хаягт оршин суух, Лам овогт Нармандахын Цэен-Ойдов /РД:ХД83120709/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 29 дүгээр байр, 42 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Алтантулгын Энхбаатар /РД: УЗ88101531/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэен-Ойдов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Бид хоёр 2009 оны 10 дугаар сард танилцаад, 12 дугаар сараас хойш хамт амьдарсан. Том охин Батхүүгийн Наранцэцэг 2010 оны 10 дугаар сарын 01-нд, хүү Батхүүгийн Мөнххүслэн 2012 оны 5 дугаар сарын 15-нд, бага охин Батхүүгийн Эрдэнэцэцэг 2013 оны 11 дүгээр сарын 04-д тус тус төрсөн. Бид 2014 оны 4 дүгээр сараас хамт амьдрахаа больсон. Хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх гэж авч яваад ирээгүй. Хүү Б.Мөнххүслэнг аваад явсан байсан. Хүүхдүүд 24 цагийн яслид явдаг 1 дэх өдөр өгөөд 5 дах өдөр авдаг. 5 дах өдөр авах гээд очиход хүү Б.Мөнххүслэнг байхгүй болохоор хадмынд байгаа байх гээд очоод авах гэсэн чинь хэзээ гарсан хүүхдийг хэзээ хайж байгаа юм, хүний эх байж хүүхдээ хайхарсангүй гэсэн. Энэ маргаанаас болж хүүтэйгээ 1 сар гаран уулзаагүй. Тэр хугацаанд эгч нар нь утсаар яриад нэг эгч нь би өргөж авах гэж байгаа, нэг эгч нь манай хүүхдэд хань болгож байгаа, эсхүл дүүгийнд байгаа гэх зэргээр ярьж байсан. Нэг өдөр эгч нь утсаар яриад чи хүүхдээ ирж ав гэсэн. Хүний эх байж хүүхдээ айлд хаячаад, Ч.Батхүүтэй хамт Комбинатад архидаад явж байна гэнэ гэсэн. Тэр үед би Ч.Батхүүтэй уулзах нь битгий хэл утсаар ч ярьж байгаагүй. Би 2 хоногийн дараа очиж авъя гээд шууд очиж авсан. Хүүгээ авахдаа эгчид нь энэ хүний асуудал надад одоо хамаагүй гэсэн. Дүүгээ өөрсдөө аваарай гэж хэлсэн. Эгч нь тухайн үед хүүхдүүдтэй юм чинь тэгж болохгүй гэсэн. Тэгэхэд нь би хүүхдүүдээ бодоод гэртээ ирвэл цаашаа гэхгүй, уулзах үед нь уулзуулна гэж хэлсэн. Түүнээс хойш энэ хүнтэй уулзаагүй, яриагүй. Зун хүү Б.Мөнххүслэнгийнхээ даахийг авсан, холбоо бариад ир гэсэн боловч ирээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 01-д хүүхдүүд нь цэцэрлэгтээ орж байхад ирээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 14-д утсаар ярьж ээжийн дансруу 400.000 төгрөг хийлгүүлж авсан. Мөнгө бол хэрэглээ эцгийн хайрыг орлож чадахгүй. Энэ хүнд ямарваа нэг байдлаар эцгийн хариуцлага гэж байдгийг мэдрүүлэх гэж шүүхэд тэтгэлэг тогтоолгохоор хандсан гэв.
Хариуцагч А.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хугацаанд Д.Баясгаланбатын дээрэнгүй зан, амьдралд идэвхгүй, гадуур тэнэх, хүүхдүүдэд анхаарал халамжгүй, үрэлгэн байдлаас болж удаа дараа маргаан гардаг байсан. Хүү Б.Мөнххүслэнг төрөхөөс өмнө мөн төрсний дараа сална гэж хүүгээ 4-5 сартайд нь эгч Б.Наранцэцэгийн хамт хөөж явуулаад нялх хүүхдүүдийнхээ араас санаа зовж холбоо бариагүй, чиний шээснүүдийг харж байж чадахгүй гэх мэтээр гадуур тэнэж хонодог болсон. Охин Б.Эрдэнэцэцэг төрснөөс хойш нялх хүүхдээ хаяад тэнэх нь бүүрхч ихэссэн. Байнга л ар гэрийнхэн луу минь утасдаж энэ хүүгээ, дүүгээ ав гэх мэт хэл үг таталдаг. Хүүхдүүдээ хар гээд ажилд явуулахгүй, мөнгө олж ирсэнгүй гэж үгэлж яншина. Ажилд явж чадахгүй байгаа хүн мөнгө олж ирж чадах билүү. Энэ мэт асуудлууд хуримтлагдсаар бид салах дээрээ тулсан. Би хүүхдүүдээ бодоод тэсээд л байдаг байсан. Би цаашид ийм хүний дэргэд өөрөө олон өөрийн хүүхдүүдээ байлгах хүсэлгүй байгаа тул өөрийн хүүхдүүдээ дэргэдээ байлгах хүсэлтийг минь харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Цэен-Ойдов шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдүүдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргахгүй. Хүүхдүүд бага учраас ээжтэйгээ байвал зүгээр гэж бодож байна. Гурван хүүхэд гурвуулаа миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бид буцаад хамтран амьдрах боломжгүй. Шүүхээс тогтоосон хэмжээгээр тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэен-Ойдов нь хариуцагч А.Энхбаатараас хүүхдийн эцэг тул тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 35 дугаар зүйлд эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д зааснаар эцгээс нь хүүхдээ тэжээн тэтгэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.
Зохигчид 2010 онд танилцаж, улмаар тэр үеэсээ хамтран амьдарсан ба 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү Э.Ирмүүнийг төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүхдийг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Ирмүүнийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар болгон эцэг Тайж овогт Чулууны Батхүүгээр /РД: ШЖ83020877/ тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас /Үндэсний статистикийн хорооноос 2015 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.400:2=92.700, 92.700х12=1.112.400 төгрөг/ 1.112.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 31.247 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн хүүхдүүдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар болгон эцэг Сартуул овогт Алтантулгын Энхбаатараас /РД: УЗ88101531/ гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хургаамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 31.247 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ