| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1017/Э |
| Дугаар | 1062 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Очбадрах, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1062
2019 07 03 2019/ШЦТ/1062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Х.Д , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д д холбогдох эрүүгийн 1906 01899 1038 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Х.Д , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Цогтбаярын нүүрэн тус газар цохиж, хохирогч хойшоо савж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хохирол болон эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрийн бүх хохирлыг нөхөн барагдуулна. Тэр өдөр би гэр лүүгээ орох гээд явж байхад манай эхнэр миний өмнөөс ирээд “намайг орж ирвэл цагдаад барьж өгнө” гэсэн. Тэгээд би буцаад явж байхдаа хүүхэдтэйгээ тааралдаад “аав нь их ядарч явна миний хүү ээждээ хэлээд аавыгаа гэртээ оруулалдаа” гэж хэлсэн. Гэтэл миний хүү намайг та юу яриад байгаа юм, буцаад яв гэж загнасан, би уйлаад буцаж явж байгаад автобусны буудлын сандал дээр унтаж байгаад босоод явж байхад хохирогч миний хажуугаар зөрөхдөө ингэж амьдрахаар үхээч гэж хэлэхээр нь миний уур хүрээд цохиод авсан, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэв.
Шүүгдэгч Х.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр мөн л архи уугаад явж байсан, тэгээд хорооны орчим очтол захаар архи ууж явдаг нэг хүн нэг танихгүй настай ахтай зууралдаж байхаар нь би хамт явж байсан хүнтэйгээ салгасан. Тэгтэл тэр ах “муу явахаар сайн үхээч чи” гээд байхаар би түүнийг нэг удаа нүүрэн тус газар нь цохитол машины зам дээр уначихсан. Тэгэхээр нь цаашаа явчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 56-63 дугаар хуудас/,
Хохирогч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар 12-ны өдөр би ажил дээрээ хоноод өглөө буух байсан. Тэгтэл 82 байрнаас дуудлага ирсэн учир 2 залуу слесарын хамт зааварчлахаар очсон. Очиход тухайн айл эзгүй байсан, гэрээс нь гарч байснаа санаад байгаа түүнээс өөр зүйл санахгүй байгаа. Нэг ухаан ороход эмнэлэгт байсан. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 23-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт хэвтээд түүнээс хойш 4 сарын 06-ны өдөр хүртэл “Манал Оточ” гэх хувийн эмнэлэгт хэвтээд түүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж дүүргийн мэдрэлийн эмчийн хяналтанд байна. Биеийн байдал ер нь арай гайгүй болж байна. Тархи толгой маш их өвддөг. Хагалгаанд ороогүй, цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байгаа. Одоо ч гэсэн тариа хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-18 дугаар хуудас/,
Гэрч Ө.Жүрерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр хороон дээрээ ажлаа хийгээд байж байхад 16 цагийн орчим байх нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд “зам дээр нэг хүнийг, нэг хүн цохиж унагаачихаад цаашаа гүйчихлээ. Нөгөө хүнийг хоёр хэлгүй хүн өргөөд суулгачихлаа” гэхээр нь гартал хорооны ард байрлах караокены гадна хана налаад нэг хүн сууж байсан. Тэгэхээр захын арын хаалга руу гүйтэл ямар нэг сэжигтэй хүн харагдаагүй учир нөгөө хүний дэргэд ирэхэд хамар амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹3569 дүгнэлтэд “Б.Цогтбаярын биед дагз ясны хугарал, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дагз ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойн цус хуралт нь 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 8 дугаар хуудас/,
СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/,
Өвчний түүх /хэргийн 37-46 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 47-49, 52 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Цогтбаярын нүүрэн тус газар цохиж, хохирогч хойшоо савж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Д гийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хохирол болон эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрийн бүх хохирлыг нөхөн барагдуулна” гэх мэдүүлэг, хохирогч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар 12-ны өдөр би ажил дээрээ хоноод өглөө буух байсан. Тэгтэл 82 байрнаас дуудлага ирсэн учир 2 залуу слесарын хамт зааварчлахаар очсон. Очиход тухайн айл эзгүй байсан, гэрээс нь гарч байснаа санаад байгаа түүнээс өөр зүйл санахгүй байгаа. Нэг ухаан ороход эмнэлэгт байсан. 2019.03.13-ны өдрөөс хойш 23-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт хэвтээд түүнээс хойш 2019.04.06-ны өдөр хүртэл “Манал Оточ” гэх хувийн эмнэлэгт хэвтээд түүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж дүүргийн мэдрэлийн эмчийн хяналтанд байна. Биеийн байдал ер нь арай гайгүй болж байна. Тархи толгой маш их өвддөг. Хагалгаанд ороогүй, цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байгаа. Одоо ч гэсэн тариа хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-18 дугаар хуудас/, гэрч Ө.Жүрерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр хороон дээрээ ажлаа хийгээд байж байхад 16 цагийн орчим байх нэг танихгүй эрэгтэй хүн орж “ирээд зам дээр нэг хүнийг нэг хүн цохиж унагаачихаад цаашаа гүйчихээ. Нөгөө хүнийг хоёр хэлгүй хүн өргөөд суулгачихлаа” гэхээр нь гартал хорооны ард байрлах караокены гадна хана налаад нэг хүн сууж байсан. Тэгэхээр захын арын хаалга руу гүйтэл ямар нэг сэжигтэй хүн харагдаагүй учир нөгөө хүний дэргэд ирэхэд хамар амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹3569 дүгнэлтэд “Б.Цогтбаярын биед дагз ясны хугарал, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дагз ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойн цус хуралт нь 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хэргийн 34 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 8 дугаар хуудас/, СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/, өвчний түүх /хэргийн 37-46 дугаар хуудас/, хХохирлын баримт /хэргийн 47-49, 52 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Х.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Х.Д гийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуульд зааснаар Х.Д гээс 1.415.846 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цогтбаярт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.