Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00369

 

 

 

 

 

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05215 дугаар шийдвэртэй

*******-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох

Дутуу олгогдсон тэтгэмж 3,449,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******-ын даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн ******* тушаалаар тус газрын даргын 2023.02.28-ны өдрийн ажлын байр хасах тухай ******* дугаартай тушаалын дагуу ******* дэд захирлын ажлын байр хасагдсаныг үндэслэн *******-тай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг 2023.04.04-ний өдрөөс тасалбар болгон цуцалж, 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолоор, 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 34,496,645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговрыг олгохдоо 3,449,664.50 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгасан нь Хувь хүнийн орлогын албан татварын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг зөрчсөн.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар *******-ын 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс татварын суутгал нэрээр олгоогүй 3,499,664,50 төгрөгийг *******-өөс буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ******* шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны ******* дугаар тогтоолоор 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгохдоо 34,496,645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговрыг олгохдоо 3,449,664.50 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын албан татварыг суутгаад нийт 137,913,033.73 төгрөгийг шилжүүлсэн хэмээн нэхэмжлэлд дурдсан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 3,449,664.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 70,145 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт хариуцагч 2023.10.19-ний өдөр *******-ын нэг сарын дундаж цалин 3,926,741,62 төгрөгөөр тооцож, нийт 36 сарын тэтгэмжийн дүн 141,362,698,23 төгрөг үүнээс суутгал 3,449,664,50 төгрөг суутгаж, 137,913,033,73 төгрөг олгосон байна. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь албан татвараас чөлөөлөх орлогод хамаарна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болон шүүхийн шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааr дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв *******-ад олгох 36 сарын тэтгэмжээс 3,449,664.50 төгрөгийг суутган авсан нь хууль зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрээр олгож байгаа цалин, хөлсний нөхөн олговроос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3.1 дэх хэсэг, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 сарын 30-ны А/261 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу татвар ногдуулан суутгадаг түүнчлэн ажил олгогчийн буруугaac шүүхийн шийдвэрээр ажилтанд нөхөн олгож байгаа цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасаж "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хувь хэмжээгээр албан татвар суутган төлөх, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан орлогыг албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалттай болно.

Иймд гомдлыг хүлээн авч, дээрх эрх зүйн маргаантай асуудлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажлын байр хасагдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулан 36 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохдоо 3,449,664 төгрөгийг дутуу олгосныг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн дагуу *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 34,496,645 төгрөгийг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 3,449,664.50 төгрөгийг суутгасан гэж тайлбарлан маргажээ.

3. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******-ийн дэд захирлын ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнд 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн нь 141,362,698,23 төгрөг болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, улмаар нэхэмжлэгчид 137,913,033.73 төгрөгийг олгосон үйл баримтад зохигч маргаагүй байна.

Хариуцагч дээрх тэтгэмжийг нэхэмжлэгчид олгохдоо 3,449,664.50 төгрөгийг суутгасан үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолоор *******ын ажилгүй байсан 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хугацааны цалин хөлсний олговорт 34,496,645 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг нөхөн олговорт ногдох суутгалыг тэтгэмжээс хасч олгосон гэжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хуульд тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэмжийг албан татвараас чөлөөлөх орлогод хамруулжээ.

Иймээс хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид олгох нөхөн олговроос хуульд заасан журмын дагуу зохих татвар, шимтгэлийг суутган тооцохдоо тухайн тохиолдолд үл хамаарах тэтгэмжээс суутган тооцсон нь хуульд нийцээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 3,449,664.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлоогүй зохицуулалтыг нэмж баримталсныг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1... гэснийг хасаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,145 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ